Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0063

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр

  Дугаар 221/МА2018/0063

 Улаанбаатар хот

 

 

З.Т, “Э А Ю” ОУДС-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Б, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Д, гуравдагч этгээд “С д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Б-ны гаргасан давж заалдах гомдлоор, З.Т, “Э А Ю” ОУДС-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Усны тухай /2004 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ариун цэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э А Ю” ОУДС болон З.Т-ын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т болон “Э А Ю” ОУДС-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э А Ю” ОУДС болон З.Т-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Маргаан бүхий газар дээр “С д” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Б давж заалдах гомдолдоо:

“...1. Уг хэргийг өмнө нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 221/МА2017/0109 дүгээр магадлалаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ. Гэтэл анхан шатны шүүх уг магадлалаар буцаасан үндэслэлүүдийг нягтлалгүйгээр шийдвэр гаргалаа.

2. Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа нийслэлийн Засаг даргын аль 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжуудаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоосон байсан гэх үндэслэлээр нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар ундны усны эх үүсвэрийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсан нь хууль ёсны үйлдэл гэж дүгнэжээ.

Гэтэл нэхэмжлэгч нарын тухайд нийслэлийн Засаг дарга 2003, 2009 онд дээрх шийдвэрүүдийг гаргасан байсныг чухам аль газрыг ямар гээч бүсэд хамааруулсныг мэдэх боломжгүй, газар олгох хүсэлтээ хууль тогтоомжид заасан ёсоор нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу дүүрэгт гаргасныг нь шийдэж өгснийг дүүргийн зохих алба, албан тушаалтан хууль бус юм хийсэн гэж эргэлзэх, таамаглах боломжгүй бөгөөд дүүргүүд болон нийслэлийн удирдлагын үйл ажиллагаа хоорондоо ийнхүү уялдаагүй байсанд буруугүй, өөрсдийн зүгээс Газрын тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй билээ.

3. Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоосон нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан 2009 оны 95 дугаар захирамж нь эрх зүйн хэм хэмжээ тогтоосон захиргааны акт тул тухайн үед үйлчилж байсан Засгийн газрын 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8 дугаар тогтоол ёсоор Хууль зүйн яаманд хянуулан бүртгүүлж, “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр мөрдөгддөг журамтай.

Гэтэл эдгээр захирамжууд ийнхүү улсын бүртгэлд бүртгэгдэж хэвлэгдээгүй, www.legalinfo.mn албан ёсны сайт дээр “хүчинтэй” болон “хүчингүй” гэсэн аль аль төлөвөөр байхгүй байгаа тул хүчин төгөлдөр болоогүй захирамжуудыг зөрчсөн гэж гаргасан 2010 оны 703 дугаар захирамж нь мөн хүчин төгөлдөр бус юм.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолыг буруу зааж байна.

4. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол нь маргаж байх явцад гарсан тул түүнийг буцааж хэрэглэх ёсгүй билээ.

5. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамж хүчин төгөлдөр гэж дүүрэг үзэж байгаа юм бол дүүргээс олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг уг захирамжийг зөрчсөн гэх үндэслэлээр нийслэл 2010 оны 703 дугаар захирамжаар хүчингүй болгосон байтал яагаад дүүргийн Засаг дарга дээд шатныхаа Засаг даргын эдгээр захирамжийг үргэлжлүүлэн зөрчиж “Э А Ю” ДС болон З.Т-т олгосон байсан газар болон зэргэлдээх газруудыг бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд 2012, 2014 онд дахин сэргээн олгож, хугацааг нь сунгаад байгаа нь ойлгомжгүй байна. /дүүргээс ийнхүү бусдад газар олгосныг нэр бүхий иргэд, аж ахуйн нэгжүүд ашиглаж байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байгаа/

6. “Э А Ю” ДС болон З.Т нь газар эзэмших эрхийн гэрчилгээг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай аваад үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн байдаг. Тэгэхлээр 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ аваад 2 жил ч болоогүй байхад тэдгээрийг хүчингүй болгоод, энэ тухай болон хүчингүй болгосон үндэслэлийг гэрчилгээ эзэмшигчдэд нийслэлийн болон дүүргийн Засаг дарга, Газрын албанаас огт мэдэгдээгүй, тэр ч байтугай газрын төлбөрийг тогтмол төлж байхад нь дүүргийн Газрын албанаас зогсоож, илүү төлсөн мөнгийг буцаан олгох талаар мэдэгдэж байгаагүй, харин ч дараа жилийн төлбөрийг шүүхээр нэхэмжилж байсан билээ.

Нийслэлийн Засаг дарга 2010 оны 703 дугаар захирамжаар газрын гэрчилгээнүүдийг хүчингүй болгохдоо үүнээс үүдэн гарах хохирлыг хэрхэхийг мөн шийдэх ёстой байтал энэ асуудлыг орхигдуулсан байх юм.

Анхан шатны шүүхийн зүгээс маргаантай газрыг өөр газраар солих зэргээр талуудад эвлэрэх боломж олгосонгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянаж нэхэмжлэлүүдийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг буруу баримталсан, нэхэмжлэлийн зарим шаардлагыг орхигдуулсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

Нэхэмжлэгч З.Т болон “Э А Ю” ОУДС нь шүүхэд анх нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгож, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 0171781, 0211762 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн хавсралтын З.Т-т холбогдох 87 дахь мөр, “Э А Ю” ОУДС-д холбогдох 89 дэх мөрийг хүчингүй болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах, улмаар уг 703 дугаар захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын З.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э А Ю” ОУДС болон З.Т-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газар дээр “С д” ХХК-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /2002 он/ 3 дугаар зүйлийн 3.1.7-д “хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс” гэж ус хангамжийн эх үүсвэрийг аж ахуйн үйл ажиллагааны улмаас хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор заагласан газрыг” ойлгохоор, 12 дугаар зүйлийн 12.4-т “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг аймаг, нийслэл, сумын Засаг дарга дараахь байдлаар тогтооно”, 12.4.2-д “төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүсийг Усны тухай хуулийн 31.3-т заасны дагуу хамгаалалтын бүсийг газрын гадаргад ойр байрлалтай буюу хөрсний ус хялбар нэвтрэх уст үеэс ус авч ашиглавал 500 метрээс багагүй, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 100-200 метрээс багагүй зайд” гэж, 12.5-д “Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг тухайн усны эх үүсвэрийн тэжээлийн бүс болон түүнтэй гидравлик холбоотой гол, нуурын ус хуримтлуулах талбайг хамруулан тогтоож болно” гэж, Усны тухай хуулийн /2004 он/ 3 дугаар зүйлийн 3.1.3-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, мөнх цас, мөсөн голын эзэлж байгаа газрыг” ойлгоно гэж, 14 дүгээр зүйлд “аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”, 14.1-д “аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “ус, усны орчинг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, усны барилга, байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг удирдах”, 14.1.5-д “хуульд заасан бусад бүрэн эрх” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаар нийслэлийн Засаг даргад Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэр, усны орчныг хамгаалах, усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, зорилгоор ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн тэжээлийн бүс, тэдгээрийн заагласан газар, хамгаалалтын бүсийг тогтоох эрх хэмжээ олгосон, мөн тэдгээр бүсийг тогтоох зай хэмжигдэхүүнийг тодорхойлон заасан байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-т “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах” гэж нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаарх бүрэн эрхийг зааж хуульчилжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамжийн 1 дэх заалтаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн газрын доорх эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг зургийн дагуу тогтоосон байх бөгөөд тус захирамжийн 5 дахь заалтаар “тэжээлийн дотоод мужид иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан, мөн нийслэлийн Засаг даргын 2009 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай 95 дугаар захирамжаар усны эх ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг, мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-13 дугаар хороо, ...орчмын усны эх ундарга, нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор усны эх үүсвэрүүдийн тэжээлийн мужийн хамгаалалтын бүсийг тус тус солбицлоор болон зургаар тогтоогдсон.

Хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 324 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай” 703 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамж, нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамж, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/1234 дүгээр албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1/1434 дүгээр албан бичиг болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэрэг нотлох баримтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Морьт гүрэн” ХХК-ийн зүүн талд амралт, сургалтын зориулалтаар иргэн Б.Н-ээс нэхэмжлэгч “Э А Ю” ОУДС-д 10.000 м.кв, иргэн З.Т-т 20.000 м.кв нийт 30.000 м.кв хэмжээтэй шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужид нэхэмжлэгч “Э А Ю” ОУДС-ийн газар бүхэлдээ, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд 6587 м.кв талбайгаар, З.Т-ын газар нь усны эх үүсвэрийн тэжээлийн мужид бүхэлдээ, усны эх үүсвэрийн хамгаалалтын зурвас газартай 6197.46 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа болох нь тогтоогдсон байх тул шүүх нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргахыг дүүргийн өмч газрын харилцааны албанд даалгасан шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах үндэслэлгүй.

Нийслэлийн Засаг даргын нэхэмжлэгч нарт газар шилжүүлэн эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр захирамжийг “2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжуудаар баталсан ундны усны тэжээлийн дотоод мужтай давхацсан” гэх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамж Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”, түүнчлэн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т “хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус хуульчилсан бүрэн эрхийн хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалж гаргасан шийдвэр байх тул тус захирамжийг хүчингүй болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах хууль зүйн үндэслэлгүй. 

Хэдийгээр нэхэмжлэгч нар нь анх төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байх боловч тус газар нь нэгэнт Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүс, тэжээгдлийн мужид хамрагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч нараас үүнтэй маргахгүй байх тул маргаан бүхий шийдвэрийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, тэдэнд газар эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын шийдвэрийн үйлчлэлийг сэргээх, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах талаар даалгасан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүх төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр хууль бус, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, зөрчигдсөн бол тухайн маргаан бүхий шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн боломжтой. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байх тул маргаан бүхий газар дээр гуравдагч этгээд “С д” ХХК-д газар эзэмших эрх олгосны улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй “тэгш эрхийн зарчмыг зөрчсөн” гэх үндэслэлээр гуравдагч этгээд “С д” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрийнх нь газар эзэмших эрх хууль ёсны байх тохиолдолд гуравдагч этгээд “С д” ХХК-ийн газар эзэмших эрхтэй маргах боломжтой юм.

Нэхэмжлэгч нарын “...хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй” байхад тус захирамжийг үндэслэсэн” гэж маргасан үндэслэлээр Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүсийг тогтоож, ус хангамжийн эх үүсвэрийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд гаргасан хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүйг, мөн нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгч З.Т болон “Э А Ю” ОУДС нь өөрт хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар нэхэмжлэл гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэдийгээр хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжаар нийслэлийн Засаг даргын 2010 оны 703 дугаар захирамжаар З.Т-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, түүнд газар эзэмших эрх олгосон шийдвэр үйлчлэлгүй болсон байхад дахин хүчингүй болгосон нь төрийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоогүй үйл ажиллагаа байх хэдий ч энэ үндэслэлээр тус захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүйн дээр нийслэлийн Засаг даргын 703 дугаар захирамж хуульд нийцсэн байх тул шүүх маргаан бүхий А/688 дугаар захирамжийн үндэслэлтэй холбогдуулан дүгнэлт хийгээгүй нь буруу биш гэж үзлээ.

Түүнчлэн хүчин төгөлдөр хуулиар тогтоосон журам нэг мөр дагаж мөрдөгдөх, хэрэглэгдэх зарчмын хүрээнд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 422 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 2012 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолд Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэр болсон Туул голын усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор заагласан газар буюу хамгаалалтын бүсийг тогтоох эрх нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон” гэж дүгнэж, нийслэлийн Засаг даргын 2009 оны “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамжийг эс зөвшөөрч маргасан нэхэмжлэл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэнийг нь тус тус тэмдэглэв.

Харин шийдвэрийн “Тогтоох нь” хэсгийн 1 дэх заалтад “20.2.1” гэж хуульд байхгүй заалтыг баримталсан, маргаанд хамаарах хуулийн зарим зүйл, заалт болон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тусгаагүй орхигдуулсан байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2017/0733 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Усны тухай хуулийн /2004 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.4, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн /2002 оны/ 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.2, 12.4, 12.5, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус  баримтлан “нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох 87 дахь мөр, “Э А Ю” ОУДС-д холбогдох 89 дэх мөрийг хүчингүй болгохыг нийслэлийн Засаг даргад даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э А Ю” ОУДС болон З.Т-ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, маргаан бүхий газар дээр “С д” ХХК-д газар ззэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Б-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ