Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1679

 

Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-нд холбогдох

 

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч Д.П-с 443 484 725 төгрөг гаргуулан төлбөр авагч “Ч ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Ч.Ц миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг “М” ХХК нь зах зээлийн үнээс багаар үнэлсэн. Үүнд:....... дүүрэг,...... дүгээр хороо, Бага тойруу, ....... байр,...... тоот 71.8 м.кв талбайтай үйлчилгээний талбайг 139 100 000 төгрөгөөр, ....... дүүрэг, ..... дүгээр хороо, Бага тойруу, ....... байр, ..... тоот 229 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 401 300 000 төгрөгөөр, ....... дүүрэг, ........дүгээр хороо, Бага тойруу, ...... байр, ..... тоот 205.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 359 500 000 төгрөгөөр үнэлсэн. Учир нь Ч.Ц миний бие тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээг судалж үзэхэд үйлчилгээний талбай нь 201 040 000 төгрөгийн, 3 өрөө орон сууц нь 504 680 000 төгрөгийн, 4 өрөө орон сууц нь 452 100 000 төгрөгийн үнэтэй байхаар байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон шинжээч “М” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээнүүд Ч.Ц миний үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж байгаа явдал нь миний өмч хөрөнгийг үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, улмаар намайг ихээхэн хохирол амсах байдалд хүргэж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хууль ёсны өмчлөгч надаас үнийн санал авалгүй, талуудын хооронд үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Ч.Ц миний үл хөдлөх эд хөрөнгүүдэд шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа болохоо 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14095 тоот мэдэгдлээр надад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Миний бие уг мэдэгдэл буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тухайн асуудлаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан боловч тэрээр миний гомдлыг хүлээн авах боломжгүй болохоо 2016 оны 4 дүгээр арын 21-ний өдөр мэдэгдсэн. Иймд миний бие шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн билээ. “М” ХХК-ийн хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.П-с 443 484 725 төгрөгийг гаргуулж “Ч ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч Д.П-с үнийн санал авахад дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1 м.кв талбайг 2 800 000 төгрөгөөр үнэлсэн. Өмчлөгч Ч.Ц г үнийн саналаа өгөхийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архитектор н.Э , 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Д.П , түүний үүсгэн байгуулсан “Э” ХХК-ийн нягтлан бодогч н.Х , 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/7980 дугаар албан бичиг, мөн сарын 17-ны өдөр оршин суугаа газрын хаягт наасан зарлан дуудах хуудас болон архитектор н.У нараар дамжуулан удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд ирж үнийн саналаа өгөөгүй байна. Өмчлөгч Ч.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр уулзан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн боловч, үнийн санал өгөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж өгөх тухай хүсэлт гаргасан. Дээрх хүсэлтийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “М” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээний 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3/14094, 3/19095 дугаар албан бичгүүдээр төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг удирдлага болгон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай, нэхэмжлэгч Ч.Ц гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр эс хүлээн зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бол Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эхлээд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас албан ёсоор авч, талуудад албан ёсоор танилцуулж, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж миний бие ойлгож байна. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуулиар тогтоосон журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүй, талуудаас үнийн санал авсан төдийхнээр хязгаарлаж, шинжээч томилж, томилогдсон шинжээч нь зах зээлийн үнээс багаар үнэлгээ хийж, өмчлөгч миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаа нь баримтын бүрдэлт хангах зорилгоор хэлбэр төдийхөн, бодитой бус хийгдсэн байхад анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу шат дараатай явагдсан байна гэж дүгнэж байгаад гомдолтой байна. Ч.Ц миний бие нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөр төлөгч биш юм. Харин Д.П болон “Ч ББСБ” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг чиг үүргийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа нь зүй ёсны боловч энэ хүрээнд Ч.Ц миний өмчлөлийн үл хөдлөx эд хөрөнгүүд үнэгүйдэж, миний бие хохирох байдалд хүрч байгааг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуулиар тогтоосон журмын дагуу талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тогтоолгох арга хэмжээг бодитой хэрэгжүүлсэн бол бид өр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч хамтран тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнэлгээг үнэн бодитой тогтоох бүрэн боломжтой байсан юм. НШГА нь талуудад энэ боломжийг олгоогүй.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэр болон Ч.Ц миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийсэн “М” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ц хариуцагч НШГА-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, барьцаа хөрөнгийн үнэлгээг хуулийн дагуу хийлгүүлсэн гэж маргажээ.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 5358 дугаар захирамжаар Д.П нь 442 300 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор “Ч ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дагуу НШГА нь 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 16260030 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, дээрх төлбөрийг төлөх үүргийн гүйцэтгэлд 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-ээр төлбөр авагчид барьцаалагдсан . ........дүүргийн....... .хороо, Бага тойруугийн ......... байрны ........ тоот 205 м.кв талбай бүхий 4 өрөө, 16 тоот 229,44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, 4 тоот 71,8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөрөнгүүдийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 04/01 тоот тогтоолоор битүүмжилж, мөн оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 04/02 тоот тогтоолоор хураан авчээ. /хэргийн 30, 48, 53 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай” 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 5/186 тоот тогтоолыг мөн оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлбөр төлөгч Д.П д хүлээлгэн өгөхөд “Миний хөрөнгө биш, энэ зээлийг Ч.Ц миний нэр дээр авч өөрийн барьж буй барилгад хөрөнгө оруулсан тул би мэдэхгүй, хөрөнгийн эзэн мэднэ, хөрөнгийн эзэн нь Ч.Ц болно” гэсэн тайлбарыг гаргасан байна. /хэргийн 79 дүгээр тал/

Хариуцагч НШГА нь Ч.Ц д Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон өмчлөгчөөс үнийн санал авахаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан болох нь 2016 оны 3 дугаар сарын 02, 16, 17-ны өдрийн тэмдэглэл, мэдэгдлийг хаалганд наан үлдээсэн талаарх фото зураг, мэдэгдлийг түүний үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн нягтлан бодогч, н.Х , архитектор н.У нарт хүлээлгэн өгсөн баримтуудаар нотлогдож байна. /хэргийн 53, 54, 54 дүгээр хуудасны ар тал, 55, 55 хуудасны ар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Ч.Ц нь тус төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийг нь бүрэн төлөөлөх итгэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Г.Т-д 1 жилийн хугацаатайгаар олгосны дагуу Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрх бүх этгээд болох түүнээс санал авахад хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан байх тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 66 дугаар тогтоолоор “М” ХХК-ийг шинжээчээр томилж, барьцааны зүйл болох .......дүүргийн ...... дүгээр хороо, Бага тойруугийн ...... байрны ..... тоот 205 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 359 500 000 төгрөгөөр, 16 тоот 229,44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 401 300 000 төгрөгөөр, 4 тоот 71,8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 139 100 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

/хэргийн 60 хуудасны ар тал, 61-75 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь “надаас үнийн санал аваагүй, төлбөр авагч талтай үнийн саналыг тохиролцох боломж олгоогүй, зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох эрхээр нь хангаагүй гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө”, 37.2.2-т “төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гэсэн журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ    

 

                                                 ШҮҮГЧИД                                   М.НАРАНЦЭЦЭГ    

                       

                                                                                                     С.ЭНХТӨР