Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00571

 

 

ЖЭБК ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/02559 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ЖЭБК ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 53,617,378.70 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Ш.Э-аас 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ0303190090 дугаартай гэрээгээр зээл 35,000,000 төгрөг,

1.2. Хүү 18,489,650.20 төгрөг,

1.3. Нэмэгдүүлсэн хүү 127,728.51 төгрөг нийт 53,617,378.70 төгрөг гаргуулна.

1.4. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулна.

Ш.Э-тай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг №ЗГ030310090 дугаартай зээлийн гэрээ, болон №ЗБ0303190090 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан зээл олгосон. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай 18 м.кв талбайтай нэг өрөө сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байгаа тул удаа дараа сануулж, боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан. Гэвч өнөөдрийг хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийг төлөөгүй.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үүнд:

1.Ноцтой зөрчил гаргасан байхад цуцлаагүй.

2. Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тухай Монгол улсын Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тогтоол гарсан, энэхүү тогтоол гарснаас хойш худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоосон тул зээлийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон.

3. Мөн Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 тоот бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн.

Хатуу хөл хорионы хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл, 2021 оны 02 дугаар сарын 11-нээс 23-ныг хүртэл, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэл өгсөн байна.

4. Ш.Э- нь зээл авч сантехникийн холбох хэрэгсэл худалдах зорилгоор павилон түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан ба 2020 оны 01 дүгээр сараас түрээслүүлэгч Алтайсайхан компани нь өргөтгөлийн барилгын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор түрээсийн үйл ажиллагааг түр зогсоосон, үйл ажиллагаа явуулаагүй хугацааны түрээсийн төлбөрөө нэхэмжилж Ш.Э-ы барааг дур мэдэн хураан авч түрээсэлдэг павилоныг лацдан бизнесийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон.

5. Нэхэмжлэгч талд нийт 6,273,635 төгрөг төлсөн энэхүү төлбөрийг үндсэн төлбөрөөс бус зөвхөн хүү, алдангиас хассанд гомдолтой. Төлбөрийг зээлээс суутгаж, бүх нийтийн хөл хорионы өдрүүдийн хүү, алдангийг хасч тооцуулна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан Ш.Э-аас 42,065,773.34 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЖЭБК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,551,605.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ш.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000033889 дугаартай гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /70,200+426,037/ 496,237 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Ш.Э-аас /70,200+368,274/ 438,474 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЖЭБК ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Ноцтой зөрчил гаргасаар байхад гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй гэж буруу дүгнэсэн.

Хүү, нэмэгдүүлсэн хүүгээс 11,575,990.07 төгрөг төлөх үүргээс хариуцагч Ш.Э-ыг чөлөөлсөн нь үндэслэлгүй. Талуудын хооронд 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 24 сарын хугацаатай зээлийн гэрээ 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусах байсан. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн хүүг зогсоож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагчийг 2020 оны 01 дүгээр сард зээлийн төлбөрийг төлөөгүй ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэгч гэрээг цуцлах ёстой байсан гэж үзсэн. Гэрээний хугацааг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцсон нь буруу. Ш.Э-ы нэхэмжлэлтэй, “Алтайсайхан” ХХК-д холбогдох иргэний хэрэг нь тус зээлийн маргаантай огт хамааралгүй.

4.2. Шүүх “...Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ авсан талаарх нөхцөл байдал зэргээс... 11,575,990.07 төгрөг төлөх үүргээс хариуцагч Ш.Э-ыг чөлөөлөх үндэстэй” гэж дүгнэсэн. Засгийн газраас гаргасан шийдвэрүүд нь зээлийн хүүг шууд зогсоох биш зөвхөн нэмэгдүүлсэн хүүг тодорхой хугацаанд бодохгүй байх, ангилал бууруулах хугацаанд өөрчлөлт оруулсан.  

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Ноцтой зөрчил гарвал гэрээг цуцлах гэж заачхаад байхад Ш.Э-ы төлбөр төлж чадахгүй байхад нь дангаар гэрээгээ цуцалж тухайн төлөөгүй сарын хүү, алдангийг нэхэмжлээд явах боломжтой байсан. Энэхүү эрхээ гэрээнд заагаад тусгаад өгчихсөн. Гэтэл энэхүү эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй, гэрээг цуцлаагүй. Цар тахлын хүнд нөхцөл байдлын үед энэ их хэмжээний алдагдал төлбөрт оруулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч ЖЭБК ББСБ ХХК нь хариуцагч Ш.Э-д холбогдуулан

1.1. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №ЗГ0303190090 дугаартай гэрээгээр зээл 35,000,000 төгрөг,

1.2. Хүү 18,489,650.20 төгрөг,

1.3. Нэмэгдүүлсэн хүү 127,728.51 төгрөг, нийт 53,617,378.70 төгрөг гаргуулах,

1.4. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар заасныг хариуцагч эс зөвшөөрч “Ноцтой зөрчил гаргасан байхад гэрээг цуцлаагүй, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, 6,273,635 төгрөг төлсөнийг зээлээс бус зөвхөн хүү, алдангиас хассанд гомдолтой” гэж маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

2.а. ЖЭБК ББСБ ХХК нь Ш.Э-тай 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 24 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр 35,000,000 төгрөгийг №ЗГ030310090 дугаартай зээлийн гэрээ, болон №ЗБ0303190090 дугаартай зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулан зээл олгожээ. /хх12-13, 15-16/

 

2.б. Зээлдэгч нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай 18 м.кв талбайтай нэг өрөө сууцыг барьцаалсан. Уг 76 тоот сууц нь Ш.Энхчимэгийн өмчлөлийн хөрөнгө болох нь улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай гэрчилгээгээр нотлогдсон. /хх15-19/

 

2.в. Зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй байсан тул удаа дараа сануулж, боломжит хугацааг зээлдэгчийн хүсэлтийн дагуу өгч байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. /хх30, 66-67/

2.г. Хариуцагч нь 6,327,632 төгрөг буцаан төлсөн. /хх22-24/

 

2.д. Зээлийн мөнгөн хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсанд үйл баримтын талаар хариуцагч маргаангүй боловч 35,000,000 төгрөг биш харин уг мөнгөн дүнгээс 174,000 төгрөгийг суутган авч дутуу шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх12/

 

3. Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 40,000,000 төгрөгийн үнийн дүнд эвлэрэх санал гаргаж байсан. /хх79/ Нэхэмжлэлийн шаардлагаас зээл 35,000,000 төгрөг, хүүд 7,065,773.34 төгрөг, нийтдээ 42,065,773.34 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,551,605 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

4. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

4.а. Гэрээний үүрэг ноцтой зөрчигдсөн эсэх, гэрээг хэдийд цуцлах ёстой байсан, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх арга хэмжээ нь хариуцагчийн үүргийн гүйцэтгэлд нөлөөлөх эсэх, зээлийн тооцоолол зэрэг асуудлаар  маргаж байна.

 

4.б. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.в. Харин анхан шатны шүүх “зээлдэгч гэрээний үүргийг ноцтой зөрчсөн байхад хугацаанаас өмнө гэрээг цуцлаагүй, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй” гэж буруу дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах нь эрх бөгөөд үүрэг биш юм. Эрхийг үүрэгжүүлэн зааж болохгүй тул анхан шатны шүүхийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

4.г. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь зээл, шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаан дах хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

 

4.д. Иймд нэхэмжлэгч нь зээлд шилжүүлсэн 34,000,825 төгрөг шаардах эрхтэй. Талуудын зээлийн гэрээний тооцооллыг шалгаж үзэхэд нэхэмжлэгч нь зээлийн хүүд 18,489,650.20 төгрөг биш харин 12,843,601 төгрөг шаардах эрхтэй байна. Учир нь хариуцагчийн төлсөн 6,327,632 төгрөгийг зээлийн графикийн дагуу тохиролцсон, гэрээний хугацаанд төлбөл зохих 19,171,232 төгрөгийн хүүгээс хасч тооцоход 12,843,601 төгрөгийг хүүд төлөх үндэслэлтэй. Нэмэгдүүлсэн хүүд 727,728 төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 47,796,330 төгрөгийг хариуцагчаас гаргаж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,821,048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

5. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох боловч түүний зөвшөөрөл шаардлагатай. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын хариуцагч нь уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байна.

 

5.а. Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох зэрэг үүрэгтэйгээс гадна үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангаж хөрөнгөө чөлөөлж авах зэрэг эрхтэй.

 

5.б. Тухайн барьцааны зүйл нь Ш.Эг-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон, түүний эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа нөхцөлд нэхэмжлэгч хамтран хариуцагчаар татаагүй байна.

 

5.в. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх бөгөөд тухайн тохиолдолд хариуцагчаар заагдсан этгээд болох Ш.Э- нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын хариуцагч биш тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн хоёр дахь хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 4.1 буюу ноцтой зөрчил гаргасаар байтал зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцлаагүйд буруутай гэж буруу дүгнэсэн гэх гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2021/02559 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Э-аас 47,796,330 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЖЭБК ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5,821,048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгө болох Ш.Энхчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006826 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн 000033889 дугаартай гэрчилгээтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 31 дүгээр байрны 76 тоот хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

 

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож,

3 дахь заалтыг “2” гэж дугаарлан, “/70,200+368,274/ 438,474” гэснийг “396,931” гэж,

4,5 дахь заалтыг “3, 4” гэж дугаарлан өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199,780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

 

 Ш.ОЮУНХАНД