Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 773

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч М.Г,

нарийн бичгийн дарга Д.Дэлгэрмаа нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүрийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Ггийн гаргасан давж заалдах гомдлоор М.Гд холбогдох эрүүгийн 1810004810202 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д овогт М.Г, 1979 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч М.Г нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадна 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр машин хааж зогслоо гэх шалтгаанаар Т.Өын эзэмшлийн 50-32 УНН улсын дугаартай “Ниссан Жуки” маркийн автомашины баруун урд кирлоноос баруун хаалганы урд хэсэг хүртэл зурсан мөн баруун хойд калпак, зүүн урд калпак зэргийг хагалж Т.Өт 325,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт М.Гг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч М.Гд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Г нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ггаас 325,200 /гурван зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Ө /РД:...., Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа .... тоотод оршин суух хаягтай/-т олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн 1810004810202 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мандах овогтой Г би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр машин хааж зогссон гэх шалтгаанаар 50-32 УНН “Ниссан Жуки” машиныг өөрийн машины түлхүүрээр зурсан нь үнэн болно.

Гэвч уг машины баруун хойд калпак, зүүн урд калпак зэргийг хагалаагүй. Уг машиныг хүлээх зуур харахад нэг калпак байхгүй. Нэг калпак бүтэн, 2 дахь калпак нь хагархай байсан. Үүнийг тухайн үеийн бичлэгээс харах бүрэн боломжтой байсан. Хохирогчид мөнгийг чинь өгье нотариат оръё гэхээр ордоггүй, иймд хохирлоо төлөөгүй байгаа юм. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Ггийн хохирогчийн машины урд, хойд калпакийг гэмтээсэн болон машиныг түлхүүрээр зурсан үйлдэл нь гэрч харуул Цолмонгийн мэдүүлэг болон камерын бичлэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тухайн хэрэг болсон цаг хугацааны хувьд цагаан сарын шинийн нэгний өдөр болсон явдал бөгөөд 20-30 минут орчим хүлээсэн асуудал байсан. Энэ нь камерын бичлэгээр нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

М.Г нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 48 дугаар байрны гадна 2018 оны 2 дугаар сарын 16-ны өдөр машин хааж зогслоо гэх шалтгаанаар Т.Өын эзэмшлийн 50-32 УНН улсын дугаартай “Ниссан Жуки” маркийн автомашины баруун урд кирлоноос баруун хаалганы урд хэсэг хүртэл зурсан мөн баруун хойд калпак, зүүн урд калпак зэргийг хагалж Т.Өт 325,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Өын мэдүүлэг /хх-15-16, 17-18, 67-68/, гэрч С.Ц мэдүүлэг /хх-20-21/, гэрч О.Э мэдүүлэг /хх-53/, гэрч Х.Б мэдүүлэг /хх-54/, шүүгдэгч М.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-59-60/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, Автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-11-12/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-29/, шүүгдэгч М.Ггийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, түүний хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 30-35/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-42/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэсэн заалтад нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, хууль зүйн зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хохирогч, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авч, энэхүү мэдүүлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар шүүгдэгч М.Г нь Т.Өын эзэмшлийн 50-32 УНН улсын дугаартай “Ниссан Жуки” маркийн автомашины баруун урд кирлоноос баруун хаалганы урд хэсэг хүртэл зурсан, мөн түүний машиныг өшиглөж машины дугуйн баруун хойд калпак, зүүн урд калпак зэргийг хагалж гэмтэл учруулсан нь нотлогдож байх бөгөөд нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймээс шүүгдэгч М.Ггийн “...хэргийг дахин шалгаж үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Ггийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

ШҮҮГЧИД                                                    М.АЛДАР

         О.ЧУЛУУНЦЭЦЭГ