Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2018/0089

 

 

 

Б.Өлзийсайхан, Б.Эрдэнэсүх, Л.Батхуяг

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч С.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, гуравдагч этгээд А.Т, түүний өмгөөлөгч Д.Д нарыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Б.Р нарын гаргасан давж заалдах гомдлоор, Б.Ө, Б.Э, Л.Б нарын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.3.2, 33-р зүйлийн 33.1, 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ө, Б.Э, Л.Б нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн А/48 тоот “газар эзэмшүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Б. Ө, Б.Э, Л.Б нарын нэхэмжлэлтэй, Засаг дарга О.Б холбогдох “ Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/48 тоот Газар эзэмшүүлэх тухай захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий Захиргааны хэргийг 2017 оны 11 сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй хэмээн үзэж хэргийг бүхэлд нь хянуулахаар Гуравдагч этгээд А.Т өмгөөлөгч Д.Д миний бие дараах үндэслэлээр гомдлоо гаргаж байна.

Нэг: Аймгийн Засаг дарга нь иргэн А.Т газар эзэмшүүлэх тухай 2016 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/48 тоот захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3. 2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн байна. Шүүхээс Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. 2 дахь хэсэгт заасан хэмжээнээс зөвхөн илүү хэмжээний газар хүссэн бол Засаг дарга дээрх захирамжийг гаргах эрхтэй байсан, газрыг бусад буюу үйлчилгээний зориулалтаар олгохоор бол дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэхээр заасан атал түүнийг хэрэгжүүлээгүй нь буруу байна хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Засаг даргын Захирамжийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасан заалт нь мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан газрын хэмжээнээс бага хэмжээний /0,065м2/ газар олгоход төсөл шалгаруулж дуудлага худалдаа явуулах шаардлагагүй гэсэн утгыг илэрхийлэх үндэслэл болж байна. Харин Газрын тухай хуулийн 33.1.2 дахь хэсэгт заасан заалт нь бусад зориулалтаар эзэмшүүлэхээр заасан газрын хэмжээ нь 29.1, 29.2, 29.3 дахь хэсэгт заасан газрын хэмжээнээс илүү байвал дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэх зохицуулалт юм.

Хоёр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 -т “ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасан байх ба Сайнцагаан сумын Засаг дарга тухайн хуралдаанд сууж санал илэрхийлээгүй, бичгээр санал ирүүлээгүй байна гэж дүгнэжээ. Холбогдох хуульд сумын Засаг даргын саналыг ямар хэлбэрээр хэрхэн авах тухай нарийвчилсан зохицуулалт тусгагдаагүй байхад сумын Засаг даргыг хуралд биеэрээ сууж, бичгээр санал гаргах ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Харин шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ тойрох хуудсаар саналыг авдаг, үүнд тухайн сумын засаг дарга гарын үсгээ зурсан тул саналыг авсан гэж үзнэ” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй юм.

Гурав: А.Т-т олгосон газар нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6 дахь хэсэгт заасан “орчны газар” болох нь үзлэгээр тогтоогдож байна. Мөн уг орон сууцны орж гарах замыг хаасан болох нь нэхэмжлэгч нарын “энэ барилга баригдмагц бид хотын төв рүү орж гарах гарцгүй болсон. Энэ хэсэг нь явган хүний зам мөн” гэх ...тайлбараас дүгнэхэд “явган хүний зам байсан болох нь тогтоогдоно” Иймд аймгийн Засаг дарга орон сууцны орчны газар болох нийтийн эдэлбэр газарт үйлчилгээний зориулалтаар газар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм...хэмээн дүгнэсэн тухайд: Орчны газар гэдэгт ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, автомашины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэр газрыг хэлнэ..гэж нэрлэн заасан байна.

Иргэн А.Т-ийнэзэмшлийн дээрх газарт орчны газрын аль нь ч хамаарахгүй ба шүүхийн дүгнэсэнчилэн “явган хүний зам” гэх газрыг зөвхөн талуудын тайлбарыг үндэслэн, хүн явж өнгөрдөг газраар тодорхойлох боломжгүй бөгөөд харин “зорчих хэсэгтэй хиллэсэн буюу түүнээс таримал зүлэг хөвөөгөөр зааглагдсан явган зорчигчийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг”-ийг ыхэлэхээр заасан байна. Энэхүү тодорхойлолтоос харахад тухайн газрыг явган хүний зам байсан хэмээн дүгнэсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх ба мөн нэхэмжлэгч нарын зүгээс “барилга баригдмагц бид хотын төв рүү орж гарах гарцгүй болсон” гэх тайлбар нь хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургаар үгүйсгэгдэнэ. Барилгын ажил явагдаж байх 4 сарын хугацаанд аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн хэсгийг түр хаасан ба 14 дүгээр байрны оршин суугчид бусад аль ч хэсгээрээ хотын төв болон бусад чиглэл рүү чөлөөтэй зорчих гарц хангалттай байгаа юм.

Дөрөв: Нийтийн эзэмшлийн газарт иргэн А.Т-т үйлчилгээний зориулалтаар газар давхцуулан олгосон болох нь нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэх шүүхийн дүгнэлтийн тухайд:

Газрын тухай хуулийн 3.1.9 дүгээр зүйлд “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг, мөн хуулийн 31.1 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэмээн тус тус хуульчилсан байна. Нийтийн эдэлбэрийн газар болох нь тогтоогдоогүй, мөн хэн нэгэн этгээдийн эзэмшил, ашиглалтад олгож гэрчилгээ олгогдоогүй, хэрэгт энэ талаар ямар ч баримт авагдаагүй байхад шүүх баримтгүйгээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уг маргаан бүхий захирамжаар олгогдвол зохих газрыг 14 дүгээр байрны хойд талд гэж төлөвлөсөн атал аймгийн Засаг даргын захирамж болон эзэмшлийн гэрчилгээн дээр “Х.б” ХХК-ийн урд гэж төлөвлөгөөнд тусгагдсанаас өөр нэршил, байршлаар буюу төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон байна..хэмээн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн маргаагүй асуудалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн .

Гуравдагч этгээд А.Т нь эзэмшлийн газар дээрээ 2 давхар үйлчилгээний барилгыг барьж ашиглалтад оруулахын тулд банкнаас 95 сая төгрөгийг тодорхой хувийн хүүтэй зээлж мөн бусад зардалтай нийт 142 сая төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд энэхүү маргаантай асуудлаас шалтгаалан өнөөдрийг хүртэл үйлчилгээний төвийг зориулалтын дагуу ашиглаж чадахгүй хохирсоор байна.

Иймд Засаг даргын 2016 оны 2 сарын 2-ны өдрийн А/48 тоот Захирамжаар олгогдсон эзэмшлийн газар дээр үйлчилгээний зориулалттай 2 давхар барилга баригдаж дууссан ба зориулалтын явган хүний зам, 24 цагийн гэрэлтүүлэгтэй, камер, харуул хамгаалалттай, орчин нөхцөл илт сайжирсан ба энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг бодитойгоор хэрхэн зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна. Ийнхүү Засаг даргын захирамж хуульд нийцэж гарсан, нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчөөгүй байх тул Дундговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 21 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Б.Ө, Б.Э, Л.Б нарын нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад холбогдох хэрэгт хариуцагчаас Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

2016 оны 02 сарын 02-ны өдрийн А/48 дугаар захирамжийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 сарын 05-ны өдрийн хурлаас баталсан Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд иргэн А.Т-т олгосон газар тусгагдсан байх ба сумын Засаг даргын саналын дагуу захирамжийн үндэслэлд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна” гэж заасныг баримтлан 7-р багийн нутаг дэвсгэрт 14-р байрны хойд талд иргэн А.Т-т холбогдох хууль, журмын дагуу 0,0065 мкв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нь үндэслэлтэй юм.

Ийнхүү эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу үйлчилгээний зориулалттай газар эзэмших иргэн нь хуульд заасны дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсэн байх тул бид А.Т-тай гэрээ байгуулж гэрчилгээ олгох хуулийн шаардлагад нийцэж, захирамж гаргасан болно.

Гэтэл шүүхээс “Газрын тухай хуулийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалт хийгээгүй болох нь тогтоогдож байна” гэсэн дүгнэлт өгсөн нь хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Газрын тухай хуулийн 33.1.2-д “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн

газар тогтооно” гэсэн заалт өөрөө хуульд тухайлан заасан зориулалт болон газрын хэмжээ нь их байх буюу тухайн 2 нөхцөл хоёулаа хэрэгжсэн тохиолдолд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт хэрэгжих ёстой. Гэвч А/48 дугаар захирамжаар олгогдсон газар нь тухай хуулийн шаардлагыг хангахгүй буюу дуудлага худалдаа зарлах газрын хэмжээнд хүрэхгүй байх тул дуудлага худалдаа зарлах хуулийн шаардлага хэрэгжих боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан ба ийнхүү хуулийн дагуу эзэмшиж байгаа газрыг Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчингүй болгодог хуулийн шаардлагатай. Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг барилгүй хуулийн шаардлагад үл хамаарах “схем зураг байхгүй” гэх дүгнэлтээр газар эзэмших эрх олгосон захирамжийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн шийдвэрт “...орон сууцны нийтийн эдэлбэрийн газарт иргэн А.Т-т үйлчилгээний зориулалтаар газар давхцуулан олгосон болох нь нэхэмжлэгч нарын эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв” гэжээ.

Гэвч Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байдаг. Энэ нь хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээний дагуу бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалгүй байхаар хуульчилсан. Гэтэл шүүгч хуулийн дагуу гэрээ, гэрчилгээгээр олгогдоогүй газрыг өөрийн үзэмжээр нийтийн эдэлбэрийн талбай болгон тус талбайтай давхцуулсан хэмээн, хэрэгт авагдсан баримт нотолгоогүйгээр үндэслэлгүй дүгнэлт өгсөн. Түүнчлэн шүүх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 “орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг.” гэж заасныг зөрчсөн тухай дүгнэжээ.

Гэтэл 2016 оны 02 сарын 02-ны өдрийн А/48 дугаар захирамжаар олгогдсон газар нь бодит байдал дээр ногоон байгууламж огт байхгүй, хүүхдийн тоглоомын талбай анхнаасаа байгаагүй бөгөөд сүүдрэвч барьсан зүйлгүй ба автомашины зогсоол багтах боломжгүй түүнчлэн тэдгээртэй адилтгах ямар ч барилга байгууламж байхгүй хоосон талбай байсан бөгөөд оршин суугчид тэр газрын хажуугаар явган хүний замаар орж, гардаг бөгөөд өнөөдөр ч тэр явган хүний замаар зорчиж байгаа болно.

Мөн шийдвэрийн 13 дахь талд 2016 оны 02 сарын 02-ны өдрийн А/48 дугаар захирамжаар газар олгогдсон нь Үндсэн хуулийн 16-р зүйлийн 2-т “эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар үгүйсгэгдэж байна гэжээ.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байхад шүүх хуулийн зүйл заалтыг хольж тус зүйлд ийнхүү заасан байдаг мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж байгаа нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хэрэв Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “2/ эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэх заалтын дагуу нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхэд хүрвэл А/48 дугаар захирамжаар олгогдсон газар нь 14-р байрны хажуугийн харанхуй буланд байрлах бөгөөд тэрхүү газарт согтуу хүмүүс олноороо цугладаг, орой үдэш явахад айдас төрүүлэм, харанхуй нөхцөлд бусдын халдлагад өртөж болохуйц аюултай газар байсан бөгөөд тус газарт иргэд хогоо хаядаг ашиглалтгүй талбай байсан.

Харин 2016 оны 02 сарын 02-ны өдрийн А/48 дугаар захирамжаар иргэн А.Т-т хууль, журмын дагуу газар эзэмших эрх олгогдсоноор тус газар нь бусдын хараа хяналтад орж бүрэн гэрэлтүүлэг бүхий цементэн хучилттай явган хүний зам болон шинэчлэгдсэн нь бодит байдал, шүүхийн үзлэгээр тогтоогдоно. Дээрхээс үзэхэд А/48 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч нарын Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн бус харин эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь бодит биеллээ олох нөхцөл бүрдсэн болохыг шүүх анхааран үзээгүй нь туйлын харамсалтай байна.

Ийнхүү хууль, журмын дагуу гарсан 2016 оны 02 сарын 02-ны өдрийн А/48 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2.”Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Дундговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 30-ний өдрийн 21 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч иргэн Б.Ө, Б.Э, Л.Б нараас “Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрхийг зөрчсөн, оршин суугчдын орц гарцыг хаасан, хүүхдийн тоглоомын талбай дээр газар олгосон, Газрын тухай хуульд зааснаар дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй, нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй...” хэмээн тайлбарласан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нар нь тухайн газарт барилга барьснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөнө гэж үзэхдээ баригдахаар төлөвлөгдсөн барилгын тухайд биш, харин газар эзэмшүүлсэн захиргааны актын талаар маргасан.

Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар захирамжаар[1] иргэн А.Т-т Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг тус тус баримтлан тус аймгийн Сайнцагаан сумын төвийн 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 65 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ[2] олгожээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаж буй 65 м.кв газар нь Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралта[3] батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 14 дүгээр байрны хойд талд үйлчилгээний зориулалтаар 65 м.кв газрыг эзэмшүүлэхээр тусгагдсан байх бөгөөд хариуцагч аймгийн Засаг дарга төлөвлөгөөнд тусгагдсан газрыг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь хэсэгт “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна” гэж заасантай нийцсэн байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ.”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд маргаж буй захирамжаар олгогдсон газар нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдох хэмжээнийх биш байх тул дуудлага худалдаа зарлаагүй, хуульд зааснаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүүлсний дараа гэрээ байгуулсан гэсэн хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй, нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нараас оршин сууж буй байрны ойролцоо газар олгосон нь буруу гэсэн атлаа уг газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох ёстой байсан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй гэж маргаж байгаа нь ойлгомжгүй.

Маргаж буй газар нь нэхэмжлэгч нарын амьдардаг 14 дүгээр байрны хойд талд байршилтай байх ба уг газар дээр 5*13 м-ийн хэмжээтэй 2 давхар үйлчилгээний зориулалттай байшин баригдсан, уг байшин нь нэхэмжлэгч нарын амьдарч буй хэсгийг нар болон гэрлийн тусгалаас халхалсан нөхцөл байдал бий болоогүй, уг газар нь бодит байдал дээр ямар нэгэн тоглоомын талбай, ногоон байгууламж болон засаж

тохижуулсан зам талбай байгаагүй байсан, байрны иргэдийн орц гарцыг хаагаагүй, мөн бусдын газар эзэмших эрхийг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан байшин баригдахаас өмнөх үеийн[4] болон байшин баригдсаны дараах үеийн[5] фото зургууд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын баталсан эзэмших газрын байршлын схем зураг, хариуцагчийн тайлбар зэргээс тодорхой харагдаж байна.

Мөн нэхэмжлэгч нараас явган хүний замыг хаасан, замгүй болгосон гэж маргах боловч хэрэгт авагдсан шүүхийн үзлэгээр хийсэн фото зураг болон гуравдагч этгээдээс хэрэгт хавсаргаж өгсөн схем болон фото зураг, түүний гомдолд дурдсан “...иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс явган замын түр хаасан ба оршин суугчид бусад аль хэсгээр явах боломжтой байсан, ...зориулалтын явган хүний зам тавьж, 24 цагийн гэрэлтүүлэгтэй камер байрлуулж, харуул хамгаалалттай болгож, орчин нөхцөл илт сайжирсан ...” гэсэн тайлбараар үгүйсгэгдсэн.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6.“орчны газар” гэж тухайн орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний зам, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ойлгохоор хуульчилсан бөгөөд дээрхээс үзэхэд орчны газарт газар эзэмшүүлсэн гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нараас гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газар нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна, барилгын норм дүрэм зөрчиж барилга барьж байна гэсэн гомдлыг аймгийн холбогдох байгууллагуудад гаргасны дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас шалгаж[6], зөвлөм[7] хүргүүлж, холбогдох зөрчлүүдийг арилгахыг шаардсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх ба харин оршин суугчдын эрх зөрчигдсөн талаар дурьдаагүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр заасан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нэр бүхий 3 иргэний хувьд тэдгээрийн нэхэмжлэлд дурдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийн улмаас зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд гуравдагч этгээд А.Т-т газар эзэмшүүлсэн Дундговь аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ө, Б.Э, Л.Б нараас “Дундговь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул хариуцагчаас төлсөн 70.200 төгрөгийг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

 


[1] 1 хэргийн 41 дүгээр тал

[2] 1 хэргийн 167-182 дахь тал

[3] 1 хэргийн 183, 184 дэх тал

[4] 1 хэргийн 85-92 дахь тал

[5] 1 хэргийн 126-129 дэх тал

[6] 1 хэргийн 130 дахь тал

[7] 1 хэргийн 129 дэх тал