Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 09

 

О.Уламбаярт холбогдох эрүүгийн
 хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд, прокурор Б.Эрдэнэбаатар, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Мөнх-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлоор О.Уламбаярт холбогдох 201407000053 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1975 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, хуульч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны Өнөр хороололын 1-р байрны 91 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 25-р хорооны сэлбэ хотхоны, 96-р байрны 52 тоотод оршин суудаг, 2001 онд Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэгдэж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, аминдаа хөрөнгөгүй, ДЮ75122010 регистрийн дугаартай, Боржигон овгийн Очирбатын Уламбаяр нь Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтайн Хүдэр ХХК-ны Таян нуурын уурхайн кемпид зохицуулагчаар ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Л.Мөнх-Эрдэнийн нийт 3416 кг адууны махыг 1 кг тутмыг нь 6000 төгрөгөөр буюу нийт 20.496.000 төгрөгөөр уурхайн ажилтнуудын хүнсний хэрэгцээнд худалдаж авна гэж худлаа хэлж уурхайн агуулахад буулгасаны дараа уг махыг 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотруу ачуулж, зарж борлуулж залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогджээ. 

     Анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсгүүдэд зааснаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн  148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Боржигон овогт Очирбатын Уламбаярт холбогдох эрүүгийн 201407000053 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч О.Уламбаярыг цагаатгаж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.2.2 дахь хэсэгт зааснаар “Лус-Алтай” ХХК-ийн захирал Л.Мөнх-Эрдэнийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар “Лус-Алтай” ХХК нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Уламбаяр нь 29  хоног цагдан хоригдсон, Л.Мөнх-Эрдэнэд 9.800.000 төгрөг төлсөн зэргийг тус тус 

 

2

дурдаж, эрх бүхий этгээдүүдийн давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхийг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Мөнх-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын шүүхэд гаргасан давж заалдах гомдол, тайлбарт: Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06-р сарын 24-ний өдрийн 24 дугаартай Цагаатгах тоггоолийг хүлээн аваад эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
1-рт Цагаатгах тогтоол нь ЭБШХ-ийн 284-р зүйлд заасан Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх бүхий л шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тогтоолыг хуулийн бүх шаардлагад нийцүүлэн хуульд үндэслэн гаргаагүй, шүүхэд хэлэлцүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэж байна. Тухайлбал: Анхан шатны шүүхийн шүүгч нь шүүх хурал дээр шийдвэрээ танилцуулахдаа хавтаст хэрэгт цугларсан баримтууд хуульд заасан журмын дагуу бэхжээгүй учир үнэлэх боломжгүйгээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж байна. Тиймээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар шийдвэрлэлгүй орхиж байгаа талаар тайлбарласан атлаа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь үндэслэлгүй.
Шүүхийн тогтоолд хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн шатанд хэлэлцүүлсэн ямар нотлох баримтыг хуульд заасан журмаар бэхжүүлээгүй талаар тодорхой тусгаагүй. Хавтаст хэргийн 9-р хуудсанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг гэж олон тоон дээр хамруулан дүгнэсэн байх бөгөөд ямар нотлох баримтыг хуулийн ямар шаардлагыг зөрчиж бэхжүүлсэн талаар огт тайлбарлаагүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасаны дагуу хуульд үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх “Залилан мэхлэх гэмт хэргийн субъектив тал нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл, эс үйлдэхүй байдаг учир шүүгдэгчийн өмгөөлөгчийн Уламбаярт уг гэмт хэргийг үйлдэх субьектив санаа зорилго байгаагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. О.Уламбаяр нь өөрийгөө Алтайн Хүдэр ХХК-ны Таян нуурын уурхайн ажилчдын хүнсэнд хэрэглэх махыг бие даан авдаг эрх бүхий этгээд хэмээн итгүүлж төөрөгдөлд оруулж хохирогч Л.Мөнх-Эрдэнээс мах авахаар тохиролцож мах бэлтгүүлж, Уурхайн хашаанд хүлээн авч, улмаар уг махыг буцаан гаргаж Улаанбаатар хотод аваачиж борлуулан мөнгийг нь ашиглаж байгаа үйлдэл нь шунахай сэдэлт юм. Энэхүү үйлдэл нь хохирогч руу бичиж байсан мессэж, Алтайн Хүдэр ХХК-ны холбогдох албан тушаалтан, ажилчдын мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтаар маш тодорхой нотлогдож байгаа. 
Мөрдөн байцаалтын ажиллагаа их удаашралттай явагдсан. О.Уламбаяр олдолгүй явсаар ийм байдалд хүрсэн. Энэ хүний хувийн байдлыг тогтоогоогүй. О.Уламбаяр нь Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд цагдаад өргөдөл гаргаад хоёр гуравхан хонож байхад өргөдлийг шалгаж эхлээгүй байхад О.Уламбаяр нь шалгаж байсан мөрдөн байцаагчид тайлбар ирүүлсэн байдаг. 
Иймд Анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоолыг хэрэгсэхгүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

        Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Уламбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, гэрч нарын мэдүүлгээр О.Уламбаярт уурхайн хэрэгцээнд хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчээс шууд гэрээ хийж худалдаж авах эрх байхгүй.
Шүүгдэгч нь 2013, 2014 онд хохирогч Л.Мөнх-Эрдэнэтэй уулзахдаа өөрийгөө уурхайн ажилтнуудын хүнсний бүтээгдэхүүнийг авах бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг төрүүлсэн байдаг. Түүний хэлсэн үг, үйлдэлд нь хохирогч төөрөлдөж дээрх 3416 кг махыг нийлүүлсэн. Түүнийг махаа ачаад очиход шүүгдэгч нь гэрч Бархасбадь, 

 

3


Амаржаргал нарт махыг агуулахад буулгах үүрэг даалгавар өгч, махыг хүлээн авсан тухай баримтыг үйлдэж өгсөн.
Шүүгдэгч О.Уламбаяр нь 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр уурхайгаас махыг ачиж Улаанбаатар хот руу явсан ба тухайн өдөр хүртэл хохирогч руу махыг чинь худалдаж авах гээд байна гэсэн утгатай мессэж явуулсан байдаг. Мөн үүнээс хойш 1 сарын дараа буюу 03 дугаар сарын 19-ны өдөр махны мөнгийг шилжүүлэх гэж байна, удахгүй хүлээж бай гэсэн утгатай мессэжүүдийг хохирогч руу явуулсан болох нь тогтоогдсон.
Гэтэл шүүгдэгч нь 2014 оны 02 дугаар сарын 19-ны өдөр ажлаасаа гарсан бөгөөд ажлаасаа гарсан өдөртөө, мөн ажлаасаа гарснаас хойш 1 сарын дараа хүртэл махны мөнгийг удахгүй шилжүүлнэ гэж хохирогчид итгэл төрүүлсээр байсан байдаг.
Хохирогч Л.Мөнх-Эрдэнийн нийлүүлсэн 3416 кг адууны махны нийт үнэ 20496000 төгрөгийн 9000000 төгрөгийг бүтэн 9 сарын дараа хохирогчийн дансанд шилжүүлсэн.
О.Уламбаярын бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж хохирол учруулсан үйлдэл нь хохирогч Л.Мөнх-Эрдэнэ, гэрч Д.Энхбаатар, Б.Бадамцэцэг, Я.Ганхуяг, Ц.Бархасбадь, Х.Амаржаргал, Р.Тогтохбаяр нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна.
Хохирогч Л.Мөнх-Эрдэнийн утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд ...99466088 гэсэн дугаараас 1 дэх өдөр хэдэн зоос өгнө гэсэн Лус-Алтайн дансаар нэхэмжлэхтэйгээ Ulam_mgl@уаhоо.соm гэсэн хаяг руу явуулаарай /2014.03.19-ны өдөр 13 цаг 10 минут/, Яанаа мөнгө ирэхгүй алж байна аа манай компани мөнгөгүй байна гэнэ ээ. Одоо уг нь баяжмалын мөнгө хятадаас орох ёстой хот руу байнга залгаж байна. /2014.02.19-ны өдөр 19 цаг 43 минут/ зэрэг мессэжүүдийг хохирогчийн утас руу явуулсан байдаг.
Хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар О.Уламбаярт холбогдох Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Алтайн Хүдэр ХХК-ний Таян нуурын уурхайн кемп зохицуулагчаар ажиллаж байхдаа 2014 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр иргэн Л.Мөнх-Эрдэнийн нийт 3416 кг адууны махыг 1 кг тутмыг нь 6000 төгрөгөөр буюу нийт 20 496 000 төгрөгөөр уурхайн ажилтнуудын хүнсний хэрэгцээнд худалдаж авна гэж худлаа хэлж уурхайн агуулахад буулгасны дараа уг махыг 2014 оны 02 дүгээр 19-ны Улаанбаатар хот руу ачуулж зарж борлуулж залилан мэхэлсэн үйлдэл тогтоогдож байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №24 тоот цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уламбаярын хувийн байдлыг тогтоогоогүй гэж байна. Уламбаяраас болж энэ хэрэг маш их удааширсан гэж байна. О.Уламбаяр энэ хэрэг надаас болж удаашраагүй гэдэг талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тодорхой ярьсан. О.Уламбаяр өмнө нь ямар ажил хийж байсан нь энэ хэрэгт ямар ч ач холбогдол байхгүй гэж үзэж байна. Мах ачиж ирээд буулгах үед Уламбаяр байгаагүй. Дараа нь орж ирээд энэ мах тооцоонд ороогүй юм тусд нь буулгаарай гэж хэлээд аймаг руу явсан. Ямар нэгэн байдлаар хуурч мэхлэх замаар хүний юмыг авах санаа зорилго огт байхгүй. Энэ махыг ямар учраас Улаанбаатар хот руу авч явж зарсан гэхээр найз нөхөд учраас дулаараад ирэх үед мах муудах байсан тул зарсан гэж хэлсэн. Энэ талаар гэрч нарын мэдүүлэг байгаа бөгөөд О.Уламбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

 

4


Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн зөв тогтооход чухал ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг дутуу шалгасан, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Тухайлбал О.Уламбаяр нь анхнаасаа Л.Мөнх-Эрдэний эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах замаар Л.Мөнх-Эрдэнийг төөрөгдүүлэх санаа зорилго агуулж байсан эсэх, О.Уламбаяр, Л.Мөнх-Эрдэнэ нарын хооронд ямар нэгэн гэрээний, болон итгэмжлэлийн харилцаа үүссэн эсэх, гэрээ хэлцэл хийсэн, эд хөрөнгөө итгэмжлэн олгосон бол аль нэг тал дан ганцаар ашиг олох гэрээний нөгөө талыг хохироох санаа зорилготой байсан уу эсвэл харилцан ашигтай ажиллаж, ашигаа хуваах зорилготой байсан уу гэдгийг тогтоосны дараа уг үйлдэлд  гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх талаар дүгнэх боломжтой болох ба хэрэв уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол эдгээр үйл явдлын аль үед гэмт хэрэг үйлдэх санаа зорилго төрсөн зэргийг дүгнэх боломжтой. 

Мөн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ нь тухайн гэмт хэргийг зүйлчлэх үндэслэл болох бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлдог.
Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын хэмжээг тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тооцдог.
Гэтэл тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох талаар зайлшгүй хийгдэх ажиллагааг хийгээгүй байна.
 Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг Монгол хэл, бичгээр явуулах ёстой бөгөөд хохирогчийн гар утсанд үзлэг хийж хуулбарлан авсан гэх захидлууд нь Монгол бичгээр бичигдээгүй байхад шинжилгээ хийлгэж Монгол бичигт хөрвүүлэлгүйгээр үзлэг хийж хуулбарлан хэрэгт хавсаргасан нь тухайн нотлох баримтыг үнэлэх боломжгүй байдалд хүргэсэн байна.   

Мөрдөн байцаалтын явцад яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах замаар хэргийг тал бүрээс нь бодитойгоор шалгах шаардлагатай бөгөөд шүүгдэгч хохирогч нарын харилцан бие биедээ бичсэн захидлуудаас тэдгээрийн уялдаа холбоо, агуулгыг бүхэлд нь дүгнэх боломжтой болохыг дурьдах нь зүйтэй байна.
Мөн О.Уламбаярын үйлдлийн улмаас Лус-Алтай ХХК эсхүл иргэн Л.Мөнх-Эрдэнэ нарын хэн нь хохирсон буюу хэн уг хэрэгт хохирогч буюу түүний төлөөлөгчөөр оролцвол зохихыг тогтоох нь зүйтэй. 

Эдгээр байдлуудаас дүгнэхэд Мөрдөн байцаалтын шатанд зайлшгүй хийвэл зохих шинжилгээнүүдийг хийгээгүй О.Уламбаяр, Л.Мөнх-Эрдэнэ нар нь хоорондоо анх ямар нөхцөлөөр хэлэлцэн тохиролцсоныг бодитой тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд биш хийсэн бөгөөд тэдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Анхан шатны шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.
Түүнчлэн нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа шүүгдэгчийг яллах үндэслэл болж байсан нотлох баримтыг ямар учраас үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, ямар нотлох баримтуудыг хуульд заасан  үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй гэдгийг тодорхой бичээгүй  зэргийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтооллыг хүчингүй болгож, дээр дурдсан байдлуудыг шалгуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж 


    
5


шүүх бүрэлдэхүүн үзэв. Хэргийг прокурорт очтол О.Уламбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Говь-Алтай аймгийн  прокурорын газарт буцааж, хохирогч Л.Мөнх-Эрдэнэ, хохирогчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.

2. Хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газар очтол шүүгдэгч О.Уламбаярт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЖАРГАЛСАЙХАН 

                     ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                                Ч.ЭНХТӨР