Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00572

 

ХХҮЕГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/02228 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ХХҮЕГ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Д-д холбогдох,

102,639,367 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. МЗГҮ ТББ болон ХХҮЕГ- хоорондын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 85,600,000 төгрөг,

1.2. Алданги 17,039,367 төгрөг, нийт 102,639,367 төгрөгийг батлан даагч Б.Д-гаас гаргуулна.

МЗГҮ ТББ болон батлан даагч Б.Д- нарОрон нутаг, Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Гэрээгээр ХХҮЕГ-аас эргэн төлөгдөх нөхцөлтэй 200,000,000 төгрөгийг МЗГҮ ТББ төсөл хэрэгжүүлэхээр 2017 оны 9 дүгээр сард авсан. Гэрээний 4.4-т зааснаар санхүүжилтийг гэрээ байгуулснаас хойш 22 дахь сард зээлийн 50 хувь, 24 дэх сард үлдэгдэл 50 хувийг тус тус төлж барагдуулах байсан ч МЗГҮ ТББ нь 101,400,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 98,600,000 төгрөгийг эргүүлэн төлөөгүй. Нэхэмжлэлээ багасгаад 85,600,000 төгрөг шаалдаж байгаа. Гэрээний 4.7, 4.8зааснаар зээлдэгч үүргээ зөрчсөн тохиолдолд гүйцэтгэх ёстой үүргийг батлан даагч 100 хувь хариуцахаар иргэн Б.Д- нь гэрээнд гарын үсэг зурсан. Батлан даагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Б.Д- нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, 200,000,000 төгрөгийг аваагүй, зээлийг эргүүлэн төлөх үүргийг хүлээгээгүй, хариуцагч биш. МЗГҮ ТББ нь дээрх гэрээг байгуулсан. МЗГҮ ТББ нь тус гэрээний дагуу одоогоор нийт 114,400,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн.

Түүнчлэн, нэхэмжлэгч болон МЗГҮ ТББ -ын тооцоо нийлсэн актаар 2021 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар нийт 87,600,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан баталгаажуулсан. МЗГҮ ТББ нь дээрх төлбөрөөс 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг мөн төлсөн. Зээлийн хугацаа хэтэрсэн хэдий ч үүргийг үргэлжлүүлэн  гүйцэтгэсээр байгаа.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д-гаас нийт 85 600 000/наян таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХҮЕГ-т олгож, үлдсэн 17 039 367/арван долоон сая гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ХХҮЕГ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Д-гаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 585 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Алданги 17,039,367 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх гэрээний 4.5, 4.6, 4.7 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 459.3 дахь хэсэгт заасны дагуу батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг гэрээнд заана. Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээнд заасан.

Батлан даагч нь үүргээ гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагыг бүрэн хэмжээгээр хариуцах ёстой.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Хуулийн шаардлага хангасан батлан даалтын гэрээ байгуулагдаагүй. Б.Д-гаас 85,600,000 төгрөгийг гаргуулсан нь буруу. Батлан даалтын гэрээний дагуу хариуцлага хүлээх үүрэг үүсээгүй.

Иргэний хуулийн 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэж, 459.3-т “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүщэтгээгүй тохиолдолд түүний өмноөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана” гэж тус тус заасан. Гэтэл ХХҮЕГ- болон МЗГҮ ТББ нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 24 тоот гэрээ нь хуульд заасан дээрх шаардлагыг хангахгүй байхад буруу тайлбарласан. Гэрээний 4.7-д зааснаар хамтран хариуцлага хүлээнэ” гэж буруу дүгнэсэн. Гэрээнд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран гүйцэтгэхээр бус нөхөх хариуцлага хүлээхээр заасан байхад анхан шатны шүүх анхаараагүй. Харин үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй болохыг нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зохицуулсан. Улсын дээд шүүхийн 2006 оны 59 дугаар тогтоолын 5.7-д нөхөх хариуцлага гэж үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ гэж заасан.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Хажууд нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэж Засгийн газрын тусгай сан хариуцдаг. Энэхүү сангаас ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зээл олгодог. Энэ хүрээнд 2017 онд нийт 29 байгууллагад зээлийг олгосон ба хариуцагч байгууллагаас бусад 28 байгууллага нь бүгд зээлийн төлбөрийг төлж дууссан. Энэ байгууллага төлдөггүй. Давж заалдах гомдол нь батлан даалтын гэрээний шаардлага хангахгүй гэж байна. Бичгээр байгуулах шаардлагыг хангасан, ямар үүргийг батлан дааж байгааг Б.Д- мэдэж гэрээнд гарын үсэг зурсан. Ийм учраас үндсэн зээлдэгч биш, батлан даалтын гэрээг бичгээр байгуулдаг учраас хариуцахгүй гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5.2-т заалтыг үндэслэж анзыг төлөхгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, батлан даалтын хүлээж байгаа үүрэг дотор анзыг хүлээнэ гэж тодорхой заагаагүй учраас төлөхгүй гэж байна. Батлан дааж байгаа зээлийн гэрээнд анз төлөхөөр заасан хариуцагч төлнө гэсэн заалт юм. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5.2-т заалтыг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Алданги төлөх ёстой, гэрээний төлбөр төлөх хугацаа хэтэрч 2-3 жил өнгөрсөн. Аудит жил болгон төлбөртэй гэсэн акт тавигддаг. Иймд алдангийг төлөх ёстой гэж үзэж байна.

 

7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Манай үйлчлүүлэгч буюу хариуцагч Б.Д- нь үндсэн зээлдэгч биш, батлан даалт гаргасан. Гэхдээ гэрээний 1.9-д үүргээ биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг хариуцах иргэний батлан даагчтай байж болно. Батлан даалтын гэрээ нь энэхүү гэрээний нэмэлт хавсралт байна гэж заасан. Талуудын хооронд тусдаа батлан даалтын гэрээ байгуулагдаагүй. Мөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд анзыг гаргуулах талаар дурдаж байна. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5.2-т гэрээнд заасан бол анз гэж байгаа. Өөрөөр хэлбэл, батлан даалгагчаас анзыг шаардахын тулд аа батлан даалтын гэрээг өөрт нь тухайлан анз буюу алдангийг хариуцах талаар тусгах ёстой. Энэ гэрээ батлан даагчийн хувьд анзтай холбоотой хариуцах зохицуулалт байхгүй учраас нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ХХҮЕГ- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан

1.1. МЗГҮ ТББ болон ХХҮЕГ- хоорондын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 85,600,000 төгрөг,

1.2. Алданги 17,039,367 төгрөг, нийт 102,639,367 төгрөгийг батлан даагчаас гаргуулна гэж шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

А.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

А.1. Нэхэмжлэгч нь МЗГҮ ТББ-тай 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр “Орон нутаг, Нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах” нэртэй гэрээг байгуулсан. /хх4-7/

 

А.2. Гэрээний нөхцлөөс үзэхэд нэхэмжлэгч нь МЗГҮ ТББ-д 200,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай шилжүүлэх, МЗГҮ ТББ нь эргэн төлөлтийн 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 22 дахь сард, үлдэгдэл 50 хувийг 24 дэх сард нэхэмжлэгчийн дансанд төвлөрүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь гэрээний хуулбараар тогтоогдсон. /хх4-7/

 

А.3. МЗГҮ ТББ нь 200,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс 87,600,000 төгрөгийг төлөөгүй болох нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, МЗГҮ ТББ-ын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх эргэн төлөлтийн тооцоо, төлбөрийн баримтаар тогтоогдож байна.      

                           /хх42-43/

 

В.Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

В.1. Хариуцагч Б.Д- нь төлбөрийг эргүүлэн төлөх үүргийг хүлээгээгүй, батлан даалтын гэрээг бичгээр байгуулаагүй, батлан даагч хэдэн төгрөгийн хариуцлага хүлээх талаар заалт байхгүй гэж маргаж байна.

 

Зохигч Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй эсэх, Б.Д- батлан даагч мөн эсэх, хариуцагч нь МЗГҮ ТББ-тай хамтран хариуцлага хүлээх эсхүл нөхөх хариуцлага хүлээхийн аль нь болох зэрэг асуудлаар маргасан байна.

 

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хуулийг тайлбарлан хэрэглэх урьдчилсан нөхцөл бүрдсэн эсэхийг тодорхойлох боломжгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй зэргээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Гэрээний 1-ийн 1.9-т “... батлан даалтын гэрээ нь энэхүү гэрээний нэмэлт хавсралт байна” гэж заасан боловч уг хавсралт хэрэгт авагдаагүй. Дээрх хавсралт авагдаагүй байхад анхан шатны шүүх “200,000,000 төгрөгийн хэмжээгээр хариуцлага хүлээх талаар заасан” гэж үндэслэл муутай дүгнэжээ. Талууд нөхөх хариуцлага хүлээх эсхүл хамтран хариуцлага хүлээхийн аль нь болох талаар маргаж байгаа нөхцөлд МЗГҮ ТББ-аас зээлийг төлүүлэх талаар нэхэмжлэгч урьдчилсан ямар арга хэмжээ авсан нь тухайн хэрэгт ач холбогдолтой. Улсын дээд шүүхийн 2006 оны 59 дугаар тогтоолын 5.7-д “нөхөх хариуцлага гэж үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс бүрэн нөхөн гүйцэтгэх хариуцлага хүлээхийг хэлнэ” гэж заасан.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээдэг.

 

Мөн хуулийн 459 дүгээр зүйлийн 459.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана” гэсэн хуулийн шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй байна. Иймд батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээ хэд болох, Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдсэн эсэх, хүлээх үүргийн талаар түүнд үнэн зөв мэдээлэл өгсөн эсэх зэрэг үйл баримт ач холбогдолтой. Мөн МЗГҮ ТББ-ыг тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй, энэ талаар гаргасан хүсэлтийг тодруулаагүй байна. /хх56, 73/

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/02228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД