Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00580

 

“Н К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/00162 дугаар шийдвэртэй

“Н К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох

12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцон төлбөр авагчид санал болгох хуралдааны ажиллагаа, хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Отгонжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.С нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч компанийн өмч хөрөнгө болох 12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага тодруулж ...төлбөрт хураагдсан 4 ширхэг сүлжмэлийн машиныг албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцон төлбөр авагчид санал болгох хуралдааны ажиллагаа, хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 10-ны өдрийн 102\Ш32015\05465 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна. Тус захирамжинд хариуцагч “Н” ХХК-ийн захирал Д.Ганбат нь “Ш” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт ... нэхэмжлэгч болон хариуцагч нар нь санхүүгийн түрээсийн төлбөр болох ... 367.513.646 төгрөгөөр эвлэрэв гэжээ. Гэтэл тус санхүүгийн түрээсээр авсан гэх 4 ширхэг суурь машиныг нь 2013 оны 12 сард манай компани нь урьдчилгаа төлбөр олох 72.000 ам.долларыг нь төлж “Н К” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан. 2013 оноос өнөөдрийг хүртэл манай компанид эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Тиймээс уг 12 G штоол 1ширхэг, 120 штоол 7 G штоол 1ширхэг, 70 штоол 1 ширхэг нийт 4 ширхэг тоног төхөөрөмж нь манай компаний тооллогын бүртгэлд бүртгэлтэй байдаг тул манай компаний өмч хөрөнгө юм. Уг тоног төхөөрөмжийн үнийг төлөхөөр шүүхийн шийдвэр “Н” ХХК-ийн нэр дээр гарсан, нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжйг буцаан авах шаардлага гаргаагүй, нэхэмжлэгч харуцагч нар тоног төхөөрөмжийн үнийн дүн дээрээ эвлэрч шүүхээр шийдвэрлүүлсэн хүчин төгөлдөр шийдвэртэй. Н нь манай хөрөнгийг хууль бусаар хураан авах шаардлагыг тавьж бидний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж үйлдвэрийг алдагдалд оруулах байдалд оруулаад байна. Шүүхийн шийдвэрт энэ 4 тоног төхөөрөмжийг үүргийн гүйцэтгэлд хураах авах талаар шийдвэрт заагаагүй, хөрөнгийг барьцаалаагүй. “Н К” ХХК нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 10-ны өдрийн 102\Ш32015\05465 дугаар шүүгчийн захирамжын үүргийн биелэлтийг хангах баталгаа гаргаж өгөөгүй, хамтран зээлдэгч биш тул манай компанийн өмч хөрөнгийг хураах нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байх тул 120 штоол 1ш , 120 штоол 1ш, 70 штоол 1ш, 70 штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ыийн шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5465 дугаар захирамжаар “Н” ХХК-аас санхүүгийн түрээсийн төлбөрт 367,513,646 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар, хариуцагч энэхүү төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлснөөр 4 ширхэг автомат удирдлагатай Stoll машиныг хууль ёсны өмчлөгч болохоор зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 15296061 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдсан төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул 4 ширхэг автомат удирдлагатай Stoll машиныг битүүмжилж, хураан авсан. Хураан авах тухай 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр талуудад 3/29975 дугаар албан бичгээр мэдэгдэж, 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор талууд харилцан тохиролцож үнийн саналыг шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэхээр мэдэгдсэн мэдэгдэл хүргүүлсэн боловч заасан хугацаанд талууд ирүүлээгүй. Тиймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимейнт” ХХК-ийг томилоход 353,000,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ буюу 353,000,000 төгрөгийг 30 хувиар бууруулан 247,100,000 төгрөгөөр хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр үнэ хаялцуулах дуудлага худалдаанд оруулсан ч үнийн санал ирээгүй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаанаар шинжээчийн тогтоосон үнэ болох 353,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авах шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоогоор түдгэлзсэн байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч “Н К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн ШШГГ-т холбогдох, 12 G штоол 1 ширхэг, 12 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг, 7 G штоол 1 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.4-т зааснаар хариуцагч Нийслэлийн ШШГГ-т холбогдуулан гаргасан хууль бусаар бусдын эд хөрөнгийг хураан авч, төлбөр төлөгчид шилжүүлэх, санал болгосон үйл ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч “Н К” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 25-ны өдрийн 102/ШЗ2021/13296 дугаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамж хүчингүй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т зааснаар 1 хавтаст хэргийн 45-130 дугаар тал авагдсан хариуцагчийн ирүүлсэн бичгийн нотлох баримтуудыг нотлох баримтаас хасаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сгийн давж заалдах гомдлын агуулга: ... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулж байгаа шийдвэр нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2015/05465 дугаар шүүгчийн захирамжаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар “Н” ХХК кь “Ш” ХХК-д 197,226.40 ам.доллар буюу 367,513,646 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж байдаг. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь “Н” ХХК-ийн төлбөрт “Н К” ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхээс өмнө шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийнхээ үндэслэл хэсэгт тодорхойлсон нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан байна. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төрөл хэлбэр нь өөр өөр байх бөгөөд өнөөдрийн шийдвэрлэж байгаа хэрэг маргаан нь зөвхөн шийдвэр гүйцэтгэх газар нь бусдын төлбөрт “Н К” ХХК-ийн өмч хөрөнгийг ямар ч шүүхийн шийдвэргүй болон өр авлагагүй байхад эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хийсэн нь хууль бус тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Хураан авах ажиллагааны талаар анхан шатны шүүх нь ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна. Манай байгууллага шүүхэд анх удаа хандаж байгаа бөгөөд манай байгууллагын эрх ашиг зөрчигдсөн байгаа бөгөөд манай компанийн үнийг нь төлөөд авсан эд хөрөнгөө үндсэн хөрөнгийн бүртгэл тусган жил бүр тайландаа тусгасан, санхүүгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүх тус нэр бүхий 120 штоол, 120 штоол, 7С штоол, 70 штоол нийт 4 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмжийг “Н” ХХК-ны өрөнд хураан авах гээд байгаа хууль бус ажиллагааг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэрэгт цугларсан нотлох баримт болон гомдолд дурдсан нөхцөл байдлыг хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

2. Нэхэмжлэгч “Н К” ХХК нь хариуцагч Нт холбогдуулан 4 ширхэг суурь машин буюу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг,

 албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээгээр тооцон төлбөр авагчид санал болгох хуралдааны ажиллагаа, хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан” гэж маргажээ. /хх.1-3, 33-34/

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2015/05465 дугаар шүүгчийн захирамжийн үүргийн биелэлтийг хангах баталгаа гаргаж өгөөгүй, хамтран зээлдэгч биш, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Н К” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тухайн хөрөнгө манай компанид шилжсэн байхад үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хураах нь хууль зүйн үндэслэлгүй, худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа” гэж тайлбарласан байна.

3а. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/05465 дугаар захирамжаар зохигчид эвлэрч, санхүүгийн түрээсийн гэрээг цуцалж, түрээсийн зүйл болон түрээсийн төлбөрт хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэгч ХБНГУ-ын хуулийн этгээд болох “Ш” ХХК-д 197,226.40 ам.доллар буюу 367,513,646 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн төлөх, хариуцагч энэхүү төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлснөөр 4 ширхэг автомат удирдлагатай штолл машины хууль ёсны өмчлөгч болохоор тус тус тохиролцсон эвлэрлийг шүүх баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1хх.155-157/

3б. Н 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 15296061 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 140/02 дугаар “Эд хөрөнгө хураах тухай тогтоол” гарч, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээний талаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн байна.

3в. Талууд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр  гүйцэтгэх газрын 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “М” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэсэн, шинжээч хөрөнгийг 353,000,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг талуудад танилцуулан, төлбөр төлөгч үнийг төлөөгүй тохиолдолд дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ. /1хх.183-202/

3г. 2 дугаар хавтасны 25-52 дугаар талд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн албадан дуудлага худалдааны хурлын протокол, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар санал болгох ажиллагааны хуралдааны тэмдэглэл, хариуцагчийн тайлбар баримтуудаас үзэхэд төлбөрт хураан авсан хөрөнгө албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, шинжээчийн тогтоосон үнээр тооцон хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх санал болгох шийдвэр гарч, уг хөрөнгийг шилжүүлж шийдвэрлэсэн байна.

4. Анхан шатны шүүх дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан журмын дагуу явагдсан ба энэхүү ажиллагааны талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч нар гомдол гаргаагүй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн хууль бус болох нь тогтоогдоогүй талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.  

5а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “...төлбөрт хураагдсан хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хууль болон журмыг зөрчсөн” гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5б. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01715 дугаар шийдвэрээр “Н К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нт холбогдох автомат удирдлагатай сүлжээний 4 ширхэг штолл машиныг төлбөрт хураан авч, худалдан борлуулах ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна. /1хх.213-235/

5в. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага болох 4 ширхэг сүлжмэлийн машиныг төлбөрт хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг өмнө шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байна.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2022/00162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч байгууллагаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                 

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                             ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                    Ц.ИЧИНХОРЛОО