Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2022/00658

 

“МЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02819 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 438 дугаар магадлалтай,

“МЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“МТБ” ХХК-д холбогдох,

Гэрээний үүрэгт 791,277,638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанбаганын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “МЖ” ХХК нь хариуцагч “МТБ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт үндсэн төлбөр 294,185,092 төгрөг, алданги 497,092,546 төгрөг, нийт 791,277,638 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02819 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч “МТБ” ХХК-аас гэрээний үүрэгт болон алдангид 441,277,638 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МЖ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 350,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,614,338 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “МТБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,364,338 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МЖ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 438 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02819 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МТБ” ХХК-аас 294,185,092.29 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МЖ” ХХК-д олгож, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 497,092,546.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “2,364,338” гэснийг “1,628,876” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МТБ” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4,728,676 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанбагана хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, түүнд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн...”, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” гэж заасны дагуу дараах хяналтын шатны гомдлыг гаргаж байна. Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасны дагуу “...шударга шүүхээр шүүлгэх...”, мөн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1-т “...дагнасан шүүхийн үил ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно...” гэж заасны дагуу иргэний хэргийн танхимын хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. “МЖ” ХХК болон “МТБ” ХХК нарын хооронд байгуулсан 2020.01.24-ний өдрийн МТВ\МNJ2020\02 тоот Тэсэлгээний ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “...гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаагаар бүрэн төлж дуусгана. Төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө...” гэж заасан болно.

4.1. Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс уг хэрэг маргааныг хууль зөрүүтэй хэрэглэсэн талаар дараах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан “Майн тех бланстинг” ХХК-аас гэрээний үүрэгт болон алдангид 441,277,638 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “МЖ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 350,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Майн тех бланстинг” ХХК-аас 294,185,092 төгрөг гаргуулж, “МЖ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул 497,092,546 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй...” заасны дагуу алданги 147,092,548 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс тооцоо нийлсэн акт үндэслэн нэхэмжлэхийг хариуцагч хүлээн авсан өдрөөс ажлын хөлс төлөх үүргийн гүйцэтгэх хугацааг тоологдох юм. Энэхүү нэхэмжлэхэд заасан хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй. Талууд 2021.11.30-ны өдрийн харилцан тооцоо нийлж 294,185,092 төгрөгийн өртэй талаар акт үйлдсэнээс өөрөөр баримт байхгүй байна гэжээ. Гэтэл хариуцагч хариу тайлбараараа 2021.05.31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 994,185,092 төгрөгийн төлбөрөөс дараах байдлаар төлж барагдуулсан. 2021.07.09-ний өдрийн байдлаар 100,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 894,185,092 төгрөг гэснийг хариуцагч шүүхэд өгөхөд нэхэмжлэгчтэй тооцоо нийлсэн үлдэгдлийн талаар харилцан тохиролцсон талаар илэрхийлсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Шүүхэд гаргаж өгсөн “МЖ” ХХК-аас “МТБ” ХХК-д хүргүүлсэн мэдэгдлүүд болон тооцоо нийлсэн актууд болох 2021.01.31-ний өдрийн 1,048,953,722 төгрөгийн тооцоо нийлсэн акт, 2021.02.08-ны өдрийн 1,044,185,092 төгрөгийн тооцоо нийлсэн акт, 2021.02.23-ны өдрийн 21\60 тоот 1,048,953,722 төгрөг төлүүлэх мэдэгдэл, 2021.03.02-ны өдрийн 21\74 дугаар 1,048,953,722 төгрөг, алдангийн 1,338,811,012 төгрөг, нийт 2,387,765,784 төгрөг төлүүлэх мэдэгдэл зэргийг шүүхээс үнэлээгүй нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч уг мэдэгдлүүд, тооцоо нийлсэн акт дээр маргаагүй болно. Хариуцагч нь алданги төлөх боломжгүй. Улс орон даяар үүссэн цар тахал, бас авлагаа авч чадаагүй нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхад давж заалдах шатны шүүхээс алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий магадлал болж чадаагүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч шүүхэд 2021.05.28-ны өдөр нэхэмжлэл гаргахад үлдэгдэл төлбөр 994,185,092 төгрөг, түүний алданги 2020.01.16-ны өдрөөс 2021.05.31-ний өдөр хүртэл нийт 1,590,888,484 төгрөг болж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 323.4-т заасны дагуу 497,092,546 төгрөг, нийт 1,491,277.638 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүхээс 2021.11.30-ны өдрийн харилцан тооцоо нийлж 294,185,092 төгрөгийн өртэй талаар актын 50 хувиар 147,092,548 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2021.05.28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн алданги 497,092,546 төгрөгийг тооцон гаргуулах ёстой юм.

4.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч “МЖ” ХХК нь шүүхэд “МЖ” ХХК болон “МТБ ХХК нарын хооронд байгуулсан 2020.01.24-ний өдрийн МТВ\МNJ2020\02 тоот Тэсэлгээний ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх гэрээний үлдэгдэл 2021.05.28-ны өдөр нэхэмжлэл гаргахад үлдэгдэл төлбөр 994,185,092 төгрөг, түүний алданги 2020.01.16-ны өдрөөс 2021.05.31-ний өдөр хүртэл нийт 1,590,888,484 төгрөг болж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 323.4-т заасны дагуу 497,092,546 төгрөг, нийт 1,491,277,638 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад хариуцагч “МТБ” ХХК нь 700,000,000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл шүүхээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 700,000,000 төгрөгөөс татгалзсан эсэхийг тодруулаагүй, мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс алданги 497,092,546 төгрөгийг нэхэмжилж байхад нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн үнийн дүнг хасч, түүнд ногдох алдангийг гаргуулж анхан шатны шүүх шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч “МТБ” ХХК болон хувьцаа эзэмшигч Н.Оюунцэцэгийг хариуцагчаар татсан байхад шүүхээс хариуцагч Н.Оюунцэцэгийг дуудаж, нэхэмжлэлийг гаргуулаагүй, хуульд заасан эрх үүргийг нь танилцуулаагүй, мөн хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласан байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талаас гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг хангаагүй, хамтран хариуцагчаар оролцуулах этгээдэд нэхэмжлэлийн шаардлага гаргуулаагүй гэсэн гомдлыг шүүх хуралдаан дээр хэлэлцээгүй, магадлалд энэ талаар дүгнээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл бөгөөд энэ нэхэмжлэлийг хамтран хариуцагчид гаргуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасны дагуу өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага алданги 497,092,546 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Алтанбаганын хяналтын журмаар гаргасан гомдлыг  Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022.05.06-ны өдрийн 001/ШХТ2022/00444 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “МЖ” ХХК нь хариуцагч “МТБ” ХХК-д холбогдуулан анх гэрээний үндсэн төлбөрт 994,185,092.29 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 497,092,546.15 төгрөг (үндсэн төлбөрийн 50 хувиар) нийт 1,491,277,638.44 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрөөс төлөгдсөн дүнг хасч 294,185,092 төгрөг, алданги 497,092,546 төгрөг, нийт 791,277,638 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

Хариуцагч хариу тайлбартаа “...гэрээний үлдэгдэл төлбөр 294,185,092 төгрөг төлөхийг зөвшөөрнө, гүйцэтгэсэн ажлын хөлсийг захиалагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс авч чадахгүй байгаа, улс орон даяар үүссэн цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

8. Анхан шатны шүүх төлбөрийн үлдэгдэл 294,185,092.29 төгрөг, уг үнийн дүнгийн 50 хувиар алдангид 147,092,546 төгрөг, нийт 441,277,638 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн...”, мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан “...анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн...” гэж хяналтын журмаар гомдол гаргасан боловч иргэний хэргийн танхимын хуралдаанаар гомдлоос “анхан болон давж заалдах шатны шүүх алданги гаргуулах шаардлагын тухайд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх тул энэ хүрээнд хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийнэ.

10. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх, худалдах-худалдан авах, түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан болох, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдал, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй үйл баримтын талаар хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

2020.01.24-ний өдөр байгуулагдсан “тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр хариуцагч “МТБ” ХХК-ийн (ерөнхий гүйцэтгэгч) захиалгаар нэхэмжлэгч “МЖ” ХХК (туслан гүйцэтгэгч) нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших ...ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхайн 4,368,333 м.куб талбайн тэсэлгээний ажлыг 12 сарын туршид хийж гүйцэтгэх, ажлын хөлсний үнэлгээг 1 м.кубд тэслэх хөрс хуурай бол 1,476 төгрөг, хөрс устай тохиолдолд 1,710 төгрөг, хүдэр устай бол 2,319.30 төгрөг байхаар, талууд сар бүр ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, тооцоо нийлсэн актыг үндэслэн ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу хөлсийг шилжүүлэхээр, 2020.06.29-ний өдрийн “тэсэлгээний ажилд шаардагдах тэсрэх материал нийлүүлэх” гэрээгээр нэхэмжлэгч тухайн бодисыг нийлүүлэх, хариуцагч үнэ төлөх, шаардлагатай бодисын 1 кг-г 2,800 төгрөгөөр, тооцох, мөн тээвэрлэлтийн болон хамгаалалтын зардал төлөхөөр, 2020.06.15-ны өдрийн “агуулах түрээслэх гэрээ”-ээр тэсрэх материалын агуулахыг 6 сарын хугацаатай сар бүр 7,000,000 төгрөг төлж түрээслэхээр тус тус тохиролцон 3 төрлийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ.

11. Талууд эдгээр гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон нийлүүлсэн бодисын тоо, хэмжээ, чанар, хугацааны талаар, түүнчлэн төлөх төлбөрийн нийт үнийн дүн, үүнээс төлөгдсөн хэсгийн талаар маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, талууд хоёр удаа тооцоо нийлж төлөгдөх төлбөрийн хэмжээг баталгаажуулсан байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үед хариуцагч 994,185,092.29 төгрөгийн төлбөр гүйцэтгээгүй байснаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийн дийлэнх төлөгдөж, 294,185,092 төгрөгийн төлбөр үлдсэн болох нь тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүй байна.

12. Харин талууд алданги гаргуулах шаардлагад маргасан, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн анхны гаргасан 994,185,092.29 төгрөгийн төлбөрийн үнийн дүнгийн 50 хувиар алдангид 497,092,546.15 төгрөг шаардсан нэхэмжлэлээс 147,092,546 төгрөгт холбогдох хэсгийг гаргуулахдаа хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг 294,185,092 төгрөг гэж тодорхойлж, үүнээс 50 хувиар тооцсон.

Давж заалдах шатны шүүх “...гэрээнд сар бүрийн ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, ажил гүйцэтгүүлэгч болон ажил гүйцэтгэгч талууд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан акт үйлдэж, нэхэмжлэхийг хүргүүлснээс хойш сарын 10-15-ны өдрийн хооронд төлбөр төлөхөөр гэрээний 2.4-т заасан, тооцоо нийлсэн актад үндэслэсэн нэхэмжлэхийг хариуцагч хүлээн авсан өдрөөс ажлын хөлс төлөх үүргийг гүйцэтгэх хугацаа тоологдоно, энэ хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, ийм үндэслэл тогтоогдоогүй.” гэсэн дүгнэлт хийж, алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

13. Хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөрүүтэй, зохигчийн хооронд үүссэн маргааны талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлтийг аль аль нь хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэв.

13.1. Нэхэмжилж буй үндсэн төлбөр 294,185,092 төгрөг нь “тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээний үлдэх төлбөр болох талаар зохигч тайлбарласан байв.

Алданги гаргуулах нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийхдээ, зохигч аль гэрээгээр ямар үүрэг хүлээсэн, уг үүрэг гүйцэтгэх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөхөөр бичгийн гэрээгээр тохиролцсон эсэх, үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл бий болсон эсэх үйл баримтыг тогтооно.

13.2. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөх анзыг алданги гэнэ”, 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заажээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан “тэслэх ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээ бичгийн хэлбэртэй, уг гэрээний 5.4-т “гэрээт ажлын төлбөрийг гэрээнд заасан хугацаагаар бүрэн төлж дуусгана, төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө” гэж заасан байна.

Иймээс талууд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөхөөр бичгийн гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

13.3. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхийг хуульчилсан байна.

Ажлын хөлс төлөх хариуцагчийн гүйцэтгэх үүргийн талаар “тэслэх ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээний 2.3-т “сар бүрийн ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, ажил гүйцэтгүүлэгч болон ажил гүйцэтгэгч харилцан тооцоо нийлсэн актыг үндэслэж ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу ажлын төлбөрийг ажил гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ”, 2.4-т “ажлын гүйцэтгэлийг тухайн сарын 1-ний өдрөөс 31-ний өдрөөр хийгдсэн ажлын гүйцэтгэлийн 2 талын баталгаажсан актыг дараа сарын 07-ны өдөр үйлдэж, нэхэмжлэхийг хүргүүлэх, хүлээн авсан өдрөөс хойш сарын 10-15-ны өдрийн хооронд төлбөрийг барагдуулах” гэсэн. Дээрхээс үзвэл талууд гэрээндээ ажлын хөлсийг хэрхэн төлөх арга журмыг заасан байна.

13.4. Үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д журамласан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган өгсөн 2020 оны 1 сараас 2021 оны 12 сар хүртэлх сар бүрийн гүйцэтгэсэн ажлын хөлсийн үнэлгээ, тухайн ажлын хөлсийг түлш, түүхий эдээр хаасан болон мөнгөөр төлөгдсөн төлбөрийн хэмжээ, төлөөгүй төлбөрийн үлдэгдэл болоод үүний үнийн дүнгээс бодсон алдангийн тооцооллын баримтыг (25-р тал) хариуцагч үгүйсгээгүй, гагцхүү зохигчийн маргааны зүйл нь цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэл бий болсон, хариуцагч “МТБ” ХХК-ийн захиалагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төлбөрөө бүрэн аваагүй тухай үндэслэл заан талууд мэтгэлцсэн байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Иймээс сар бүрийн хийгдсэн ажил, төлөх хөлсийн талаар нэхэмжлэгчийн гаргасан тооцоолол, тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Түүнчлэн хэргийн 14-15-р талд 2 талын нягтлан бодогч нарын тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн 2021.02.28-ны өдрийн баримтад нийт төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 1,044,185,029.29 төгрөг гэж заасан, нэхэмжлэгчээс хариуцагчид хүргүүлсэн төлбөрөө төлөхийг шаардсан удаа дараагийн албан бичигт (26-29-р тал) хугацаа хэтрүүлснээс алданги шаардах эрх үүссэн болохыг дурдаж байсныг хариуцагч үгүйсгээгүй байна.

“Тэслэх ажил үйлчилгээ үзүүлэх” гэрээний 1.4.1, 1.4.2-т зааснаар энэхүү гэрээний ерөнхий хугацаа 2020.01.24-нөөс 2021.01.24-ний өдөр хүртэл 12 сарын туршид үргэлжлэх бөгөөд дээр дурдсанаар гүйцэтгэсэн ажлыг сар тутамд дүгнэх, тухайн ажлын хөлсийг төлөх хугацааг талууд тохиролцсон, энэ үүргээ хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй талаар хоёр шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болно.

14. Үүнээс гадна давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үйлдсэн тооцооны үлдэгдэл баталгаажуулсан баримтыг бус хариуцагч “МТБ” ХХК ба “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хооронд үйлдсэн тооцооны үлдэгдэл баталгаажуулсан актыг зохигчийн гэрээний 2.4-т заасантай холбон дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд зааж нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ.

Зохигчийн хооронд ерөнхий ба туслан гүйцэтгэгчийн хоорондын харилцаа үүссэн, энэ талаар Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д зохицуулахдаа ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд туслан гүйцэтгэгч оролцуулж болно, энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж заасан байна. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний эрх, үүрэгтэй дээр дурдсан баримт хамааралгүй.

15. Нэхэмжлэгч 2021.05.28-ны өдөр шүүхэд хандаж энэ нэхэмжлэлийг гаргасан, энэ үед хариуцагч 994,185,092.29 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрчээ. Иймд нэхэмжлэгч алдангид 497,092,546.15 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

16. Харин Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасныг баримталж хэргийн нөхцөл байдлыг буюу хариуцагчийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох хүсэлт, энэ хүсэлтийн үндэслэлд заасан захиалагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас гүйцэтгэсэн ажлын хөлсийг цаг хугацаанд нь авч чадаагүйг (хэргийн 58-59-р тал) харгалзан алдангийг багасгаж, анхан шатны шүүхийн тогтоосон хэмжээгээр буюу 147,092,546 төгрөгийг гаргуулах нь хууль зөрчихгүй гэж дүгнэв.

17. Дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 438 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2021/02819 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “МЖ” ХХК /төлөөлөгч Ч.Алтанбагана/-ийн 2022.04.11-ний өдөр 2,643,250 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                        Д.ЦОЛМОН