Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2016/01421

 

Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1679 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төлбөр төлөгч Д.Пүрэвээс 443 484 725 төгрөг гаргуулан төлбөр авагч “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Цэцэгээ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “Мөнх оргил трейд” ХХК нь зах зээлийн үнээс багаар үнэлсэн. Үүнд: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байр, 4 тоот 71.8 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 139 100 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байр, 16 тоот 229 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 401 300 000 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19а байр, 16а тоот 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 359 500 000 төгрөгөөр үнэлсэн.Учир нь Ч.Цэцэгээ миний бие тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг судалж үзэхэд үйлчилгээний талбай нь 201 040 000 төгрөгийн, 3 өрөө орон сууц нь 504 680 000 төгрөгийн, 4 өрөө орон сууц нь 452 100 000 төгрөгийн үнэтэй байхаар байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон шинжээч “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээнүүд Ч.Цэцэгээ миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж байгаа явдал нь миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, улмаар намайг ихээхэн хохирол амсах байдалд хүргэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль ёсны өмчлөгч надаас үнийн санал авалгүй, талуудын хооронд үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ч.Цэцэгээ миний үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа болохоо 2016.4.18-ны өдрийн 3/14095 тоот мэдэгдлээр надад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Миний бие уг мэдэгдэл буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тухайн асуудлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч тэрээр миний гомдлыг хүлээн авах боломжгүй болохоо 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн.Иймд миний бие шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ. “Мөнх оргил трейд” ХХК-ийн хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.Пүрэвээс 443 484 725 төгрөгийг гаргуулж “Чинбаа инвест ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч Д.Пүрэвээс үнийн санал авахад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 м.кв талбайг 2 800 000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ч.Цэцэгээг үнийн саналаа өгөхийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архитектор н.Эрдэнэ-Очир, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.Пүрэвээ, түүний үүсгэн байгуулсан “Эрчим арт” ХХК-ийн нягтлан бодогч н.Хишигдолгор, 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор н.Ундрах нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй байна. Өмчлөгч Ч.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр уулзан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч, үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “Мөнх оргил трейд” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14094, 3/19095 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай, нэхэмжлэгч Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1679 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ миний бие нь анхан болон давж заалдах шатны шүүхүүд тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч тал болох Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх, энэ хүрээнд Ч.Цэцэгээ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн албадан дуудлага худалдааны үнийг тогтоох үйл ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийн 177.1 дүгээр зүйлээр тогтоосон нөхцөл, журмыг бодитой хэрэгжүүлээгүй, хуулийн уг шаардлага бүрэн хангагдаагүй, баримтын бүрдэлт хангах зорилгоор хэлбэр төдийхөн, бодитой бус хийгдсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзэж, шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулиар тогтоосон журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй, талуудаас үнийн санал авсан төдийхнээр хязгаарлаж, шинжээч томилж, томилогдсон шинжээч нь зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийж, өмчлөгч миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа нь зүй ёсны боловч энэ хүрээнд Ч.Цэцэгээгийн эрхийг зөрчиж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд үнэгүйдэж, миний бие хохирох байдалд хүрч байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаарч үзэлгүй шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулиар тогтоосон журмын дагуу талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоолгох арга хэмжээг бодитой хэрэгжүүлсэн бол бид хамтран тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээг үнэн бодитой тогтоох бүрэн боломжтой байсан юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь талуудад энэ боломжийг олгоогүй буюу хэрэгжүүлээгүй юм.Иймд Ч.Цэцэгээгийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүйд тооцож, Ч.Цэцэгээ миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн “Мөнх оргил трейд” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:         

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хуульд нийцүүлэн үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ч.Цэцэгээ нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар эрх зүйн үүднээс дүгнэлт хийсэн байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.Пүрэвээс “Чинбаа инвест ББСБ” ХХК-д 442 300 000  төгрөг төлөхөөр талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гүйцэтгэх хуудас гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байна. Д.Пүрэвийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч нараас үнийн санал авах талаар удаа дараа мэдэгдсэн боловч өмчлөгч үнийн санал хэлээгүй, харин  төлбөр төлөгч үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайг 2 800 000 төгрөгөөр үнэлэх санал гаргажээ. Өмчлөгч Ч.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилуулахаар хүсэлт гаргасны дагуу дагуу “Мөнх оргил трейд” ХХК хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоожээ.

Хариуцагч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14094, 3/19095 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн байх ба дээрх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1679 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН