Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00546

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02775 дугаар шийдвэртэй

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Г, Ж.Г нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 46,081,651.8 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Т.Ггын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “Б” ХХК нь Т.Г, Ж.Г нартай 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Т.Ггын өмчлөлийн А дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан бөгөөд гэрээг улсын бүртгэлд зохих ёсоор бүртгүүлсэн. Мөн Ж.Гтэй батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа болно. Иймд хариуцагч Т.Г, Ж.Гээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 22,814,434.92 төгрөг, зээлийн хүү 12,196,034.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,296,356.75 төгрөг, нийт 36,306,826.03 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч нар зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох А дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 дугаар байр, 00 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлийн агуулга: Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн хүү 8,145,690.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,134.87 төгрөг, нийт 9,774,825.77 төгрөг нэмж бодогдсон байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа 9,774,825.77 төгрөгөөр нэмэгдүүлж үндсэн зээл 22,814,434.92 төгрөг, хүү 20,341,725.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,925,491.62 төгрөг, нийт 46,081,651.8 төгрөгийг хариуцагч Т.Гас гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагчаар татагдсан Ж.Гийг оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа зөвхөн Т.Гд холбогдуулан гаргаж байна гэжээ.

3. Хариуцагч Т.Ггын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: “Б” ХХК-иас зээл авахаар болж 25,000,000 төгрөгийг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Миний бие нь 5,000,000 төгрөг, Ж.Г 19,750,000 төгрөг тус тус авсан. “Б” ХХК-ийн зээлийн эдийн засагч Э.О нь 2019 онд байгуулсан зээлийн гэрээний мөнгийг Ж.Гийн хэрэглээнд зориулагдахыг мэдсээр байж, намайг зээлдэгч, Ж.Гийг батлан даагчаар оролцуулж, энэ зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр авсан 25 сая төгрөгөөс 20 сая төгрөгийг тухайн өдөр нь Ж.Гийн дансанд шилжүүлсэн байдаг. Ж.Г энэ зээлийн төлж барагдуулах тухай хэлсээр байхад надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

4. Хариуцагч Ж.Гийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: ... Зээлийн төлбөрийн үлдэгдэл болон тооцооны хувьд маргах зүйлгүй. Миний өөрийн орон сууц нь ипотекийн зээлийн барьцаанд байдаг, урд нь зээл авахдаа Т.Ггын орон сууцыг барьцаалж байсан тохиолдол байгаа. Т.Г нь зээлийн гэрээний 25,000,000 төгрөгийг аваагүй тул түүнтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Энэ зээлийн гэрээгээр нэхэмжилж байгаа нийт 46,081,651.8 төлбөрийг би бүрэн хариуцах тул Ж.Гийн байрыг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Т.Гас 46,081,651.8 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.Ггын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003936 дугаарт бүртгэлтэй А дүүрэг 0 дугаар хороо 0 дугаар хороолол 00 дугаар байр 00 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 46,081,651.8 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргээс хариуцагч Ж.Гээс татгалзсан, нэхэмжлэгчийн татгалзлын баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 522,240 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Т.Гас 388.358 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

6. Хариуцагч Т.Ггын давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гомдолтой байна. Анх Ж.Г, Т.Г нар хамтарч зээл авахаар хүсэхэд эдийн засагч О өөрийг чинь зээлдэгчээр Ж.Гийг батлан даагчаар оруулж, батлан даагч таны өмнөөс хариуцлага хүлээж таны зээлийг төлнө гэх ойлголт өгсөн.. Гэтэл Ж.Гээс татгалзаж миний биед бүх хариуцлагыг тохож байгаад гомдолтой байна. Нөгөөтээгүүр батлан даагч түүний байрыг чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Батлан даалтын гэрээг хууль зөрчиж байгуулж энэхүү зээлийг гаргасан тул давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Нэхэмжлэгч нь Т.Гтай зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээл төлөгдөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар тохиролцсон. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг тодорхойлох эрхтэй учраас батлан даалтын гэрээ байгуулагдсан тул Т.Г, Ж.Г нарыг хариуцагчаар тодорхойлсон. Урьд давж заалдах шатны шүүхээс батлан даалтын гэрээтэй холбоотой асуудалд дүгнэлт өгөөгүй гэх агуулгаар хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тул гэрээний дагуу хариуцагч Ж.Гээс татгалзсан. Хэрэв барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй нөхцөл байдал үүсвэл Ж.Гтэй батлан даалтын гэрээний хариуцлагын талаар ярих боломжтой. Иймд хариуцагч Т.Гас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзэв.

3. Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Т.Гд холбогдуулан үндсэн зээл 22,814,434 төгрөг, хүү 20,314,725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,925,491 төгрөг, нийт 46,081,651 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Гэд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан байна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Б” ХХК нь Т.Гтай 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-1790000391 тоот зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг, сарын 3%-ийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Талууд барьцааны гэрээ байгуулж Т.Ггын өмчлөлийн А дүүрэг 0 дугаар хороо 0 дугаар хороолол 00 дугаар байр 00 тоотын 38 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх.17-18/

5. “Б” ХХК нь Ж.Гтэй 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр №1790000391 дугаар “Батлан даалтын гэрээ” байгуулсан байна. /хх.19-20/

6. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалттай нийцжээ. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй.

7. Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “...Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана" гэж заажээ. Анхан шатны шүүх талууд хэтэрсэн хугацааны хүүг хэдэн хувиар тооцохыг гэрээнд тодорхой заагаагүй байхад хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ. Харин хариуцагч Т.Гас зээлийн гэрээний үүрэгт 4,225,750 төгрөг төлсөн үнийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

9. Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагч Т.Гас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 22,836,567 төгрөг, хүү 10,390,635 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,078,127 төгрөг, нийт 35,305,329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч  “Б” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

10. Нэхэмжлэгч  “Б” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

11. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан. Зээлийн батлан даалтын гэрээ болон Иргэний хуулийн дээрх заалтууд, зээлийн гэрээний зээлдэгчийн эрх үүргийн талаарх 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.4, 3.1.5-д заасан заалтаас үзвэл “Б” ХХК нь эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгч Т.Гас төлбөрийг шаардахаар байна.

12. Хариуцагч Т.Ггын “...Ж.Гээс татгалзаж миний биед бүх хариуцлагыг тохож байгаад гомдолтой байна. Батлан даагч түүний байрыг чөлөөлж өгнө үү гэх хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Батлан даалтын гэрээг хууль зөрчиж байгуулж энэхүү зээлийг гаргасан” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас зээлийн үлдэгдэл 22,836,567 төгрөг, хүү 10,390,635 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,078,127 төгрөг, нийт 35,305,329 төгрөг гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02775 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...46,081,651.8...” гэснийг  “...35,305,329...” гэж, “...болгож...” гэсний дараа “...нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,776,322 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...388,358...” гэснийг “...334,476...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 388,358 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.           

 

                      

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

                                             ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                         Ц.ИЧИНХОРЛОО