Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00518

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00518

 

 

 

 

А.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 23ы өдрийн 102/ШШ2022/00044 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Гын хариуцагч С ХХК, А.У.Г ББСБ ХХК, Д.Б нарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Астра вилла хотхон, 207/2 дугаар байрны 13 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хариуцагч А.У.Г ББСБ ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч С ХХК, Д.Б нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Бийн нэр дээр гарсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 207/2 дугаар байр, 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч А.У.Г ББСБ ХХК-ийн төлөөлөгч Б.Насанбуян, өмгөөлөгч Ж.Оюунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А.Г нь С ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих, бариулах гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Астра вилла хотхон, 207/2 дугаар байрны 13 тоотын 45.6 м.кв талбай бүхий орон сууцыг 91,200,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.  Гэрээний дагуу орон сууцны үнэ 91,200,000 төгрөгийн 53,711,400 төгрөгт тооцон пум, сапудыг Олд констракшн ХХК-ийн Женерал таун хотхонд ашигласны түрээсийн төлбөр, 29,060,000 төгрөгийг мөн пум, сапудны түрээсийн төлбөр, 8,428,600 төгрөгт хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон боловч хөөсөнцөр нийлүүлээгүй тул уг 8,430,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан

Хариуцагч С ХХК нь Д.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Бтэй орон сууц захиалгын гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргасан. Хариуцагч нарын байгуулсан орон сууц захиалгын гэрээнд төлбөрийг барагдуулсан гэх боловч баримтаар тогтоогдоогүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хариуцагч С ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр бус юм

Түүнчлэн, хариуцагч Д.Б болон Алаг уул-ган ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Учир нь, хариуцагч Д.Б нь маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг барьцаанд тавьж байгаа талаар мэдэгдээгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.913 дугаар зүйлийн 13.1Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг барьцаалуулагч зөрчсөн. 

Хариуцагч А.У.Г ББСБ ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2.3, 22.3-т заасныг тус тус зөрчсөн.

Иймд нэхэмжлэгч А.Гыг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 207/2 байр, 13 тоот орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Гын нэр дээр гаргуулахыг даалгаж, хариуцагч А.У.Г ББСБ ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч С ХХК, Д.Б нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Бийн нэр дээр гарсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 207/2 дугаар байр, 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч С ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 91,200,000 төгрөгөөс 8,428,600 төгрөгийг төлсөн боловч үлдэх 82,771,400 төгрөгт пум сапутны гэрээг Олд констракшн ХХК-тай эцэслэж, албан ёсоор хариу өгнө гэж гэрээ байгуулсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Мөн 8,428,600 төгрөгт тооцон хөөсөнцөр өгнө гэсэн боловч нийлүүлээгүй. Гэрээг Түмэнтулаас ХХК байгуулж, төлбөрийг нь төлсөн болох нь хэрэг авагдсан баримтаас харагддаг. Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах, мөн гэрчилгээг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлага болж чадахгүй. Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардах эрхгүй. Хэрэв нэхэмжлэгч нь Түмэнтулаас ХХК байсан бол асуудал өөр болно. Гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгч төлсөн нь баримтаар тогтоогдоогүй. Харин гуравдагч этгээд төлсөн талаар баримт байдаг. Иймд нэхэмжлэгч нь шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч А.У.Г ББСБ ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: А.У.Г ББСБ ХХК нь Д.Бт 2017 онд зээл олгож, тухайн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Уг зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ. Иймд А.У.Г ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Хариуцагч Д.Б тайлбар гаргаагүй болно.

 

5.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Түмэнтулаас ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А.Г Түмэнтулаас ХХК-ийн хувьцаа эзэмшигч. 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг С ХХК болон А.Г нар байгуулсан. Талуудын байгуулсан гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, Астра вилла хотхон, Б блокын 3 давхар, 301 тоот, 45.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид худалдахаар харилцан тохиролцсон. Орон сууцыг нийт 91,200,000 төгрөг байхаар гэрээнд тусгасан. Дээрх төлбөрийн 53,711,400 төгрөгийг Түмэн тулаас ХХК-ийн пум, сапудыг Олд констракшн ХХК-ийн Женерал таун хотхонд ашигласан түрээс, 29,060,000 төгрөг нь пум, сапудны төлбөр, үлдэх 8,428,699 төгрөгийг С ХХК-д хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцсон. Нэхэмжпэгч А.Г нь орон сууцны төлбөрийн 8,428,699 төгрөгийг С ХХК-д бэлнээр төлсөн.

 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг Олд констракшн ХХК болон Түмэн тулаас ХХК-ийг төлөөлж А.Г нар байгуулсан. Тус гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамж, Женерал таун орон сууцны Б блок 1 дүгээр орц, 2 давхар, 35.2 м.кв хэмжээтэй 1 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцсон. Энэхүү орон сууцны нийт үнэ 112,000,000 төгрөг бөгөөд үнийн дүнгийн 53,000,000 төгрөгт Түмэн тулаас ХХК-ийн барилгын пум, сапуд түрээсээр нийлүүлж бартераар төлсөн. Үлдэгдэл төлбөрт барилгын пум, сапуд түрээслэхээр тохиролцсон. С ХХК болон А.Г нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний 2.1 болон гэрээний 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн нэмэлт хавсралтад зааснаар А.Г болон Олд констракшн ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих, бариулах гэрээг хүчингүйд тооцож, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ хэрэгжиж эхэлсэн. Уг гэрээнд заасан орон сууцны хаягжилт өөрчлөгдсөн. Түмэн тулаас ХХК-ийн барилгын пум болон сапуд түрээсэлсэн төлбөрийг маргаж буй орон сууцны төлбөрт тооцсон. Иймд маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь А.Г мөн учир орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөх нь зөв гэж үзэж байна гэжээ.

 

6.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Гыг улсын бүртгэлийн Ү-2206050735 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Дүнжингаравын гудамж, 207/2 дугаар байр, 13 тоот хаягт байршилтай, 45.6 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.У.Г ББСБ ХХК, хариуцагч Д.Б нарт холбогдох, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 03302018 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч А.Гын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 252 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 354 375 төгрөгийг, хариуцагч Д.Бээс 354 375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс илүү төлсөн 85 850 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

7.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

7а. Нэхэмжлэгч болон С ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулсан. Шүүх маргаж буй орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч А.Гыг тогтоосон. Гэрээний дагуу хариуцагч С ХХК-ийн зүгээс эрх бүхий улсын бүртгэлийн газарт орон сууцтай холбогдох баримтыг хүргүүлснээр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарах боломжтой. Харин шүүхээс тус шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулнаар дээрх боломж үгүйсгэгдсэн.

7б. Хариуцагч С ХХК болон Д.Б нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл юм. Д.Б нь С ХХК-тай хамаарал бүхий этгээд болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбарласан. Дээрх гэрээний дагуу С ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д.Бийн нэр дэр гаргуулсан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор нэхэмжлэгч өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гаргуулах боломжтой болно.

7в. Хариуцагч Д.Б нь маргаан бүхий орон сууцыг А.У.Г ББСБ ХХК-аас авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Уг барьцааны гэрээг байгуулахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь хууль бус юм. Хариуцагч А.У.Г ББСБ ХХК нь барьцааны зүйл болох орон сууцанд үзлэг хийсэн бол маргаан үүсэхгүй байсан. Иймд хууль зөрчиж, гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

8.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч А.У.Г ББСБ ХХК-ийн тайлбарын агуулга: Д.Б болон А.У.Г ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдсан. Зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулсан. Зээл олгох үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Дүнжингарав гудамж 207/2 байрны 13 тоот 45,6 м.кв 2 өрөө орон сууц Д.Бийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд ямар нэгэн доголдолгүй байсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн зүйлийг хуулиар олгогдсон эрхийн дагуу чөлөөтэй эзэмшиж, захиран зарцуулдаг учраас Д.Бтэй барьцааны гэрээг байгуулсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр үйлдэж талууд улсын бүртэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаа шиг тухайн эд хөрөнгийг өөр бусад этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг мэдэх ямар ч боломж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

9.   Давж заалдах гомдолд хариуцагч С ХХК болон хариуцагч Д.Б нар тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1.   Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч С ХХКА.У.Г ББСБ ХХК болон Д.Бт нарт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж, Астра вилла хотхон, 207/2 дугаар байрны 13 тоот Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч А.Г нэр дээр гаргуулахыг даалгах, хариуцагч С ХХК, Д.Б нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Бийн нэр дээр гарсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулаххариуцагч А.У.Г ББСБ ХХК болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч С ХХК нь нэхэмжлэгч төлбөрөө өгөөгүй гэж, хариуцагч А.У.Г ББСБ ХХК нь Барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж тус тус маргажээ.

 

2.   Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч С ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч С ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингаравын гудамж Астра вилла /Astra Villa/ хотхоны Б блок 3 давхрын 301 тоотод байрлах 45.6 м.кв талбайтай орон сууцыг 2016 оны 02 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах, нэхэмжлэгч нь орон сууцны үнэд 91 200 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

3.   Талууд гэрээний 3.5-д орон сууцны нийт үнийн 53,711,400 төгрөг нь Түмэн тулаас ХХК-ийн пум сапудыг Олд констракшн ХХК-ийн Женерал Таун хотхонд ашигласан түрээсийн төлбөр, 29,060,000 төгрөг нь пум, сапудны төлбөр, 8,428,600 төгрөгт хөөсөнцөр нийлүүлэхээр тохиролцов гэж зааж, 3.6-д төлбөрийг бартераар бүрэн төлсөнд тооцно гэсэн байна.

Хариуцагч С ХХК нь татгалзлаа гэрээний үнийг нэхэмжлэгч төлөөгүй, харин Түмэн тулаас ХХК төлсөн гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч А.Г, хариуцагч С ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгаар барих, бариулах гэрээний үнэд гуравдагч этгээд Түмэн тулаас ХХК нийт 82,771,400 төгрөгийн сапуд, пум түрээсийн төлбөрийн үлдэгдэл, барилга угсралтын тулаас, барилгын угсралтын хэв хашмал хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 67 дугаар талд авагдсан гуравдагч этгээд Түмэн тулаас ХХК-ийн нягтлан бодогчийн гарын үсэг зурсан нэхэмжлэх гэх баримт болон Түмэн тулаас ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээний үнийн үлдэгдэл 8,430,000 төгрөгийг хариуцагчид бэлнээр төлсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар нотлогдож байна. /1хх 3-4, 67/ Иймд нэхэмжлэгчийг гэрээний үнийг бүрэн төлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

4.   ХариуцагчС ХХК нь Д.Бтэй 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээ гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагч Д.Бийн өмчлөлд шилжүүлсэн болох нь улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй. /1 хх 78-86/

 

Хариуцагч Д.Бтай байгуулсан гэх дээрх гэрээгээр хариуцагч С ХХК нь маргаан бүхий орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, Д.Б нь орон сууцны үнэд 82,080,000 төгрөг төлөхөөр тохиролцож, гэрээний 3.5-д орон сууцны үнийн бүрэн төлсөн гэжээТүүнчлэн, гэрээ байгуулагдсан өдрөө маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.Б бүртгэгдсэн байна. /1 хх 86/

 Хариуцагч Д.Б дээрх орон сууцны үнэд 82,080,000 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүйгээс гадна тэрээр хариуцагч С ХХК-ийн захирал Б.Өлзийсайханы гэр бүлийн хүн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, энэ талаар маргаагүй. Иймд Д.Б С ХХК-ийн хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

5.   Хариуцагч Д.Б нь хариуцагч А.У.Г ББСБ ХХК-тай 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөгийг 560 хоногийн хугацаатай, хоногийн 2.6 хувийн хүүтэйгээр зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ. /1хх 126-130/

 

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Мөн дээрх гэрээ байгуулагдах үед барьцааны зүйл нь хариуцагч Д.Бийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан улсын бүртгэл буруу ташаа гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул барьцаалагч А.У.Г ББСБ ХХК нь барьцааны зүйлийг гуравдагч этгээдийн эрхийн зөрчилтэй байсныг мэдэж байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

6.   Шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон тохиолдолд уг этгээдийн өмчлөх эрх сэргээгдэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага хийнэ. Тодруулбал, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах журамтай. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202оны 12 дугаар сарын 23ы өдрийн 102/ШШ2022/00044 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 779,000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ