Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 223/МА2022/00003

 

                                                          

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00903 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Ч, Г.С нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17 281 440.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Д.Ч, Г.С нарын гаргасан давж заалдах  гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал, хариуцагч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.С, Д.Ч нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1300020123 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18 500 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Г.С Х дахь 5002007632 тоот дансанд 18 500 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 4 079 993.30 төгрөг, зээлийн хүүд 6 016 318.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 057.71 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1300020123 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчиж зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 254 хоног хугацаа хэтрүүлээд байна. Х зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа амаар болон бичгээр зээлдэгчээс шаардаж, мэдэгдсэн боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдий хүрээнд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1300020123 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр болох 14 420 000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаарх хүү 2 851 785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 655 төгрөг, нийт 17 281 440.57 төгрөгийг хариуцагч Г.С, Д.Ч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Г.С нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хнаас 1300020123 дугаартай зээлийн гэрээ байгуулж 18 500 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлээ ажиллаж байх хугацаандаа төлж байсан. Ажлаасаа гарсан, ажлаасаа гарснаар зээлээ төлөх боломжгүй болсон. Үүнтэй холбоотойгоор зээлийг нь үндсэн төлбөрөөс чөлөөлж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрчлөлт хийгээд түүнээс хойш 17 281 440.57 мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлд тусгасан. 254 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа. нэхэмжлэлийн дүнд тусгагдсан мөнгийг гаргуулах хүсэлттэй байгаа гэжээ.

 

Хариуцагч Д.Ч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Ч миний бие 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Г.Сгаар 18 500 000 төгрөгийн зээлийг авхуулсан нь үнэн болно. Тус зээлийг 2020 оны 12 дугаар сарыг дуустал төлсөн хэдий ч коронавируст халдварын улмаас ажил зогсож зээлийг төлөх боломжгүй болоод байна. Одоогийн байдлаар нийт 11 000 000 төгрөгийг төлсөн хэдий ч хүүд 6 000 000 төгрөг, үндсэн зээлээс 4 000 000 төгрөг төлөгдсөн байна. Одоогоор хугацаа хэтэрсэн хуримтлагдсан хүү 2 800 000 төгрөг болсон гэсэн. Энэхүү хүүг төлөх боломжгүй болсон тул хуулийн дагуу шийдэж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.С миний бие 2016 оноос Төв аймаг, Зуунмод суманд байрлах “Могол ноос” ХХК-д машинист ажилтай ажиллаж байх хугацаандаа Хнаас өрхийн хэрэгцээнд зориулан 7 000 000 төгрөгийн зээл авч байсан. Гэтэл 2019 онд аав Тувааны Ганбаатар маань уушгины хүнд хагалгаанд орох шаардлагатай болсон учраас цалингийн зээлээ нэмж, 10 000 000 төгрөг авсан. Авсан зээлээ хугацаандаа төлж байсан хэдий ч ковид-19 цар тахалтай холбоотой ажил зогсож зээлээ төлөх аргагүй болсон. Би 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн нялх хүүхэдтэй одоогийн байдлаар ямар ч төлөх боломжгүй. Охин бид хоёр ковид тусаад тусгаарлалтад байгаа тул шүүхээс хүсэх нь миний  зээл болон зээлийн хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлийн дүнгээс хасаж үлдэгдэл мөнгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү. Миний ээж Даваа Чг миний бие төлөөлөгчөөр оролцуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 18 500 000 төгрөгийн зээл авсан. Үндсэн зээлээс 4 000 079 төгрөг төлөгдсөн байгаа юм. 6 116 318 төгрөг зээлийн хүүд төлөгдсөн байгаа юм. Нийт 11 057 000 төгрөг өгсөн байгаа. Үндсэн төлбөр нь 14 420 000 төгрөг, хүү 2 851 785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 655 төгрөг байгаа юм. Одоо үлдэгдэл төлбөр нь 17 281 440.57 төгрөг гэж гарч ирж байгаа. Байгуулсан гэрээг харахаар үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцүү байна гэж заасан байна. Манай тал 18 500 000 төгрөгийн зээл авсан, 11 000 000 төгрөг зээлд төлсөн байхад одоо 17 281 440.57 төгрөгийн өр үлдэж байгаа юм. Зээл авсан өгсөнд маргаан байхгүй” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.С, Д.Ч нараас зээлийн гэрээний үүрэгт 17 281 440.57 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 357 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.С, Д.Ч нараас 244 357 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Ч, Г.С нар давж заалдах гомдолдоо: ...Зээлдэгч Д.Ч Г.С бид 2018 оны 12 дугаар сарын 15-нд “Х”-наас 18 500 000 төгрөгийн зээл авсан. Гэрээний дагуу үндсэн зээлээс 4 079 993 төгрөг, зээлийн хүүд 6 016 318 төгрөг нийт 1 105 771 төгрөг төлсөн. Одоо шүүхээс 17 281 440 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь бидний амьдралд маш хүндээр тусаж байна. Давагдашгүй цар тахлын улмаас зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг төлж чадаагүй юм. Иймд зээлийн нэмэгдүүлсэн хүү 9 655 000 төгрөг, зээлийн хүү 2 851 785 төгрөг бүгд 12 506 785 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид нар Ковид-19 өвчний улмаас төлбөрийн ямар ч чадваргүй болж амьдрахад маш хүнд боллоо зээл зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүгээс тал хувийг ч гэсэн хасаж өгвөл баярлах болно гэжээ.

 

                                                     ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагч нарын давж заалдах гомдол  үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Зуунмод салбар нь хариуцагч Г.С, Д.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  үндсэн зээл 14 420 000 төгрөг, түүний хүү 2 851 785,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 655 төгрөг, нийт 17 281 440,57 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Г.С, Д.Ч нараас зээлийн төлбөрт төлсөн  төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцоогүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар Хны Зуунмод салбартай, Г.С, Д.Ч нар нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар 18 500 000 төгрөгийг, жилийн 20.40 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулсан байх ба банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч Г.Сгийн Х дахь дансанд зээлийг шилжүүлсэн байна.

Харин зээлдэгч нараас гэрээний хугацаанд үндсэн зээлд 4 079 993.30 төгрөг, зээлийн хүүд 6 016 318 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 057 төгрөг нийт 10 107 368 төгрөг төлсөн, түүнээс хойш буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн, үндсэн зээлийн төлбөр 14 420 000 төгрөг, зээлийн хүү 2 851 785.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 655 төгрөг, нийт 17 281 440.57 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогджээ.

Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтын дагуу зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас шаардах эрхтэй байна.

Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн төлбөрт зээлдэгчээс гэрээний үүрэгт төлсөн 10 107 368 төгрөгийн талаар маргаангүй байна.

Зээлдэгч  Г.С, Д.Ч нар нь  2018 оны 12 дугаар  сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2018 оны зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр  зээлийн төлбөрийг зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтмол, тогтсон хэмжээгээр гүйцэтгэх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэхүү  сар бүр тогтмол зээл төлөх үүргээ биелүүлээгүй  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байх тул  анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Г.С, Д.Ч нар Ковид-19 цар тахлын улмаас ажилгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэсэн үндэслэлээр зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний үүргийн маргааныг Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулгаас үзвэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүтэй холбогдуулан  гомдол гаргасан байх бөгөөд хүү 2 851 785,57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 655 төгрөг, нийт 2 861 440 төгрөгийн үнэнд тохируулан буюу нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрсөн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид 60 733 төгрөг  төлөх ёстой  атал  245 000 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 184 267 төгрөгийг  орон нутгийн төсвөөс шүүгчийн захирамжаар буцаан  гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ “...нэмэгдүүлсэн хүү 11 057 төгрөг, нийт 10 107 386 төгрөгийн“ гэхийг “...нийт 11057,071 төгрөгийг“ гэж, “үндсэн зээл 14 420 000 төгрөг“ гэхийг “4 420 000 төгрөг“ гэж зээлийн үнийн дүн болох тоог  буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60 733 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 184 267 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Г.С, Д.Ч нарт олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

         ШҮҮГЧИД                                                                  М.МӨНХДАВАА

                                                                                            Т.ЭНХМАА