Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/02228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ХХҮЕГ/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Д/РД: /-д холбогдох,

                                                         

102 639 367 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, Д.Туяа, хариуцагчийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХҮЕГ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” төрийн бус байгууллага болон батлан даагч Б.Д нартай “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан. Тус гэрээний дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас эргэн төлөгдөх нөхцөлтэй 200,000,000 төгрөгийн зээлийг “Мөнх залуу гоо үзэсгэлэн” төрийн бус байгууллагад төсөл хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сард олгосон бөгөөд гэрээний 4.4-т заасны дагуу олгосон санхүүжилтийг гэрээ байгуулснаас хойш 22 дахь сард зээлийн 50 хувь, 24 дэх сард үлдэгдэл 50 хувийг тус тус төлж барагдуулах үүрэгтэй.

Гэтэл “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” төрийн бус байгууллага нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, олгосон санхүүжилтээс 101,400,000 төгрөгийг төлж үлдсэн 98,600,000 төгрөгийг эргүүлэн төлөхгүй улсын төсөвт хохирол учруулж байна. “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.7, 4.8 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч үүргээ зөрчсөн тохиолдолд гүйцэтгэх ёстой үүргийг батлан даагч 100 хувь хариуцахаар иргэн Балчиг овогтой Д нь гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөн хариуцлага хүлээнэ.

Иймд “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” төрийн бус байгууллага гэрээний дагуу олгосон зээлийн үлдэгдэл төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулахгүй, гэрээний 4.4-т заасан үүргээ зөрчиж байгаа тул батлан даагч Б.Дгаар зээлийн үндэсэн төлбөр болох 98,600,000 төгрөг, алданги төлбөр 14,529,300 төгрөг/Гэрээний 4.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутамд тооцсон хүснэгтийг хавсаргасан болно/ нийт 113,129,300 төгрөгийг хариуцаж төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Гэрээний үндсэн төлбөрт нэхэмжилсэн 98,600,000/ерэн найман сая зургаан зуун мянга/ төгрөгөөс хариуцагч батлан даагч Б.Д нийтдээ 7,000,000/долоон сая/ төгрөгийг төлж барагдуулсан тул гэрээний үндсэн төлбөр 91,600,000/ерэн нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөг, үүнд ногдох алдангийг 16,451,567/арван зургаан сая дөрвөн зуун тавин нэгэн мянга таван зуун жаран долоо/ төгрөгөөр тооцож /дэлгэрэнгүй тооцооллыг хавсаргав/ нийтдээ хариуцагчаас 108,051,567/нэг зуун найман сая тавин нэгэн мянга таван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Тус хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар багасгаж байна.

1. Үндсэн төлбөр 85 600 000 төгрөг,

2. Алданги 17 039367 төгрөг, нийт 102 639 367 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Б.Дд холбогдуулан тус шүүхэд гаргасан 108,051,567 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь Б.Д нь ХХҮЕГтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, тус гэрээний дагуу 200,000,000 төгрөгийг аваагүй, зээлийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргийг хүлээгээгүй бөгөөд тус хэргийн хариуцагч биш юм.

Харин “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь 2017 оны 09 сарын 12-ны өдөр 24 дугаартай, Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилгот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээг ХХҮЕГтай байгуулж, тус гэрээний төслийн санхүүжилт 200 сая төгрөгийг хүлээн авч, зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх үүрэг хүлээсэн этгээд юм.

“Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь тус хамтран ажиллах гэрээний дагуу одоогоор нийт 114,400,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг дараах байдлаар төлсөн байна. Үүнд:

Огноо

Дүн/Төгрөгөөр/

1

2018.12.12

1,000,000

2

2019.02.27

400,000

3

2019.03.11

200,000

4

2019.04.22

200,000

5

2019.06.13

400,000

6

2019.07.17

200,000

7

2019.08.27

1,000,000

8

2019.09.16

12,000,000

9

2019.09.23

15,000,000

10

2019.10.17

9,000,000

11

2020.01.08

30,000,000

12

2020.04.27

2,000,000

13

2020.05.08

2,000,000

14

2020.05.22

3,000,000

15

2020.05.26

5,000,000

16

2020.06.26

5,000,000

17

2020.07.24

5,000,000

18

2020.08.28

3,000,000

19

2020.10.28

2,000,000

20

2021.03.16

5,000,000

21

2021.05.11

5,000,000

22

2021.06.25

2,000,000

23

2021.07.13

2,000,000

24

2021.09.21

2,000,000

25

2021.10.05

2,000,000

НИЙТ

114,400,000

Түүнчлэн нэхэмжлэгч болон “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нарын хоорондын тооцоо нийлсэн актын дагуу 2021 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь нийт 87,600,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан баталгаажуулж, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь дээрх төлбөрөөс 2021 оны 10 сарын 05-ны өдөр 2,000,000 төгрөгийг мөн төлсөн байна.

“Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь тус зээлийг төлсөөр байгаа бөгөөд зээлийн хугацаа хэтэрсэн хэдий ч үүргийг үргэлжлүүлэн идэвхтэй гүйцэтгэсээр байгаа нь илэрхий байна.

Иймд ХХҮЕГ нь Б.Дд холбогдуулж үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Б.Дгийн өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан төлбөрийг хариуцах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хорин есөн байгууллагыг яриад байна. Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт батлан даасан хүн байгаа. 200,000,000 төгрөгийг аваагүй. Өмгөөлөгчийн хувьд хамтран хариуцагчаар татаад өгөөч ээ гээд хаягийн бичээд шүүхэд өглөө. Нэхэмжлэгч өөрсдөө хамтран хариуцагчаар татахгүй гээд татгалзаад байна. Үүнийг би ойлгохгүй байна. Нэхэмжлэгч хамтран хариуцагчаар татъя гээд зөвшөөрчих юм бол үндсэн үүрэг гүйцэтгэгч татагдаад явна. Та бүхэн буруу хүнээс нэхэмжлээд байгаа учраас өнөөдөр ингээд явж байна. Гэрээний 1.9-т тусдаа Батлан даалтын гэрээ байгуулахаар заасан байгаа. Гэрээний 4.5 дахь заалтаас 4.8 дахь заалтад үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зохицуулалт байгаа. Энэ хэдэн заалтууд хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Тийм учраас зээл авсан байгууллагыг хамтран хариуцагчаар татаад өгөөч ээ гээд байгаа. Бид хариуцагчийг сольж өгнө үү гэж хүсэлт гаргаж үзлээ. Та бүхэн солихгүй юм байна. Хариуцах ёсгүй, энэ мөнгийг аваагүй хүнээс нэхэмжлээд байгаа учраас өнөөдрийг хүртэл хэрэг чинь яваад байна. Иргэний хуулийн 459.3 дахь хэсэг болон 460.4 дэх хэсэгт юу гэж заасан бэ гэвэл Батлан даалтын гэрээнд хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой байх ёстой. Тиймээс 4.5 дахь заалтаас 4.8 дахь заалтад батлан даагч хэдэн төгрөгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт байхгүй. Алданги хариуцах юм уу, хүү хариуцах юм уу, үндсэн төлбөр юм уу тэр хэмжээ байхгүй. 4.6-т нэг ч иргэн төсөл хэрэгжүүлээгүй болон гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүсэх үр дагаврыг хариуцах иргэний баталгаа гэж байгаа. Энэ чинь хэмжээ биш байгаа. Үүсэх үр дагаврыг хариуцах гэдгийг хэмжээ гэж ойлгоод Батлан даалтын гэрээгээр нэхээд байх юм. Батлан даалтын гэрээнд хүлээх хариуцлагын дээд хэмжээг нь заах ёстой. Батлан даагчаас ямар тохиолдолд нэхэмжлэх вэ 460.2-т байгаа. Энэ гэрээ 2017 онд байгуулагдсан, 48 сарын хугацаанд төлөгдөх ёстой гэж тайлбарлаад байна. Гэрээний хугацаа дууссан үндсэн үүрэг гүйцэтгэгч төлөөгүй учраас батлан даагчаас нэхэмжлээд байгаа. Гэтэл энэ харилцааг 460.2-т тусгайлан заасан. 460.2-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан. Энэ гэрээ нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлох хангалттай нотлох баримт болохгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү гэж хүсч байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ХХҮЕГ хариуцагч Б.Дд холбогдуулан зээлийн үндсэн төлбөрт 85 600 000/наян таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг, алдангид 17 039 367/арван долоон сая гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг, нийт 102 639 367/нэг зуун хоёр сая зургаан зуун гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Д нь төлбөрийг эргүүлэн төлөх үүргийг хүлээгээгүй бөгөөд тус хэргийн хариуцагч биш гэж маргасан.

 

          2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Марал-Эрдэнийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ-тай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр № 24 “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан болох нь № 24 “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

          2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн № 24 “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-ий 1, 2, 4-ийн 4.1, 4.2, 4.3, 4.4-т зааснаар нэхэмжлэгч нь “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ-д 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийг, 24/хорин дөрөв/ сарын хугацаатай шилжүүлэх, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь эргэн төлөлтийн 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 22/хорин хоёр/ дахь сард, үлдэгдэл 50/тавь/ хувийг 24 дэх сард нэхэмжлэгчийн дансанд төвлөрүүлэх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 24 “Орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх хамтран ажиллах гэрээ”-ий хуулбараар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ-д мөнгө шилжүүлэх, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн уг гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээний шинжтэй байх тул Зээлийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

          “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийн зээлийн төлбөрт 114 400 000/нэг зуун арван дөрвөн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ-ын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх эргэн төлөлтийн тооцоо, төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч батлан даагч гэх үндэслэлээр хариуцагчаас зээлийн үндсэн төлбөрт 85 600 000/наян таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг, алдангид 17 039 367/арван долоон сая гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг, нийт 102 639 367/нэг зуун хоёр сая зургаан зуун гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

          Хариуцагчийн өмгөөлөгч нь батлан даалтын гэрээг бичгээр байгуулаагүй, батлан даагч хэдэн төгрөгийн хариуцлага хүлээнэ гэсэн заалт байхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно:”, 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах ...”, 458 дугаар зүйлийн 458.1-т “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ.” гэж заасан.

 

          Гэрээний 1-ийн 1.9-т “... батлан даалтын гэрээ нь энэхүү гэрээний нэмэлт хавсралт байна.” гэжээ.

 

          Зохигчид Батлан даалтын гэрээг хавсралт хэлбэрээр үйлдээгүй байх боловч Гэрээнийн 4-т Батлан даалтын гэрээний талаар тусгаж, батлан даагч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын эрх, үүргийн талаар тусгасан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зуран Батлан даалтын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

          Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т “Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.” гэж заасан.

 

          Гэрээний 4-ийн 4.7-д “Батлан даагч нь гэрээ байгуулах үнийн дүнгийн 100 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө ... батлан даах ба ...” гэжээ.

 

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт зааснаар зохигчид Гэрээнд гэрээ байгуулах үнийн дүнгийн хэмжээгээр буюу үндсэн үүрэг болох 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгийн хэмжээгээр хариуцлага хүлээх талаар заасан болох нь тогтоогдож байна.

 

          “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь Гэрээнд заасан үндсэн үүрэг 200 000 000/хоёр зуун сая/ төгрөгөөс 85 600 000/наян таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлөөгүй болох нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ-ын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх эргэн төлөлтийн тооцоо, төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т “Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй ... байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Гэрээний 4-ийн 4.7-д хариуцагч нь гэрээ байгуулах үнийн дүнгийн хэмжээгээр хариуцлага хүлээх талаар заасан байх тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ-тай хамтран хариуцлага хүлээнэ гэж үзнэ.

 

Гэрээний 4-ийн 4.4-т зааснаар “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Гэрээний үүргээ гүйцэтгэж дуусгасан байх үүрэг хүлээсэн боловч үүргээ гүйцэтгэж дуусгавар болгоогүй болох нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, “Мөнхийн залуу гоо үзэсгэлэн” ТББ-ын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх эргэн төлөлтийн тооцоо, төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн үүрэг нийт 85 600 000/наян таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Гэрээний 4-ийн 4.7-д зааснаар хариуцагч нь гэрээ байгуулах үнийн дүнгийн хэмжээгээр буюу үндсэн үүргийн хэмжээгээр хариуцлага хүлээх талаар заасан байх тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь анзийг хариуцах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.5.2 дахь заалтад зааснаар хариуцагчаас анз 17 039 367/арван долоон сая гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дгаас нийт 85 600 000/наян таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХҮЕГт олгож, үлдсэн 17 039 367/арван долоон сая гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дгаас нийт 85 600 000/наян таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХҮЕГт олгож, үлдсэн 17 039 367/арван долоон сая гучин есөн мянга гурван зуун жаран долоо/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Дгаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 585 950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ