Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00532

 

Т.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02780 дугаар шийдвэртэй

Т.Цын нэхэмжлэлтэй хариуцагч “Б” ХХК-д холбогдох

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэл Т.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Би 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхантай хугацаагүй аман гэрээ хийж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутагт байрлах Шувуун фабрик гэх газарт байрлах 100х20 метрийн харьцаатай гурван барилга, 64х20 метрийн нэг барилга, 24х20 метрийн нэг барилга болон тус барилгуудыг 6х2 метрийн харьцаатай бетонон хавтангуудаар тойруулан 800 метрт барьсан хашааг тус тус буулган “Б” ХХК-ийн заасан газарт хүргүүлэх болон хэлсэн унаанд ачуулахаар хөлсөөр ажиллах гэрээний үүрэг хүлээсэн. “Б” ХХК-ийн хүлээх үүрэг нь манаач ажиллуулах, дотор явах унаагаар хангах, ажлын хөлсөнд надад жип машин дээр 10 сая төгрөг өгөхөөр амалсан. 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байхад надад өгөх хөлсөө өөрчилж сарын 625,000 төгрөгөөр тооцон ажилласан хугацааны хөлсийг бөөнд нь олгохоор тохирсон. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх хөлсөндөө барилга буулгасан газар, хашааны 100 ширхэг бетонон шонтой өгөхөөр өөрчлөлт оруулсан. Барилга, хашаа буулгуулан ачуулах ажлаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр албан ёсоор дуусгаж ажлыг нь хүлээлгэн өгөх гэсэн боловч “Б” ХХК-ийн захирал олдохгүй, нягтлан болон бусад ажилтан нар хариу өгөхгүй байсаар байгаад 2020 оны 6 сард тус группийн хүний нөөцийн ажилтан ирж үлдэгдэл шонгуудыг бүртгэн авсан. Иймд хариуцагчаас нэг сарын хөлс 625,000 төгрөгөөр тооцон 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 150 сарын ажлын хөлс 93,750,000 төгрөг болж байна.  “Б” ХХК 2013 оны 5, 6 сарын хөлс 1,250,000 төгрөгийг надад шилжүүлсэн тул уг мөнгийг хасч үлдсэн 92,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.йийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани Т.Цтой ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсгээгүй. “Б” ХХК-ийн зүгээс Т.Цод төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. “А” ХХК-тай “Б” ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээний үүрэг дуусгавар болсон зүйл байдаг. Тухайн компанийн захирал нь Т.Ц юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Цын хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 92,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч Т.Цын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалтуудыг зөрчиж, Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайлбал шүүх хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хийхээр товлосон боловч намайг шүүх хурал хойшлуулах хүсэл гаргаагүй байхад намайг хуурч шүүх хурлыг хойшлуулсан болгосон юм. Мөн би шүүх хурал болохоос өмнө Бийн ерөнхий нягтлан бодогч гэрч Д.Эгаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй юм. Иймд би шүүгч Д.Мөнхцэцэгийг талуудын тэгш эрхийг хангаж, шудрага үнэнчээр хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Миний хувьд 2007 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяртай хугацаагүй аман гэрээ хийж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 100 метрийн урттай, 20 метрийн өргөнтэй 6 ширхэг барилга, бетон хавтангаар барьсан 800 метр хашаа зэргийг буулгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд надад ажлын хөлсөнд Жип машин, 10,000,000 төгрөг өгнө гэж тохирсон байснаа өөрчлөөд сарын 625,000 төгрөгөөр цалинжуулъя гээд эхний 2 сард мөнгө шилжүүлсэн, уг баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Ажлын явцын дунд хөлсийг чинь ажил дуусахаар бөөнд нь өгье гэж хэлээд намайг хуурсан юм. Миний хувьд анхнаасаа тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн тул хөлсөө авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “Б” ХХК-с 92,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч “Б” ХХК давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, гомдолд бичгээр тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

3. Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тус байгууллагатай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлөх хөлсөндөө барилга буулгасан газар, хашааны 100 ширхэг бетонон шонтой өгөхөөр өөрчлөлт оруулсан боловч одоо хүртэл хөлс өгөөгүй тул хариуцагчаас нэг сарын хөлсийг 625,000 төгрөгөөр тооцон нийт 92,500,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тайлбарлажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Т.Цтой ямар нэгэн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. “Б” ХХК-ийн зүгээс Т.Цод төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. “А” ХХК-тай “Б” ХХК ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээний үүрэг дуусгавар болсон” гэж маргасан байна.

4. Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч “Б” ХХК-аас ажлын хөлс төлж байсан болохыг нотлохоор буюу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд “Хаан банк” ХХК дахь өөрийн эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргажээ.  /хх.3, 5-8/

Уг дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Б” ХХК-аас “5, 6 дугаар сарын цалин” гэсэн утгаар 1,250,000 төгрөг, 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “манаачийн цахилгааны кабелийн утас” гэсэн утгаар 450,000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Дарханы харуулын нүүрсний үнэ” гэсэн утгаар 250,000 төгрөг, 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “нүүрсний үнэ” гэсэн утгаар 300,000 төгрөг,

мөн “Б” ХХК-аас 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “кадастрын зураг үнэ” гэсэн утгаар 170,000 төгрөг, 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “нүүрсний үнэ” гэсэн утгаар 350,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа нь тогтоогдож байх боловч уг баримтыг үндэслэн хариуцагч талаас нэхэмжлэгчид ажлын хөлс төлж байсан гэж үзэх боломжгүй байна.  

5. Мөн нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөөс Т.Цод олгосон 2012 оны 08 дугаар сарын 07, 2013 оны 01 дүгээр сарын 22, 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрүүдийн итгэмжлэлийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

Уг итгэмжлэлээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт орших 10056 кв.м талбайтай 520,000,000 төгрөгийн үнэ бүхий, улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг дахь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 2000 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн 0000000 тоот гэрчилгээтэй шувууны аж ахуйн цогцолбор барилгын газрын өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр, эсхүл “Б” ХХК-д эзэмшүүлэх эрхийн захирамж, гэрчилгээг гаргуулан авах зэрэг бүрэн эрхийг олгосон агуулга бүхий баримт байх тул зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэнийг нотлохгүй юм. /хх.4,37-38/

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ы, В.Р нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, шүүх 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2020/16426 дугаар захирамжаар хангаж, нэр бүхий хүмүүсийг гэрчээр асуусан, /хх.25/ гэрч В.Р “...Т.Ц “Б” ХХК-ийн Дархан дахь ажлыг хариуцаж ажилладаг байсан. Ажлын хөлсөндөө “Б” ХХК-ийн шувуун фабрикийн газрыг 100 ширхэг баганатай авна гэж ярьдаг байсан. Би шувуун фабрикийн манаачаар ажилладаг байсан” гэж, гэрч Б.Ы “Би Т.Ц ахын удирдлага дор ажиллаж байсан. Т.Ц ах “Б” ХХК-ийн Дархан дахь ажлыг хариуцаж хийдэг байсан. Би “Б” ХХК-ийн шувуун фабрикийн сахиулаар ажиллаж байсан мөн ажиллаж байх хугацаандаа тэнд байсан барилгыг буулгах ажил оролцож байсан” гэсэн мэдүүлгүүдийг тус тус гаргасан байгаа боловч гэрчүүдийн дээрх мэдүүлгүүд нь бусад нотолгооны хэрэгслээр давхар нотлогдоогүйгээс гадна нэхэмжлэгч Т.Цыг нэг сарын 625,000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр “Б” ХХК-д ажилладаг болохыг нотлоогүй байна. /хх.30-31/

7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Б” ХХК-ийн нягтлан Д.Эг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2021/04882 дугаар захирамжаар хангаж 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд Д.Э гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Уг баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан гэрчийн мэдүүлэг авах журамд нийцжээ. /хх.85-87/ Иймд нэхэмжлэгч Т.Цын “Д.Эг дахин гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангаагүй” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Т.Ц “...“Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяртай хугацаагүй аман гэрээ хийж ажлуудыг хийж гүйцэтгэсэн” гэсэн тайлбар, гомдлоо нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

9. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэж нэхэмжлэгч Т.Цын хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гаргасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 92,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02780 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 620,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.НЯМБАЗАР

 

                                                 ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ц.ИЧИНХОРЛОО