Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00506

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00506

 

 

Ё.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03323 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ё.Бын хариуцагч А.Бт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 19,226,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтайван, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ё.Бын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие компанийн эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр иргэн А.Бтай байгуулсан. Уг гэрээгээр худалдагч  “Есүсондор” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 40 хувьтай тэнцэх 80 ширхэг энгийн хувьцааг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч худалдаж буй хувьцаанд төлөх нийт хувьцааны төлбөр болох 30,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр багтааж худалдагч талд төлөхөөр тохирсон. Мөн худалдан авагч тал худалдагч талд заагдсан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.1 хувиар тооцож алданги төлнө гэж гэрээнд тусгасан. Худалдан авагч тал гэрээний үнээс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг надад өгсөн. Энэ өдрөөс хойш удахгүй өгнө гэсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй, уулзахгүй алга болсон. Иймд А.Баас гэрээний үндсэн үнийн дүнгийн үлдэгдэл болох 18,000,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх алданги 240,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх алданги 140,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх алданги 846,000 төгрөг, нийт 19,226,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Есүсондор” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт 4 айлын орон сууцыг барьж өгч 15,000 га газарт 5 жилийн хугацаанд хадлан хадах зөвшөөрлийг авсан гэсэн тул А.Б нь хадлан хадах зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулан тус компанийн энгийн хувьцааны 40 хувийг буюу 80 ширхэг хувьцааг нийт 30,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож хувьцааг шилжүүлэн авсан. Гэхдээ хадлан хадаж эхэлж байхад тус компанийн хадлан хадах эрх авах зорилгоор барьсан 4 айлын орон сууцны барилга чанарын хувьд муу, барилга байгууламжийг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөөгүй талаар гомдол ирж, улмаар хадлан хадах боломжгүй болж хохироод байна. “Есүсондор” ХХК нь хадлан хадах зөвшөөрөлгүй байсан бол 2,000,000 төгрөгийн дүрмийн сантай, ямар ч үл хөдлөх эд хөрөнгөгүй компанийн хувьцааг гэрээнд заасан үнээр худалдан авахгүй байсан. “Есүсондор” ХХК-ийн барьсан  4 айлын орон сууцны байшингийн гадна болон дотор шавар нурж, блок нь ил гарсан, дан нуруун дээр блок тавьж орхисноос дотор таазыг цөм цохиж нураасан, дотор хана цуурсан, айл тус бүр ямар ч халаалтгүй, энэ асуудлаа шийдэж засвар хийх талаар нутгийн удирдлагын зүгээс шаардлага тавьсан. Мөн татварт 4,000,000 төгрөгийн өртэй талаар татварын албанаас шаардлага тавьж байсан. Хариуцагч нь хадлан хадах зөвшөөрөлтэй компанийн хувьцааг худалдан авсан биш, бодит байдал дээр хадлан хадах боломжгүй болж, төлбөр төлөх болсон учраас нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч А.Бын сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А.Б нь 15,000 га хадлан хадах зөвшөөрөлтэй компани худалдан авах хүсэл зоригтой байсан ч бодит байдал дээр хадлан хадах боломжгүй, татварын өртэй  компани худалдан авч эрх хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөөд байна. Бид энэ гэрээний дагуу энэ жил буюу 2021 онд хадлан хадах талаар сумын удирдлагуудад хүсэлт тавихад Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр байшингийнхаа дутуу зүйлсийг засаагүй учраас энэ жил хадлан хадах боломжгүй байна гэх албан бичгийг ирүүлсэн. Өмнө нь 1 дүгээр сард ирүүлсэн албан бичгүүд нь хэрэгт байгаа. Сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун болон 7 дугаар багийн иргэдийн төлөөлөгч Адъяасүрэн нараас 1 дүгээр сарын 5-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Иймд А.Бын Ё.Бтай байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 12,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Миний бие “Есүсондор” ХХК-ийг удирдан үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудын нэг бол 4 айлын орон сууц барьж өгсөн явдал юм. Энэ нь “Есүсондор” ХХК-ийн үйл ажиллагаатай хамааралгүй, өөрөөр хэлбэл шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй юм. Хадлан хадах талаар төрийн байгууллагаас олгодог тусгай зөвшөөрөл байхгүй атал А.Б нь хадлан хадах зөвшөөрөлтэй компани худалдаж авсан гэж бодсон, гэтэл зөвшөөрөлгүй байсан гэж маргадаг. Тухайн орон нутгийн иргэд, удирдлагатай талбай хадах нөхцлөөр гэрээ байгуулан үйл ажиллагаа эрхлэх нь тухайн компанийн эрх хэмжээний асуудал тул компанийн дотоод асуудлыг шүүхэд хянан хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлагатай хольж хутган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байна. Миний нэхэмжлэлээр 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй тул А.Баас гэрээний үнийн дүнгийн үлдэгдэл болох 18,000,000 төгрөг, алданги 846,000 төгрөг, нийт 19,226,000 төгрөг гаргуулах тухай маргааныг шүүх хянан хэлэлцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Баас 19,226,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Бд олгож, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч А.Бын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,080  төгрөг, хариуцагчийн төлсөн 306,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баас 254,080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Бд олгож шийдвэрлэсэн.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6а. Ё.Бын 19,226,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч Ё.Б нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хууль зөрчсөн. Тодруулбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан худалдаж буй эд хөрөнгийн талаар худалдан авагчид үнэн зөв мэдээлэх, компанийн эрх шилжүүлэх гэрээний 2.2.2-т “Гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байгаа эсэх: үгүй” гэж заасныг зөрчиж бусдын өмнө хүлээсэн үүрэг бүхий компани, түүний эрхийг шилжүүлсэн. Хариуцагч А.Б нь 15,000 га хадлан хадах зөвшөөрөлтэй компани худалдан авах хүсэл зоригтой байсан ч бодит байдал дээр хадлан хадах боломжгүй, байшин засварлах үүрэг хүлээгээд байна. Тиймээс шүүхийн “худалдагч хувьцаа, эрхийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн” гэх дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд Ё.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

6б. Ё.Б нь “Есүсондор” ХХК-ийг хадлан хадах зөвшөөрөлтэй, зөвшөөрлийг авах зорилгоор барьсан барилгыг бүрэн барьсан, комисст хүлээлгэн өгсөн, ямар нэгэн өр төлбөр үүрэг хүлээгээгүй гэх мэтээр хууран мэхэлж, А.Быг төөрөгдөлд оруулан компанийн хувьцааг өндрөөр үнэлж худалдсан байна. Түүнчлэн байшинг Ё.Б нь компанийг эзэмшиж байх үед дутуу баригдсан, энэ талаар төрийн байгууллага, албан тушаалтны шаардлага ирж байсан тухай нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлсэн. Гэтэл шүүх “хадлан хадах эрхгүй компани байсан... гэх үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахаар шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Анх худалдаж авах үед Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээгээ байгуулсан. Сүхбаатар аймгийн 7-р багийн нийтийн хурлаар хуралдаад “энэ жил манайх ийм гарцтай байна, компанид хэдэн га газар өгөх, малынхаа өвсийг авч жилийнхээ өвлийн бэлтгэлийг хийе” гэж шийдвэрлэдэг. Гэтэл 2 дахин илүү хадчихсан. 2,000 га газарт хэдэн төгрөгийн ашиг олдог гэдгийг Ё.Б мэдэж байгаа. Хангалттай ашиг олоод давуулан илүү 2,000 га газар хадаад нийт багийн иргэдийн уур дүргүйцлийг хүргэсэн. Цаашид энэ гэрээ хэрэгжих эсэх нь тодорхойгүй асуудал үүсчихсэн байгаа болохоос 15,000 га газар хадах худлаа байсан юм байна 2,000 га газар хадуулчлаа гэх асуудал байхгүй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Орон сууцны асуудал ярьж байна. Гэтэл энэ нь орон сууц биш үнэндээ бол 4 айлын шавран байшин. “Ёсөн сондор” ХХК барьж өгсөн тууз хайчилсныг сая хэлсэн. Хадлан хадах тусгай зөвшөөрлийн асуудал хуульд тусгайлан зохицуулаагүй. Энэ асуудал нь орон нутгийн нийтийн иргэдийн хурлаар шийдвэрлэдэг асуудал. Барилга барьж өгөхийн тулд газраа өгдөг орон нутаг, байгууллага гэж байхгүй. Нийгмийн хариуцлагийн хүрээнд 4 айлын байшин барьж өгсөн. Дараагийн нэг асуудал бол тухайн багт жил болгон тодорхой хэмжээний өвсийг бэлтгэж өгдөг юм. Ноцтой төөрөгдсөн асуудал байхгүй өөрсдийнх нь буруутай ажиллагааны улмаас зогссон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ё.Б нь хариуцагч А.Бт холбогдуулан төлбөр 18,000,000 төгрөг, алданги 1,226,000 төгрөг, нийт 19,226,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хувьцаа худалдах-худалдан авах гэрээний 3.1, 3.2 дахь заалтын 29,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, 15,700,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хувьцаа худалдах-худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Зохигчдын хооронд 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Компаний эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

3. Зохигчдын хооронд байгуулагдсан компаний эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

3.а. Ё.Б нь “Есүсондор” ХХК-ийг хадлан хадах зөвшөөрөлтэй, зөвшөөрлийг авах зорилгоор барьсан барилгыг бүрэн барьсан, комисст хүлээлгэн өгсөн, ямар нэгэн өр төлбөр үүрэг хүлээгээгүй гэх мэтээр хууран мэхэлж компанийн хувьцааг өндрөөр үнэлж худалдсан, гэрээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

3.б. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэж заасан. Компаний эрх шилжүүлэх гэрээний 2.2-т “Есүсондор ХХК-ийг татварын өр төлбөргүй, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөргүй” гэж заасан байна. /хх 5/ Гэвч “Есүсондор” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн төв Хадын булан гэх газар багийн удирдах ажилтны 4 айлын барилгыг барьж дуусган хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хадлан хадуулахгүй талаархи тус сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/01, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/163 дугаар албан бичгүүдээр, Эрдэнэцагаан сумаас 6 хүнийг хадланд цалинжуулж ажиллуулсан боловч цалинг гүйцэд олгоогүй, “Уртын цагаан овоо” ХХК-ий Таван-Эрдэнэ дэлгүүрээс барилгын ажилд болон хадлангийн ажил эрхэлж байх үедээ хүнс, бараа бүтээгдэхүүн, бэлэн мөнгө зээлээр авч хэрэглэсэн боловч тооцоо хийгээгүй, хадлан хадах зөвшөөрөл авахдаа 4 айлын байрны гаднах гэрэлтүүлэг хийж, Эрдэнэцагаан сумаас 20 хүнийг ажлын байраар хангах болзол тавьсан боловч биелүүлээгүйгээс 15 га газарт хадлан хадуулахгүй талаархи тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/01 дүгээр албан бичгээр Есүсондор ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөртэй болох нь нотлогдож байна. /хх 58-59/

 

3.в. Хариуцагч А.Б нь нэхэмжлэгч Ё.Б Есүсондор компанийг бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөргүй гэж хууран мэхлэн гэрээ байгуулсан гэж тайлбарлан хувьцаа худалдах-худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулан, 12,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасаныг шүүх хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, Компаний эрх шилжүүлэх гэрээний 2.2-т заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.3 дахь хэсэгт зааснаар зөв тайлбарлаагүй, хэргийн баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй дүгнэлт хийжээ.

 

Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал, тухайлбал Есүсондор ХХК бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөртэй гэх үндэслэл тогтоогдсон байна.

 

4. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно. Есүсондор ХХК нь бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөртэй талаархи хариуцагчийн тайлбар, нотлох баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй бөгөөд энэхүү үйл баримт нь хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдал гэж үзсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний  хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасан үндэслэлийн дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр компаний эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцон энэ талаархи хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангав. 

 

Дээр дурдснаар нэхэмжлэгч Ё.Бын гэрээний үүрэгт 19,226,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Бын хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2021/03323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Баас 19,226,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ё.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 59 дүгээр зүйлийн 59.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн компаний эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, нэхэмжлэгч Ё.Баас 12,000,000 төгрөг гаргуулж хариуцагч А.Бт олгосугай.” гэж, 2 дахь заалтын “хариуцагч А.Баас 254,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ё.Бд олгосугай.” гэснийг “нэхэмжлэгч Ё.Баас 277,150 төгрөгийг гаргуулж хариуцагч А.Бт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 654,680 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                                       А.МӨНХЗУЛ

  

Д.БЯМБАСҮРЭН