Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 60

 

С.Б, Б.Б, М.Э нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  хуралдааныг Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

прокурор А.Д,  
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Б, Б.Б, М.Э нарт холбогдох 201610000094 дугаартай, 2 хавтас, 379 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагч Д.Дын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

Б,

Б,

Э нарт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.  

Шүүгдэгч С.Б нь 2015 оны 9 дүгээр сард Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Оргойн өвөлжөөний эд зүйлээ хадгалдаг амбаарт машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн нэвтэрч эд зүйл хулгайлан авч 950,000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сард мөн машин механизм ашиглан очиж, цоожийг нь эвдлэн хууль бус аргаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 210,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 45 дугаар байрны гадна зогсоолд зогсож байсан иргэн Ц.Мын 60-64 ДГО улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бус аргаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Нарлаг Шанд хорооллын 32 дугаар байрны хойд талын зогсоолд байсан иргэн Ж.Баттүшигийн 44-95 ДГА улсын дугаартай супер УАЗ 469 маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 790,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 1 дүгээр 80 айлын гадна талын зогсоолд тавьсан байсан иргэн Ш.Баттөмөрийн 87-04 ДГА улсын дугаартай УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 283,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Бын 44-55 ДГА улсын дугаартай бор ногоон өнгийн УАЗ-469 маркийн машинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б, Б.Б нар нь бүлэглэн 2016 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, эмнэлгийн 27 айлын гадна зогсоолд байсан иргэн Б.Бын *** УНӨ улсын дугаартай саарал өнгийн УАЗ фургон маркийн автомашинд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 351,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 4-58 айлын гадна зогсоолд зогсож байсан иргэн Б.Сгийн УАЗ 469 маркийн 93-20 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлан авч 820,000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт амьдран суух иргэн Б.Оюунбилэгийн гэрт машин механизм ашиглан очиж, хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Б, М.Э нар нь бүлэглэн 2016 оны 1 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр нефтийн 8 айлын байрны урд цонхон доор байсан иргэн М.Бямбажавын цэнхэр өнгөтэй, Даюун маркийн улсын дугаар, гэрчилгээгүй мотоциклийг хулгайлан авч 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан,
2016 оны 2 дугаар сарын 12-ны 19 цагийн орчимд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, холбооны байрны гаднаас машин механизм ашиглан очиж иргэн Б.Жаргалмаагийн Даюун маркийн мотоциклийг хулгайлан авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Б, Б.Б, М.Э нарыг урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял, шүүгдэгч Б.Бт эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял, шүүгдэгч М.Эт эд хөрөнгө хураахгүйгээр 2 сар баривчлах ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 4 сар баривчлах ял, шүүгдэгч М.Эт оногдуулсан 2 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Бы цагдан хоригдсон 60 хоног, шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон 60 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон хугацаа нь ял эдэлсэн хугацаанд оруулан тооцогдсон болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 100000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Мад, 500000 төгрөгийг гаргуулан хохирогч Оргойд, 100000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт,  шүүгдэгч Б.Баас 100000 төгрөг гаргуулж хохирогч Б.Бт тус тус олгож,
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, М.Э нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар мотоциклийн үнэ 100000 төгрөгийг шүүгдэгч С.Баас хурааж улсын орлого болгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Б, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
 
Прокурор давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх ялтан М.Эт 2 сарын баривчлах ял буюу хуульд зааснаас доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

    Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь шүүгдэгч С.Б,  Б.Б, М.Э нарыг давтан үйлдлээр  урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн  гэм буруутайд тооцсон Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 71 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах баривчлах ял нь  гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар байх байтал анхан шатны шүүх шүүгдэгч М.Эт 2 сарын баривчлах ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

    Иймд шүүгдэгчид хуульд зааснаас доогуур ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклиудыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураахаар заасан байхад ганцхан С.Бы хэрэглэсэн мотоциклийн үнэ болох 100.000 төгрөгийг С.Баас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж, бусад хулгайн гэмт хэрэгт хэрэглэсэн мотоциклийг хэрхэх тал дээр огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг дурьдах нь зүйтэй байна. Иймд цаашид хэргийг дахин шийдвэрлэхдээ энэ талаар анхаарах нь зүйтэй юм.

     Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 322 дугаар зүйлийн 322.1,  325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 71 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.  Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Эт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Энэхүү магадлалд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг тус тус дурьдсугай.

 

                         
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Н.БОЛОРМАА

         ШҮҮГЧИД                               Г.ТЭГШСУУРЬ

                                    А.САЙНТӨГС