Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00536

 

 

Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00074 дугаар шийдвэртэй

Б.У-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Б.У нь Ф ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны болон хоёрдахь дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь өөрийн эцэг З.Б-г 2019 онд нас барсны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2018/00846 дугаар захирамжаар З.Б-ээс 440,238,300 төгрөгийг гаргуулж, А ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэснийг мэдсэн. Улмаар 2020 оноос шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, 1,084 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө /дуусаагүй барилга/, тус хаягт байрлах 690 м.кв талбайтай эзэмшил газрыг үнэлсэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланг 07 дугаар сарын 27-ны өдөр шуудангаар хүлээн авч, танилцсан. Тухайн үнэлгээний тайланд үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 802,899,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус барилга 2014 онд 1,115,128,354 төгрөгөөр төсөвлөгдсөн ба барилга болон газрыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр гэрчилгээгээ гаргуулан төлбөр авагчид барьцаалсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хотын төвд байрлалтай тус обьектыг газрын хамт үндэслэлгүйгээр бага үнээр үнэлсэнд гомдолтой байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан ба мөн оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүссэн.

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй болон шүүхэд нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн боловч шүүхээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарснаар дуудлага худалдаа явагдахгүй гэх тайлбарыг өгсөн тул 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг мөн оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10914 дугаар захирамжаар хангаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн ба тус шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн.

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасан үндэслэлээр анхны дуудлага худалдаа явагдах боломжгүй гэж үзэж байсан ч шийдвэр гүйцэтгэгч М.Х 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн анхны дуудлага худалдаа болох талаар 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот анхны дуудлага худалдаа явуулах тогтоолоор мөн оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуудлага худалдаа явагдаж анхны үнийн санал ирээгүй тул, Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2/27 тоот тогтоолоор хоёрдахь дуудлага худалдаа мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр явагдаж, үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид дуудлага худалдааны доод үнээр санал болгож худалдсан.

Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, мөн оны 08 дугаар сарын 06-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгуулахаар тодруулсан.

Дээрх нөхцөлд дуудлага худалдааг явуулсан нь алдаатай болсон ба алдаатай, хууль бус шийдвэрээс хойшхи ажиллагаанууд мөн адил хууль бус болох юм. Албадан дуудлага худалдааг процессийн алдаатай явуулж, үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгчийн зөвшөөрөөгүй үнээр худалдан борлуулсан нь өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүй болгож, өмчлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 102/Ш32018/00846 дугаар захирамжаар З.Б-с 440,238,300 төгрөг гаргуулах, төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын Ү-2205054678 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хувьсгалын зам гудамж, 123 тоот хаягт байрлах 1,084 м2 талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг мөн тоотод байрлах 690 м2 талбайтай газрын хамт худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт даалган шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг тус газар нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж, барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр битүүмжилсэн. Ажиллагааны явцад төлбөр төлөгч З.Б нь 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан бөгөөд барьцаа хөрөнгийн өв залгамжлагчаар түүний охин Б.У , Б.У нар нь бүртгэгдсэн болох нь 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 86 тоот нотариатчийн өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад өв залгамжлагч Б.У , Б.У нар үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 1,889,600,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Алаг уул ган ББСБ ХХК-аас хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан. Талууд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Файн-эстимейт ХХК-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход дээрх хөрөнгүүдийг 802,899,000 төгрөгөөр үнэлж, мөн оны 07 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээний тайланг ирүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад үнэлгээг мэдэгдэх ажиллагааг явуулж, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 4-146/12772 тоот мэдэгдэх хуудсаар өв залгамжлагч нарт мөн оны 07 дугаар сарын 20-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 8/45 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор барьцаа хөрөнгийг мөн оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад худалдан борлогдоогүй. Барьцаа хөрөнгө болох орон сууцанд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай Б.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй тул бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ф ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүссэн.

Нэхэмжлэгч нь үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 8/45 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, анхны дуудлага худалдааг явуулсан. Ф ХХК-ийн тогтоосон үнэлгээ буюу 802,899,00 төгрөгийн 70 хувь болох 562,029,300 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох үнийг зарлаж, 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад хөрөнгө худалдан борлогдоогүй. Улмаар 802,899,00 төгрөгийн 50 хувь болох 401,499,500 төгрөгөөр хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр явуулж, үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч А ББСБ ХХК худалдан авсан. Үүний улмаас нэхэмжлэгч Б.У болон түүний дүү Б.У нарын хөрөнгө бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас доогуур үнээр худалдагдаж, нэмж төлбөрт орж, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбарын гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан  1,084 м.кв талбай бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байрлах 690 м.кв талбайтай эзэмшил газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 00846 дугаар захирамжаар А ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 439,306,000 төгрөгийг З.Б нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, тус хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх 53-54/

 

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч З.Б-ийн эрх залгамжлагчаар Б.У , Б.У нарыг тогтоож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хх 61/

 

3. Төлбөр төлөгч З.Б нь төлбөр авагч А ББСБ" ХХК-д дээрх эвлэрлийн гэрээгээр тохиролцсон хугацаанд 439,306,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14755 дугаар захирамжаар дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх51/

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжлэн, хураах зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулсан болох нь хэрэгт авагдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураах тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна /хх, 56, 63/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээний талаар харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилох шаардлагагүй. Харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоохоор хуульчлан зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл төлбөр төлөгчийн эрх залгамжлагч Б.У , Б.У нар нь маргаан бүхий хөрөнгөд 1,889,600,000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг төлбөр авагч А ББСБ ХХК эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилуулах талаар хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ф ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх69/

 

Ф ХХК-ийн үнэлгээчин Н.Ц нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгчийн өмчлөлийн  70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 673,037,000 төгрөгөөр, тус хаягт байрлах 690 м.кв талбайтай газрыг 129,862,000 төгрөгөөр, нийт 802,899,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх70-87/

 

Шинжээч Ф ХХК нь үнэлгээг гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, харгалзвал зохих үзүүлэлтийг харгалзсан, ижил байршил, хэмжээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ хийсэн болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцсэн. Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд үнэлгээг буруу тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дах хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэх хуудсаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлсэн нь хэргийн 91 дүгээр талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 88/

 

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

4. Улмаар, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрин 8/45 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор шинжээч Ф ХХК-ийн тогтоосон үнэлгээ болох 802,899,000 төгрөгийн 70 хувиар анхны дуудлага худалдааны үнийг зарлаж, тус дуудлага худалдааг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хийхээр шийдвэрлэж, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хуульд заасан журмыг зөрчөөгүй. Тус дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул дуудлага худалдааг хүчингүйд тооцож, хариуцагч байгууллагын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/27 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор мөн оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуудлага худалдааг хийх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн тул дээрх ажиллагааг хуульд нийцсэн.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүссэн, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад анхны болон хоёр дахь дуудлага худалдааг явуулсан нь алдаатай болсон гэх давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй. /4/

 

Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/00074 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ