Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 671

 

Г.Г, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар магадлалтай, Г.Г, Г.Г нарт холбогдох 1825005960394 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Гантулгын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1985 оны 2 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2011 оны 3 дугаар сарын 9-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдөр суллагдсан,

2015 оны 3 дугаар сарын 31-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2017 оны 9 дүгээр сарын 8-нд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2017 оны 11 дүгээр сарын 23-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж, 2018 оны 7 дугаар сарын 1-нд суллагдсан, Монголмууд овогт Гн Г.

2.Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2011 оны 6 дугаар сарын 27-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 4 дүгээр сарын 12-нд  суллагдсан,

2015 оны 4 дүгээр сарын 2-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн, Монголмууд овогт Гн Г.

Г.Г, Г.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, Г.Г нарыг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Г, Г.Г нар тус бүрт 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн А/118 дугаар “Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох тухай” захирамж хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гас 732.360 төгрөг, Г.Гоос 732.360 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Т.Ад олгуулахаар  шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, шүүгдэгч Г.Гантулгын өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Г гаргасан гомдолдоо: “…Миний бие 2019 оны 5 дугаар сарын 10-ны шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд иргэн Ш.Энхцэцэгийн гэрээс хулгай хийж, тус аймагт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн юм. Гэтэл энэ хоёр хэргийг нэгтгэхгүйгээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр шүүх хуралдаан зарлаж шийтгэх тогтоол гаргасан. Харин Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж гаргасан. Тус шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэх нь яллагдагч Г.Гын эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул энэхүү хоёр үйлдлийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн. Гэтэл Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үүнийг хэлэлцэхгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Иймд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Сэлэнгэ аймагт үйлдэгдсэн хэргийг энэ хэрэгт нэгтгэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзсэн боловч төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас дээгүүр ял оногдуулсан байна. Шүүгдэгч Г.Г Сэлэнгэ аймагт гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй хэргийг нэгтгүүлэх агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд зүйлчлэл өөрчлөгдөхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.                                               

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Гн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Г, Г.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Г, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 8 дугаар сарын 31-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 39в тоотод оршин суух Т.Аын байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч “Монел” загварын зурагт, зургийн аппарат, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүрэм, монетон ээмэг 2 хос, гинж, мөнгөн ээмэг, гинж, 2 мөнгөн бөгж зэрэг эд хөрөнгө хулгайлж, 2.390.800 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Г.Г, Г.Г нар нь хохирогч Т.Аын гэрээс хулгайлсан зарим эд зүйлийг биет байдлаар нөхөн төлөөгүй учир шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас тус бүр 732.360 төгрөг тус тус гаргуулж, нийт 1.464.720 төгрөгийг хохирогч Т.Аад олгуулахаар  шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулсан нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Г, Г.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх шаардлагатай гэж үзэв.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г, Г.Г нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэсэн атлаа тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар тус бүр 3 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэл ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцсэн эсэх нь эргэлзээтэй болжээ.

Түүнээс гадна Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гын 2019 оны 5 дугаар сарын 10-ны шөнө иргэн Ш.Эийг гэрээс эд зүйл хулгайлсан гэх хэргийг түүний үйлдсэн бусад хэрэгт нэгтгэн шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэснийг харгалзан шүүгдэгч Г.Гын хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г, Г.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 141 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 33 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Г.Г, Г.Г нарт холбогдох 1825005960394 дугаартай хэргийг прокурорт буцаасугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН