Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2018/0149

 

М.Л-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын өмгөөлөгч М.Г нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Л-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комисс, Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Лх-ын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисс, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, “Баян-Өндөр” сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг түр томилсон захирамжийн заалтыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо: Нэхэмжлэгч М.Л-ын нэхэмжлэлтэй хариуцагч Орхон аймгийн Баян өндөр сумын Засаг дарга, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 тоот шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргах нь М.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 заалт, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 заалтыг зөрчөөгүй гэж үзэж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлээ нотолж буй дараах нотлох баримтыг анхаарч үзэж хэргийг шийдвэрлэж өгнө үү.

Засаг даргыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хурааж саналын хайрцагаас 309 хүчинтэй саналын хуудас гарч санал өгсөн байна гэж шүүх хүлээн авч дүгнэлт хийхдээ хурлын /2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэл/, тооллогын комиссын” санал хураалтын дүнгийн тухай 4 тоот тогтоол, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай 4 тогтоолоор тус тус нотлогдож байгаа талаар дүгнэлт хийсэн. 309 хүн оролцсон гэх дүгнэлтийг хийсэн баримтыг няцаасан ирцын бүртгэл /2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралдааны шүүхэд ирүүлсэн эх материалыг тус Засаг даргыг сонгох сонгуульд /+/ тэмдэглэгээгээр 284 хүн оролцсон бүртгэл авагдсаны байдалд харьцуулан дүгнэлт хийхдээ 284 хүн оролцсон гэж дүгнэлт хийвэл гэж ойлгомжгүй буюу эргэлзээтэй дүгнэлт хийсэн. Ирцийн бүртгэлийн /+/ тэмдэглэгээ нь Засаг даргыг нэр дэвшүүлэхэд санал өгсөн иргэдийн ирцийн бүртгэл болох талаар талууд маргадаггүй ба хариуцагч тал уг 284 санал өгсөн хүний /+/ тэмдэглэгдсэн байдлыг няцаагаагүй. Яргуйт багийн Засаг даргыг нэр дэвшүүлэхэд 309 иргэн санал хураалтад оролцсон гэж дүгнэсэн ч юм шиг эсвэл 284 хүн санал хураалтад оролцсон гэж дүгнэсэн ч юм шиг байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх заалтыг зөрчсөн.

1. Уг сонгуульд 284 хүн санал хураалтад оролцсон нь хурлын ирцын бүртгэлийн /+/ тэмдэглэгээгээр нотлогдсон.

Хэрэгт авагдсан ирцийн бүртгэлээр 284 саналын хуудас багийн харьяа бүхий иргэнд Засаг даргыг нэр дэвшүүлэх сонгуульд оролцох эрхийг олгож тараагдсан нь нотлогдсон ирцийн бүртгэл бүхий нотлох баримт хэрэгт авагдсан, харин 309 хүн нотлогдсон гэж үзэж буй Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолд /13хх/ 309 хүн санал хураалтад оролцсон нь тодорхойгүй, саналын хэдэн хуудас хайрцагнаас гарсан нь байхгүй, санал авсан хүний тоо байхгүй, тооллогын комисс гарын үсэг зураагүй баталгаажаагүй тогтоол. Хурлын тэмдэглэл нь /2017 оны 04 дүгээр сарын 22-ны Яргуйт багийн Иргэдийн нийтийн хуралдааны шүүхэд ирүүлсэн эх материалаас/ 309 Хүн санал хураалтад оролцсон тухай тэмдэглэгдсэн боловч 2 хүний саналын хуудас хүчингүй гарсан тухай тэмдэглэлтэй ба 2 хүн хүчингүй санал өгсөн тухай тооллогын комиссын дарга Б.П /2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 26 тоот шүүх хуралдааны тэмдэглэл 156хх/ шүүх хуралдаан дээр мэдүүлдэг боловч шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй учир баримтаар 309 хүн санал хураалтад оролцсоныг нотолсон гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь заалтыг зөрчсөн.

1. Ирцийн бүртгэлийн санал хураалтад оролцсон иргэдийн нэрсийн бүртгэлийн тэмдэглэгээ /+/-ний байдалд талууд мэтгэлцээгүй ба шүүх уг нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийх үндэслэлтэй. Тухайн ирцын бүртгэл бүхий баримтад 424 гэсэн тэмдэглэгээгээр санал хураалтад оролцсон гэх + тэмдэглэгээ нь тухайн сонгуульд оролцсон иргэдийг бүртгэсэн тэмдэглэгээ болох талаар маргадаггүй. 5309 хүн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуульд оролцсон гэж үзвэл ирцийн бүртгэлд + тэмдэглэгдээгүй 25 иргэн санал хураалтад оролцсон гэх нь ирцийн бүртгэлээс харагдахгүй байхад сонгуульд санал өгөх эрхтэй 309 иргэн санал хураалтад орсон гэж шүүх дүгнэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчсөн. Ирцийн бүртгэлийн + тэмдэглэгээг үгүйсгээгүй атал хурлын тэмдэглэлийг үнэн зөвд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлж дүгнэлт хийх үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Ирцийн бүртгэл бүхий нотлох баримт сонгуульд оролцохоор ирсэн иргэдийн нэрс байх боловч регистр бичигдээгүй, овог бичигдээгүй, засвартай зэргээс тухайн багийн харьяалалтай иргэн оролцсон эсэх, сонгуулийн насны иргэн оролцсон эсэхэд нэхэмжлэгч тал мэтгэлцсэн.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан багийн харьяаллын бүртгэлгүй иргэн оролцсоныг нотлох баримт хэрэгт авагдсан түүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх түүнийг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 107 р зүйлийн 107.4 заасныг зөрчсөн.

А. 2017 оны 04 дүгээр сарын 26 өдрөөр иргэдийн шилжилт хөдөлгөөн зогссон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох сонгогчийн нэрсийн жагсаалт бүхий нотлох баримт хэрэгт авагдсан. Уг баримтыг ирцийн бүртгэлд авагдсан 94 иргэний нэрс /хавсралт 1/-тэй харьцуулан үзэхэд хаягт бүртгэлгүй, овог тогтоогдохгүй болох нь нотлогдсон. Эдгээр иргэдийг тухайн багийн иргэд мөн эсэх талаар шүүх хуралдаанд талууд мэтгэлцсэн ба уг нотлох баримтад шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй атал тус багийн иргэд сонгууль өгсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас тус багийн хаягийн бүртгэлгүй 94 хүний нэрсийг нотлох баримтаар судлуулахаар шүүхэд гаргаж өгсөн ба талууд тус багийнх боловч өөр хаягтай, овог тохирохгүй байгаа ч нэр ижил байна, энэ хүн байх магадлалтай байна гэх үндэслэлд мэтгэлцсэн ба сонгуульд оролцсон гэж бүртгүүлсэн харьяалалгүй иргэдээс 94 хүнээс 26 хүн овог тэмдэглэгдээгүй, уг 26 хүнээс 12 хүн сонгуульд оролцсон тэмдэглэгээтэй, ирцийн бүртгэлд бүртгэсэн хаягт байхгүй атлаа өөр хаягт байна гэж нөгөө талаас мэтгэлцсэн 54 хүнээс өөр хаягт гэх 47 хүн сонгуульд оролцсон, 14 хүн сонгуульд оролцсон тэмдэглэгээтэй боловч огт харьяалалгүй нь тогтоогдсон баримтад багийн харьяалалтай иргэд оролцсон эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Ирцийн бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаарх улсын бүртгэлийн баримтууд, 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр иргэдийн шилжилт хөдөлгөөн зогссон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтаас 94 хаягийн бүртгэлгүй, овог нь тодорхойгүй иргэдээс 52 иргэн нь санал хураалтад оролцсон нь ирцийн бүртгэлийн + тэмдэглэгээгээр /284 иргэн + тэмдэглэгээтэй/ нотлогдсон.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн ... олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасан байна.

Орхон аймгийн Баян-өндөр сумын Яргуйт багийн Засаг даргад нэр дэвшигч М.Э 173 иргэний буюу нийт санал өгсөн иргэдийн 55.9 хувь, нэр дэвшигч М.Л 108 иргэний буюу нийт санал өгсөн иргэдийн 34.9 хувь, нэр дэвшигч Ч.Б 28 иргэний буюу нийт санал өгсөн иргэдийн 0.9 хувийн санал авсан талаар иргэдийн нийтийн хурлын тэмдэглэлд тэмдэглэжээ.

Улмаар тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигч М.Эрдэнэбулганыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасны дагуу Яргуйт багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад өргөн мэдүүлжээ.

Нэхэмжлэгч М.Л-аас “...309 хүн санал өгсөн гэж үзвэл ирцийн бүртгэлд тэмдэглэгдээгүй 25 иргэн санал хураалтад оролцсон нь ирцийн бүртгэлээс харагдахгүй байхад сонгуульд санал өгөх эрхтэй 309 иргэн санал хураалтад оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” хэмээн давж заалдах гомдолдоо дурджээ.

Тухайн өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгч гишүүн, багийн Засаг даргыг сонгох санал хураалтууд явагдсан байх бөгөөд хэрэгт хавсаргаж ирүүлсэн иргэдийн нийтийн хурлын тэмдэглэл, хуралд ирсэн ирцийн бүртгэлээс үзэхэд дээрх 3 сонгуульд тухайн багийн иргэд харилцан адилгүй тоотой оролцож саналаа өгсөн байх бөгөөд Яргуйт багийн Засаг даргыг сонгох санал хураалтад нийт 309 иргэн санал өгч, 2 саналын хуудас хүчингүй болсон гэж үзвэл 307 иргэний санал тоологдохоор байсан байна.

Нэхэмжлэгчээс 94 иргэний 26 иргэний овог тэмдэглэгдээгүй, 12 хүн сонгуульд оролцсон талаар тэмдэглэгдээгүй, хаяг тодорхойгүй хэмээн маргах боловч энэ нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу ирүүлсэн судалгаа болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 94 иргэнийг бүртгэсэн бүртгэлийг хуралд оролцсон ирцийн бүртгэлтэй харьцуулахад тухайн баг дотроо шилжсэн, овог нь бичигдээгүй зөрчлүүд байх боловч энэ нь санал хураалтын дүнд нөлөөлөхөөргүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж зааснаар сумын Засаг даргад өргөн мэдүүлж, улмаар Засаг даргаас багийн Засаг даргыг түр томилж, батламжилсан захирамж гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ