Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2016/01434

 

Д.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00438 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1688 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6350 дугаар захирамжаар Д.Түвшинтөгсөөс 4 151 475 төгрөг гаргуулан Н.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт битүүмжилсэн эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно. Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилж барьцаалсан эд хөрөнгийг хураан авна гэж заасныг зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо хилчин 2 дугаар гудамж 10 тоот 414 м.кв 18635313908704 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Д.Түвшинтөгсийн өмчлөлийн газрыг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэгдлийг хүлээн авч Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 14 хоногт хариу өгөхгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Одоо надад нэг сарын хугацаа хэрэгтэй байна. Би төлбөрөө 1 сарын дотор төлчихнө.Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6350 дугаар захирамжаар Д.Түвшинтөгсөөс 4 151 475 төгрөг гаргуулан Н.Үүрийнтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 16270308 дугаар тогтоолоор үүсгэн төлбөр төлөгч В.Түвшинтөгсөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хугацаатай мэдэгдлийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн боловч мэдэгдлийг биелүүлээгүй, төлбөрийг барагдуулаагүй. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Түвшинтөгсийн өмчлөлд бүртгэлтэй Г-2201020113 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо хилчин 2 дугаар гудамж 10 тоот 414 м.кв 18635313908704 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газрыг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 170/08 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн хадгалалтыг өөрт нь хариуцуулан төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор барагдуулах тухай хугацаатай мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.Төлбөр төлөгч биелүүлээгүй тул 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 170/05 дугаар хураах тогтоолоор барьцааны эд хөрөнгийг хураан хадгалалтыг мөн өөрт нь хариуцуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал авахад үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нар 20 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож үнэлсэн. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч Д.Түвшинтөгсөд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/6332 дугаар албан бичгээр мэдэгдэж, талуудын харилцан тохиролцож тогтоосон 20 000 000 төгрөгийн 70 хувь буюу 14 000 000 төгрөгөөр албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагт дуудлага худалдаанд оруулаад санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу 20 000 000 төгрөгийн 50 хувь болох 10 000 000 төгрөгөөр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагт хоёр дахь дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан эд хөрөнгийг хураах ажиллагаа хийхгүйгээр албадан дуудлага худалдаанд оруулсан, хугацаа өгөөгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь заалтыг зөрчсөн гэсэн гомдол нь огт үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж төлбөр авагч талын эрх ашгийг хохироож байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00438 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 6350 дугаар захирамжийн дагуу явагдсан 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/88 дугаартай анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай Д.Түвшинтөгсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1688 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Түвшинтөгсөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:...Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчид эд хөрөнгийг хураах ажиллагаа хийхгүйгээр анхны албадан худалдаа зарласан нь хууль бус тул хүчингүй болгуулах гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу гаргасан боловч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас гомдлын хариуг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан 14 хоногт өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагт анхны дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3\88 дугаар тогтоол, 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 10 цагт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, хилчин 2 дугаар гудамжны 10 тоот 414 мкв 18635313908704 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Д.Түвшинтөгсийн өмчлөлийн газрыг дуудлага худалдаанд оруулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан болно.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа хийгээгүй байж, албадан дуудлага худалдаа зарлаж, дуудлага худалдаанд оруулсан гэсэн байхад шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйлээр дүгнэн шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “...албадан дуудлага худалдааг битүүмжилж, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсны дараа явуулна...” гэж заасныг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь, бодитоор үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 6350 дугаар захирамжаар Н.Үүрийнтуяад 4 151 475 төгрөг төлөх үүрэгтэй боловч төлбөрөө төлөөгүй ба Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Хилчин 2 дугаар гудамж 10 тоот 414 м.кв 18635313908704 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг дуудлага худалдаанд оруулах болсон хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны шийдвэрийг эс зөвшөөрч  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 01 дүгээр сарын 27, 02 дугаар сарын 02, 02 дугаар сарын 05, 02 дугаар сарын 22, 3 дугаар сарын 07-ны өдрүүдэд төлбөр барагдуулах талаар нэхэмжлэгч Д.Түвшинтөгсд мэдэгдэж байсан байна.

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн өмчлөлийн газрыг 20 000 000 төгрөгөөр үнэлсэн саналыг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад гаргасан ба талуудын харилцан тохиролцсон уг үнийн 70%-р анхны дуудлага худалдаанд санал болгох доод хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан журамд нийцжээ.

Эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 170\08 дугаар тогтоол, хураах 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 170\05 дугаар тогтоолыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул “шийдвэр гүйцэтгэгч барьцаа хөрөнгийг хураах ажиллагаа хийгээгүй байж, албадан дуудлага худалдаа зарлаж, дуудлага худалдаанд оруулсан” гэх нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзнэ.

Монгол  Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2016/00438 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1688 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН