Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00629

 

 

 

 

 

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00629

Баян-Өлгий аймаг

 

               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт М.Еийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт М.Нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 25,000,000 төгрөг, анз 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулах тухай.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Хариуцагч М.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч С.А,

Орчуулагч М.Н,

Гэрч Б.Г (цахим сүлжээгээр),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.Е нь хариуцагч М.Нд холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 25,000,000 төгрөг, анз 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн хувьд М.Еийн зүгээс М.Наас гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас учирсан хохирол буюу гэрээний дагуу хийж гүйцэтгэхээр авсан гүйцэтгэлд  буцаахдаа 25 сая төгрөгийг буцаан гаргуулах, гэрээгээр тохиролцсоны дагуу гүйцэтгээгүйн улмаас тохиролцсон анз 10 сая төгрөг, нийтдээ 35 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа.

1.2. Яагаад шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэвэл хариуцагч М.Н болон нэхэмжлэгч М.Е нарын  хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гурван ажлыг хийхээр байсан. Өөрөөр хэлбэл, 3 байшингийн асуудал байгаа. Нэгдүгээрт, өөрийнх нь оршин сууж, амьдарч байсан байрыг нурааж, шинээр 2 давхар  амины орон сууц барих, хоёрдугаарт нь, зуны байшингаас 2-ыг барихаар зааж тохиролцож, гаргасан зураг төслийн дагуу  барьж өгөх ёстой байсан. Нийт ажлын хөлс 48 сая төгрөг байхаар тохиролцсон.

1.3. Үүний урьдчилгаанд 25 сая төгрөгөөр үнэлж М.Еийн эзэмшилтэй Nissan qashqai  маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Үүнийг 25 сая төгрөгөөр тооцож авсан. Улмаар  5 сая төгрөгийг бид нар урьдчилгаа болгож харилцан тохиролцож явсан байдаг. Үүний дагуу дараах мөнгөн төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг. 2 давхар байшинг М.Еийн хувьд М.Н биечлэн үүргийг гүйцэтгээгүй, ажлаа хийхгүй байсан учраас байшингийн суурь пундам татах ажлыг Нартай гэдэг хүнд 300,000 төгрөгөөр хийлгүүлсэн, тухайн үед М.Н хамт 300,000 төгрөгийг авсан байна. Дараа нь М.Е Н гэдэг хариуцагчийн хүүд 2 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүний дараа 1,450,000 төгрөгт бэлэн хувцас бараа авсан байдаг. Мөн М.Ны хувьд тухайн байшинг барих, өрлөг хийх ажлыг өөрөө биечлэн хийгээгүй. Энэ хугацаанд О гэдэг өрлөг хийдэг залуугаар бригад дагуулж ирээд 5,310,000 төгрөгийг шилжүүлсэн. О гэдэг хүн тухайн мөнгийг аваад  2 давхар байшингийн өрлөгийг хийж өгсөн. Шерхан гэдэг хүнд дээвэр мөн бетон шал зэргийг нийтдээ 2,600,000 төгрөгөөр хийж өгсөн. Сантехник, сервер, зуух, агааржуулалтын ажлыг Ержан  гэдэг хүн хийж өгсөн. Ажлын хөлс 4 сая төгрөгийг авсан.  Нэг давхрын шалны суутгалын ажлыг Б гэдэг хүнээр 800,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Гадна фасадыг Талгат  гэдэг хүнээр 5 сая төгрөгөөр хийлгүүлсэн. Гадна агуулахын дотор талын шавардлагыг 1,700,000 төгрөгөөр, дотор шатны өнгөлгөөний ажлыг 600,000 төгрөгөөр хийлгэж байгаа. М.Ны хийгээгүй ажлын хувьд гадуур нь заслын ажлыг хийгээгүй. Үүнийг бас тусдаа хийлгүүлсэн.

1.4. Дээрээс нь Б гэдэг зураг дээр байгаа 2 ажил байдаг. Үүнд 2 зуны байшин барих ёстой байсан. Үүнээс ханыг босгосон. Үндсэн ажлаа хийгээгүй.  Хаалга, цонх, цахилгаан, дотор засал болон бусад ажлыг огт хийгээгүй.  Хоёрдугаар зуны байшинг нь ерөөсөө эхлүүлээгүй байдаг. Хоёр зуны байшингийн нэгийг л  хийсэн, нэгийг дутуу хийж орхисон ажлууд байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2.м дэх хэсэгт гэрээнд болон ажлын хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлнө гэж тохиролцсон.  Тухайн 10 сая төгрөгийг бид нар нэхэмжилж байгаа. Яагаад гэвэл хариуцагч М.Н нь гэрээнд заасан ажлуудыг өөрөө биечлэн 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хийж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Алдангитай холбоотой асуудалд өөрөө хүлээн зөвшөөрч, нотариат дээр очиж гарын үсэг зурсан. Ажлаа хугацаанд нь хийгээгүй. Өнөөдрийн байдлаар тохиролцсон хугацаанаас хойш 3 жил өнгөрсөн байна. Түүний барьж байгуулахаар авсан бараа материал нь бүх зүйл нь шатаж, хохирсон. Тийм учраас 10 сая төгрөгийн торгуулийг нэхэмжилж байгаа.

1.5. 25 сая төгрөгийн  тээврийн хэрэгслийг ажлын хөлсөнд тооцож авсан боловч 25 сая төгрөгийн ажлыг хариуцагч М.Н хийгээгүй. Дээр дурдсанчлан саяын хийгдсэн ажлуудыг өөр, өөр хүмүүсээр хийлгүүлж, тус тусад нь  мөнгийг нь шилжүүлж байсан. Хариуцагч М.Ны би гардан хийсэн хийх ажилтай холбоотой  тухай бүрд нь хөлсийг авч байсан. 2 сая төгрөгийг хүүхдийн дансанд шилжүүлж, 1,450,000 төгрөгийн бараа авсан. Мөн 300,000 төгрөгөөр пундан суутгасан байдаг. Хариуцагчийн өөрөө гардан хийсэн ажил байхгүй. Тийм учраас 25 сая төгрөгийн ажлыг хийнэ гэж тохиролцож авсан боловч үүнийг буцаан төлөх шаардлагатай. Тохиролцсон ажлыг хийхгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Нэгэнт гэрээ цуцлагдаж, бид нар гэрээнээс татгалзсан байгаа. Тус гэрээ нь одоо үргэлжлүүлэх боломжгүй. 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, цаг үе өөрчлөгдсөн. Харин ч одоо барьж байгаад дутуу үлдээсэн зуны байшинг нураах хүртэл шаардлага үүссэн. Тэгэхээр гэрээг цуцлаагүй, үргэлжлүүлэх боломжтой гэж үзэх боломжгүй.

1.6.Гэрээнд заасны дагуу гэрээний нэг тал гэрээний үүргийг удаа дараа зөрчсөн боловч тухайн хугацаанд биелүүлээгүй. Иймээс гэрээг цуцалж байгаа. Авсан, өгсөнө буцааж өгье. Хийсэн ажлыг хариуцагч М.Нд үлдээе. Мэдээж шинжээчийн дүгнэлт, тайлан тооцоо гарсан байгаа. М.Н үнэхээр хийсэн ажил байгаа гэж үзвэл хөлсөө авч, хийгээгүй ажлыг буцаана. Гэрээ байгуулчхаад үүргээ биелүүлээгүй. Үүний улмаас иргэн хохирч байгаа. Хариуцагч үүргээ биелүүлсэн бол 2 зуны байшин болон өөрийнхөө амьдарч байгаа 2 давхар амины орон сууцыг бусдаар гүйцэтгүүлэх шаардлагагүй байсан. Дээрээс нь шүүхээр 2-3 жилийн хугацаанд явах шаардлагагүй байсан.  Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.Ны хариу тайлбар, татгалзал:

2.1.Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд хашаанд байгаа байшинг нурааж, 2 давхар амины орон сууц барих, 1 зуны байшин барих гэсэн нөхцөлтэй байсан.  2 зуны байшин гэж тусгагдаагүй.

2.2.Нэхэмжлэгч талын хэлж байгаа хүмүүс бүгдээрээ манай бригадын хүмүүс байгаа.  Нартай гэх залуу манай бригадын хүн байгаа. Нартай пундамыг суутгаж, Ожай гэх залуу өрлөгийг 10 сая төгрөгөөр хийж өгсөн. М.Еээс 5 сая төгрөг авч, өөрөөсөө 5 сая төгрөг гаргаж өрлөгийг нь хийлгүүлсэн. Өрлөгийг хийж байх үед би зуны байшин барьж байсан. Материал хүрэлцэхгүй байсан учраас хугацаа алдсан. Бид нараас болж хугацаа алдаагүй. Нэхэмжлэгчийн өөрсдөө хийх ёстой ажлуудын бүгдийг нь бид хийсэн. Хуучин байшингийн шалны  хадаасыг өөрсдөө авах ёстой байсан. Гэтэл бид хадаасыг нь хүртэл авч байсан.  Байшинг 100 хувь дуусгаж, байшинд нь оруулж өгсөн байдаг.

2.3. Гадна фасад нь үлдсэн  байсан. Гадна фасадын материал нь ирэхээр хэлээрэй бид хийж өгнө гэж хэлсэн. Гэтэл надад хэлэлгүйгээр өөр хүнд 5 сая төгрөгөөр хийлгүүлсэн гэж байна. Манай бригадын хүн 2 сая төгрөгөөр хийх гэж байсан. Ажлын хөлснөөс 7-8 сая төгрөг үлдсэн байсан. Тухайн мөнгийг авч зуны байшингийн ажлыг хийлгүүлье гэсэн боловч надад мөнгө өгөөгүй. Нэхэмжлэгчид 100 хувь байшинг дуусгаж өгсөн.

2.4. Амины орон сууц доторх евро заслыг нь би өөрөө хийж өгсөн. Нэг ч зүйл үлдээгүй. Цонхны рамыг нь хүртэл бид нарт бэлэн болгож өгөөгүй. Өөрсдөө цонхыг нь хийж, силикондож дуусгаж өгсөн байдаг. Яагаад мөнгө нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна. Энэ замаар мөнгө олдог хүн юм уу гэж ойлгож байна.

2.5.Тээврийн хэрэгслийн хувьд нэхэмжлэгч М.Е нь цоо шинэ Америк улсаас оруулж ирсэн машин байгаа гэсэн учраас итгэсэн. Урьд өмнө ч гэсэн нэхэмжлэгч М.Еийн ажлуудыг хийдэг, итгэлтэй хүн байсан учраас би тухайн үед итгэж, тээврийн хэрэгслийг нь авсан. Гэтэл тээврийн хэрэгсэл нь осолд орж байсан гэдгийг сонсож нэхэмжлэгчид хэлсэн. Тухайн үед нэхэмжлэгч М.Е нь  тэгвэл  5 сая төгрөг нэмж өгье, засварлаж аваарай гэсэн.  Өмнө байшин бас бариулсан. Тухайн үед барилгын материалууд нь хуучин байсан. Хуучин байсныг нь хэлэх үед ч гэсэн тэгвэл нэмж мөнгө өгье гэсэн учраас зөвшөөрч ажлуудыг нь хийсээр байсан.  Гэтэл материал нь ирээгүй, мөнгө ч өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.6. Би ажлаа 100 хувь дуусгаж, нэхэмжлэгч байшинд орсны дараа ийм асуудал гаргаж байгаа. Бид байшинг барьж байхад тус байрны дээврийг манай бригадын хүнээр 2,200,000 төгрөгөөр хийлгүүлье, манай хүн хямдхан хийж өгнө, та өөрөө гаднаас хүн авчирсан ч болно гэсэн. Тийм учраас өөрөө гаднаас хүн авчирч хийлгүүлсэн. Гаднах фасад болон дээврээс бусад ажлыг хийсэн хүмүүс манай бригадын хүмүүс байгаа.

2.7. Гэрээнд 2 давхар хуучин байшинг нурааж, оронд нь 2 давхар байшин болон 1 зуны байшин барих гэсэн нөхцөлтэй байсан. Харин гэрээнд тусгагдсан зуны байшингийн ажлууд нь дууссан байсан. Үлдсэн ажил нь шалны паркет, цонх үлдсэн байсан. Дээрээс нь нэмж 1 зуны байшин бариад өгчих, мөнгийг нь төлнө  гэсэн болохоор тухайн зуны байшингийн рамыг нь дуусгасан байсан. Үлдсэн ажлуудыг хийгээгүй. Гэрээнд 1 зуны байшин, 2 давхар амины орон сууц барьж өгөхөөр тусгагдсан. Гэрээ байгуулах үед зураг төсөл нь байгаагүй байсан. Сайн харилцаатай хүмүүс байсан учраас амаар тохиролцож, ийм, ийм зүйл хийлгэнэ, зураг төсөл нь дараа нь гарна гэсэн учраас би гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа зураг төслийг нэмж оруулсан байна. Тухайн үед би итгэж байсан. Гэтэл сүүлд гаргаж өгсөн гэрээ болон зураг төсөлд анхны гэрээгээр тохиролцсон зүйлээс өөр нэмж оруулсан зүйлүүд байсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс С.Нургайыпт олгосон итгэмжлэл, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний 1, 2-р хавсралт, М.Е, М.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 3002БӨҮ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, М.Еийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, тэмдэглэлийн дэвтрийн холбогдох хуудас, Е.О,Т.Т, М, Т.Ш нарын гарын баримт, М.Е, Е.Б нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, М.Е, Х.М нарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай М.Е, Т.Шнарын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээ зэргийг,

Хариуцагчаас хариу тайлбар, С.Алтайтай байгуулсан өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгчийн гэрээ, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2023/00441 дугаартай шийдвэр, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б.Дын гарын баримт, тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ний өдрийн 130/ШЗ2023/00723 дугаартай шүүгчийн захирамж, мөн шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 130/ШЗ2023/00072 дугаартай шүүгчийн захирамж, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, хамтран хариуцагч татан оролцуулах тухай хүсэлт, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Дын 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн бичсэн гарын баримт зэргийг тус тус гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр К.Г, Е.О, Т.Ш, М, С, Т.Т нарын гэрчийн мэдүүлэг, Б аймгийн Автотээврийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 76 дугаартай албан бичиг, 3002 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураг, фото зургууд, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдийн шинжээчийн дүгнэлт, Б.Г-ын гэрчийн мэдүүлэг зэргийг, хариуцагч талын хүсэлтээр 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт  /иргэн Еийн 2 давхар байшин, зуны байрны ажлын хөлс/ зэргийг  тус тус бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

4.Нэхэмжлэгч М.Е-ийн хариуцагч М.Н-аас ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 19,655,850 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 15,344,150 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М.Е, М.Н нар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч М.Н нь ажил гүйцэтгүүлэгч М.Еийн эзэмшлийн Ө сумын 1 дүгээр багт байрлалтай барилгыг нураах, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, мөн хоёр барилгыг ажил гүйцэтгэгчийн заасан газарт барьж өгөхөөр болж харилцан тохиролцож, эдгээр ажлуудыг 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хийж ажлын хөлсөнд 48,000,000 төгрөг авахаар болжээ. Ажлын хөлсний 25,000,000 төгрөгт М.Еийн эзэмшлийн 0000 БӨТ улсын дугаартай Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгслийг тооцож шилжүүлэн авч пундам цутгах үед 5 сая төгрөг авч үлдэгдэл төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээг дүгнэх үед өгөхөөр болсон байна. Ажил гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн ажлыг хугацаандаа эхлээгүй бөгөөд барилгыг нураасны дараа М.Н нь ажлаа биечлэн гүйцэтгээгүй ба өөр хүмүүсээр хийлгэсэн, ажил үүргээ дутуу гүйцэтгэсэн. Гэрээний 2-т заасан хоёр барилга барих ажлыг М.Н эхлүүлсэн боловч дутуу орхиж үүргээ биелүүлээгүй тул тухайн барилгууд бүрэн гүйцэт баригдаагүй орхигдсон. Ажил гүйцэтгэх гэрээний 4.2-ын “m” хэсэгт гүйцэтгэгч нь гэрээнд болон гэрээний хавсралтад заасан ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлнө гэж  заасан ба ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх үүргээ зөрчсөний торгуулийг гаргуулах, гэрээний дагуу урьдчилгаа болгож авсан тээврийн хэрэгслийн үнэ 25,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр *******сгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч надад Стадионы хажууд байдаг хуучин байшингаа нураагаад оронд нь байшин барьж, хотын захад шинээр 2 зуны байр барьж өгөөрэй гэж өвөл ажлын санал тавьсан. Тухайн үед би М.Етэй Ө сумын 1 дүгээр багт байрлах хуучин 14х15 метрийн харьцаатай байшинг нураагаад оронд нь 8х8 метрийн харьцаатай 2 давхар байшин, хотын захад 2 зуны байр барьж өгөхөөр болж, хэрэв байшингаа тоосгоор бариулбал ажлыг хөлсийг нэмэгдүүлнэ гэж амаар тохиролцсон. Хавар суурь тавих үед М.Е шинээр барих байшингийнхаа хэмжээг 8х8 метр биш 12х12 метр болгохоор болсон гэхэд би урьд тохиролцсоныг дурдахад 10х10 метрийн байшин бариулахаар болж хоёулаа тохиролцсон. Эхэндээ бид тохиролцох үед хуучин байшинг нураагаад, гарсан материалыг нь зөөгөөд, нурангийг цэвэрлэхээр тохиролцоогүй боловч би түүнтэй урьдын харилцаагаа бодож, түүнийг хүндэтгэсэндээ хуучин байшинг буулгаад, гарсан материалыг нь заасан газарт нь зөөгөөд, нурангийг нь цэвэрлээд өгсөн. Тухайн үед Н гэх залуу суурь цутгаж байсан бол О гэх залуу өрлөг хийж байсан. Харин би хотын захад барих 2 байшингийн ажлыг хийж байсан. Эхэндээ ажил идэвхтэй явж байсан ч нэхэмжлэгч барилгын материалаар хангаж өгч чадаагүй учраас ажил зогсонги байдалд орсон. Зунжингаа барилгын материалыг бага багаар авчирч байсан тул ажил тасалдсан. Ингэж байхад зун дуусаад намар болсон. Тэгэхэд М.Е нь надад чамд барилгын материал зардаг таньдаг хүн байвал зээлээр барилгын материал аваад өгөөч гэхээр нь өөрийн таньдаг нэг залуугаас 5 сая төгрөгийн барилгын материалыг авч өгсөн ба үүний тал үнийг бэлэн өгч, үлдсэнийг нь зээлдэж авсан. Ингээд евро заслыг нь хийж эхлүүлсэн. М.Е байшиндаа зуух тавих ёстой байсан боловч энэ жил зуух тавьж чадахгүй юм шиг байна, та нар ажлаа түр зогсоогоод хавар эхлүүлээрэй гэхээр нь зуух тавьж халаалтыг шийдээд өгвөл дуусгаад өгье, хэрэв зуух тавьж чадахгүй бол дулаарах үед ажлаа үргэлжлүүлье гэсэн. Тэгээд ажлаа хавар ажлаа үргэлжлүүлэхээр болж, хавар ажлаа үргэлжлүүлээд 6 сарын дотор дотоод ажлуудыг бүрэн дуусгасан. Тухайн үед цагаан хөөсөөр гадна фасад хийх ажил л үлдсэн байсан. Тэр бас материалгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн байсан. Нэхэмжлэгчийн надад ажлын хөлсөнд маань өгсөн тээврийн хэрэгсэл нь эвдрэл гэмтэлтэй, өмнө авто осолд орж байсан тээврийн хэрэгсэл юм байна. Энэ талаар хэлэхэд 5,000,000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Хотын захад байдаг 2 байшингийн 1-ийг нь бүрэн барьж дуусгасан, нөгөөхийг нь рамыг босгочихсон. Тэр 2 байшинг өмнө нураасан байшингаас гарсан хуучин материалаар бариулсан тул би түүнд бид хоёр ингэж тохиролцоогүй шүү гэхэд дахиад 5,000,000 төгрөг нэмж өгье гэсэн. Нэмж өгнө гэсэн мөнгөө өгөөгүй. М.Етэй тохиролцсон ажил 90 хувь хийгдээд дууссан. Үлдсэн ажил материал байхгүй байсан учраас хийгдээгүй үлдсэн. Хотын захад баригдах 2 байшинд нуруу мод биш төмрөөр гагнуур хийх ёстой байтал гагнуурыг хийлгээгүй учраас тэр байшингийн ажил бүрэн дуусаагүй гэжээ.

7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

7.1.Зохигчид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр  М.Н нь Захиалагч М.Еийн эзэмшлийн Б аймгийн Ө сумын 1-р багийн Хуст арал 1-1-т байршилтай барилга байгууламжийг дахин ашиглах боломжтой байдлаар нураах, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, захиалагчийн эзэмшлийн газарт зураг төслийн дагуу хоёр барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.

7.2.ХААН банкнаас гаргаж өгсөн харилцагч Минап Еийн 0000000 дугаартай Депозит дансны  2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгаар тухайн дансаар дамжуулан хийгдсэн орлого зарлага, түүний хийгдсэн цаг хугацаа, агуулга зэрэг байдал тогтоогдсон байна.

7.3.Гэрч Е.Огийн “М.Еийн 2 давхар байшингийн өрлөгийн ажлыг би хийж гүйцэтгэсэн ба нийтдээ 4,800,000 төгрөг аваад, 200,000 төгрөг дутуу авсан. Мөн  1,000,000 төгрөгөөр шалны цутгалт хийсэн. Би М.Нтай хамтарч бригад болж ажилладаг байсан. Ажлын хөлсийг М.Наас авах ёстой байсан боловч М.Е өөрөө шилжүүлж өгсөн. Өрлөгийн ажлыг М.Н манай бригадын ахлагч учраас түүний заавраар бүх юм хийгдсэн” гэх,

гэрч Т.Ш-ны “М.Еийн байшингийн дээврийг болон шат цутгах ажлыг хийж өгсөн ба дээвэр хийх хөлсөнд 2,000,000 төгрөг, шатыг цутгаж өгсөндөө 600,000 төгрөгийн хөлс авсан. Тухайн ажлуудыг М.Етэй тохиролцоод хийсэн” гэх, 

гэрч М.М-ийн “ Би М.Еийн суурь цутгах ажлыг хийхээр болж 700,000 төгрөг авсан. 1,000,000 төгрөгөөр тохиролцсон боловч 300,000 төгрөгийг дутуу өгсөн. М.Ны ажилчин болж тухайн ажлыг хийсэн” гэх,

гэрч К.С-ын “М.Е болон М.Н нар хэлцэл хийх үед би тэдний хажууд явж байсан. Эхэндээ би М.Нд туслахаар байсан боловч сүүлд надад өөр ажил гараад М.Нд тусалж чадаагүй. Эхэндээ тэд 8х8 метрийн 2 давхар байшин бариулахаар тохиролцсон боловч М.Е байшингийн хэмжээг 12х12 метр болгоно гэсэн боловч М.Е хөлс нэмж өгөхөөр болж байшингийн хэмжээг 10х10 метр болгож тохиролцсон байна. Байшин барих ажлыг 5 дугаар сард эхлэх ёстой байсан боловч 3 дугаар сард ажлыг эхлүүлээд хуучин байшинг нураасан. М.Н уг ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй хийсэн боловч материал дутсан учраас гадна фасадын ажил үлдсэн. М.Н уг ажлын 85 хувийг өөрөө гардан гүйцэтгэсэн. Би дотоод заслын ажилд туслаад М.Наас хөлс авсан. Өөр хүн тухайн ажлыг хийсэн гэдгийг санахгүй байна. Би М.Ет 2,000,000 төгрөгөөр гарааж барьж өгөхөөр болсон. Ажлын хөлсөндөө 900,000 төгрөг авсан ба М.Е сүүлд үлдсэн хөлсөө төлж чадахгүй болсон тул ажлыг зогсоосон. Энэ ажлыг надтай тохиролцсон боловч М.Ны авах ёстой 48,000,000 төгрөгийн хөлсөнд оруулан тооцсон байна. М.Е миний хөлсийг миний дансанд биш М.Ны дансаар дамжуулан өгдөг байсан” гэх ,

 гэрч Т.Т-ийн “Би 2023 оны 9 дүгээр сарын 20-ны үед М.Еийн өвлийн сууцны гадна фасадын ажлыг 20 гаруй хоног хийсэн. Үүнд хөөсөн фасад хийгээд, дараа нь цавуугаар тор наагаад, хар замаск хийгээд, гадна эмульсээр будах ажлыг хийсэн. Тухайн ажлыг Етэй тохиролцоод 5 сая төгрөгөөр хийж өгсөн ба туслахын хөлсийг би төлсөн” гэх мэдүүлгүүдээр М.Е болон М.Н нар нь гэрээгээр тохиролцсон өвлийн сууц барих ажлаас өрлөг хийх, дээвэр хийх, пундам цутгах, гадна фасад хийх, шат цутгах ажлыг бусдаар хийлгэсэн ба тухайн ажлуудын хөлсөнд нийт 14,300,000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогджээ.

7.4. Гэрч К.Г-ийн “Миний бие Хошкар теке нэртэй нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байсан. М.Н нь 2022 оны 03 дугаар сарын 08-ний өдрөөс эхлээд 200,000 төгрөгөөр эрэгтэй курта, 200,000 төгрөгөөр хүүхдийн өвлийн гутал, эхнэрийнхээ дүүд 180,000 төгрөгөөр эрэгтэй гутал, мөн дахиад 180,000 төгрөгөөр өөрийн хүүд хавар намрын гутал, мөн 230,000 төгрөгөөр эрэгтэй өвлийн гутал, брэнд эрэгтэй куртка 2 ширхгийг 260,000 төгрөгөөр, эрэгтэй өмд 2 ширхгийг 50,000 төгрөгөөр, Авзал гэх ажилтанд надаас бэлнээр 90,000 төгрөг авч нийт 1,400,000 төгрөгийн барааг зээлээр авсан ” гэх мэдүүлгээр М.Н нь ажлын хөлсөнд багтааж нэхэмжлэгч М.Еийн эхнэрээс 1,400,000 төгрөгийн бараа авсан нь нотлогджээ.

7.5.Нэхэмжлэгч М.Е нь байшингийн нэг болон хоёр давхрын шалны цутгалтын ажлыг 800,000 төгрөгөөр ажил гүйцэтгэгч Е.Бээр, сантехник, зуух холбох, цэвэр, бохир, агааржуулалтын ажлыг нийт 4,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгэгч Х.Мейржанаар хийлгүүлсэн болох нь ажил гүйцэтгэгч нартай  байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнүүдээр тус тус тогтоогджээ.

7.6.Б аймгийн Автотээврийн төвөөс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар 0000БӨҮ улсын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн, Nissan Qashqai маркийн тээврийн хэрэгсэл нь Ны Нурболын нэр дээр бүртгэлтэй болох нь нотлогдож байна.

7.7. Шүүхээс 2024 оны 09 сарын 24 өдөр  Б аймгийн Ө сумын 12 дугаар багт байрлах хариуцагч М.Ны барьсан гэх М.Еийн Б аймгийн Ө сумын 8 дугаар багт байрлалтай 10х10 м хэмжээтэй  хоёр давхар өвлийн байшин,  Ө сумын 12 дугаар багт байрлах М.Еийн эзэмшлийн газарт баригдсан хашааны дотор байрлах хоёр тооны зуны байшинд тус тус үзлэг  хийж тухайн байшингуудын хийх ажлыг хэн ямар хэмжээгээр хийснийг нэхэмжлэгч, хариуцагч нараар тайлбарлуулан тэмдэглэж, гэрээгээр тохиролцсон бариулсан байшингуудын тухайн үеийн байдлыг фото зургаар бэхжүүлсэн байна. 

7.8. Шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Г-аас “...Гэрээг талууд өөрсдөө гэрээний эх хувийг бэлдэж ирээд баталгаажуулж болно. Тухайн үед өөрсдөө зөвшөөрсөн учраас баталгаажуулж байсан байх. Гэрээ надад одоо ямар нэгэн бичиг баримт байхгүй учраас тодорхой хариулах боломжгүй. Би өмнө нь шүүх хуралдаанд орохоос өмнө харж байсан. Эх хувийг нь өөрсдөө бэлдэж ирсэн. Гэхдээ миний бэлдсэн гэрээ биш учраас сайн санахгүй байна. Тухайн үед гэрээг өөрсдөө бэлдэж ирээд баталгаажуулж байсан юм байна гэдгийг санаж байна. Би аливаа гэрээг гэрчлэхдээ хүн бүрээс та гэрээгээ уншиж, танилцсан уу гэдгийг асуудаг. Асууж байгаа асуулт зарчим гэсэн үг. Ойлгоогүй гэвэл ойлгуулж өгнө. Өөрсдөө барьж ирсэн гэрээ байгаа учраас өөрсдөө бүх зүйлээ ойлгож байгаа гэж хэлсэн байх. Хэрвээ би мэдэхгүй, энэ юу вэ гэвэл хариулж таарна.” гэж мэдүүлжээ.

7.9. 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтээр М.Еийн 2 давхар байшин, 2 тооны зуны байшинд хийгдсэн ажлын хэмжээг тооцож, ажиллах хүчний зардлыг 30,896,100 төгрөгөөр тооцжээ.

8.Нэхэмжлэгч М.Е нь хариуцагч М.Нд холбогдуулж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 25,000,000 төгрөг, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас төлөх торгууль 10,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

9.Ажил гүйцэтгэх гэрээгээр  М.Н нь захиалагч М.Еийн эзэмшлийн Б аймгийн Ө сумын 1-р багийн Хуст арал 00т байршилтай барилга байгууламжийг дахин ашиглах боломжтой байдлаар нураах, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэх, захиалагчийн эзэмшлийн газарт зураг төслийн дагуу хоёр барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлөөр бүрэн хийж гүйцэтгэхээр, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 48,000,000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээж, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

10.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч М.Е нь нь гэрээ байгуулсан өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр NISSAN QASHQAI маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр үнэлж ажлын хөлс болгож төлсөн болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ. Мөн нэхэмжлэгч М.Е нь барилгын ажлыг бусдаар гүйцэтгүүлэхэд болон М.Нд нийт  23,300,000 төгрөг зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний ХААН банкны Депозит дансны хуулга, гэрчүүдийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

11.Хариуцагч М.Наас сантехникийн ажлыг хийхээр тохиролцоогүй гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтын 4 дугаарт дурдсан Ажлын агуулга гэх хэсгээс үзэхэд “Энэ хавсралтын нэг дэх хэсэгт заасан ажлыг бүрэн гүйцэтгэх бөгөөд ингэхдээ, Евро стандартын дотор засалтай, сантехник болон цахилгаан монтажийн бүх ажил үндсэн ажил болон хөлсөнд орсон болно” гэж харилцан тохиролцсоноос үзэхэд хариуцагчийн  дээрх тайлбар *******сгэгдэж байна.

12.Талуудын тайлбар болон гэрч нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр гэрээгээр тохиролцсон ажлаас Б аймгийн Ө сумын 1-р баг, хуст арал 1-1 хаягт байрлалтай барилга байгууламжийг материалыг нь дахин ашиглах байдлаар нураах ажил бүрэн хийгдсэн, нураасан барилгын оронд 10х10 хэмжээтэй барилга байгууламж нь хариуцагч М.Н болон бусад хүмүүсийн оролцоотойгоор хийгдэж дууссан, мөн захиалагчийн эзэмшлийн газарт хоёр барилгыг зураг төслийн дагуу баригдах хоёр барилгын ажлаас нэг байшингийн ханыг босгож, дээврийг хийж дуусгасан, хоёр дахь барилгын ханыг босгосон болох нь тогтоогджээ.

13. Талуудын харилцан тохиолцсон ажлаас шинжээчийн дүгнэлтээр хийгдсэн ажлын ажиллах хүчний зардлыг 30,896,100 төгрөгөөр тооцсон, нэхэмжлэгч М.Е нь сантехник, зуух холбох, цэвэр, бохир, агааржуулалтын ажлыг нийт 4,000,000 төгрөгөөр ажил гүйцэтгэгч Х.Мейржанаар хийлгүүлсэн болох нь ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байх тул нийт 34,896,100 төгрөгийн ажил хийгдсэн байх ба  Ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон 48,000,000 төгрөгийн ажлаас 13,103,900 төгрөгийн ажил гүйцэтгэгдээгүй байна гэж дүгнэлээ.

14. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.  Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2.-т ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэж өгөхдөө талууд акт үйлдэж хүлээлцэх бөгөөд тийнхүү акт үйлдэж хүлээлгэж өгснөөр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзнэ гэж харилцан тохиролцжээ.

15. Хариуцагч М.Н нь ажлын үр дүнг хугацаанд нь хүлээлгэн өгөөгүй бөгөөд ийнхүү хугацаа хэтэрсэн байдалд нэхэмжлэгч буруутай гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

16. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль” гэнэ гэж тус тус заасан.

17. Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1 дүгээр зүйлийн (m) хэсэгт “Гүйцэтгэгч нь гэрээнд болон гэрээний хавсралтад заасан ажлыг хугацаанд хийж гүйцэтгээгүй тохиолдолд 10 сая төгрөгийн торгууль төлөх болно” тохиролцсон байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрээгээр гүйцэтгэх ажлаас 13,103,900 төгрөгийн ажил гүйцэтгэгдээгүй болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн торгуулийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувь буюу 6,551,950 төгрөгөөр тооцож гаргуулах үндэслэлтэй байна.

18.Иймд хариуцагч М.Наас ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлаас дутуу хийсэн ажлын хөлс 13,103,900 төгрөг, торгууль 6,551,950 төгрөг, нийт 19,655,850 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч М.Ет олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 15,344,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

19. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Наас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 19,655,850 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 256,229 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Ет олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.5, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Наас ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлаас дутуу хийсэн ажлын хөлс 13,103,900 (арван гурван сая нэг зуун гурван мянган есөн зуун) төгрөг, торгууль 6,551,950 (зургаан сая таван зуун тавин нэгэн мянган есөн зуун тавин) төгрөг, нийт 19,655,850 (арван есөн сая зургаан зуун тавин таван мянган найман зуун тавин) төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч М.Ет олгож, илүү нэхэмжилсэн 15,344,150 (арван таван сая гурван зуун дөчин дөрвөн мянган нэг зуун тавин) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 (гурван зуун гучин хоёр мянган есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.Наас 256,229 (хоёр зуун тавин зургаан мянган хоёр зуун  хорин есөн) төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ет олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.МЕЙРАМБЕК