Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00477

 

 

 

 

 

 

 

 

 

“А.Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02794 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А.Л” ХХК-ийн хариуцагч “Б.М” ХХК-д холбогдуулан гаргасан бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэгт 33,465,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А.Л” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Манай компани нь “Б.М” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан юм. Ийнхүү байгуулахдаа уг гэрээний 4.2 дахь хэсэгт өмнө нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийг манай талд төлж барагдуулахаар график гаргасан боловч худалдан авагч талын хүсэлтээр графикийг дахин өөрчилж, хамгийн сүүлийн төлбөрийн тооцоог 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлж дуусгахаар тохирсон. Энэхүү тооцоог 2 талын тооцооны ажилтнууд холбогдох баримтыг үндэслэн тооцоо нийлсэн актын дагуу гаргасан байдаг. Гэтэл хариуцагч нь энэхүү төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй манай компанид санхүүгийн хүнд байдал үүсгэж, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулаад байна. Бид энэхүү төлбөрийг удаа дараа шаарддаг боловч элдэв шалтаг тоочсоор хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн тул шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрсэн. Анх нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хэдий ч хариуцагч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хаяг олдохгүй байснаас шалтгаалаад эрэн сурвалжлуулах ажиллагаа хийсээр 5 жил орчмын хугацаа өнгөрсөн байна. Иймээс бэлтгэн нийлүүлэх гэрээнд заагдсан өмнөх тооцооны үлдэгдэл 22,310,000 төгрөг болон гэрээний 5.3-т заасан алданги 11,155,000 төгрөг, нийт 33,465,000 төгрөгийг хариуцагч “Б.М” ХХК-аас гаргуулж өгнө үү. Бид хариуцагчаас борлуулалтын 2 цэгийн тоног төхөөрөмжийг авсан нь үнэн боловч өрөндөө авна гэж тохироогүй. Харин ажиллуулж байгаад өр төлбөрөөс нь хасъя гэж тохирсны дагуу 2 сар ажиллуулаад зөвшөөрөлгүй киоск байсан тул үйл ажиллагаа зогсож, тоног төхөөрөмжийг нь буцаагаад өгсөн гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч “Б.М” ХХК нь “А.Л” ХХК-аас авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрсдийн эд хөрөнгө болох бараа бүтээгдэхүүнээ үнэлэн өгч төлсөн. Тухайн үед “Азианлинкс” ХХК-ийг төлөөлж Г.Оюунсанаа, “Б.М” ХХК-ийг төлөөлж С.Эрхэмбаяр миний бие ажиллаж байсан бөгөөд Г.Оюунсанаа нь манай борлуулалтын 2 цэгийг тоног төхөөрөмжийн хамт үнэ тохирон авлагатаа авч тухайн байрлалд талбай ашиглах түрээсийн гэрээг үргэлжлүүлэн хийж, манай хуучин борлуулалтын ажилчдаас цалин тохирч ажиллуулан миний мэдэхээр 6 сар хэртэй ажиллуулж байсан. Түүнээс хойш ахиж надтай холбоо бариагүй. Бид өглөгөтөө тухайн Жетро болон Хөлөг гэсэн хоёр газар ажиллуулж байсан борлуулалтын цэгийн тоног төхөөрөмжийг “А.Л” ХХК-д үнэ тохирон өгснийг нотлох баримт, гэрчүүд хангалттай байгаа. Тухайн тоног төхөөрөмжүүдийг элэгдлийг нь хасан үнэлсэн саналаа цахим шуудангаар явуулж байсан. 2016 оноос хойш энэ асуудлаар цагдаад хоёр удаа дуудагдсан ба миний бие дээрх учир байдлыг тайлбарлан хэлж баримт сэлтийг үзүүлснээр тухайн асуудал дуусдаг. Гэвч яагаад дахин шүүхэд гарч ирээд байгааг ойлгохгүй байна. Миний утасны дугаар болон гэрийн хаяг бүгд хуучин хэвээрээ байсаар байтал над руу огт яриагүй, холбоо тогтоогоогүй мөртлөө эзэн холбогдогч олдоогүй удсан мэтээр ярьж гүтгэж байгаад харамсаж байна. Бид нэг өрийг хоёр төлж чадахгүй. Хэрэв мөнгөө нэхээд байгаа бол тоног төхөөрөмжөө эргүүлж авсны дараа мөнгийг нь өгч болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б.М” ХХК-аас 18,327,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А.Л” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,137,369 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б.М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 249,588 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А.Л” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Бид хариуцагч компаниас 2 ширхэг киоск хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба харин түүнийгээ буцаагаад авсан, өгсөн гэдэг талаар маргаж мэтгэлцсэн. Шүүх хариуцагч талд боломж олгож шүүх хуралдааны төгсгөлд өөрөө санаачилж хариуцагчийн хүсэлтийг хангаж үзлэг хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Зөвхөн энэхүү үзлэг хийсэн тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй юм. Нэхэмжлэгч талаас 2 ширхэг киоскийг буцааж өгсөн гэснээс гадна үзлэгээр гарч ирсэн үнийн санал буюу эд хөрөнгийн үнэлгээг огт хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл үүнийг шүүх шийдвэртээ хүлээн зөвшөөрсөн мэтээр бичсэнээрээ нэг талын байр суурийг хамгаалж байгааг шууд харуулна.

4.б. Бидний хувьд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн бэлтгэн нийлүүлэх гэрээний 4.2-т заасан графикийн дагуу төлөлт хийгдээгүй учраас тухайн хугацаанаас алданги тооцох ёстой гэж шүүхэд тайлбарласан. Алданги нь гэрээний үндсэн төлбөрөөс хэтэрсэн тул хуульд зааснаар 50 хувиар тооцож нэхэмжилсэн юм. Гэтэл шүүх 7,964,738 төгрөгөөс л алданги тооцсон нь нэхэмжлэгчид илтэд хохиролтой байна.

 

4.в. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гаргасан хэдий ч хариуцагч хуулийн этгээд, түүний гүйцэтгэх удирдлага болон итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хаяг олдохгүй байснаас шалтгаалаад эрэн сурвалжлуулах ажиллагаа хийсээр 5 жил орчмын хугацаа өнгөрсөн байна. Энэ цаг хугацааны хүчин зүйл нь хариуцагч асуудалд хэрхэн яаж хандаж байсан, төлбөр мөнгөө төлөхгүй зугатааж байсан, өөрсдөө киоскуудаа буцаагаад авсан зэргийг нотолж байгааг шүүх анхаарч үзээгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,137,369 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

 

5а. Шүүхийн шийдвэрийн дагуу нийт өглөг 22,310,000 төгрөгөөс 14,345,262 төгрөгийг тоног төхөөрөмжөөр төлсөнд тооцон хасаж, үлдэгдэл 7,964,738 төгрөгийг алданги 3,982,369 төгрөгийн хамт төлөх ёстой. Гэвч шүүгч шийдвэр дээрээ 7,964,738+3,982,369=11,947,107 төгрөгийг 18,327,631 төгрөг гэж буруу нэмж гаргасан байна.

 

5б. “А.Л” ХХК нь “Б.М” ХХК-аас өр төлбөртөө тоног төхөөрөмжүүд тооцож өгөх саналыг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн зөвшөөрч Жетро-8,640,131 төгрөг, Хөлөг-6,560,131 төгрөг, Сансар Амгалан-7,060,131 төгрөг, нийт 3 борлуулалтын цэгийн тоног төхөөрөмжүүдийг талууд тохиролцон үнэлж, 22,260,393 төгрөгт тооцон авахаар тохиролцсон. Ингээд Жетро, Хөлөг цэгүүдийн тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан ба Сансар Амгалан борлуулалтын цэгийн тоног төхөөрөмжийг өөрсдөө авах ёстой хугацаандаа авалгүй, холбоо барихгүй сураггүй болсон тул бид өгч чадаагүй. Иймээс бид уг үлдсэн төлбөрт алданги төлөх ёсгүй гэж үзэж байна. Одоо төлөгдөөгүй байгаа үлдэгдэл 7,964,738 төгрөгийг тохиролцоо ёсоор Сансар Амгалан цэгийн тоног төхөөрөмжүүдээ өгч барагдуулах боломжтой гэжээ.

 

6. Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.  

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. “А.Л” ХХК нь “Б.М” ХХК-д холбогдуулан төлбөр 22,310,000 төгрөг, алданги 11,155,000 төгрөг, нийт 33,465,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

3. Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан /хх 5/ байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

4. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

5. Нэхэмжлэгч гомдолдоо “авлагадаа 2 ширхэг киоскийг авсан хэдий ч зөвшөөрөлгүй

киоск байсан тул буцаагаад өгсөн, хариуцагчийн явуулсан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй, гэрээний 4.2-т заасан хугацаанаас алданги тооцох ёстой” гэжээ.  

 

5.а. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчид 22,310,000 төгрөгийн өр

төлбөртэй ба уг төлбөртөө “Жетро”, “Хөлөг”, “Сансар амгалан” худалдааны цэгүүдийг тооцож өгөх санал гаргаж, улмаар “Жетро”, “Хөлөг” худалдааны цэгүүдийг нэхэмжлэгч нь хүлээн авч, “Сансар амгалан” худалдааны цэгийг хүлээн аваагүй болох нь бэлтгэн нийлүүлэх гэрээ, зохигчдын тайлбар болон цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон байна. /хх 51-73/ Нэхэмжлэгч нь худалдааны хоёр цэгийг авсан хэдий ч зөвшөөрөлгүй цэг байсан тул буцаагаад өгсөн гэж тайлбарлаж байх хэдий ч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            5.б. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас өөрийн цахим шууданд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан нь хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх-48/ Шүүх хүсэлтийг хангаж, үзлэгийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохигчдыг оролцуулан хийсэн тухай баримт хэргийн 53-73 дугаар талд авагдсан. Үзлэгээр худалдааны цэгүүдийн үнийн саналыг хариуцагчаас нэхэмжлэгчид хүргүүлсэн нь тогтоогдсон ба нэхэмжлэгч хариуцагчийн явуулсан үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй гэх боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй төдийгүй нэхэмжлэгч нь “Жетро”, “Хөлөг” гэх худалдааны цэгүүдийг хүлээн авсан нь тогтоогдсон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, өөрөөр хэлбэл өөрөө санаачилж үзлэг хийгээгүй, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчөөгүй байна.  

 

            5.в.  Бэлтгэн нийлүүлэх гэрээний 5.3-т “Энэ гэрээнд дурдсан төлбөрийн үлдэгдлээс болон үүргийн гүйцэтгэлээс хэтэрсэн хугацаанд ийнхүү хэтрүүлсэн хоног тутам 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцож хугацаа хэтрүүлсэн тал нөгөө талд төлнө” гэж заасны дагуу шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 7,964,738 төгрөгөөс алданги тооцоход алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 7,964,738 төгрөгийн 50 хувь болох 3,982,369 төгрөгийг гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

6.а. Хариуцагч “Б.М” ХХК төлбөртөө “Жетро”, “Хөлөг” худалдааны цэгт

үйл ажиллагаа явуулж байсан тоног төхөөрөмжүүдийг үнэлэн шилжүүлснээр төлбөрийг барагдуулсан гэж тайлбарласан боловч баримтаар нотлоогүй. Иймд дээрх худалдааны хоёр цэгийг нэхэмжлэгчид өгснөөр төлбөр бүрэн барагдаагүй гэж үзэж, үлдэгдэл төлбөрт 7,964,738 төгрөгийг гаргуулахдаа анхан шатны шүүх хэргийн баримтад тулгуурласан дүгнэлт хийжээ.

6.б. Алдангийг бүхэлд нь төлүүлэхгүй байх, тухайлбал нэхэмжлэгч нь авлагадаа “Сансар амгалан” худалдааны цэгийг авах үүрэгтэй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Харин анхан шатны шүүх төлбөр 7,964,738 төгрөг, алданги 3,982,369 төгрөг, нийт 11,947,107 төгрөг гаргуулахыг 18,327,631 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасныг залруулан, энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав.

 

Дээр дурдснаар хариуцагч “Б.М” ХХК-аас нийт 11,947,107 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А.Л” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,517,893 төгрөгт  холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02794 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “18,327,631” гэснийг “11,947,107” гэж, “15,137,369” гэснийг “21,517,893” гэж, 2 дахь заалтын “249,588” гэснийг “206,104” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А.Л” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 233,637 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б.М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 117,038 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө

гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                              ШҮҮГЧИД                              А.МӨНХЗУЛ

  

                                                                            Д.БЯМБАСҮРЭН