Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 08

 


    Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нарт холбогдох
    эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд, прокурор Ц.Сайнхүү, хохирогч Д.Бүрнээбаатар шүүгдэгч: Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14/А дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нарын  гаргасан давж заалдах гомдлоор Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нарт холбогдох 201507000229 дугаартай эрүүгийн хэргийг  2016 оны 8 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, 1986 оны 12 дугаар сарын 24-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, аминдаа 200 гаруй малтай, ДА86122415 регистрийн дугаартай,  Урианхай овогт Баатарын Шинэтүшиг нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт байх Хавцалын ам гэх газарт шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор бусдын амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж хохирогч Д.Бүрнээбаярыг ”буудна шүү” гэж айлган буу шагайж байгаад 427.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нарны толийг дээрэмдсэн,
Монгол улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, 1982 оны 09 дүгээр сарын 29-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багт оршин суудаг, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, аминдаа 280 гаруй бог малтай, ДГ82092915 регистрийн дугаартай, Мандал овогт Чойжхүүгийн Будбаатар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр шунахайн сэдэлтээр өөртөө авсан, 
Ч.Будбаатар, Б.Шинэтүшиг нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан “Алтайн Хүдэр” ХХК-ийн өмчлөлийн 1.074.400 төгрөгийн үнэ бүхий монгол гэрийг  хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Шүүгдэгч Мандал овогт Чойжхүүгийн Будбаатарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, хадгалах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, 

2

Шүүгдэгч Урианхай овогт Баатарын Шинэтүшигийг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Будбаатарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 35, 36 дугаар зүйлүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Будбаатарын эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сар, 20 /хорь/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Б.Шинэтүшигийн эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэтүшигийн эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Шинэтүшигт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял 6 жилийн хорих ялд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялыг нь багтааж, биечлэн эдлэх ялыг нийт 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Шинэтүшигт оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Будбаатарын цагдан хоригдсон 67 хоног,  ялтан Б.Шинэтүшигийн  цагдан хоригдсон 67 хоногийг тус тус ялтан нарын  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,  Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ялтан Ч.Будбаатарын эзэмшлийн УАЗ 31512 маркын 40-78 ГАА улсын дугаартай, 2.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин, Мустанг-150 маркын улсын дугааргүй, 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг тус тус хурааж улсын орлого болгохоор, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ЗН1751 гол төмрийн дугаартай, 1655 замагны дугаартай, бичиг баримтгүй ТОЗ -8 маркийн бууг устгасугахаар шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолын бусад заалтаар шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих бусад асуудлыг шийдвэрлэж эрх бүхий этгээдээс давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг дурджээ.

Шүүгдэгч Б.Шинэтүшиг давж заалдах гомдол тайлбартаа: Б.Шинэтүшиг миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би нарны толь авахдаа гэрийн гадаа буудсан зүйл огт байхгүй, гэр хүнгүй юм шиг байхаар нь толийг авахаар дөхөөд очтол гэрээс гэнэт хүн гараад ирэхээр нь сандрахдаа буудна шүү ор гээд хэлчихсэн юм. Түүнээс гэрийн гадаа буудаагүй. Миний буунд сум ч байгаагүй юм. Үүнийг ийм хүнд хэрэг болчихно гэж бодоогүй. Мэдлэг боловсрол муу байдлаасаа ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Би хамар дээрээс дурандаж байхад хүнгүй юм шиг байхаар нь нарны толийг нь хулгай хийгээд авахаар очсон юм. Миний ар гэрийн амьдрал хүнд эхнэр жирэмсэн байгаа. Хохиролоо төлж барагдуулсан байгаа. Иймд миний ар гэрийн амьдралыг харж үзээд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 гэсэн зүйл ангийг өөрчлөн хөнгөн ял оноож өгөөч гэжээ.
Шүүгдэгч Ч.Будбаатар давж заалдах гомдол тайлбартаа: Ч.Будбаатар миний бие тухайн үед нарны толь авахад боль гэж хэлж байсан. Унаж явсан мотоцикль минийх байсан. Машин миний машин биш Цэрэндолгорын машин байсан. Би авсан боловч мөнгийг нь өгч чадаагүй явсан юм. Хэрэгт холбогдсоны дараа Цэрэндолгор машинаа авсан байхад хуулийн хүмүүс очоод хураагаад авсан байсан. Энэ хүний 

3

машиныг улсын орлого болгосонд гомдолтой байна. Иймд уг машиныг жинхэнэ эзэмшигч Цэрэндолгорт буцаан олгож өгнө үү гэжээ. 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Б.Шинэтүшиг нь уг гэмт хэрэг үйлдэгдсэн газраас ойрхон газар 2 удаа үнэг буудсан, тэгээд нарны толь авах гэж байхад хүн гараад ирэхэд буудна шүү цаашаа ор гэж хэлээд нарны толийг авсан гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч Д.Бүрнээбаяр нь "2 удаа буун дуун гарахаар гэрээс гараад иртэл цагаан дээлтэй хүн буу шагайгаад Буудлаа шүү аминдаа хайртай бол гэртээ ор гэж хэлэхээр нь айхдаа гэртээ орсон" гэж мэдүүлсэн байна.Үүнд дүгнэлт хийхэд Б.Шинэтүшиг нь хэдийгээр буугаар буудаагүй буюу хүч хэрэглэсэн аливаа үйлдэл гаргаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд аюул учруулна гэж айлган заналхийлж нарны толийг авсан байна. Нөгөөтэйгүүр хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар, хохирогчид мэдэгдэхгүйгээр үйлдэгддэгээрээ бусад өмчийн эсрэг гэмт хэргээс яллагддаг. Б.Шинэтүшиг нь хохирогчийг айлган сүрдүүлж байгаад нарны толийг авсан нь нотлогдож байгаа. Мөн дээрмийн гэмт хэргийн объектив тал нь эд зүйлийг авахаар бусдын өмчлөх эрхэд заналхийлсэн бусдын эрүүл мэнд рүү чиглэсэн үйлдэл байдаг.Тиймээс Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Шинэтүшигийг зэвсэг хэрэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй байна.
Ялтан Ч.Будбаатар, Ч.Шинэтүшиг нарын мэдүүлэг болон гэрч Д.Тэгшжаргалын мэдүүлэг /хх-ийн 86-87-рт/, гэрч Ж.Баднаанямбуугийн мэдүүлэг /хх-ийн 88-89-рт/ зэргээр тухайн гэмт хэргийг үйлдэхдээ автомашин болон мотоцикль ашигласан болох нь нотлогдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байдаг. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1 дугаартай тогтоолын 7 дахь хэсэгт "мөн зүйл хэсгийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн болон бусад хэрэгсэл гэдэгт гэм буруутай этгээд тухайн үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх зорилгоор хэрэглэсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан бүх төрлийн тээврийн хэрэгслийг хамааруулна гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалт болон УДШ-ийн тогтоолоор ялтан нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хурааж авах нь зүйтэй байна. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийг хураахгүй, хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бол хураан авна гэсэн хуулийн заалт байхгүй тиймээс нарны толийг дээрэмдэх үедээ ашигласан мотоцикль, болон хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ зөөвөрлөсөн УАЗ-469 автомашиныг хураан авч улсын орлого болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Мөн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр тухайн этгээдийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан байдаг. Дээрх байдал нь гэрч Нямсүрэн Цэрэндолгорт зарсан, Цэрэндолгор нь Будбаатарт зарсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, ялтан Ч.Будбаатар нь 2015 оны татварыг болон даатгалыг өөрөө төлсөн баримт зэргээс харахад уг автомашин нь Ч.Будбаатарын өмчлөлд шилжсэн бөгөөд тухайн автомашиныг улсын орлого болгосон нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж ялтан нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4

Ялтан нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Шинэтүшигт Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хүч хэрэглэхээр заналхийлэх идэвхтэй үйлдэл гарсан байгаа боловч энэ хүний үйлдэлийг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр байгаа. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт яагаад ороод байгаа гэхээр зэвсэг зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн гэж 147.2 дахь хэсэгт орж ял халдаасан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан зэвсэг зэвсгийн чанартай зүйл яаж хэрэглэсэн нь хэрэгт байгаа нотлох баримт гэрч Д.Бүрнээбаяр нарын мэдүүлгээр тогтоогдохгүй байгаа юм. Улсын яллагч бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахаар хүч хэрэглэж занал хийлж довтолсон гэж үзэж байгаа юм. Энэ хүн өөрөө би дээрмийн хэрэг хийнэ гэж очоогүй гэдэг, дээрэм хийнэ гэсэн санаа зорилго байгаагүй. Хамар дээрээс дурандаж байгаад гэр нь хүнгүй байхаар нь гэрийнх нь гадаа байсан хоёр толийг авах гэж очсон гэж тайлбарлаж байгаа. Тэгээд ч тэр хоёр толийг хулгайлах гэж очсон ингэхдээ учирсан саад бэрхшээлийг арилгахын тулд буудна шүү ор гэж хэлээд хулгайн үйлдлээ гүйцээгээд аваад явсан байгаа нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Ийм учраас Шинэтүшигийг зүйлчилсэн зүйл ангийг өөрчилж өгнө үү. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал хүсэлт байхгүй гэснийг мөрдөн байцаалтын шатнаас хавтаст хэрэгт хийсэн байгаа. Энэ хоёр хүнд оноосон ялыг Эрүүгийн хуулийн  551 дугаар зүйлийг хэрэглэж ялыг нь доош нь татаж өгнө үү. Б.Шинэтүшиг ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг боловч хадам аав, хүр дүү нараа асран хамгаалж явдаг хүн юм. Хадам аав нь өндөр настай, хүр дүү нь хөгжлийн бэрхшээлтэй 2 настай охин, эхнэрийн хамт амьдардаг эхнэр нь одоо жирэмсэн байгаа. Энэ айлыг авч явдаг хүн нь Б.Шинэтүшиг байсан энэ хүнийг хэрэгт холбогдсоноос хойш ар гэр нь маш хүнд байдалд ороод байгаа. Ч.Будбаатар нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Том хүү нь хөгжлийн бэрхшээлтэй асрамжид байдаг. Өндөр настай ээж, хоёр эгчийгээ асран хамгаалдаг. Хоёр эгч нь хөгжлийн бэрхшээлтэй эдгээр хүмүүсийг асран хамгаалдаг хүн нь Ч.Будбаатар байгаа. Энэ талаар сум болон багаас ирсэн тодорхойлолт байгаа. Энэ машиныг Ч.Будбаатар худалдаж авна гэсэн боловч Цэрэндолгорт үнэ мөнгийг нь өгөөгүй өөрийн эзэмшилд аваагүй байсан. Мөнгө өгнө гэж байгаад ийм хэрэг хийгээд машин улсын орлого болсон байгаа. Одоо энэ хүн машины мөнгөө авна гэдэг байдлаар хандаж байгаа. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр 5 сарын баривчлах ял авсан тул түүнийг багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ялтан Б.Шинэтүшиг нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Хавцалын ам гэдэг газарт байрлаж байсан Алтайн хүдэр ХХК-ы харуул Д.Бүрнээбаярруу буу шагайж “Буудна шүү” гэж амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж довтлон гэрт нь оруулж байгаад гэрийнх нь гадна байсан 427000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нарны толийг дээрэмдсэн, 
2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ч.Будбаатартай бүлэглэж Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт бариатай байсан Алтайн хүдэр ХХК-ны монгол гэрийг Ч.Будбаатарын өмчлөлийн УАЗ-31512 маркын 40-78 ГАА улсын дугаартай авто машиныг ашиглаж хулгайлсан,
Ялтан Ч.Будбаатар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Хавцалын ам гэдэг газарт Б.Шинэтүшигийн дээрэмдэж авсан 2 ширхэг нарны толийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, 
2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.Шинэтүшигтэй бүлэглэж Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт бариатай байсан Алтайн хүдэр ХХК-ы монгол гэрийг 
5

өөрийн өмчлөлийн УАЗ-31512 маркын 40-78 ГАА улсын дугаартай авто машиныг ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.Бүрнээбаярын “2015 оны 11 дүгээр сард  Хавцал гэдэг газар харуулын гэрт байж байтал 17 цагийн үед гадаа буун дуу гарахаар нь гэрээс гараад хартал гэрийн хойно байсан Контейнерийн баруун булангаас цагаан дээлтэй эрэгтэй хүн буу шагайгаад “Хөдөлбөл буудна шүү. Гэртээ ор” гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орсон чинь гэрийн баруун талд байсан нарны толин дээр ирээд уяаг нь тайлаад байгаа сонсогдохоор нь гэрийнхээ хаалгыг онгойлготол “Буудна шүү. Амь насандаа хайртай юу?” гэсэн. Тэгээд би буцаад хаалгаа хаасан. Тэгтэл хэсэг хугацаанд “Гарч ирж болохгүй шүү. Гарч ирвэл буудна шүү” гэж хэлсэн. Би 10 орчим минут болоод гэрээс гартал гэрийн баруун талд байсан 2 ширхэг нарны толийг аваад явсан байсан.” гэсэн мэдүүлэг,
Гэрч Д.Батмөнхийн: “2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хавцлын амны кемпийн 2 ширхэг нарны хавтанг аваад явсан байна гэхээр нь харуулын албаны дарга болон бусад хүмүүстэй хамт Хавцалын ам руу явж байхад 96 дугаар километр дээр байсан манай компаний харуулын гэрийг буулгаад ачаад явсан байсан. ...Бугат сумын хэсгийн төлөөлөгч болон Бүдбаатар нартай очиход гэрийн хойд талын салаанд хураачихсан, нарны хавтанг берзетэн бүрээсээр боогоод өөр газар тавьчихсан байсан. Нөгөө хавтанг нь хулгайлсан нөхөр гэртээ ашиглаж байсан” гэсэн мэдүүлэг,
Алдагдсан эд зүйлсийг Б.Шинэтүшиг, Ч.Будбаатар нараас хураан авч эздэд нь хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 
Хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа Б.Шинэтүшиг, Ч.Будбаатар нарын гэмт хэрэг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн үйл баримтыг тогтоох талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Б.Шинэтүшиг нь би гэрийн гадаа очоод буудаагүй, буунд сум ч байгаагүй, би анхнаасаа уг нарны самбарнуудыг хулгайлах санаатай байсан гэж мэдүүлж байгаа бөгөөд Б.Шинэтүшигийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан уг үйлдэл нь дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин хулгайлах гэмт хэргээ хялбарчлахын тулд хийсэн үйлдэл гэж тайлбарлажээ. 
Гэвч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн захиран зарцуулах эрхэд шилжүүлэн авсан шууд санаатай үйлдэл байдаг бөгөөд гэмт этгээд өөрийнх нь үйлдлийг бусад этгээд мэдээгүй гэж итгэж, өөрийн үйлдэлдээ хандсан байдаг.
Тэгвэл  Б.Шинэтүшигийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах зорилгоор очоод эд хөрөнгийг эзэмшигч буюу харж хамгаалах үүрэг бүхий этгээд болох Д.Бүрнээбаярыг гэрээс гарч ирээд эд хөрөнгийг нь хууль бусаар авч байгааг нь мэдсээр байтал нь зэвсэг ашиглаж хүч хэрэглэхээр заналхийлэн довтолж, уг эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авсан шинжээрээ бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байгаа юм. 
Түүнчлэн Б.Шинэтүшиг Тоз-8 маркийн буу ашиглаж, хохирогчийн эсэргүүцэх боломжийг няцааж уг эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авах зорилгоо биелүүлсэн байгаа бөгөөл Б.Шинэтүшиг нь гэрийн гадаа буудсан эсэх хийгээд, уг буу нь сумтай байсан эсэх нь уг гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлхөөргүй байна. 
Мөн шүүгдэгч Ч.Будбаатар нь Алтайн хүдэр ХХК-ы гэрийг тээвэрлэхэд ашигласан УАЗ-31512 маркийн авто машин нь Цэрэндолгорын өмчлөлийн машин байсан учраас улсын орлого болгосонд нь гомдолтой байна гэж уг машиныг Цэрэндолгорт буцаан олгуулахаар давж заалдах гомдол гаргасан боловч гэрч 
6

М.Цэрэндолгорын: “Би уг машиныг Д.Нямсүрэнгээс 2.000.000 төгрөгөөр авсан. Тэгээд 2015 оны 07 дугаар сарын дунд үед Ч.Бүдбаатарт 2.500.000 төгрөгөөр зарсан.” гэсэн мэдүүлэг, Ч.Будбаатарын: “Уг машиныг би 2015 оны 07 дугаар сард худалдаж авсан” гэсэн мэдүүлэг, уг авто машины татварыг Ч.Будбаатар төлсөн баримт зэргээр 40-78 ГАА улсын дугаартай УАЗ-31512 маркийн авто машин нь гэмт хэрэг үйлдэгдэх үед Ч.Бүдбаатарын өмчлөлд шилжсэн байсан болох нь тогтоогдож байна. Тиймээс анхан шатны шүүхээс уг авто машиныг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүхээс Б.Шинэтүшигийн дээрэмдэж авсан 2 ширхэг нарны толийг, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан Ч.Будбаатарын үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй хэдий ч Ч.Будбаатарыг энэ хэрэгт эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу тухайн гэмт хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал бий болсон байхад уг гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ч.Бүдбаатарын өмчлөлийн Мустанг-150 маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. 
Нөгөө талаар Мустанг-150 маркийн мотоцикл нь Ч.Будбаатарын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдож байгаа бөгөөд Б.Шинэтүшигийн үйлдсэн дээрмийн гэмт хэрэгт Ч.Будбаатарын өмчлөлийн мотоциклыг хурааж улсын орлого болгох үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Тиймээс давж заалдах шатны шүүхээс энэ байдлыг залруулж, уг мотоциклыг өмчлөгч Ч.Будбаатарт нь буцаан олгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 
Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, гэмт хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Шинэтүшигийг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор  хохирогчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн дээрэмдэх, бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Б.Шинэтүшигт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар  6 жилийн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулан хөнгөн ялыг хүнд ялд нь багтаан биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож,
Шүүгдэгч Ч.Будбаатарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн төдийгүй ял оногдуулах нийтлэг зарчимд үндэслэгдсэн бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Шинэтүшиг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхээр довтолсон гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байх бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна. 
7

Түүнчлэн Б.Шинэтүшиг нь Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулж болох гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Шинэтүшигт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шүүгдэгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 14А дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шинэтүшигийн эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар Б.Шинэтүшигийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 4 дэх заалтын: “6 жилийн хорих ялд” гэснийг, “3 жил 6 сарын хорих ялд” гэж, 5 дахь заалтын: “6 жилийн хорих ялыг” гэснийг, “3 жил 6 сарын хорих ялыг” гэж, 7 дахь заалтыг бүхэлд нь: “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ч.Будбаатарын өмчлөлийн УАЗ-31512 маркийн 40-78 ГАА улсын дугаартай, 2300000 төгрөгийн үнэлгээ бүхий авто машиныг улсын орлого болгож, Ч.Будбаатарын өмчлөлийн Мустанг-150 маркийн улсын дугааргүй, 700000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклыг Ч.Будбаатарт буцаан олгосугай” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Ялтан Ч.Будбаатарын гаргасан “УАЗ-31512 маркийн 40-78 ГАА улсын дугаартай, авто машиныг М.Цэрэндолгорт буцаан олгуулах, ялтан Б.Шинэтүшигийн  гаргасан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 гэсэн зүйл ангийг өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 


ДАРГАЛАГЧ                              Ж.ЖАРГАЛСАЙХАН 

                     ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                                         Ч.ЭНХТӨР