Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 344

 

“Э” ХХК-ийн гомдлын шаардлагатай,

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн

татварын хяналт шалгалтын тасгийн татварын

улсын байцаагч Э.Б, Б.М

нарт холбогдох зөрчлийн хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Д.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа

Гомдлын шаардлага: Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0460 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э

Гомдол гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1, 1.1, 1.2, 2, 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Э”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Б, Б.М нарын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Билгүүн, Б.Мягмарцэрэн нараас тус бүр 35100 төгрөгийг тус тус гаргуулж гомдол гаргагч нөхөн төлүүлж, гомдол гаргагчид “Э” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гомдлоор хэргийг шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0460 дугаар магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “Э” ХХК-ийн захирал Ч.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдлийг зөрчил гэнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох, зөрчил шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах...” гэж тус тус хуульчилснаас үзвэл эдгээр хуулийн үйлчлэлд зөрчил гаргасан, энэ нь тогтоогдсон этгээд хамрагдахаар байна.

4. Татварын ерөнхий хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1.2-т заасан татварын албаны чиг үүрэг, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.3-д заасан татварын албаны бүрэн эрх болон 29 дүгээр зүйлийн 29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу татварын хяналт, шалгалтын дүнд үйлдэх баримт бичигт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан эрх бүхий албан тушаалтны үйлдсэн “шийтгэлийн хуудас” хамаарахгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр “зөрчил” гэж тодорхойлсон татварын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйд татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу шийтгэл ногдуулна. Ингэхдээ тус хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ба татварын харилцаанд хэрэгжүүлж буй татварын хяналт шалгалтын чиг үүрэгт бус татварын хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчилд шийтгэл ногдуулж буй акт нь шийтгэлийн хуудас юм. Мөн нөхөн татвар нь хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар төлөх нь татвар төлөгчийн үүрэг болохоос, “3ахиргааны шийтгэл" биш гэдгийг анхаарч үзнэ үү.

5. Хариуцагчаас “нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй холбоотой Зөрчил нь Сонгинохайрхан дүүргийн Татварын байцаагчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт болон прокурорын дүгнэлтээр тогтоогдсон" гэж тайлбарладаг боловч шийтгэлийн хуудас бичиж, шалгаж тогтоосон гэх үед эдгээр дурдаж байгаа баримтууд аль аль нь татварын байцаагч нарт ирээгүй, зөрчил шалгасан тэмдэглэл зэрэгт огт дурдагдаагүй болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй.

6. Эрх бүхий албан тушаалтан нь нэгэнт зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ”, 3-т “... мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцно”, 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, 2-т “Эрх бүхий албан тушаалтан, ... хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно”, 5-д “Хуульд заасан журам зөрчиж цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан зохицуулалтууд үйлчлэх ёстой.

7. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх болон зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээс бусад тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах журамтай. Харин тус хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой бөгөөд хэрэг бүртгэл явуулах шаардлагагүй, үйлдсэн зөрчил нь баримтаар тогтоогдож, холбогдогч сайн дураараа хүлээн зөвшөөрч, эсхүл зөрчил үйлдэгдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон тохиолдлуудад, зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл ногдуулахыг ойлгоно. Эрх бүхий албан тушаалтны үйлдсэн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн холбогдогчийн мэдүүлэг зэргээр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй болох нь тогтоогддог.

8. Дээрх үндэслэлүүдээс дүгнэвэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь процессын хувьд хуулиар тогтоосон журамд нийцэхээс гадна эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийг хуульд заасан журмын дагуу, нотлох баримтаар шалган тогтоосноор шийтгэлийн хуудас хууль ёсны байх үндэслэл болно.

9. Маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1102201871 дүгээр шийтгэлийн хуудас нь гарсан цагаасаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, илт хууль бус байх тул эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлтэй тул хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0460 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Э.Б, Б.М нарын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №1102201871 дугаар шийтгэлийн хуудсаар “... 2016 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд 136 369 091 төгрөгийн хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулж, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг зөрчсөн болох нь татварын тайлангаар нотлогдсон” талаар дурдаж, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3-т заасны дагуу нөхөн татвар, торгууль, алданги нийт 21 723 595 төгрөг төлүүлэхээр “Э” ХХК-д хариуцлага ногдуулсныг “татварын зөрчил гаргаагүй” гэж маргаж, шүүхэд гомдлын шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх “Хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа”-гаар зөрчил тогтоогдоогүй гэж дүгнэж, гомдол гаргагчийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол; ...” гэх зэрэг 3 үндэслэлийг, уг зүйлийн 4-т “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна: ... 1.1.тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж тус тус зааснаар Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д тодорхойлсон “зөрчил” ил тодорхой байгаа, түүнийг үйлдсэн этгээдийн гэм буруу нь эргэлзээгүй байдлаар нотлогдсон бол тухайн “зөрчил”-ийг эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой юм.

Татвар төлөгч “Э”  ХХК нь 136 369 091 төгрөгийн дүн бүхий “хий бичилт”-тэй нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ашиглаж, татвар ногдуулах орлогыг бууруулах “зөрчил” үйлдсэн нь ил тодорхой буюу тус компанийн 2016 оны 10 дугаар сарын “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан”-д тусгасан байдлаар тухайн сарын худалдан авалт, үүнд төлсөн НӨАТ, тухайн сард хасагдах НӨАТ-ын дүн зэргээр уг зөрчлийг “нотолсон” гэж татварын улсын байцаагч нараас үзжээ.

Гэтэл, уг тайланд тусгасан 149 661 202.90 төгрөгийн худалдан авалт, уг худалдан авалтаар төлж, улмаар хасагдах татвараар тодорхойлсон 14 966 120.29 төгрөгт холбогдох ямар ч баримтыг бүрдүүлээгүй, өөрөөр хэлбэл татвар төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэдэг нь уг тайлангаар нотлогдоогүй, “ил тодорхой” зөрчил гэж үзэх боломжгүй байхад татварын улсын байцаагч нар нь зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хуулиар тогтоосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд ..., зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна: 1.1.хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн; 1.2.хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн; 1.3.зөрчил үйлдсэн хүн өөрийгөө илчилж ирсэн; 1.4.байгууллага, албан тушаалтнаас харьяаллын дагуу зөрчлийн талаархи холбогдох баримтыг шилжүүлэн ирүүлсэн” гэж заажээ.

Энэ тохиолдлын хувьд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 10и-3/827 тоот, Татварын ерөнхий газрын 2018 оны 07/778 тоот албан бичгүүдийг үндэслэн Татварын албанаас 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олгосон “татварын хяналт шалгалт хийх томилолт”-оор 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 63 хоног татварын хяналт шалгалт хийсэн нь уг томилолтод тэмдэглэгдсэн боловч тус шалгалтын явцад зөрчлийг “ил тодорхой” гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх нь зөрчил, түүнд холбогдох этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох баримт, сэлтийг бүрдүүлэх ажиллагааг шүүхээр гүйцэтгүүлж, үүнд үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн уг үйл ажиллагаанд дүгнэлт өгүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасан “зөрчил хянан шийдвэрлэх” шүүхийн бүрэн эрхэд хамаарахгүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ч.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2019/0460 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 120/ШШ2019/0014 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                        Ч.ТУНГАЛАГ