Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0153/З |
Дугаар | 870 |
Огноо | 2016-11-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 870
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгч М.Э*******, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, түүний өмгөөлөгч П.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд Ч.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, гуравдагч этгээд Ч.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Уын өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан нэхэмжлэгч М.Э*******, С.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийв.
Нэхэмжлэгч: Мэнддаваагийн Э*******
Хаяг: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Д******* гудамж, ******* тоот
Нэхэмжлэгч: Сандагийн С
Хаяг: Налайх дүүрэг, 2 дугаар хороо, ******* тоот
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай-7
Гуравдагч этгээд: Чойжилжавын М
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* тоот
Гуравдагч этгээд: Лувсандагвын Э*******
Хаяг: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, ******* тоот
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э*******д, 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.Мад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э*******, С.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мэнддаваа овогтой Э*******, Сандаг овогтой С бид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” 163 дугаар захирамжийн дагуу авч, газрын гэрээ, гэрчилгээ албан ёсоор гарсан.
Бид хуулийн дагуу өөрийн газраа эзэмшиж, хашаалж, газрын төлбөрүүдээ цаг тухайд нь төлсөөр ирсэн. Түүгээр зогсохгүй цахилгааны техникийн нөхцөл ч авсан бөгөөд газар дээрээ барих зуслангийн байшингийнхаа зураг зэргийг боловсруулж, тухай бүрт нь тодорхой зардлууд гаргасаар байгаа.
Гэвч шинэ жилийн үеэр би газар дээрээ очиход бидний газрыг үл таних хүмүүс нэмж хашаалж байсан бөгөөд ямар учиртай хүмүүс болохыг асуухад “Энэ газрыг авсан хүн нь юм хийлгэж байна” гэсэн. Учрыг албан ёсоор тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Танай эзэмших эрхтэй газрыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган иргэн Л.Э*******д шилжүүлсэн, Л.Э******* нь иргэн Ч.Мад шилжүүлсэн байх тул шүүхэд хандана уу” гэсэн хариу өглөө.
Ямар учраас бидний газрыг, миний эзэмших эрх байсаар байтал бусдад шилжүүлж байгааг ойлгохгүй байна. Л.Э*******д бүр 2011 онд шилжүүлсэн байх юм. Газрын тухай хуулиар газар эзэмшихийг хүссэн этгээд нь газар эзэмших хүсэлт гаргах бөгөөд энэ нь бусдын эзэмшил газартай давхцахгүй байхаар хуульчлагдсан.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг 31.3 дахь хэсгийг зөрчиж иргэн Л.Э*******д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамж, Л.Э*******аас уг газрыг Ч.Мад шилжүүлсэн мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Газар эзэмших эрхийг Л.Э*******д, дараа нь Ч.Мад олгосон талаар бид огт мэдээгүй, эдгээр иргэд ч газар дээр ирж байгаагүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/434 дугаартай албан тоотоос л мэдсэн болно” гэжээ.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т, Г.У, Д.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн М.Э*******, С.С нарын Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э*******, 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.Мад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 2.0 га газрыг анх “О” ХХК-д зуслангийн сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар дээрх компанийн газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгаж 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ.
Улмаар “О” ХХК нь өөрийн эзэмшлийн 20000 м.кв /2.0 га/ газраас 2837.03 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар /5 жилийн хугацаатай/ Л.Э*******д шилжүүлжээ.
Иргэн Л.Э******* нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжаар иргэн Ч.Мад шилжүүлсэн байна.
Харин иргэн М.Э*******т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд 0.04 га газрыг “О” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд иргэн Л.Э******* болон Ч.М нарт эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э*******, 2013 оны А/1050 дугаар захирамжийн Ч.Мад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие М.Э*******, С.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаагийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.
Дээрх газрыг Нийслэлийн засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжийн дагуу 0001715 тоот эзэмших эрхийн гэрчилгээгээр “О” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд миний бие Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар иргэн Л.Э*******аас шилжүүлэн авсан болно.
“О” ХХК нь 2003 онд уг газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, гэрчилгээ гаргуулан авсан байхад М.Э*******т дээрх гэрчилгээ гарснаас хойш 1 жилийн дараа 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамж гарч дээрх газрыг бусдад давхардуулан эзэмшүүлсэн байна. Энэ нь дүүргийн Засаг даргын судалгаа шинжилгээгүй, ажлын уялдаагүй ажиллаж байсныг нотлох илрэл бөгөөд бусдын эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.
Би уг газрыг 2013 онд хуульд заасны дагуу эзэмшин уг газар дээр зуслангийн орон сууцны газраа барихаар төлөвлөн зураг төсөл, цахилгаан татуулах техникийн нөхцлөө төлөвлөж, хашаа барьж гаргасан тул Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай 0001715 тоот захирамжийн дагуу олгосон газар эзэмших гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж хариуцагч талыг дэмжиж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э*******, мөн 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.Мад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар иргэн М.Э******* Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү хэрэгт шүүхээс иргэн Л.Э*******ыг гуравдагч этгээдээр татсан байх бөгөөд гуравдагч этгээд дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн Л.Э******* би “О” ХХК-ийн эзэмшил 2.0 га газраас 2837.03 м.кв газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжаар шилжүүлж авсан.
“О” ХХК нь дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар эзэмшиж, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар 15 жилээр сунгуулсан байсан. Улмаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээг байгуулж, газрын төлбөрийг төлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлж байсан.
Иргэн би Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар бүхий захирамжаар өөрийн газар эзэмших эрхээ иргэн Ч.Мад шилжүүлсэн. Би “О” ХХК-аас газар шилжүүлж авах бүхий л үйл ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдсан болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” 163 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Э*******, С.С нар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд тус тус 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болжээ.
Нийслэлийн Засаг дарга 2003 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 159
дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ёлын аманд 2.0 га газрыг анх “О” ХХК-д зуслангийн сууцны зориулалтаар эзэмшүүлж, улмаар 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар дээрх компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан байна. Улмаар “О” ХХК нь Ёлын аманд байрлах өөрийн эзэмшлийн 2.0 га буюу 20000 м.кв газраас 2837.03 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар /5 жилийн хугацаатай/ Л.Э*******д шилжүүлсэн бөгөөд Л.Э******* нь тухайн газар эзэмших эрхээ 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжаар иргэн Ч.Мад шилжүүлжээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Улаанбаатар хотын Ерөнхий архитектор, хот байгуулалт, газрын харилцааны газрын дарга М.Цийн баталсан схем зурагт дүрслэгдсэнээр “О” ХХК-ийн хүсэлт гаргасан зуслангийн сууц барих газар нь тэгш өнцөгт хэлбэртэй байх бөгөөд тус компанийн 2009 оны кадастрын зурагт , 2011 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “О” ХХК-аас Нийслэлийн газрын албанд гаргасан “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлтэд хавсаргасан зурагт дээрх газрын хэлбэр, байршил өөрчлөгджээ.
Нэхэмжлэгч нарын газрын кадастрын зураг 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдсэн байсныг холбогдох баримтуудаас харж болохоор байна. Гэтэл 2009 онд нэхэмжлэгч нарын нэгж талбарыг мэдээллийн сангаас устгаж, “О” ХХК-ийн нэгж талбарыг бүртгэсэн байна. 2008 оны мэдээллийн сангийн зургаас харахад “О” ХХК-ийн газар хэргийн 1 дүгээр хавтсын 235, 237 дугаар хуудаст тодорхойлогдсоноор хэлбэр, байршилтай байсан боловч 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр одоогийн байршлаар мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Энэхүү нөхцөл байдлаас дүгнэхэд “О” ХХК нь 2003 онд эзэмших болсон газрын байршлаа 2009 онд шилжүүлж, улмаар мэдээллийн санд өөрчлөлт орсон байна. Ингэснээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн эзэмшил газар давхцах болжээ.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/420 тоот , 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/740 тоот албан бичгүүдэд анх 2006 онд нэхэмжлэгч М.Э*******, С.С нарын эзэмшил газрын кадастрын зураг мэдээллийн санд бүртгэлтэй байсан бөгөөд 2009 онд устгагдаж, оронд нь “О” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зураг бүртгэгдсэн, үүнээс хойш Л.Э*******, Ч.М нарын нэр дээр өөрчлөгдөн бүртгэгдсэн, 2013 оноос хойш тус хэсгийн мэдээллийн санд өөрчлөлт хийгдээгүй талаарх лавлагааг тус шүүхэд ирүүлсэн.
Шүүхээс “О” ХХК-ийн газрын одоогийн кадастрын зургийг анх хийсэн “Т” ХХК-ийн захирал Б.Эаас авсан гэрчийн мэдүүлэгт “...бидний хийсэн кадастрын зураг нь эцсийн хүчин төгөлдөр кадастрын зураг биш бөгөөд зөвхөн кадастрын мэдээллийн санд өөрчлөлт оруулах, баяжилт хийгдэхэд хэрэглэгддэг, ...бид харанхуй байдлаар зураг хийгээд, бидний зураг газрын албанд очиж хянагддаг, ...“О” ХХК-ийн хүний зааж өгснөөр эргэлтийн цэгийг тодорхойлсон, ...өөрсдийнх нь зааж өгснөөр л кадастрын цэгийг тодорхойлдог, иргэд газраа хаана ч гэж зааж болох юм...” гэжээ.
Ямар шалтгаанаар нэхэмжлэгч нарын эзэмшил газрын кадастрын зураг мэдээллийн сангаас устгагдаж, “О” ХХК-ийн эзэмшил газрын кадастрын зураг бүртгэгдсэн болохыг тодруулахаар тус мэдээллийн санд өөрчлөлт хийсэн мэргэжилтэн Д.Нгаас гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “...Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч гэж бий. Тухайн үед дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчийн цохолтоор зурагт өөрчлөлт орсон байх. Хэн нэгэн этгээдийн зөвшөөрөлгүй зураг устгах эрх байхгүй. Тухайн үед дүүргийн газар зохион байгуулагч Д.Б гэж байсан, тэр хүний цохолтоор ямар нэгэн өөрчлөлтийг хийдэг. Газар зохион байгуулагч тайлбарлах байх, ...нэгж талбарын бүртгэлтэй байж байгаад мэдээллийн сангаас хасалт хийгдсэн байна. Өөр компанийн зураг орсон байна” гэжээ.
Мөн гэрч Д.Б шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Мэдээллийн сан дээр байсан тэр иргэдийн зураг алга болсон асуудалд би хариулт өгч чадахгүй. Ямар байсныг нь хэдэн онд хэн ороод устгасан бэ гэдгийг аяндаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас шалгуулахаар гарч ирэх байх, ...Би тухайн үедээ анхны бүртгэлээр оруулж ирээд кадастрын зургийн дагуу үзлэг хийгээд наад зураг чинь давхцалтай гарч байсан байна, ...Яг миний цохолтоор тэр гурван иргэний газрын зураг устчихсан байгаа бол тэр мэдээллийн санд байх ёстой. Яг хийгээд, бүртгээд, устгасан талаарх баримт цаг, минутаараа Газрын харилцаа, геодези зураг зүйн газар архивлагдаад явж байх ёстой, ...Устгах цохолтыг газар зохион байгуулагч хийдэггүй. Хэрвээ давхцал байвал энэ ямар учиртай юм, яадаг юм гэж яриад газар зохион байгуулагч нь юмуу, бүртгэлийн ажилтан нь юмуу даргад танилцуулаад тэр зөв гэсэн материалууд нь бүртгэлийнхээ ажилтан дээр зураг өөрчилсөнтэй нь хавсаргаад мэдээллийн сангаас устгадаг. Тухайн үед бол тэгдэг байсан, ...Үндэслэл нь яг устгасан зурагтайгаа байх ёстой. Тэр нь хавсаргагдаад архивт орсон байх ёстой. Шууд үндэслэлгүйгээр устгана гэсэн асуудал бол байхгүй. Ямарваа нэгэн байдлаар үндэслэгдээд устгагдсан байх ёстой. Яагаад гэвэл тухайн мэдээллийн сангийн ажилтан дараа нь асуудалд орох учраас тэрнийг заавал ганцхан газар зохион байгуулагчийн гарын үсэгтэйгээр, маргаан байхгүй бол маргаан байхгүйгээрээ, ер нь маргаан гарах юм бол тэр гарын үсгээс гадна хавсаргасан материалууд байх ёстой” гэжээ.
Шүүх кадастрын мэдээллийн санд өөрчлөлт хийх үндэслэл болсон баримтуудыг гаргуулахаар Нийслэлийн Архивын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт хандаж, баримт бичгийн үзлэг хийхэд эрх бүхий албан тушаалтны шийдвэр, газар зохион байгуулагчийн цохолт зэрэг баримт байгаагүйг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан “О” ХХК-ийн кадастрын зургуудад “3 иргэний газартай давхцалтай” гэх тэмдэглэлүүдийг газрын албаны мэргэжилтэн хийж байжээ. Дээрх захирамжуудаас дүгнэхэд нэхэмжлэгч М.Э*******, С.С нарын эзэмшил газар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд, харин “О” ХХК-ийн эзэмшил газар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Ёлын аманд байршилтай байна. Захирамжуудад газрын байршлыг “Баянголын ам”, “Ёлын ам” гэж хоёр өөр нэрээр тусгайлан заасныг мөн дурдах нь зүйтэй байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.1.3-д зааснаас бусад газрыг ... 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд ... эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд 2004 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” 163 дугаар захирамжаар нэхэмжлэгч М.Э*******, С.С нарт газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг төрөөс газрын талаар баримтлахаар хуульчилсан, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасан бөгөөд “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д “Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал”, 2.1.2-т “Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх”, 2.1.3-д “Хээрийн судалгаа хийх”, 2.1.6-д “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицолжуулах” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шаардлагатай ажиллагааг явуулсан бол тухайн газрын давхцлын маргаан үүсэхгүй байх боломжтой байжээ. Өөрөөр хэлбэл, энгийн иргэд ямар газар бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдэх боломжгүй байдаг тул төр захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу шаардлагатай ажиллагааг хийгээгүйгээс өнөөдөр нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрч байна. Мөн нийслэлийн Газрын алба нэхэмжлэгч нарын газрын кадастрын зургийг мэдээллийн сангаас устгаж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасныхаа хувьд энэ тухай газар эзэмшигч нарт мэдэгдэх ёстой юм.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 19.1.1-д “эзэмшиж, ашиглаж байгаа газартаа геодезийн цэг, тэмдэгт болон эдлэн газрын хил заагийн тэмдэглээсийг гэмтээх, устгах, зохих зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлэх”, 19.1.2-т “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр кадастрын зураглалын мэдээллийг засварлах, бусдад дамжуулах” гэж заасан бөгөөд дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч нарын эзэмшил газрын кадастрын мэдээллийг ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр устгасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр хуулийн 61.1, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.1, 19.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э*******, С.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжийн Л.Э*******д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжийн Ч.Мад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э*******, С.С нараас улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 140.400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт тус тус 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН