Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 246

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Данжин овогт М.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810004810202 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Данжин овогт М.Г

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Г нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадна 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр машин хааж зогслоо гэх шалтгаанаар Т.Өын эзэмшлийн 50-32 УНН улсын дугаартай Ниссан Жуки маркийн автомашины баруун урд кирлоноос баруун хаалганы урд хэсэг хүртэл зурсан мөн баруун хойд калпак, зүүн урд калпак зэргийг хагалж Т.Өт 325,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.Г: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эгч дээрээ очиж золгосон. Машинаа байрны гадаа тавьчихаад эгчийн гэрт ороод 30 минутын дараа гарч ирэхэд миний машиныг нэг машин хаагаад зогссон байсан. Гадаа машины эзнийг хүлээж байгаад эгчийн гэр лүү орсон. 20 минутын дараа хүүгээ гараад таглаж зогссон машин хөдөлсөн байна уу харчихаад ир гэж хэлэхэд хөдлөөгүй байна гэж орж ирсэн. 1 цагийн дараа гарч ирэхэд машин байж байхаар нь тус зогсоолын манаач ахад уурласан. Манай эгчийн цаад байрны орцноос нэг залуу гарч ирээд миний зүүн талын машин гараад явхад би зогсоолоос машинаа гаргаад хохирогчийн машины хажуугаар өнгөрөхдөө түлхүүрээр зурсан. Намайг машины дугуй руу өшиглөхөд манай 10 настай хүүхэд дуурайж өшиглөхөөр нь би болиулсан. Уг машиныг зогсоолд орж ирэхдээ дугуйны калпак нь хагархай байсан уу үгүй юу гэдгийг харах боломжтой гэж үзэж байна. Намайг хотоос гараад явж байхад миний утас руу залгаж, хүний машин зурсан байна эртхэн ирж уулзаарай гэхэд нь би уучлаарай гээд учраа хэлсэн. Би калпак руу огт өшиглөөгүй, дугуй руу өшиглөсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед ...зогсоол олдохгүй байсан болохоор нь хоёр машины урдуур хааж үлдээчихээд эгчийндээ ороод 30 минут болоогүй байхад нэг дугаараас залгаад машинаа гаргая гэхээр нь гарч очоод машинаа холдуулсан. Тэр үед 40 орчим насны ах намайг хүлээгээд тамхи татчихсан зогсож байснаа газраас хуванцар зүйл аваад энэ чиний калпакний хэлтэрхий биш үү гэхээр нь машиныхаа дугуйнуудыг тойрч харахад хоёр дугуйны калпак хагарсан, жолооч талын урд крило хэсгээс хаалга хүртэл зурчихсан байсан. Тэгэхэд харуул ах хүрч ирээд чиний машиныг сая 46-39 УНС улсын дугаартай машины жолооч хааж тавьсан байна гээд уурлаад дугуй руу чинь өшиглөөд байхаар нь очиж хэлэхэд намайг загнаад байсан гээд утасны дугаарыг нь өгсөн. ...миний машины 4 дугуй хар өнгийн обудьтай, гадна талаараа саарал өнгийн хуванцар калпактай байсан. ...Миний калпак хагараад Ниссан гэсэн бичигтэй хэсэг нь унасан байсныг тэнд байсан ах надад үзүүлсэн..” /хх-ийн 15-16, 17-18, 67-68/ гэсэн,

 

Гэрч С.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 14-15 цагийн орчимд гражаас гарч буй машиныг гаргачихаад буцаад иртэл байрны урд талын машин гардаг хэсэгт нэг жижиг машин бусад машиныг таглаад зогссон байсан. Тэгтэл нэг залуу уг машины эзнийг асууж, дугаар нь байна уу, машин тэрэг журамлаж тавиулсангүй гээд над руу уурлаад байсан. ...20 орчим минут хүлээсэн боловч уг машины жолооч гарч ирээгүй болохоор нөгөө залуу нялх, нойтон хүүхэд даарчихлаа, яасан хувиа бодсон хүн бэ гэж уурлаад уг машины баруун талын дугуй руу өшиглөсөн. Энэ үед тухайн залуугийн машины хажууд байсан өөр нэг машин гараад явсан. Энэ үед залуу тойроод нөгөө талын дугуй руу өшиглөөд машиндаа суугаад явахаар нь би чи яагаад хүний эд хөрөнгөд халдаж байгаа юм бэ гэхэд тэр залуу чамд ямар хамаатай юм, эзнийг нь холбогд гэж хэлээрэй гээд явсан ...Ямар ч байсан дугуйны калпак руу өшиглөсөн...” /хх-ийн 20-21/ гэсэн,

 

Гэрч О.Энхцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эгчийндээ оччихоод явах гэтэл манай машины урдуур өөр нэг машин хаагаад тавьчихсан байсан. Машин дээр нь очиход утасны дугаар байхгүй байхаар буцаж эгчийндээ орж хүлээж байгаад, буцаж гарч ирэхэд манай нөхөр тухайн машины дугуй хэсэг рүү өшиглөөд байсан. ...Манай нөхөр тэр машины хойд хоёр дугуй руу өшиглөсөн, мөн баруун хэсгийг түлхүүрээрээ зурсан гэж хэлсэн...” /хх-ийн 53/ гэсэн,

 

Гэрч Х.Бат-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг болсон гэх 48 дугаар байрны 2 дугаар орцонд байрлах харуулын өрөөнд байрлах хяналтын камерийн бичлэгт үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн. ...Камерын бичлэгийг шалгахад Г гэгч нь машиныхаа хажууд зогсож байгаад нь урдуур нь хааж тавьсан машины урдуур хойгуур тойрч явж байгаа харагдах ба хөлөөрөө Өын машины баруун хойд дугуй руу нэг удаа өшиглөсөн, мөн хөлийн ар хэсгээрээ 2 удаа өшиглөсөн, Мөн машины зүүн талын дугуй орчим хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгээд Ггийн зогсож байсан машины хажуу талын машин гарах үед Г уг машин байрлаж байсан хэсгээр тойрч гараад цаана маневар хийж эргээд Өлий-Утасын машины хажуугаар зөрөхдөө уг машины урд крыло хаалга орчим гараараа машинд хүрч байгаа дүрс харагдсан...” /хх-ийн 54/ гэсэн,

 

Шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эгчийнхээ гэрт оччихоод гарахад миний машины урд машин хаагаад зогсчихсон байхаар гарч ирэхийг нь хүлээгээд байхад гарч ирэхгүй байсан. Машиныг тойрч харахад утасны дугаар үлдээгээгүй байхаар нь баруун талын хойд болон зүүн талын урд дугуй руу өшиглөөд /калпак руу нь өшиглөөгүй/, харуул залууд машины дугаар байна уу гэж хэлээд зогсож байхад миний хажуу талын машин гараад явчихаар нь тэр машин гарсан зайгаар нь тойрч гарахдаа тухайн машины зүүн баруун талын урд крыло хэсгийг машины түлхүүрээр зурсан. ...Би тухайн машины баруун урд хэсгийг түлхүүрээр зурсан, калпакийг хагалаагүй, дугуй руу өшиглөхдөө резинен хэсэгт нь өшиглөсөн...” /хх-ийн 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/,

- Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 29/,

- Шүүгдэгч М.Ггийн ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 30-35/,  

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 42/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Гд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Г нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадна зогсоолд машин хааж зогслоо гэх шалтгаанаар Т.Өын эзэмшлийн 50-32 УНН улсын дугаартай Ниссан Жуки маркийн автомашины баруун урд крылоноос баруун хаалганы урд хэсэг хүртэл зурсан мөн баруун хойд болон зүүн урд дугуйны калпакыг өшиглөн хагалж, Т.Өт 325,200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Өын “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед ...зогсоол олдохгүй байсан болохоор нь хоёр машины урдуур хааж үлдээчихээд эгчийндээ ороод 30 минут болоогүй байхад нэг дугаараас залгаад машинаа гаргая гэхээр нь гарч очоод машинаа холдуулсан. Тэр үед 40 орчим насны ах намайг хүлээгээд тамхи татчихсан зогсож байснаа газраас хуванцар зүйл аваад энэ чиний калпакний хэлтэрхий биш үү гэхээр нь машиныхаа дугуйнуудыг тойрч харахад хоёр дугуйны калпак хагарсан, жолооч талын урд крыло хэсгээс хаалга хүртэл зурчихсан байсан. Тэгэхэд харуул ах хүрч ирээд чиний машиныг сая 46-39 УНС улсын дугаартай машины жолооч хааж тавьсан байна гээд уурлаад дугуй руу чинь өшиглөөд байхаар нь очиж хэлэхэд намайг загнаад байсан гээд утасны дугаарыг нь өгсөн...” /хх-ийн 15-16, 17-18, 67-68/ гэсэн,

Гэрч С.Цолмонгийн “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан, байрны урд талын машин гардаг хэсэгт нэг жижиг машин бусад машиныг таглаад зогссон байсан. Тэгтэл нэг залуу уг машины эзнийг асууж, дугаар нь байна уу, машин тэрэг журамлаж тавиулсангүй гээд над руу уурлаад байсан. ...20 орчим минут хүлээсэн боловч уг машины жолооч гарч ирээгүй болохоор нөгөө залуу нялх, нойтон хүүхэд даарчихлаа, яасан хувиа бодсон хүн бэ гэж уурлаад уг машины баруун талын дугуй руу өшиглөсөн. Энэ үед тухайн залуугийн машины хажууд байсан өөр нэг машин гараад явсан. Энэ үед залуу тойроод нөгөө талын дугуй руу өшиглөөд машиндаа суугаад явахаар нь би чи яагаад хүний эд хөрөнгөд халдаж байгаа юм бэ гэхэд тэр залуу чамд ямар хамаатай юм, эзнийг нь холбогд гэж хэлээрэй гээд явсан ...Ямарч байсан дугуйны калпак руу өшиглөсөн...” /хх-ийн 20-21/ гэсэн,

Гэрч О.Энхцэцэгийн “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эгчийндээ оччихоод явах гэтэл манай машины урдуур өөр нэг машин хаагаад тавьчихсан байсан. Машин дээр нь очиход утасны дугаар байхгүй байхаар буцаж эгчийндээ орж хүлээж байгаад, буцаж гарч ирэхэд манай нөхөр тухайн машины дугуй хэсэг рүү өшиглөөд байсан. ...Манай нөхөр тэр машины хойд хоёр дугуй руу өшиглөсөн, мөн баруун хэсгийг түлхүүрээрээ зурсан гэж хэлсэн...” /хх-ийн 53/ гэсэн,

Гэрч Х.Бат-Одын “...Камерын бичлэгийг шалгахад Г гэгч нь машиныхаа хажууд зогсож байгаад урдуур нь хааж тавьсан машины урдуур хойгуур тойрч явж байгаа харагдах ба хөлөөрөө Өын машины баруун хойд дугуй руу нэг удаа өшиглөсөн, мөн хөлийн ар хэсгээрээ 2 удаа өшиглөсөн, Мөн машины зүүн талын дугуй орчим хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. ...Өын машины хажуугаар зөрөхдөө уг машины урд крыло хаалга орчим гараараа машинд хүрч байгаа дүрс харагдсан...” /хх-ийн 54/ гэсэн,

Шүүгдэгч М.Ггийн “...2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эгчийнхээ гэрч оччихоод гарахад миний машины урд машин хаагаад зогсчихсон байхаар нь гарч ирэхийг нь хүлээгээд гарч ирэхгүй байсан. Машиныг тойрч харахад утасны дугаар үлдээгээгүй байхаар нь баруун талын хойд болон зүүн талын урд дугуй руу өшиглөөд /калпак руу нь өшиглөөгүй/, харуул залууд машины дугаар байна уу гэж хэлээд зогсож байхад миний хажуу талын машин гараад явчихаар нь тэр машин гарсан зайгаар нь тойрч гарахдаа тухайн машины зүүн баруун талын урд крыло хэсгийг машины түлхүүрээр зурсан...” /хх-ийн 59-60/ гэсэн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 11-12/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 29/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 42/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ггийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна

 

Шүүхээс М.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Өын тээврийн хэрэгсэлд 325,200 /хх-ийн 11/ төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй тул гэм буруутай М.Ггаас гаргуулж хохирогч Т.Өт олгох нь зүйтэй байна.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Г нь тохиодлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810004810202 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхийн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “...Би дугуйны резинэн хэсэг рүү өшиглөсөн, калпакыг өшиглөж хагалаагүй, угаасаа хагархай калпактай машин байсан...” гэж мэдүүлэх бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүйн дээр түүний ингэж мэдүүлсэн нь хохирогч болон гэрч С.Цолмон, Х.Бат-Од, О.Энхцэцэг нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр няцаагдаж, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлосон бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Данжин овогт М.Г-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Г-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Г нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-гаас 325,200 /гурван зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Ө /РД:ПБ89080289, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 24-59 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн 1810004810202 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.-Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР