Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 07

 

Ч.Сүхбаатарт холбогдох эрүүгийн
 хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд, Прокурор Ц.Сайнхүү, хохирогч Ч.Чинбат, шүүгдэгч Ч.Сүхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолтой Ч.Сүхбаатарт холбогдох 201607000057 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат, 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ганцаараа амьдардаг, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-13 тоотод түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ДЮ61100511 регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа хөрөнгөгүй, Жалайр овогт Чимэдийн Сүхбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-13 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ч.Чинбатын бие махбодид санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Говь-Алтай аймгийн прокурорын газраас Ч.Сүхбаатарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Жалайр овогт Чимэдийн Сүхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар  5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулан уг ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолын бусад заалтаар шүүхийн тогтоол гаргах үед шийдвэрлэвэл зохих бусад асуудлыг шийдвэрлэж эрх бүхий этгээдээс давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэл журмыг тодорхойлон заажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Монголын   хуульчдын   холбооны   гишүүн,   0851   шүүхэд   төлөөлөх   эрхийн дугаартай Хууль зүйн туслалцааны төвийн Ахлах улсын өмгөөлөгч Б.Болормаа   би   Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 

 


2

07 дугаар сарын 28-ны өдрийн 29 дутаартай шийтгэх тогтоолд дараах гомдолыг гаргаж байна.

Яллагдагч Ч.Сүхбаатарыг бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэж анхан шатны шүүх эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял халдааж байгааг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр Ч.Сүхбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг нь тодорхой байдаг боловч хохирогч Ч.Чинбатад гэмтэл учруулсан гэх үйлдэл хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд хангалттай тогтоогдоогүй. Хохирогч Ч.Чинбат нь одоогийн байдлаар ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй ажлаа хийгээд явж байгаа бөгөөд тухайн үед мөн л архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үйлдлээ хянах чадваргүй болсон байсан. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч шүүгдэгч нарын хэн хэн нь хоорондоо муудалцаад хутга булаацалдсан гэдэг нь тодорхой байдаг, Харин ч хохирогчийн гарт нь хутга байсан гэдгийг гэрч Алтаншагай /хх41/, хохирогчийн өмсөж явсан куртикны карманаас хутга гарч ирсэн гэдгийг гэрч Болормаа /хх46-47/ нар мэдүүлдэг. Энэ байдлаас харахад Ч.Сүхбаатар хохирогчид гэмтэл учруулсан гэх хангалттай үндэслэл байхгүй бөгөөд эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16-р зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, нотолбол зохих асуудлуудыг хангалттай нотлоогүй байхад Ч.Сүхбаатарт 5 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь түүний 90 хол давсан өндөр настай байнгын асаргаанд байдаг ээжид нь болон өөрт нь хүндээр тусч байна. Иймд хэргийг дахин хянаж үзнэ үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Сүхбаатар нь анх уг хэргийг үйлдсэн эсэхтээ эргэлзэж байсан боловч одоо бол уг хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Хохирогчид эмчилгээний зардалд 312 420 төгрөгийг төлсөн. Хохирогчийн тухайд биеийн байдал нь ямар нэгэн зовиур шаналгаа байхгүй, архи уух үедээ ууж, барилгынхаа ажлыг хийх үедээ хийж байгаа. Хохирогч нь гомдол саналгүй, Ч.Сүхбаатараас нэхэмжлэх зүйлгүй болсон. Ялтан Ч.Сүхбаатарын хувийн байдлын тухайд анх ундаа хэрэгт холбогдсон. Хохирлыг төлж барагдуулсан, 90 хол гарсан өндөр настай ээжийгээ асран хамгаалдаг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэв.

     Шүүгдэгч Ч.Сүхбаатар нь давж заалдах шатны шүүхийн хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа: Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Ялыг хөнгөрүүлж өгнө үү? гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сайнхүү дүгнэлтдээ: “Ч.Сүхбаатар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог. Ч.Сүхбаатар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өөр өөр мэдүүлэг өгч байна. Эхлээд би хүн хутгалаагүй гэж байсан бол дараа нь би согтуу байсан учраас тухайн үйлдлээ санахгүй байна гэж байсан одоо болохоор би хутгалсан гэж мэдүүлж байна. Энэ хэрэгт эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолвол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Хохирогч архи хэтрүүлэн хэрэглэсэн зүйлгүй байхгүй. Тухайн үед болсон үйл явдлыг бүрэн санаж мэдүүлдэг. Цэдэвсүрэнгийн гар утсыг Ч.Сүхбаатар нь нуусан байдлаас болж муудалцан Ч.Сүхбаатар нь хоёр удаа Я.Цэдэвсүрэнг ална гэж гэрээс гарч ирэхэд нь хохирогч буцааж гэрт нь оруулсан байдаг. Өчигдөр орой хохирогч надтай уулзахдаа миний бие өвдөөд байна гэж ярьсан. Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Хохирогч Ч.Чинбат нь давж заалдах шатны шүүхийн хуралдаанд оролцож  гаргасан тайлбартаа: Хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй. Гомдол санал байхгүй гэв. 


3

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Сүхбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-13 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Ч.Чинбатыг зүүн талын 3, 4 дүгээр хавирганы завсраар, цээжний хөндий рүү нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ч.Чинбатын: “Цэдэвээ гар утасыг нь дэрэн доогуураа хийсэн байна гээд Сүхбаатар ахыг барьж аваад 2 цохиод авсан. Я.Алтаншагай бид хоёр тэднийг салгаад Я.Алтаншагай Цэдэвээг аваад гарсан. Ч.Сүхбаатар ах ална гээд араас нь гарахаар нь би буцааж оруулж ирээд хойморын орон дээр нь суулгасан. Тэгээд гарах гээд байхаар нь гаргахгүй гээд түлхээд суулгахад миний цээжинд хутгалсан” гэсэн агуулга бүхий мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 183 дугаар хуудас/, 
Гэрч Я.Алтаншагайн: “...Я.Цэдэвсүрэн утасаа авчихаад Сүхбаатарын шанаа хэсэгт нь гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд би Цэдэвсүрэнг аваад гэрээс гарсан. Харин Ч.Чинбат Сүхбаатарыг салгаж аваад гэрт үлдсэн. Сүхбаатар, Чинбат хоёр гэрээс гарч ирсэн байхаар нь би тэр хоёрыг гэртээ орж бай гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Чинбат ах гартаа хутга барьчихсан, зүүн гараараа цамцны энгэрээ доош болгочихсон ”Энэ намайг хутгалчихлаа. Цагдаа дуудаарай” гээд гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, 
Гэрч Я.Цэдэвсүрэнгийн: “...Би гар утсаа хайсан чинь олдохгүй болохоор нь Алтанцагайгийн утаснаас залгаж үзтэл Сүхбаатарын орны дэрэн доогуур дуугарсан. Би утасаа аваад Сүхбаатарыг яахаараа миний утасыг авдаг юм бэ? гэж хэлээд хоёр удаа цохьсон. Алтаншагай намайг салгаж аваад хашааны үүдэнд зогсож байхад Ч.Чинбат, Ч.Сүхбаатар нар гарч ирсэн. Тэгэхээр нь та хоёр орж бай гэж хэлээд хашааны хаалганы гадна гараад зогсож байтал Ч.Чинбат “Энэ намайг хутгалчихлаа” гээд гэж хэлээд цээжээ дараад гарч ирсэн. Харин араас нь Сүхбаатар гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,
Шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Ч.Чинбатын биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 дүгээрт зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 
Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Сүхбаатарыг хохирогч Ч.Чинбатын цээжин тус газарт нь хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Ч.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд нийцсэн төдийгүй ял оногдуулах нийтлэг зарчимд үндэслэгдсэн бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна.
Гэвч давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Сүхбаатар нь хохирогч Ч.Чинбатын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж 


    

4


барагдуулсан байх бөгөөд хохирогч Ч.Чинбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байна. 
Түүнчлэн Ч.Сүхбаатар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой зэрэг хувийн байдлыг нь харгалзан давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж ялтан Ч.Сүхбаатар болон түүний өмгөөлөгч Б.Болормаагийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах хүсэлтийг хүлээн авахаар шийдвэрлэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ч.Сүхбаатарыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг,  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Ч.Сүхбаатарыг 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, 3 дахь заалтын “5 жил 1 сарын” гэснийг  “3 жил 4 сарын” гэж өрчлөн, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Болормаагийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 


                     ДАРГАЛАГЧ                              Т.ЖАРГАЛСАЙХАН 

                     ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ

                                Ч.ЭНХТӨР