Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00438

 

 

 

 

 

 

 

 

 

 “М.Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02819 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “М.Ж” ХХК-ийн хариуцагч “М.Т.Б” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 791,277,638 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Л.Нинжбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “М.Ж” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: “М.Ж” ХХК нь “М.Т.Б” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн МТВ/МNJ2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн МНЖ-МТБ-03 тоот “Тэсрэх материал худалдах-худалдан авах гэрээ”, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн МТВ-МNJ/04 тоот “Агуулах түрээслэх гэрээ” тус тус байгуулан хамтран ажиллах болсон. Эдгээр гэрээгээр “М.Ж” ХХК нь “М.Т.Б” ХХК-ийн захиалгаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших МУ-013319 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэх, тэсэлгээний ажилд шаардагдах тэсрэх бодисыг нийлүүлэх, тэсрэх бодис хадгалах өөрийн агуулахыг түрээслүүлэх, “М.Т.Б” ХХК нь гэрээний үнийг цаг тухай бүрт нь төлж барагдуулахаар тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхайн тэсэлгээний ажлыг хийж гүйцэтгэн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн тооцоо нийлсэн актаар нийт төлбөр 1,044,185,092.29 төгрөг болохыг баталгаажуулсан. Үүнээс 2021 оны 05 дугаар сард 50,000,000 төгрөг төлсөн. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн МТВ/МNJ2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 5.4-д “Гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаагаар бүрэн төлж дуусгана. Төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө” гэж заасан байна. Уг төлбөрийг төлж барагдуулах талаар “М.Т.Б” ХХК-д удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж байсан. Хариуцагч “М.Т.Б” ХХК нь Төмөртэйн уурхайн тэсэлгээний ажлын гүйцэтгэлийн төлбөр, тэсрэх материал худалдсан болон тэсрэх бодисын агуулах түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2021 оны 05 дугаар сарын 31-ний байдлаар 994,185,092.29 төгрөг байгааг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн МТВ/МNJ2020/02 тоот “Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний гүйцэтгэлийн төлбөрөөс гэрээний дагуу алдангийг тооцвол 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 1,590,888,484.58 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тусгасан. Иймд гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 994,185,092.29 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алданги болох 497,092,546.15 төгрөг, нийт 1,491,277,638.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар үлдэгдэл төлбөр 294,185,092.29 төгрөг, алданги 497,092,546.15 төгрөг, нийт 791,277,638 төгрөг нэхэмжилж байна. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн МНЖ-МТБ-03 тоот, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн МТБ-МКМ/04 тоот гэрээний үндсэн төлбөр төлөгдөж дууссан болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Гэрээний үлдэгдэл төлбөр 294,185,092 төгрөгийг зөвшөөрч байгаа маргахгүй. 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөр 994,000,000 төгрөг, алданги 470,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ үед бид  нар төлбөрөө аваагүй, хэлэлцээр хийгдээд төлбөрөө бартераар авсан. Нэхэмжлэл гаргасан талаар мэдээгүй байсан бөгөөд нэхэмжлэл гардаж авахаас өмнө 150,000,000 төгрөг, үүний дараа 50,000,000 төгрөг шилжүүлсэн. Үндсэн төлбөрөө төлөөд алдангийг төлөхгүйгээр эвлэрлийн гэрээ байгуулъя гэсэн 5 удаагийн албан бичгийг бид хүргүүлсэн. 3/2 хувийг төлөөд 294,185,092 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Бидний зүгээс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцуулсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч маань хоёр компаний нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлвөл алдангиас татгалзах талаархи саналыг бидэнд танилцуулаагүй. Хурлын үеэр танилцуулсан бол шийдвэрлүүлэх боломжтой байсан. Өмнө нь төмрийн хүдэр борлуулж байсан 16,000,000 төгрөгийг манайх төлж барагдуулвал алдангиас татгалзана гэсэн байдлаар Ч.Алтанбагана захирал бид хоёр аман тохиролцоо хийсэн. Одоо үндсэн төлбөртэй маргахгүй. 4 жилийн хугацаанд хамтран ажилласан. Үндсэн харилцагчаасаа мөнгөө авч чадахгүй байгаа нөхцөл байдлыг ойлгоод алдангиасаа татгалзвал 294,185,092 төгрөг, өмнөх маргааны үлдэгдэл 16,000,000 төгрөгийн хамт шүүх хуралдааны танхимд шууд шилжүүлээд маргаанаа эвийн журмаар шийдвэрлүүлэх саналтай байна. Алдангийг бол төлөх боломжгүй. Улс орон даяар үүссэн цар тахал, бас авлагаа авч чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч “М.Т.Б” ХХК-аас гэрээний үүрэгт болон алдангид 441,277,638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М.Ж” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 350,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,614,338 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “М.Т.Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,364,338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М.Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талууд хоорондоо байгуулсан гурван гэрээг дүгнээд тэсрэх материал худалдах-худалдан авах болон агуулах түрээслэх гэрээний төлбөрүүд бүрэн төлөгдсөн. Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 294,185,092 төгрөг гэдгийг эцэслэн тохиролцсон. Талууд ийнхүү албан ёсоор эцэслэн тохиролцож акт үйлдснээр аль нэг тал нь эцэслэн тохиролцсноос өөр зүйлийг шаардах эрх үүсэх үндэслэлгүй байна. Шүүх шийдвэр гаргахдаа дээр дурдсан үйл баримтыг харгалзан үзэлгүйгээр алданги тооцсон шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талтай хэргийг эвлэрлийн замаар алданги төлөхгүйгээр шийдвэрлэх талаар тохиролцож байсан тул ямар нэгэн нотлох баримт гаргаж маргаан мэтгэлцээн явуулаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... алданги 497,092,546 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн” гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хариуцагч талд нотлох баримт гаргаж өгөх боломж олголгүйгээр мэтгэлцээнгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хэргийг шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд “М.Т.Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярыг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг хохироосон, нэг талыг барьсан үйлдэл байна. Шүүх хуралдаанд тус компаний хувьцаа эзэмшигч Н.Оюунцэцэг компаний удирдлагын зүгээс Н.Батбаярыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгаллзсан гэж мэдүүлсэн байх боловч бодит байдалд бид Н.Батбаярыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон эрх зүйн байдлаасаа татгалзаагүй, шүүхэд ийм утга бүхий бичиг хүсэлт өгөөгүй болно. Н.Оюунцэцэгт компаний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг татгалзах эрх олгогдоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “М.Ж” ХХК Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа “М.Т.Б” ХХК болон тус компаний хувьцаа эзэмшигч иргэн Нямбуугийн Оюунцэцэг нарыг буюу хоёр этгээдийг хариуцагчаар татсан байна. Тэгвэл Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч буюу миний үйлчлүүлэгч Н.Оюунцэцэгийг албан ёсоор дуудаж хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүйгээр үл барам нэхэмжлэлийн хувийг Н.Оюунцэцэгт гардуулж өгөөгүй байна. Шүүхийн энэ алдааны улмаас Н.Оюунцэцэг өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгч авах язгуур эрхээ, мөн шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөх зэрэг эрхээ эдэлж чадаагүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн юм. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах явцад хариуцагч Н.Оюунцэцэг анх удаа шүүхэд очихдоо шууд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэсэн эрх зүйн байдалтай оролцсон байна. Хариуцагч Н.Оюунцэцэг шүүх хуралдааны явцад өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байна. Шүүгч түүний хүсэлтийг хариуцагч “М.Т.Б” ХХК-ий төлөөлөгчийн хүсэлт гэж үзээд хэрэгсэхгүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн байна. Зүй нь Н.Оюунцэцэг өөрөө хариуцагчийн хувиар өөртөө өмгөөлөгч авах гэж хүсэлт гаргаад байсныг шүүгч ухаж ойлгоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийн оролцогчдын эрх үүргийг хангуулан хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

7. Хариуцагч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас  шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад бүрэн нийцээгүй байна. Иймд хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “М.Ж” ХХК хариуцагч “М.Т.Б” ХХК-д холбогдуулан

анх тэсэлгээний ажлын хөлс, тэсрэх материалын үнэ болон агуулахын түрээсийн төлбөр 994,185,092.29 төгрөг, алданги 497,092,546.15 төгрөг, нийт 1,491,277,638.44 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажлын хөлс 294,185,092.29 төгрөг, алданги 497,092,546.15 төгрөг, нийт 791,277,638.44 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хариуцагч ажлын хөлс 294,185,092.29 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги 497,092,546.15 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.    

3. Зохигчдын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч “М.Ж” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайд тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон байна.

Уг гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ. 

4. Гэрээнд ажлын хөлсийг гүйцэтгэлээр тооцохоор тохиролцсон, төлөгдөөгүй үлдэгдэл хөлс 294,185,092.29 төгрөг болсон талаар зохигчид маргаагүй байна.

4.а. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ” гэж заасан. Үүний тулд үүргийг гүйцэтгэх ёстой байсан хугацааг тодорхойлох шаардлагатай.

Алданги  шаардсан нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээний 5.4-д “Гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаагаар бүрэн төлж дуусгана. Төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алданги нэмж төлнө” гэж тохиролцсон байна.

4.б. Гэрээний үргэлжлэх хугацааг гэрээнд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэж тусгаж, сар бүрийн ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, ажил гүйцэтгүүлэгч болон ажил гүйцэтгэгч талууд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан акт үйлдэж, “нэхэмжлэх”-ийг хүргүүлснээс хойш сарын 10-15-ны өдрийн хооронд төлбөрийг төлөхөөр гэрээний 2.4 дэх хэсэгт заажээ.

Тодруулбал, тооцоо нийлсэн актад үндэслэсэн нэхэмжлэхийг хариуцагч хүлээн авсан өдрөөс ажлын хөлс төлөх үүргийг гүйцэтгэх хугацаа тоологдох юм. Энэхүү нэхэмжлэхэд заасан хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

4в. Талууд 2021 оны 11 сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлж 294,185,092.29 төгрөгийн өртэй талаар акт үйлдсэнээс өөрөөр ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан акт үйлдсэн гэх байдлыг нотолсон баримт, төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг хариуцагчид хүргүүлсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл алдангийг тооцож эхлэх хугацаа буюу үүргийн зөрчлийн хугацаа тодорхой бус, үүнийг нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

4г. Хэргийн 58-59 дүгээр талд авагдсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-д гэж заасан “2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх төлбөр”, мөн 64-68 дугаар талд авагдсан “Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан” гэх баримт нь зөвхөн хариуцагч талын санхүүгийн ажилтны гарын үсэг, тамгатай баримт байх тул эдгээр баримтуудыг гэрээний 2.4 дэх хэсэгт заасан “ажлын гүйцэтгэлийн 2 талын баталгаажсан акт” гэж үзэх боломжгүй байна.

Дээр дурдснаар хариуцагчаас ажлын хөлсөнд 294,185,092.29 төгрөг гаргуулж, алданги 497,092,546.15 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02819 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М.Т.Б” ХХК-аас 294,185,092.29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М.Ж” ХХК-д олгож, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 497,092,546.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2,364,338” гэснийг “1,628,876” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М.Т.Б” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4,728,676 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                           Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН