Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0219/З |
Дугаар | 221/МА2018/0046 |
Огноо | 2018-01-16 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2018/0046
2018 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 221/МА2018/0046 | Улаанбаатар хот |
П.Н, Ж.,И Ж.Т
нарын нэхэмжлэлтэй захиргааны
хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Н, Ж.И, Ж.Т нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэрээр:
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Y-0 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрчлөн бүртгэсэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Я.Н-ийн өмчлөлд шилжсэн, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн С.Г-ийн өмчлөлд шилжсэн, 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Г.М нарын өмчлөлд шилжсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Голомт банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээг “М а н ТЗК” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 27 дугаар байрны 251 тоотод байрлах Y-0 дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр Ж.И, П.Т, П.Н нарыг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нэхэмжлэгч П.Н, Ж.И, Ж.Т нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К давж заалдах гомдолдоо:
...А/ Анхан шатны шүүх П.Н нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэж, шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг иш үндэс болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч нар өмчлөх эрх зөрчигдсөнөө мэдсэн атлаа бүртгэлийн асуудал хариуцсан захиргааны байгууллагад эрхээ сэргээлгэхээр мэдүүлэг гаргаж хандаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэсэн хуулийн хугацааг зөрчсөн гэж дүгнэсэн.
Харамсалтай нь хэрэгт авагдсан үйл баримтад нэхэмжлэгч нар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Өмчлөх эрх шилжэн бүртгэх боломжгүй 7/350 дугаар албан бичгийн хариу албан бичгийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байгаа нь дээрх хуулийн хугацааг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Нөгөө талаараа шүүх хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлага болоод хэргийн үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь тун ойлгомжгүй зүйл болжээ.
Б/ Шүүх нэхэмжлэгчийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах шаардлагад огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг давж заалдах шатны шүүх онцгойлон анхаарч үзэхийг хүсч байна. Нөгөө талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт зөвхөн хариуцагч байгууллагын гаргасан тайлбар, түүний үндэслэлд үнэлэлт дүгнэлт өгч хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн байгаа нь илт харагдаж байгаа.
Тухайлбал нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл болох нэхэмжлэгч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Я.Н-д шилжүүлэх бүртгэлийг хариуцагч байгууллага хийхдээ эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт өмчлөгч тус бүрийн зөвшөөрлийг бичгээр тус тус авна гэсэн хуулиар үүрэг болгосон процесс ажиллагааг хийгээгүйгээс нэхэмжлэгч нарын өмчлөх эрх хөндөгдсөн тухай үндэслэл бүхий тайлбарт анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх бүртгэлийн байгууллага нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ мөн Ж.П-т олгосон итгэмжлэл, түүний гарын үсэг хуурамч эсэхийг шалгах үүрэг бүртгэлийн байгууллагад олгогдоогүй гэж дүгнэжээ.
Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын хавсралтын 3 дахь хэсэгт мэдүүлэг хүлээн авах журмыг журамласан төдий 3.6-д Гэрээг бүртгүүлэхээр мэдүүлж буй тохиолдолд өмчлөгч өөрөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн эсэхийг улсын бүртгэгч шалгаж, гарын үсэг зуруулан иргэний үнэмлэхийг хуулбарлуулан авч хавсаргана гэж журамласан байхад шүүх ямар ч хууль, дүрэмд нийцээгүй дүгнэлт хийсэн байгаад туйлын их харамсалтай байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 дугаар тогтоол, Ж.П-ын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд гаргасан өргөдөл, бүртгэлийн мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар зэрэг нотлох баримтуудаас үзвэл иргэн Ж.П, Ж.И.М, П.Т, П.Н нар нь маргаан бүхий 251 дүгээр орон сууцны анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Тус орон сууцыг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу Я.Н-ийн өмчлөлд шилжүүлснийг эс зөвшөөрч П.Н иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Я.Н-д холбогдох Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1592 дугаар шийдвэрээр Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч П.Н, Ж., Ж.Т нар нь тус маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр 2016 оныг хүртэлх хугацаанд Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаагүй, энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч нараас ийнхүү Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 1592 дугаар шийдвэр гарсны дараа тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй байхад тус байгууллага өөрөө санаачлан тус үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгэх үүрэггүй буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах байсан гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн хэдийгээр 1592 дугаар шүүхийн шийдвэрээр Ж.П, Я.Н нарын хооронд байгуулсан 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Я.Н-г өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэлийг дангаар нь хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын эрх сэргэхээргүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 27 дугаар байрны 251 дүгээр тоотод байрлах 30 м.кв орон сууцыг Өмнөговь аймгийн нотариатч Д.Х-ийн гэрчилсэн 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн итгэмжлэл, 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ, иргэн Я.Н-ийн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мэдүүлэг зэргийг үндэслэн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр иргэн Я.Н-ийн өмчлөлд шилжсэн байх боловч 338 дугаар нотариатчийн гэрчилсэн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн иргэн С.Г-ийн, 196 дугаартай нотариатчийн гэрчилсэн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бүртгэлийн мэдүүлгийг үндэслэн иргэн Г.М, Н.Д, М.Д, М.А нарын өмчлөлд, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Голомт банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ “М а н ТЗК” ХХК болон Голомт банктай байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн “М а н ТЗК” ХХК-д тус тус шилжиж бүртгэгдсэн.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу тус орон сууцны байр дараагийн өмчлөгч нарт шилжиж, өмчлөх эрх үүсч баталгаажсан, өөрөөр хэлбэл, мөн хуулийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу өмнөх өмчлөгч буюу Я.Н-ийн өмчлөх эрх дуусгавар болсон, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно”, 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасан байх тул тус орон сууцны байрны өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг бүртгэхийг даалгах үндэслэлгүй.
Түүнчлэн Голомт банк иргэн Г.М, Н.Д нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗБ1705032460 дугаар Ипотекийн гэрээг “М а н ТЗК” ХХК болон Голомт банктай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр “М а н ТЗК” ХХК-д шилжүүлж бүртгэсэнтэй холбогдуулан өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл П.Н, П.Т, Ж.И нараас иргэн Ж.П, Я.Н нар болон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тамгын газрын нотариатч П.Х нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байх бөгөөд тус шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 493/2812/с дугаар шийдвэрээр Ж.П, Я.Н нараас 63 750 000 /жаран гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШЗ2016/04813 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгч нар дахин нэхэмжлэл гаргахад тус шүүгчийн захирамж саад болохгүйг дурдаж шийдвэрлэснээс үзвэл нэхэмжлэгч нар нь 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1592 дугаар шийдвэрийн дагуу иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломж нь нээлттэй үлдсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.1.1-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж хуульчилжээ.
Хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 7/350 дугаар албан бичиг, уг албан бичгийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан талаарх баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан талаарх дардас, тэмдэглэгээ зэрэг баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандаж, хариуг хүлээн авсны дараа хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгө хамтран өмчлөх эрх зөрчигдсөн талаар мэдсэн атлаа бүртгэлийн байгууллагад хандаж мэдүүлэг гаргаагүйн улмаас улсын бүртгэлийн байгууллага маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн нь буруутай талаар дүгнэхдээ захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүх нэхэмжлэлийг хүлээн авах журамтай хольж дүгнэсэн нь учир дутагдалтай байх боловч энэ нь энэ талаарх гомдлыг хангах үндэслэл болохгүйг, түүнчлэн нэхэмжлэгч нар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлээр бусдад шилжүүлсэнтэй холбогдуулан буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх зэрэг хэлбэрээр харьяаллын дагуу гомдол, нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2017/0789 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ