Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00579

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03119 дугаар шийдвэртэй

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “И” ХХК-д холбогдох

177,412,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ф, түүний өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгч Ц.Й, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: “Э” ХХК нь бетон зуурмаг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 оны 07 дугаар сарын эхээр “И” ХХК бидэнд 300,000,000 төгрөгт бетон зуурмаг нийлүүлж, төлбөрт нь Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо И з хотхон, 000 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг худалдаж авах санал тавьсан. Манай талаас 269,800,000 төгрөгийг бетон зуурмаг нийлүүлээд, зөрүү 30,200,000 төгрөгийг бэлнээр өгье гэж тохиролцоод гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу 2017 оны 07 дугаар сарын сүүлээс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл М250 маркийн 170,496,000 төгрөгийн үнэ бүхий 1200 м.кв М250 маркийн бетон зуурмаг нийлүүлсэн, 6,916,000 төгрөгийн насост машинаар үйлчилгээ үзүүлсэн, 30,200,000 төгрөгийг арматурын мөнгө гэж бэлнээр өгсөн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Э” ХХК,  “И” ХХК нь тооцоо нийлсэн актыг гэрээ хэлбэрээр үйлдэж, дээрх 4 өрөө орон сууцны өмчлөл болон эзэмшлийг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Гэвч “И” ХХК нь өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, И з хотхон, 000 дугаар байрны 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг өгөхгүй байгаа тул орон сууц худалдан авах төлбөрт өгсөн бетон зуурмагийн төлбөр болох 177,412,000 төгрөгийг “И” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Фгийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг нийлүүлэх” гэрээ байгуулагдаж, гэрээний 2.1 дэх заалтаар М250 марктай, нэг метр куб бетон зуурмагийн үнэ 142,000 төгрөг бөгөөд 1900 м.куб бетон зуурмагийн үнэ нийт 269,800,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Дээрх гэрээний толгой хэсэгт төлбөрийг бараа бүтээгдэхүүнээр 100 хувь төлсөн гэж заасан, үүнтэй нэхэмжлэгч тал маргадаггүй. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Тооцоо нийлсэн акт”-ын 2.1-д хариуцагчийн шаардаж буй И зайсан виллаж хотхон, 000 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг талууд нийт 300,000,000 төгрөгөөр тооцож үнэлэн “Э” ХХК-д шилжүүлэн өгснийг “Э” ХХК зөвшөөрсөн байна. Актын 3.1-д нэхэмжлэгчийн зүгээс нийт 147,212,000 төгрөгийн үнэ бүхий бараа ажил үйлчилгээ үзүүлсэн, нэхэмжлэгч нь хариуцагчид 135,588,000 төгрөг буюу 954.8 м.куб бетон зуурмагийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан нийлүүлэх талаар тусгасан. Ийнхүү “И” ХХК нь гэрээний дагуу “Э” ХХК-д маргаж буй 000 дугаар байрны 1 тоот, 4 өрөө орон сууцыг шилжүүлж, “Э” ХХК нь тус орон сууцыг хүлээж аваад гуравдагч этгээдийг амьдруулж, улмаар “И финанс ББСБ” ХХК-аас зээл аван барьцаанд тавьсан байдаг. Харин нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэн авсан ч бетон зуурмаг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй атлаа хариуцагчаас нэхэмжлэлд дурдсан мөнгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүргийг шаардаж байгаа бол нэхэмжлэгч мөнгөн хэлбэрээр биш орон сууцыг л шаардах ёстой. Өөрсдөө эхлээд үүргээ биелүүлээгүй байж гэрээ цуцалсан эсэх нь тодорхойгүй байхад, орон сууцаа ч авсан зүйл байхгүй хирнээ мөнгөө буцааж гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал бидэнд мөнгө шилжүүлээгүй, бетон зуурмаг нийлүүлсэн тул бетон зуурмагийн мөнгийг шаардахаас биш, өгсөн мөнгөө буцаан шаардах гэсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 274 дугаар зүйлийн 274.1-д заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас 177,412,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,045,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,045,010 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгч Г.Аын давж заалдах гомдлын агуулга: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг талууд нотлох баримтаа гаргаж мэтгэлцэх, тэдгээрийн тэгш байдлыг хангах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ямар гэрээ бетон зуурмаг нийлүүлэх 1 тоот гэрээ, эсвэл орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх тухай гэрээний үүрэг шаардсан, эсвэл гэрээнээс татгалзаж, түүний үр дагаврыг шаардсан аль нь болохыг шүүх тодруулалгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр талууд тооцоо нийлсэн актыг үйлдэж, “И” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, И з хотхоны 000 баярны 1 тоот 120 м.кв талбай бүхий 4 өрөө байрыг 300,000,000 төгрөгөөр үнэлэн “Э” ХХК руу шилжүүлснийг “Э” ХХК нь хүлээн зөвшөөрч хүлээн авсан, “И” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13,000,000 төгрөгийг “Э” ХХК-д насост машины хөлсөнд бэлнээр төлсөн. Дээрх зуурмагийн төлбөрийн зөрүү төгрөгийг “Э” ХХК нь Г.Б болон Д.Б нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “арилжааны гэрээ”-ний төлбөрт буюу арматур нийлүүлэгч Д.Бын тооцоо руу шилжүүлэхээр болсон, “Э” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны хооронд 5 удаагийн нийлүүлэлтээр 988 метр куб буюу 140,296,000 төгрөгийн бетон зуурмаг, төгрөгийн насост машинаар үйлчлэх үйлчилгээ буюу нийт 147,212,000 үнэ бүхий бараа, ажил үйлчилгээ үзүүлсэн байна, нийлүүлэгч “Э” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар “И” ХХК-д 135,588,000 төгрөгийн өглөгтэй болохыг энэхүү актаар баталгаажуулав, “Э” ХХК нь “И” ХХК-д 954.8 метр куб бетон зуурмаг буюу 135,588,000 төгрөгийн өглөгтэй байгаа бөгөөд энэхүү бетон зуурмагийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан “И” ХХК-ийн захиалсан өдөр саадгүй нийлүүлнэ гэж тус тус тохирсон. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрт дээр дурдсан тооцоо нийлсэн актын зарим хэсгийг үндэслэлээ болгосон атлаа ямар учраас бусад хэсгийг дурдаагүй, үндэслэлээ болгоогүй шалтгаан, үгүйсгэсэн нөхцөл байдлыг дүгнэж бичээгүйд гомдолтой байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан байдаг. Гэтэл “дээрх зуурмагийн төлбөрийн зөрүү 30.200.000 төгрөгийг ”Э” ХХК нь Г.А болон Д.Б нарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “арилжааны гэрээ”-ний төлбөрт буюу арматур нийлүүлэгч Д.Бын тооцоо руу шилжүүлэхээр болсон” гэж талууд тооцоо нийлсэн актад тодорхой дурдаж, улмаар нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад бусдын өмнөөс төлбөр тооцоог хийж гүйцэтгэсэн талаар тайлбарладаг. Хуулийн дээрх зохицуулалтыг, нэхэмжлэгчийн тайлбар болон актад дурдсан нөхцөл байдалтай харьцуулан үзвэл гэрээнээс татгалзсан үр дагаварт бусдын өмнөөс хийсэн төлбөр тооцооны шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт хамааруулж, улмаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үр дагавар мэтээр шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Бетон зуурмаг нийлүүлэх тухай” 1 тоот гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө шаардаж байгаа талаараа тайлбарласныг шүүх тухайн гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзсан, улмаар түүний үр дагаврыг шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа насост машинаар үйлчилгээ үзүүлсэн 6,916,000 төгрөгийг шаардсан. Гэтэл талуудын тооцоо нийлсэн актын 2.2-т “И” ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13,000,000 төгрөгийг “Э” ХХК-д насост машины хөлсөнд бэлнээр төлсөн талаар дурдсан байгааг шүүхээс дүгнэлт өгөөгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Хан-Уул дүүргийн прокурорын газраас “И” ХХК-аас гаргасан гомдолтой, 181001381 дугаартай хэргээс нотлох баримт гаргуулах” тухай хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183\Ш32021\16335 дугаартай шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан нь буруу байсан. Хариуцагч талаас орон сууцны эзэмшлийг шилжүүлэх үүргээ “И” ХХК нь гүйцэтгэсэн, харин нэхэмжлэгч компани нь үлдэх мөнгөн төлбөрийн үүрэгт шилжүүлэх байсан бетон зуурмагийг нийлүүлээгүй гэж маргадаг. Нэхэмжлэгч тал тооцоо нийлэх актад дурдсан бетон зуурмагийг нийлүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өмчлөлийг огт шилжүүлээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:... Хариуцагч тал 2017 онд тооцоо нийлсэн акт үйлдээд орон сууцаа өгнө, солилцоно гэж тохирсон. Өөрөөр хэлбэл энэ орон сууцыг өгөөгүй. 2017 онд бетон зуурмагаа нийлүүлсэн, 30,200,000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байгаа. Өнөөдрийг хүртэл өгөөгүй, анхан шатны шүүх энэ байр байдаг эсэх талаар Улсын бүртгэлийн газар руу бичиг явуулсан боловч ямар ч баримт ирээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс анх үзүүлж байсан байранд одоо юу байдаг юм бол гэж очиж үзсэн айл амьдардаг байр байсан. Өнөөдрийг хүртэл энэ компани тус байрыг ашиглаад явдаг цахилгааны төлбөр төлдөг баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймэрхүү байдлаар дандаа  худлаа ярьж шүүхэд ирэх болгондоо хүсэлт өгч, хурлыг хойшлуулдаг. 5 жилийн хугацаанд “Э” ХХК нь байраа аваагүй, мөнгөө ч авж чадахгүй явж байгаа юм. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

          1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

2. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч “И” ХХК-д холбогдуулан 177,412,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч тал бидэнд мөнгө шилжүүлээгүй, бетон зуурмаг нийлүүлсэн тул бетон зуурмагийн мөнгийг шаардахаас биш, өгсөн мөнгөө буцаан шаардах гэсэн зүйл байхгүй” гэсэн үндэслэл заан маргажээ.

3. Талууд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 1 тоот “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ” байгуулж, нэхэмжлэгч “Э” ХХК нь М250 марктай /нэг м.куб бетон зуурмагийн үнэ 142,000 төгрөгөөр хэмжээ/ 1900 м.кубыг нийлүүлэх, худалдан авагч “И” ХХК нийт үнийн дүн 269,800,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх.40-43/

3а. Хэргийн 44 дүгээр талд авагдсан “Э” ХХК, “И” ХХК-уудын хооронд хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны “Тооцоо нийлсэн акт” авагдсан, уг актаар нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагчид 177,412,000 /147,212,000+30,200,000/ төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /хх.44-45/

4. Хариуцагч байгууллага Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо И зайсан виллаж хотхон, 79б байрны 1 тоот хаягт байршилтай, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10/5647 тоот албан бичигт “уг орон сууцны өмчлөх эрх өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй” гэж заасан байна. Иймд хариуцагч “И” ХХК-ийг орон сууцыг нэхэмжлэгч  “Э” ХХК-д шилжүүлсэн гэж үзэх боломжгүй юм.

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” бөгөөд нэхэмжлэгч  “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд гэрээнээс татгалзсан агуулгатай талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж дүгнэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар “Э” ХХК-ийн нийлүүлсэн бараа, үйлчилгээ, бэлэн төлсөн нийт 177,412,000 төгрөгийг хариуцагч “И” ХХК-аас буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

6. Хариуцагчийн төлөөлөгчийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын архиваас хэрэг бүртгэлтийн 181001381 дугаартай хэргээс гэрч Д.Цын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулах” тухай хүсэлт гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183\Ш32021\16335 дугаартай шүүгчийн захирамжаар “...мэдүүлэг өгсөн гэрч Д.Ц нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч” гэсэн үндэслэлээр хангахаас татгалзахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/03119 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 1,045,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                              ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО