Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 3

 

Б.Т, Б.Т, Ч.П нарын 12 хүнд

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий Прокурорын газрын хяналтын Прокурор Ц.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар магадлалтай, Б.Т, Б.Т, Ч.П нарын 12 хүнд холбогдох 201526010177 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Булган харнууд овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

3.Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2012 оны 10 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлсэн, Боржигон овогт Ч.П нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

4.Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Элжгэн овогт Х.Б нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

5.Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 5-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Булгадар овогт Э.С нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт,

6.Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2015 оны 3 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Захнайм овогт М.О нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт,

7.Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Б.Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,  

8.Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хүрдээнхэн овогт Д.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

9.Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Э.Ө нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

10.Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Эцээд овогт Б.Н нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт,

11.Монгол Улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Чонод овогт Г.З нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт,

12.Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Монгол чөдөрчин овогт Х.А нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тт холбогдох Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч Б.Тг онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн,

шүүгдэгч Ч.Пг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж үйлдсэн,

шүүгдэгч Х.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн,

шүүгдэгч Э.Сыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн,

шүүгдэгч М.Оыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Г.З, Х.А, Б.Н нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 жил хорих ял,

шүүгдэгч Ч.Пг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 7 жил хорих ял,

шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Зг 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Х.Аыг 2 жил хорих ял, шүүгдэгч Б.Нг 2 жил 6 сар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 9 жил хорих ялаар,

шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 7 жил хорих ялаар,

шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 6 жил хорих ялаар,

шүүгдэгч Э.Сад Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 7 жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялыг, мөн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 7 жил 1 сар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т, Ч.П, Б.Т, Х.Б, Э.С, М.О, Б.Г, Б.Б, Б.Ө, Г.З, Б.Н, Х.А нарт оногдуулсан хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгийн 451 хоног, Б.Тын 504 хоног, Ч.Пгийн 604 хоног, Э.Сын 370 хоног, Х.Бын 146 хоног, М.Оын 55 хоног, Г.Згийн 12 хоног, Б.Нгийн 12 хоног, Х.Аын 12 хоног тус тус цагдан хоригдсоныг шүүгдэгч тус бүхийн эдлэх ялд оруулан тооцох,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгээс 1.279.037 төгрөг, Х.Баас 1.350.497 төгрөг,  М.Оаас 783.333 төгрөг, Б.Таас 351.979 төгрөг, Э.Саас 7.892.716 төгрөг, Ч.Пгаас 27.938.450 төгрөг тус тус гаргуулж, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарт 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар тус бүр оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар тус хэрэгт 57-53 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тухайн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Бд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 7.000.000 төгрөгийг буюу шүүгдэгч Г.Згаас 2.500.000 төгрөг, Б.Нгаас 2.500.000 төгрөг, Х.Ааас 1.500.000 төгрөг, Б.Таас 500.000 төгрөг тус тус гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.П, Э.С, Х.Б, Г.З, М.О, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Д.Гомбо, шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Д.Энхцэцэг гаргасан гомдолдоо: “...Б.Тгийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугийн асуудалд маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-т заасны дагуу учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Түүнчлэн хэрэг шалгагдаж байх хугацаанд түүний эцэг Баттулга нь өвчний улмаас нас барсан эмгэнэлт явдал болсон.

Иймд Б.Тгийн хувийн байдал болон дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын Прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас анх 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Хэргийг шалгах явцад шүүгдэгч нарын үйлдэл нэмэгдсэн учир 3 жилийн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Т, Б.Т, Ч.П нарын 12 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласны улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

1.Шүүгдэгч Б.Т 2015 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” шөнийн цэнгээний газрын урд талын авто машины зогсоол дээр хохирогч И.Мыг онц харгис хэрцгий аргаар 7 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх цээжний хөндийд шингэн хуралтыг үүсгэсэн хүнд гэмтэл учруулан санаатай алахыг завдсан, мөн 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэн хулгайлж, нийт 6.366.120 төгрөгийн хохирол учруулсан, 

2.Шүүгдэгч Б.Т 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны орчимд насанд хүрээгүй хохирогч М.Дг зодож эрүүл мэндэд нь “дух ясны хугарал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархи доргилт, уруул, баруун бугуйн зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2013 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж нэвтрэн хулгайлж, нийт 17.345.220 төгрөгийн хохирол учруулсан,

3.Шүүгдэгч Ч.П 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ганцаараа 18 удаа, бусадтай бүлэглэн 37 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар, орон байранд нэвтрэн хулгайлж, нийт 55 удаагийн үйлдлээр 57.878.720 төгрөгийн хохирол учруулсан ба үүнээс нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдаж, бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.Шүүгдэгч Х.Б 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан 198.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн, мөн 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, нийт 4.090.500 төгрөгийн хохирол учруулсан, мөн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдаж бусдад 360.000 төгрөгийн хохирол учруулсан, 

5.Шүүгдэгч Э.С 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан 198.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн, мөн 2016 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ганцаараа нэг удаа, бусадтай бүлэглэн 16 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, нийт 17.053.500 төгрөгийн хохирол учруулсан, 

6.Шүүгдэгч Б.Б 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд бусаар нэвтрэн хулгайлж, 2.490.000 төгрөгийн хохирол учруулсан, 

7.Шүүгдэгч Б.Г 2016 оны 2 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн нэг удаагийн удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, 1.170.000 төгрөгийн хохирол учруулсан,

8.Шүүгдэгч Б.Ө 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, нийт 1.936.000 төгрөгийн хохирол учруулсан, 

9.Шүүгдэгч М.О 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр бусадтай бүлэглэн нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хэрэглэн довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан 198.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн, мөн 2016 оны 5 дугаар сарын 11, 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд бусадтай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтрэн хулгайлж, 2.736.000 төгрөгийн хохирол учруулсан, 

10.Шүүгдэгч Б.Н 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, нууцаар, хууль бусаар хулгайлж, 667.000 төгрөгийн хохирол учруулснаас нэг удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан,           

11.Шүүгдэгч Г.З 2017 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл бусадтай бүлэглэн 7 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж, 667.000 төгрөгийн хохирол учруулснаас нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, нууцаар хууль бусаар авахыг завдаж бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан, 

12.Шүүгдэгч Х.А бусадтай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 5-наас 6-ңд шилжих шөнө 6 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлж, 360.000 төгрөгийн хохирол учруулснаас нэг удаагийн үйлдлээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, нууцаар, хууль бусаар авахыг завдаж бусдад 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 6 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 жил хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Б.Тт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 4 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Х.Быг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Э.Сыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жил хорих ялаар тогтоож,

шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгэж, нэмж нэгтгэсэн 5 жил хорих ял дээр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 369 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жил 1 сар хорих ялаар тогтоож,

шүүгдэгч Ч.Пг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 7 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Зг 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч Х.Аыг 2 жил хорих ял, шүүгдэгч Б.Нг 2 жил 6 сар хорих ял,

2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Б.Б, Б.Ө нарыг тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Прокуророос шүүгдэгч Ч.П, Х.Б нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Н, Г.З, Х.А нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар тусад нь зүйлчилж ирүүлсэн бөгөөд шүүх төгссөн болон завдсан хулгайн гэмт хэргүүдийг нэгтгэж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, учирсан хохирлын хэмжээг харгалзан шүүгдэгч нарт нэг удаа ялгамжтай ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Тд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхдээ арван найман насанд хүрээгүй байсан шүүгдэгч Х.Б, Х.А нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан хоёр дахин багасгаж эдлүүлэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 6 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Ат Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Тийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН