Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00481

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Н-, Э.М-, Г.А-,

Э.М-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00005 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-, Э.М-, Г.А-, Э.М-нарын хариуцагч Д.У-, Ш.Э-нарт холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 36,764,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Тамир, хариуцагч Д.У-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 36,764,723 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Бид Д.У-тай 2021 оны 01 дүгээр сард уулзаж, тэрээр Вайслинг компанийн wiseling.com сайтаар цахим мөнгө ашиглан. их хэмжээний мөнгө олж байгаа, мөнгө эргэлдүүлэх хэрэгтэй байна, та хэдээс мөнгө аваад өдрийн 1,6 хувийн хүү бодож өгнө гэсний дагуу Б.Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.У-ын Хаан банкны данс руу 14,400,000 төгрөгийг хэд, хэд хуваан шилжүүлсэн. Д.У- нь 4,446,268 төгрөгийг Д.Дэлгэрсүрэнгийн дансаар авсан. Э.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.У-ын Хаан банкны данс руу 1,219,705 төгрөг, 713,750 төгрөг нийт 1,933,455 төгрөг, Г.А- нь 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн болно. Э.М-нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5,985,000 төгрөг шилжүүлэхдээ Д.У-ын хэлснээр Хаан банкны данс руу шилжүүлсэн бөгөөд шүүхээс нотлох баримт бүрдүүлэхэд тухайн мөнгө хариуцагч Ш.Э-ийн данс руу орсон тул Ш.Э-ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтэй байна. Д.У- одоог хүртэл мөнгө өгөөгүй, түүний мөнгө эргэлдүүлж ашиг олдог байсан гэх wiseling.com сайт нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үйл ажиллагаа нь зогссон байна. Бид түүнээс тохирсон ёсоор өгсөн мөнгө, түүний хүүг шаардахад мөнгө, хүүг өгнө гэсээр одоог хүртэл өгөөгүй тул хариуцагч Д.У-аас 18,846,268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д 1,933,455 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Э.М-д 10,000,000 төгрөг гаргуулан Г.А-т, хариуцагч Ш.Э-ээс 5,985,000 төгрөг гаргуулан Э.Мөнх-Эрдэнэд олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.У- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь би нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй, wiseling.com сайтаар хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгийг өндөр хүүтэй өсгөж өгнө гэсэн зар цахим сүлжээгээр явагдсан бөгөөд энэ мэдээллийг Монгол иргэд интернетээр үзэж, өөрсдийн итгэл үнэмшлээр сонголтоо хийн их, бага хэмжээгээр мөнгөө өсгүүлэхээр өгсний нэг нь би өөрөө бөгөөд нэхэмжлэгч Э.М- ч мөн надтай адил мөнгө өсгөхөөр надаар дамжуулж интернетээр хөрөнгө оруулалт хийсэн. Би Э.Маргад-Эрдэнийг танихгүй, түүнийг данс руу мөнгө хий гэж ятгаагүй, тэрээр миний таньдаг хүнээр дамжуулан над дээр өөрөө ирж арилжааны trade.mn монгол сайтаар дамжуулж хөрөнгө оруулалт хийхээр их шимтгэл төлөх гээд байна, та зохицуулж шимтгэлгүй хямдхан доллар олж өгөөч, надад 21,000,000 төгрөг байна, эрсдэлээ өөрөө даана гэж гуйхаар нь өөрийн аккаунтад байгаа доллар болон таньдаг хүнээс доллар зохицуулж 7,284.43 доллар болгон Вайслинг компанид хөрөнгө оруулалтыг нь хийж өгсөн юм. Бид хэн аль нь энэ компанийн сайтыг хаагдана гэж мэдээгүй, би Б.Н-, Г.А-, Э.М-нарыг танихгүй, харин энэ хүмүүс нь Э.Маргад-Эрдэнийн урилгаар хөрөнгө оруулалт хийсэн байх, Б.Н- нь Э.Маргад-Эрдэнийн эхнэр тул эхнэрийнхээ данснаас миний дансаар дамжуулж хөрөнгө оруулалтаа хийсэн байна. Эдгээр хүмүүсийг хэн ч хөрөнгө оруулалт хий гэж ятгаагүй, сайн дураар өөрсдөө сонголтоо хийж мөнгө оруулж, түүнээс ашиг олно гэж шийдвэрлэсэн тул эрсдэлээ өөрсдөө хариуцах ёстой. Би мөн адил ах, дүү нарын хамт хашаа, байшингаа барьцаанд тавьж, мөнгө зээлж хөрөнгө оруулалт хийж, бүгд хохирсон. Э.М- нь миний дансаар дамжуулан хөрөнгө оруулалт хийснээрээ далимдуулан надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байна, Вайслинг компанид хөрөнгө оруулалт хийж хохирсон 722 иргэд бүгд өөрсдийн хийсэн хөрөнгө оруулалтдаа гомдолтой байдаг, энэ тухай бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан болно гэжээ.

 

3.Хариуцагч Ш.Э-шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.М-нь надад 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 5,985,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч уг мөнгийг Д.У-ын хэлснээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ. Миний бие 2020 оны 09 дүгээр сард хариуцагч Д.У-т хөрөнгө оруулалт нэрээр өөрийн 105,000,000 төгрөгийг өгч, нэхэмжлэгч нартай адил нөхцөл байдлаар төсөөлж залилуулсан, Д.У- нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсантай адил wiseling.com сайтын тухай ярьж, таны мөнгийг өдрөөр нь өсгөөд өгнө гээд мөнгө залилж авсан. Мөн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр таны оруулсан мөнгөний хүүг шилжүүллээ гээд Д.У-аас гэх гүйлгээний утгатай мөнгө шилжүүлсэн нь хэргийн 18 дахь талд байгаа дансны хуулгаар нотлогдоно. Би Д.У-ыг хөрөнгө оруулсны хүүг нь өгсөн гэж бодож байснаас Э.М-гэх хүний тухай огт мэдээгүй. Миний хувьд нэхэмжлэгч нартай адил Д.У-т залилуулснаас гадна тухайн үед шилжүүлсэн 5,985,000 төгрөгөө надаас буцаан авсан байдаг. Хэсэг хугацааны дараа Д.У- нь намайг болон олон хүнийг залилж мөнгийг нь авсан, түүний ашиг олдог байсан wiseling.com сайт нь хаагдсан гэдгийг мэдээд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст гомдол гаргасныг 211100893 дугаар hэрэг бүртгэлийн хэрэг нээж, намайг хохирогчоор тогтоосон болно. Хэргийн мөнгөн дүн нь их хэмжээнийх тул уг хэргийг Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Миний бие Д.У-т өөрөө залилуулснаас бус Э.Мөнх-Эрдэнийн мөнгийг хувьдаа зарцуулаагүй тул нэхэмжлэлээс надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            4.Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Д.У-аас 18,846,268 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д, 1,933,455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.М-д, 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-т, хариуцагч Ш.Э-ээс 5,985,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Н-аас төлсөн 252,182 төгрөг, нэхэмжлэгч Э.М-эс төлсөн 45,886 төгрөг, нэхэмжлэгч Г.А-ээс төлсөн 174,950 төгрөг, нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнээс төлсөн 110,710 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-аас 252,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д, 45,886 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.М-д, 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-т, хариуцагч Ш.Э-ээс 110,710 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнх-Эрдэнэд тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            5.Хариуцагч Д.У-, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсгийг зөрчиж, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж үнэлээгүй.

5а.Нэхэмжлэгч Б.Н-, Г.Ариунболд Э.М-нар нь Д.У-тай огт уулзаагүй ба Д.У-т мөнгө өгч авахаар тохиролцоогүй түүнд өөрсдөө мөнгө өгөөгүй байдаг харин Э.М- нь вайслинг компанийн талаар Д.У-аас хамааралгүйгээр өмнө мэдэж байсан түүнд орохыг хүсэж улмаар хямдхан доллор олуулахын тулд Д.У-ын танидаг хүнээр дамжуулан өөрөө очиж уулзсан байдаг ингэхдээ би арилжааны траде.мн монголын цахим мөнгөний сайтаар дамжуулан хөрөнгө оруулалтаа хийхээр их шимтгэл төлөх гээд байна та шимтгэлгүй хямдхан доллар олж өгөөч гэж хүсэл зорилгоо хэлэн гуйхад нь өөрөөсөө болон хүнээс 7,284,000 доллар олж өгч тус болсон байдаг гэтэл Э.М- нь үүнээс их мөнгө олохын тулд өөрөө сайн дураараа эхнэр Б.Н-ын данснаас мөнгө авч Д.Уланбаяр, Д.Дугарсүрэн нарын дансанд шилжүүлсэн энэ талаар Э.М- Уланбаяртай ярилцаагүй Уланбаяр  шилжүүл гэж хэлээгүй учир Б.Н-ын данснаас Э.М- шилжүүлсэн мөнгө Д.У-т хамааралгүй гэж үзэж байна. Нөгөө талаар Б.Н-ын данснаас Дугарсурэнгийн дансанд 4,446,268 төгрөгийг шилжүүлсэн байдаг ба уг мөнгө нь Б.Уламбаярын дансанд ороогүй Б.Уламбаяр авсан болох нь баримтаар нотлогдоогүй харин Дугарсүрэн Б.Н-ын мөнгийг дансандаа аваад өөрийн дүү болох Номуунаагийн данс руу шилжүүлсэн гэж мэдүүлдэг гэтэл шүүх зөвхөн Дугарсүрэнгийн эргэлзээтэй мэдүүлэгт хөтлөгдөн дутуу үнэлж Дугарсүрэнгийн дансанд орсон мөнгийг Д.У-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Шүүх дээрх гэрчийн мэдүүлгийг хэргийн оролцогч нарт бүрэн гүйцэд танилцуулаагүй, тэмдэглэл хөтөлсөн туслах гарын үсгээ зурж баталгаажуулаагүй баримтыг шүүх үнэлж шийдвэрлэсэн нь хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгч Ариунболд Э.Маргад-Эрдэнийн хамаатан гэх ба Ариунболд би 10,000,000 төгрөгийг данснаасаа АТМ-ээр бэлнээр авч Уланбаярт өгсөн гэж нэхэмжилдэг боловч баримтаар нотлоогүй шүүхэд хариуцагч Уламбаяр нь Ариунболд гэх хүнтэй огт уулзаж байгаагүй түүнийг танихгүй би Ариунболд гэх хүнээс 10,000,000 төгрөг авч байгаагүй гэж мэтгэлцдэг мөн өмгөөлөгч би шүүх хуралд 10,000,000 төгрөг өгсөн авсан гэдэг нь баримтаар огт нотлогдоогүй гэж татгалзан мэтгэлцсэн, мөн хэрэгт Ариунболд Уламбаярт мөнгө өгсөн, авсан болох нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх үндэслэлгүйгээр дүгнэлт хийхдээ хариуцагч няцааж тайлбар, баримт гаргаагүй гэж худлаа бөгөөд хэт нэг талыг баримтлан дүгнэсэн нь тодорхой байна. Э.М- нь өөрөөсөө болон хүний өмнөөс мөнгийг сайн дураараа шилжүүлсэн ба Э.Маргад-Эрдэнийн аккаунт гэдэг рүү доллароор орсон байдаг, үүнийг л Э.М- өөрөө хүсэж хийсэн, уг мөнгийг нь Д.У- хувьдаа зарцуулаагүй өөрийнх нь хүсэлтийн дагуу хямд доллар олж аккаунтанд нь хийж өгсөн, Д.У-, Э.М- нар бүгд мөнгөө вайслинг компанид хийж бүгдэд нь аккаунт нээгдэж түүнээсээ урамшуулал гэж олгож байсан цаанаа хоосон юм гэж хэн аль нь мэдээгүй бүгд л хөрөнгө оруулалт хийж залилуулж хохирсон байгаа мэдээгүйн улмаас Д.У- өөрийн ах дүүтэйгээ оруулж бүгд хохирсон.

5б.Монгол орны өнцөг булан бүрээс тус компанид хөрөнгөө хийсэн иргэд тус компаниас хохирлоо барагдуулж авахаар гомдол гарган улмаар мөрдөн байцаах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэргүүд нэгтгэгдэн дээрх компанид холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж байгаа юм. Түүнээс Д.У- огт байхгүй зүйл зохиож нэхэмжлэгч нарыг дуудаж ятгаж оруулаагүй юм. Дээрх бодит байдлын талаар баримт авахаар өмгөөлөгч би шүүхэд хүсэлт гаргасны дагуу мөрдөн байцаах албаны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн албан бичигт Д.У-, Ш.Э-нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг байхгүй гэсэн хариу ирүүлсэн нь захирамжинд дурьдсан вайслинг компанид холбогдуулан эрүүгийн журмаар шалгаж байгаа талаарх гол ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулах шүүгчийн захирамжийг бүрэн хангаж биелүүлээгүй байсан учир захирамжийн заалтыг бүрэн хангуулахаар мөн хариуцагч Д.У- шүүх хурлын зар товыг мэдээгүй, шүүхийн мэдэгдлийг өөрөө гардаж аваагүй учир шүүх хуралд биечлэн оролцуулж мэтгэлцэх эрхийг нь хангуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүлээж авалгүй хариуцагч нарыг шүүх хуралд оролцуулж мэтгэлцүүлэлгүйгээр шүүх хурал хийсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хангалттай тодорхой болоогүй байхад шийдвэрлэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

6а.Тус хэргийн хариуцагч болох Д.У- болон Ш.Э-нар нь уг хэрэгтэй холбоотой буюу вайслинг гэх вебсайттай холбоотойгоор өөрсдөө шууд мөнгөн гүйлгээ хийсэн болон хүнээр дамжуулж уг арилжаанд оролцсон нийт 700 гаруй оролцогч бүхий хэрэг эрүүгийн журмаар Цагдаагийн Ерөнхий Газрын мөрдөн байцаах хэлтсийн залилах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мөрдөгч, хошууч Эрдэнэдэлгэрийн удирдлага дор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй талаар тайлбар гаргадаг. Өөрөөр хэлбэл уг асуудал нь иргэд хоорондоо иргэний шүүхээр болон бусад харилцаагаар шийдвэрлэх бус дээрх сайттай холбоотойгоор хүнд мөнгө өгч оролцсон, хүнээр зуучлуулсан, өөрөө сайн дураараа шууд гүйлгээ хийж оролцсон гээд бүхий л хүмүүсийн асуудлыг эрүүгийн журмаар шийдвэрлэх юм. Уг үйл баримтыг тодорхой болгон нотлох зорилгоор хариуцагч Д.У-ын өмгөөлөгч Б.Энхтуяа шүүхэд хүсэлт гаргаж тус компанийн холбогдолтой болон Ш.Э-э, Д.У- нар хэргийн оролцогчоор нь оролцож буй хэргийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг гаргуулах тухай хүсэлт гаргасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14886 дугаартай шүүгчийн захирамжаар уг баримтыг гаргуулахаар ЦЕГ-т захирамж хүргүүлэн даалгасан боловч уг захирамжийн биелэлт агуулгын хувьд хангагдаагүй. Учир нь ЦЕГ-аас ирсэн 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн албан бичигт Ш.Э-болон Д.У- нарт холбогдох ямар нэгэн хэрэг байхгүй гэх агуулгыг дурдсан бөгөөд хамгийн гол буюу вайслинг ОҮ гэх компанид холбогдох хэргийн талаар гол ач холбогдол бүхий үйл баримтыг анхааралгүй үлдээсэн. Үүний улмаас дахин шүүгчийн захирамжаар вайслинг компанид холбогдох хэргийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг гаргуулах тухай тодорхой дурдан өмнөх захирамжийн гол агуулгын биелэлтийг хангуулах хүсэлтийг хариуцагч Д.У-ын өмгөөлөгч Б.Энхтуяа гаргасан боловч шүүгч хэрэгсэхгүй болгож шүүгч өөрийн захирамжийн биелэлт агуулгын хувьд хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь ноцтой алдаа болсон. Өөрөөр хэлбэл шүүх хэргийн үйл баримтыг тодорхой болгохын тулд хариуцагчдын дурдаж буй нотлох баримтыг гаргуулах нь зүйтэй хэмээн үзэж захирамж гаргасан боловч уг захирамжийн биелэлт агуулгын хувьд хангагдаагүй буюу ЦЕГ-ын зүгээс шүүгчийн захирамжийн гол агуулгыг ойлгоогүй, дутуу шалгалт хийсэн болохыг үл ойшоон хэргийг шууд шийдвэрлэсэн.

6б.Шүүх хуралдаан болохоос өмнө гэрчүүдээс авсан мэдүүлгүүдийг хариуцагч Д.У- болон Ш.Э-э, эсхүл түүний төлөөлөгч надад огт танилцуулж гарын үсэг зуруулаагүй буюу хэргийн материалтай танилцах эрхийг зөрчсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хариуцагч Д.У-т гардуулаагүй, хариуцагч Ш.Э-ийн төлөөлөгч Г.Нямбаяр миний бие хуралдаан болох өдөр шүүхийн байранд яг цагтаа очсон боловч үүдний цагдаагийн ажилтан шүүх хуралдаан эхэлсэн байна танхим руу орох боломжгүй гэх тайлбар хэлсний улмаас бодит байдал дээр хуралдаан тухайн үед товлосон цагтаа эхлээгүй, шүүгч орж ирээгүй байсан хэдий ч хэргийг шийдвэрлэх хуралдаанд биечлэн оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг үйл явдал болсон. Энэ нь мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дах хэсэгт заасан “зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх үндэслэлд хамаарна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7.Нэхэмжлэгч Э.М- өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүх талаас нь хянаж үзэж шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болсон гэж үзэж байна. Давж заалдах гомдолд дурдсан зүйлүүд бол анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн асуудлуудыг давтамжтай байдлаар бичиж тайлбарласан байна. Хариуцагч Д.У- нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан, шүүх хуралдааны товыг мэдсэн. Хариуцагчийн өмгөөлөгч авах эрх нь хангагдсан, өөрөө шүүхэд ирдэггүй байсан. Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтыг шуудангаар явуулсан бүх баримтууд хэрэгт авагдсан. Цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлыг ярьж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь Б.Н-, Э.М- нар нь хариуцагч Д.У- болон Ш.Э-нартай холбоотой үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шүүхийн маргаан хянагдсан. Гэтэл хариуцагч нар цаана 700 гаруй иргэнийг залилсан гэж Улсын мөрдөн байцаах газар болон Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж тайлбарладаг. Гэтэл тэр шалгагдаж байгаа асуудал нь тусдаа юм. Анхан шатны шүүхээс хариуцагч талын гаргасан хүсэлтийг хангаж, Улсын мөрдөн байцаах албанаас лавлагаа авсан. Уг лавлагаагаар Д.У-, Ш.Э-нарт холбогдох хэрэг байхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоос биш цагдаад энэ асуудлаар хариуцагч нарт залилуулсан гэх агуулгатай гомдол гаргаагүй. Тийм учраас давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн мөнгө төгрөг өгсөн, авсан гээд байгаа асуудлыг хариуцагч тал тайлбарладаг болохоос нотлох баримтаар нотолж чадаагүй, баримтгүйгээр тайлбарласан нь хуульд нийцэхгүй үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүгдийг үнэлж, харьцуулсан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасан байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

            2.Нэхэмжлэгч Б.Н-, Э.М-, Г.А-, Э.М-нар нь хариуцагч Д.У-, Ш.Э-нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 36,764,723 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

           

            3.Анхан шатны шүүх хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн материалыг танилцуулсан байх боловч үүнээс хойш хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудыг түүнд танилцуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна. /хх-ийн 121-р тал/

            Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2021/14131 дүгээр захирамжаар хангаж, гэрч Д.Дэлгэрсүрэнгээс мэдүүлэг авсан боловч дээрх мэдүүлэгтэй хариуцагч Ш.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцсан гэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлтэй. /хх-ийн 142, 146-147, 162-163-р тал/

 

            4.Түүнчлэн, хариуцагч Ш.Э-нь “... миний бие нэхэмжлэгч нартай адил Д.У-ын хууль бус үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөөр хохирсон, Д.У-аас миний дансанд шилжүүлүүлж эргүүлээд /Д.У-/ өөртөө буцаан авсан мөнгийг надаас шаардсан нь үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргасан байх бөгөөд энэхүү нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. /хх-ийн 123-124-р тал/. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд дээрх нөхцөл байдлыг тодруулах боломжтой юм.

 

            5.Мөн анхан шатны шүүх хариуцагч Д.У-аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.А-т олгож шийдвэрлэхдээ “...  нэхэмжлэгч Г.А- шүүхийн хэлэлцүүлэгт 10,000,000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр авч хариуцагч Д.У-т өгсөн гэж тайлбарласныг хариуцагч няцааж, тайлбар гаргаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон байна.

Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлыг нотолсон баримтууд хэрэгт хангалттай авагдаагүй, маргааны үйл баримтын талаар зохигч хангалттай мэтгэлцээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

 

6.Иймд хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2022/00005 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.У-аас төлсөн 311,849 төгрөг, хариуцагч Ш.Э-ээс төлсөн 110,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ш.ОЮУНХАНД

                                               

                                      ШҮҮГЧИД                            Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                 

                                                                                    Г.ДАВААДОРЖ