Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 29

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж, шүүгч Ч.Мөнхтуяа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Д.Отгонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр

Улсын яллагч Т.Эрдэнэбат

Хохирогч Ч.Чинбат

Шүүгдэгч Ч.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 201607000057 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат, 1961 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багт оршин суух бүртгэлтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-13 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ДЮ61100511 регистрийн дугаартай, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа хөрөнгөгүй, Жалайр овогт Чимэдийн Сүхбаатар гэв.

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-13 тоотод яллагдагч Ч.Сүхбаатар нь хохирогч Ч.Чинбатын бие махбодид санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Сүхбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2-13 тоотод хохирогч Ч.Чинбатын бие махбодид санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

 Шүүгдэгч Ч.Сүхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр таксинд явж байгаад үдээс хойш гэр рүүгээ харихаасаа өмнө дэлгүүрт хоолоо авах гээд ороход Ч.Чинбат, Я.Цэдэвсүрэн нар таарсан. Архи авах гэсэн чинь мөнгө дутаад байна гэхээр нь хоол авахаа болиод би мөнгө нэмээд нэг шил архи авсан. Бид хэд нэг шил архи аваад манайд очиж уусан нь үнэн. Би ганцаараа амьдардаг учраас өдөр нь хоол идээгүй байсан болохоор архи уусан чинь амархан согтсон гэв.

Хохирогч Ч.Чинбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хотоос ирсэн. Найзтайгаа эгчийндээ очих гэж явж байгаад замдаа таараад хотоос авчирсан нэг шил архиа н.Базар ахынд очиж уучихаад явсан. Номгоны ард талын Тайшир дэлгүүр ороод нэг шил юм авах гээд байж байхад мөнгө хүрэхгүй зогсож байхад Ч.Сүхбаатар орж ирээд мөнгө нийлүүлж авсан. Тэгээд 0,75 аваад Ч.Сүхбаатар гуайнд очоод архиа уугаад дуусч байхад Я.Алтаншагай гэх банди машины шил авна гээд ярьсан. Архи уугаад сууж байхад удаа ч үгүй Я.Алтаншагай орж ирэхэд гадаа гарч уулзъя гээд гарчихаад орж ирэхдээ утсаа хайгаад Я.Алтаншагайн утсаар дуудуулаад ороод ирсэн. Тэгтэл дэрэн доогуур нь байна гээд Ч.Сүхбаатарыг барьж аваад 2 цохиод авсан. Я.Алтаншагай бид хоёр салгаад Цэдэвээг аваад гарсан. Ч.Сүхбаатар ах ална гэж араас гарахад би буцаж оруулж ирээд хоймрын орон дээр нь суулгасан. Би гарах гээд байхаар нь гаргахгүй гээд түлхээд суулгахад цээжин дээр хутгалсан. Би гарыг нь өчиж хутгийг нь булааж авчихаад гараад явсан. Тэгээд үүдэнд гарч нөгөө хоёрыг цагдаа дууд гэж хэлчихээд ухаан алдаад эмнэлэгт сэрсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Я.Алтаншагайн мэдүүлэг /хх 41-42-рт/, гэрч Я.Цэдэвсүрэнгийн мэдүүлэг /хх 43-44-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 62-63-рт/ зэрэг баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Гэрч Я.Алтаншагайн мэдүүлэг /хх 41-42-рт/,  гэрч Я.Цэдэвсүрэнгийн мэдүүлэг /хх 43-44-рт/, гэрч н.Лхамаагийн мэдүүлэг /хх 54-рт/, гэрч н.Болормаагийн мэдүүлэг /хх 46-47-рт/, гэрч н.Дашрагчаагийн мэдүүлэг /хх 55-рт/, гэрч н.Жамбалын мэдүүлэг /хх 56-рт/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх 26-рт/, шинжээчийн дүгнэлт /хх 91-рт/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолт /хх 118-рт/,  ял шалгах хуудас /хх 121-рт/, туршилт хийсэн тэмдэглэл /хх 30-36-рт/, нүүрэлдүүлэн байцаасан байцаалт /хх 50-52-рт/, шүүгдэгчийг драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх 16-17-рт/, Я.Цэдэвсүрэнгийн драгер үлээлгэсэн тэмдэглэл /хх 18-рт/, мөрдөн байцаагчийн тайлбар /хх 10-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж үзлэг хийв.  

Шүүгдэгч Ч.Сүхбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч Ч.Чинбатын цээжний хөндийрүү хутгалж бие махбодид хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь гэрч Я.Алтаншагайн “... тэр хашаанд байсан монгол гэрийн үүдэнд дөхөж очиход гэр дотор хүмүүс том том дуугарч байсан. Тэгээд гэрт орсон чинь Ч.Сүхбаатар Я.Цэдэвсүрэн нар хоорондоо барьцалдаж авсан гэрийн хойд талын орон дээр унаж босоод байсан. Харин Я.Чинбат нь салгаж байсан. Тэр хоёрын маргалдаж муудалцсан шалтгаан нь Я.Цэдэвсүрэнгийн гар утсыг Ч.Сүхбаатар авсан гэж хэлж байсан. Би Я.Цэдэвсүрэнгийн гар утас руу залгаж үзсэн чинь гэрийн хойно хэсэгт байсан орны бүтээлэг доогуур хийсэн байсан. Я.Цэдэвсүрэн утсаа авчихаад Ч.Сүхбаатарын шанаа хэсэгт нь гараараа хоёр удаа цохьсон тэгээд би Я.Цэдэвсүрэнг аваад гэрээс гарсан. Харин Ч.Сүхбаатарыг Ч.Чинбат салгаж аваад гэрч үлдсэн. Я.Цэдэвсүрэн бид хоёр хашааны үүдний дотор талд оруулж тавьсан мотоциклийг гаргах гэж байхад гэр дотор байсан Ч.Сүхбаатар, Ч.Чинбат нар гарч ирсэн. Тэр хоёр хүнийг та хоёр гэртээ орж бай гэж хэлээд хашааны үүдэнд мотоциклио гаргаж тавиад хэсэг хугацаанд хурдан морины талаар ярьж зогссон тэгж байхад гэр дотроос Ч.Чинбат ах баруун гартаа хутга барьсан зүүн гараараа цамцны энгэрээ доош болгосон энэ намайг хутгалчихлаа цагдаа дуудаарай гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 41-42 дугаар хуудаст/, гэрч Я.Цэдэвсүрэнгийн “... тэгээд Номгон дэлгүүрийн ар талд байдаг Тайшир дэлгүүрээс дахин архи авах гэсэн чинь надад мөнгө байгаагүй, харин Ч.Чинбатын картанд 4000 төгрөг байсан нэг шил архи аваад үлдсэн мөнгийг нь зээлнэ гэж байхад гаднаас Ч.Сүхбаатар орж ирсэн. Тэгээд 1 шил архи хувааж авах уу манайд очиж ууя гэж хэлсэн тэгээд Ч.Чинбатын 4000 төгрөг дээр Ч.Сүхбаатарын 3000 төгрөг нэмээд 1 шил 0,75 литрийн Их Монгол гэдэг дөрвөлжин цагаан шилтэй архи аваад Ч.Сүхбаатарын гэрт очиж архиа ууж дуусгасан. Тэр үед Я.Алтаншагай надаас машины шил авна гээд залгасан. Би өөрийн байгаа газраа зааж өгөөд хэсэг хугацааны дараа Я.Алтаншагай нь Ч.Сүхбаатарын гэрт орж ирсэн. Я.Алтаншагай бид 2 гадаа гараад мотоциклийн тэнд очоод би утсаа хайсан чинь олдохгүй болохоор нь гэрт буцаж ороод Алтаншагайн гар утаснаас залгаж үзсэн чинь Сүхбаатарын гэрийн хойморь байсан орны дэрэн доогуур дуугарсан тэгээд би утсаа аваад Сүхбаатарын миний утсыг яахаараа авдаг юм гээд цээжинд нь 2 удаа цохьсон чинь Ч.Алтаншагай намайг салгаж аваад гарч явсан бид 2 хашааны үүдэнд зогсож байхад Ч.Сүхбаатар, Ч.Чинбат нар гараад ирсэн. Тэгэхээр нь та орж бай гэж хэлээд гэрт оруулсан. Харин Алтаншагай бид 2 хашаанд байсан мотоцикль гаргаж ирээд хашааны гадна үүдний орчимд юм ярьж байхад Ч.Чинбат нь энэ намайг хутгалчихлаа гэж хэлээд цээжээ дараад гарч ирсэн харин араас нь Сүхбаатар гараад ирэхээр нь би согтуу байсан учраас мотоциклио түрээд явчихсан юм”  гэх мэдүүлэг /хх 43-44 дүгээр хуудас/ болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт  мэдүүлж байгаа мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ч.Сүхбаатарын өмгөөлөгч Б.Болормаагийн ... Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 гэмт хэрэг гарсан байдал, 80 дугаар зүйлийн 80.1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн байдал, яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал хангалттай нотлох баримтаар тогтоогдоогүй байна... хэний үйлдлийн улмаас хохирогч Ч.Чинбатад гэмтэл учирсан нь тогтоогдоогүй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналыг шүүх хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Ч.Сүхбаатар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж улмаар өөрийн үйлдлийг санахгүй байна гэж мэдүүлж байгаа  боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хохирогч Ч.Чинбатыг цээжин тус газар нь хутгалж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь бүрэн нотлогдсон бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ. 

Хохирогч  Ч.Чинбат нь өвчтэй байсан хугацааны цалин орлого гэх 1000000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн босоо захтай ширмэл оёдолтой куртик 1 ширхэг, гурвалжин захтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн майк 1 ширхэгийг хохирогчид өөрт нь буцаан олгож, цоохор өнгийн бариултай хутга 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, хар өнгийн эвдэрсэн нүдний шил 1 ширхэг, Их Монгол гэсэн нэртэй архины шил 1 ширхэг зэргийг талуудын саналаар устгаж, шүүгдэгч Ч.Сүхбаатар нь хохирогч Ч.Чинбатад 312420 төгрөг эмчилгээнд төлсөн байх тул мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Мустанг маркын мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Сүхбаатар нь согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нь өвчтэй байсан хугацаанд олох байсан цалин орлого болох 1000000 төгрөг нэхэмжилж байгааг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан гэж үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ч.Сүхбаатарын ДЮ61100511 регистрийн дугаартай иргэний үнэмлэх 1 ширхэг, 35-42 ГАЗ улсын дугаартай улаан өнгийн Мустанг маркын мотоциклийн 00701286 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг шүүхэд ирсэн, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 312420 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх ба нэг нь нөгөөгөө баталсан хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нарын мэдүүлэгүүд нь бие биенээ нотолсон байх тул шүүх эдгээр мэдүүлгүүдийг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.   

 

                                   

 

                                                                            

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Чимэдийн Сүхбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сүхбаатарыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Сүхбаатарт оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 30-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Мустанг маркын 35-42 ГАЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн босоо захтай ширмэл оёдолтой куртик 1 ширхэг, гурвалжин захтай ноосон цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн майк 1 ширхэгийг тус тус хохирогч Ч.Чинбатад буцаан олгож, цоохор өнгийн бариултай хутга 1 ширхэг, цагаан өнгийн асаагуур 1 ширхэг, хар өнгийн эвдэрсэн нүдний шил 1 ширхэг, Их Монгол гэсэн нэртэй архины шил 1 ширхэгийг тус тус устгасугай.

6. Ялтан Ч.Сүхбаатараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, ялтан нь цагдан хоригдоогүй, хохирогч Ч.Чинбатад эмчилгээний зардалд 312420 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цалин орлого гэх 1000000 /нэг сая/ төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ч. Сүхбаатарын ДЮ61100511 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Мустанг маркын 35-42 ГАЗ улсын дугаартай мотоциклийн 00701286 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ялтан Ч.Сүхбаатарт буцаан олгосугай.

8. Ялтан Ч.Сүхбаатарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.САРАНТУЯА

 

                                    ШҮҮГЧИД                           Ч.МӨНХТУЯА

 

                                                                                Н.ДЭЛГЭРМАА