Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 223/МА2022/00006

 

                                                          

 

 

Т аймгийн Т.х-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Т аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Т аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2021/00798 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т аймгийн Т.х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Бд холбогдох,

Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-44, 33-06-45, 33-06-46, 33-06-47, 33-06-48, 33-06-49, 33-06-50, 33-06-51, 33-06-52 дугаар актын төлбөр нийт 15.166.915 төгрөг гаргуулах, Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дүгээр албан шаардлагын дагуу 2020 оны 5 дугаар сарын 06-10, 20-ны өдрүүдэд болон 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр тус тус зарцуулсан 2.121.000 төгрөгийг гаргуулах, мөн Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон Т аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагч Л.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Т аймгийн Т хэлтсийн дарга З.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б нь Т ерөнхий газрын даргын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/385 дугаар тушаалаар тус хэлтсийн нягтлан бодогчоор томилогдсон ба 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд ажилласан. Тэрээр тус байгууллагатай хөдөлмөрийн гэрээтэй ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээний 8.3.10, 8.3.17 дугаар заалтад заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс Т хэлтсийн данс бүртгэлийг будлиантуулж, санхүүгийн хохирол учруулсан, ажилдаа хариуцлагагүй хандсан нь удаа дараагийн үйлдлээр тогтоогдсон. Л.Б нь Т хэлтсийн даргын гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй, тушаалд дурдагдаагүй албан хаагчид үр дүнгийн урамшуулал бодож олгосон, тушаал болон ээлжийн амралтын хуудаст заасан хугацаанаас илүү хугацаагаар ээлжийн амралтын мөнгө бодож олгосон, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар суутгалгүй цалин олгосон, хувь хүний орлогын албан татварыг буруу ногдуулсан, нийгмийн даатгал суутгасан цалинг нийгмийн даатгалын тайланд тусгалгүй орхигдуулсан зэрэг алдаа зөрчил гаргаж, энэхүү зөрчил нь холбогдох аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны болон Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын актаар тогтоогдсон. Иймд Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42, 33-06-44, 33-06-45, 33-06-46, 33-06-47, 33-06-48 дугаар актаас 324.022 төгрөг, 33-06-49, 33-06-50, 33-06-51, 33-06-52 дугаар актын төлбөр нийт 15.166.915 төгрөгийг гаргуулах, 2020 оны 5 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулсан татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан нийт 1.221.000 төгрөгийн баримтыг гаргуулж өгнө үү. Мөн Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагад зааснаар Хаан банк ХХК дахь 5721504956 дугаар данснаас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нярваар дамжуулалгүй 1.221.000 төгрөгийг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 900.000 төгрөгийг бэлнээр авч зарцуулсан байх ба ямар нэгэн кассын орлого, зарлагын падангүй, мөнгө хүлээн авсан хүний гарын үсэггүй, анхан шатны баримтын бүртгэл огт байхгүйгээр санхүүгийн баримтыг үдэж өгсөн нь тогтоогдсон тул шаардлагаар тогтоогдсон 2.121.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү. Мөн Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаартай албан шаардлагын дагуу Т аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс хяналт шалгалт хийж, 2019 онд 8 ажилчдад олгосон 3.558.009 төгрөгийн цалинг нийгмийн даатгалын шимтгэлийн цахим санд мэдээлээгүй байдлыг тогтоон 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын байцаагчийн 20 дугаар акт үйлдэж, 852.922 төгрөгийн нөхөн төлбөр, 256.177 төгрөгийн алданги ногдуулсан тул нийт 1.110.099 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т аймгийн Т хэлтсийн дарга З.Амгалан болон түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Бид хариуцагчаас аль болох баримтуудаа аваад мөнгө нэхэмжлэхгүй байхыг зорьж, нэлээд төлбөрүүдийг янзалсан. Одоо хамгийн сүүлийн байдлаар 125 дугаар хуудаст авагдсан баримтад бид одоо үлдсэн өр төлбөрийн зохицуулах боломжгүй байгаа хэсгийг түүвэрлэн, акт тус бүрээр ямар ямар бэрхшээл байгаа, хэдэн төгрөгийн төлбөр төлөхөөр байгааг бичсэн байгаа. Тухайн баримтад дурдагдсан бүх хүмүүс ажлаас чөлөөлөгдсөн, энэ талаарх тушаалын баримтыг шүүхэд өгсөн. Тэгээд тэд Тухайн үедээ нэхэмжлээд авахгүй яасан юм бэ, баримтаа бүрдүүлээгүй, дутуу мөнгө суутгасан нягтлангаасаа ав гэдэг хариу өгсөн. Иймээс хариуцагч Л.Бгаас тухайн баримтын дагуу нийт 3.233.452 төгрөгийг гаргуулах, мөн хамгийн сүүлийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөгийн төлбөр, мөн Татвар төлөгчдийн өдрүүд-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр зарцуулсан медалийн үнэ 189.000 төгрөгийн баримтыг бид “Их дэвжих өргөө” ХХК-иас авсан тул Хаан банкны данснаас бэлнээр авч зарцуулсан гэж нэхэмжилсэн 2.121.000 төгрөгөөс 189.000 төгрөгийг хасаад үлдэх 1.932.000 төгрөгийг, ингээд нийт 6.275.551 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байгаа ба энэ хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас тус байгууллагын 2019-2020 оны санхүүгийн баримтад хяналт шалгалт хийж, төлбөр барагдуулах тухай 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42-оос 33-06-52 дугаартай, нийт 10 төрлийн актыг тавихдаа тус хэлтсийн дарга З.Амгалан, нягтлан бодогч Р.Мөнхбаяр нарт илэрсэн зөрчлийг арилгах, актаар тавигдсан төлбөрийг нөхөн төлөхийг даалгасан байна. Миний бие тус байгууллагад 2018 оны 9 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Актуудаар дарга З.Амгалангаар төлүүлэхээр заасан байхад надаас уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Эд хөрөнгийн бүрэн хариуцлага гэдэгт хамаарахгүй. Мөн тухайн актуудаас үзэхэд холбогдох ажилчдаас нийт 6.923.466 төгрөгийн төлбөр гаргуулахыг даалгасан байх ба энэхүү төлбөр нь надад хамааралгүй байна. Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд зарцуулсан 1.221.000 төгрөгийн баримтыг гаргуулах нь байгууллагын дотоод асуудал, надад энэ талаар байгууллагаас ямар ч шаардлага тавиагүй. ... Хаан банкны данснаас 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 900.000 төгрөгийг бэлнээр авч Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан улсын байцаагч нарын сургалтын унааны зардал болон бэлэг дурсгалын зардалд Т хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар тушаалаар зардлыг баталсан. Сургалт зохион байгуулах удирдамжтай, төсөв хуваарилсан Т ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бичгийн дагуу тухайн мөнгө касснаас гарсан. Л.Б тухайн мөнгийг аваад дарга З.Амгаланд хүлээлгэн өгсөн. Харин зарцуулалтын баримтыг дарга болон улсын байцаагч нар бүрдүүлж өгөх ёстой байсан. Л.Бгийн зүгээс удаа дараа шаардсан боловч баримт гаргаж өгөөгүй. Л.Б Дархан-Уул аймаг руу яваагүй. 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1052 тоот төлбөрийн хүсэлтэд дарга болон нягтлан бодогч хоёул гарын үсэг зураад зарлага гаргаж авсан. Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний үеэр 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1.221.000 төгрөгийг Т байцаагч нарт өгөөд тэд гар зургийн уралдаан, мэдээлэл сурталчилгааны зардал, татвар төлөгч нарт зориулсан тараах материал хэвлүүлэх зардал, такси, спортын арга хэмжээ зэрэгт зарцуулсан. Нийт 5 хэсэгт ажлаа хуваан авч ажилласан. Л.Бгийн хувьд сагсан бөмбөгийн тэмцээний 1, 2, 3 дугаар байрны шагналыг хариуцан ажилласан ба зарцуулалтын баримтыг нөхөн гаргаж өгнө. Дээрх хуваарийн дагуу ажил хариуцсан улсын байцаагч нар өөр өөрсдийн зарцуулалтын баримтаа бүрдүүлж өгөх ёстой гэж үзэж байна. Л.Бгийн хувьд өөрийн хариуцсан сагсан бөмбөгийн тэмцээний эхний 3 байрын шагналын мөнгөний баримт 760.000 төгрөгийн баримтыг нөхөн гаргаж өгөх боломжтой. Бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                                    

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.3-т зааснаар хариуцагч Л.Бгаас Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 33-06-42 тоот актаар тогтоогдсон 1.014.933 төгрөг, 33-06-45 тоот актаар тогтоогдсон 680.000 төгрөг, 33-06-46 тоот актаар тогтоогдсон 53.034 төгрөг, 33-06-48 тоот актаар тогтоогдсон 169.969 төгрөг, 33-06-49 тоот актаар тогтоогдсон 43.888 төгрөг, 33-06-51 тоот актаар тогтоогдсон 1.271.628 төгрөг, Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 33-06-14 дүгээр албан шаардлагаар тогтоогдсон 1.932.000 төгрөг, Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон Т аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг, нийт 6.275.551 /зургаан сая хоёр зуун далан таван мянга таван зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т аймгийн Т хт олгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т аймгийн Т х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамж 115.358 /нэг зуун арван таван мянга гурван зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж Т аймгийн Төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Б давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

1. Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актуудаар хэнээс хэдэн төгрөг суутгаж хэдий хугацааны дотор төлж төсөвт учруулсан хохирлыг барагдуулах үүргийг Т албаны дарга болон одоо ажиллаж байгаа нягтлан бодогч нарт актаар хариуцуулсан. Буцаан суутгах эзэнтэй төлбөрүүдийг суутган буцаан төсөвт Тлөрүүлэх эрх нь Т байгууллагад байсаар байтал ажлаас халагдсан гэсэн үндэслэлээр төлүүлээгүй байна. Гэтэл шүүх хуралдаан дээр Б.Отгонжаргал ажилдаа эргэн орсон эсэх талаар нэхэмжлэгчээс асуухад ажилдаа эргэн ороод ажиллаж байгаа гэсэн, А.Цолмон одоо ажлаа хийж байгаа гэсэн болно. Эдгээр хүмүүсээс 680.000 төгрөг суутгах бүрэн боломжтой байсан. Ер нь Л.Б алдаа гаргасан байсан ч А.Цолмон, Б.Отгонжаргал нар илүүл авсан мөнгөө хуулийн дагуу буцаан суутгуулах үүрэгтэй. Одоо ажлаа хийж байгаа А.Цолмон, Б.Отгонжаргал нараас илүү авсан мөнгийг цалингаас нь суутгаж төсөвт төлөх ёстой. Анхан шатны шүүх тус төлбөрийг Л.Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийг нотлох баримтын хүрээнд талуудын тайлбарын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэнгүй.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "33-06-14 дүгээр албан шаардлага нь хавтаст хэрэгт авагдаагүй, талууд албан шаардлагаар 2.121.000 төлбөр гаргуулахаар заасан талаар маргаагүй, талуудын тайлбарыг үндэслэсэн" гэж дүгнэсэн. Гэтэл 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагаар Дархан-Уул аймагт болсон бүсчилсэн сургалтын зардалд Т аймгийн Т хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/25 дугаар тушаалаар 900.000 төгрөг төсөвлөж 1052 дугаар төлбөрийн хүсэлт дээр дарга нягтлан бодогч нар гарын үсэг зурж авсан мөнгөний зарцуулалтын баримтыг бүрдүүлэх, Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр төсөвлөсөн 1.221.000 төгрөгийн зарцуулалтын баримт бүрдүүлэхийг шаардсан албан шаардлага байхад 2.121.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж улсын төсөвт оруулах үүрэг хүлээсэн гэж буруу дүгнэсэн. Л.Б дээрх акт гарах үед ажлаасаа чөлөөлөгдсөн, актад гомдол гаргах боломжгүй буюу уг акт гарсныг мэдээгүй байсан. Мөн шүүхэд хариу тайлбар өгөхдөө л зарцуулалтын баримтуудыг нөхөн гаргаж өгөхөд татгалзахгүй мөнгөн хэлбэрээр төлөх боломжгүй гэсэн тайлбарыг өгч байсан. Нэхэмжлэгч төрийн байгууллага нь хариуцагч Л.Бгаас 2.121.000 төгрөгийг зарцуулсан баримт гаргаж өгөөгүй тул мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна гэж шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, шүүх түүнийг ханган шийдвэрлэж байгаа нь Т албыг үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдалд хүргэн мөн хэрэгт авагдаагүй баримтаар 1.932.000 төгрөг Л.Бгаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн хүрээнд мэтгэлцэх боломжоор хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

3. Хөдөлмөрийн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан байна. Нэхэмжлэгч хариуцагчтай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгээгүй байхад Л.Бд бүрэн хариуцуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан  үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй,  нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт зөв хийгээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулах ажиллагааг хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” заалтад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т аймгийн Т хэлтсээс хариуцагч Л.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд өөрчилж, нэмэгдүүлэн Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн актаас 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар барагдуулаагүй үлдэгдэл төлбөр гэсэн баримтад дурдсанаар нийт 3.233.452 төгрөг, Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагаар тогтоогдсон 2.121.000 төгрөгөөс 189.000 төгрөгийг хасаад үлдэх 1.932.000 төгрөг, Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-13 дугаар албан шаардлага болон Т аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар актаар тогтоогдсон 1.110.099 төгрөг, нийт 6.275.551 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргасан үйл баримтад эрх зүйн дүгнэлт бүрэн гүйцэд хийгээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад  хэрхэн үнэлгээ хийсэн нь тодорхойгүйн дээр анхан шатны шүүх дараах алдааг гаргасан байна.Үүнд

 

1. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлыг нотолж /хх-59-60 тал/ Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн “Илүү олгосон цалин төлүүлэх тухай” 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дугаар 33-06-51 тоот актыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд уг актын зөрчлийн байдлыг эцэслэн шийдвэрлэсэн хэсэг буюу ТОГТООХ  хэсгийн 1 дэх заалт байхгүй, хяналт шалгалт хийсэн актын үндэслэх хэсэг нь   шийдвэрлэсэн буюу тогтоох хэсэгтэйгээ эрс зөрүүтэй байна. Үүнийг шүүх анхаараагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ“, мөн зүйлийн 40.2–д ”Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”  гэсэн, 

 

нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-42 , 33-06-45, 33-06-46,  33-06-48, 33-06-49, 33-06-51 тоот актууд болон түүнд дурдсан нийт 3 233 452 төгрөгийн төлбөрийн шаардлагад хууль зүйн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д “Үндэслэх хэсэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгааг заана” гэсэн заалттай нийцээгүй байна.

 

2.  /2003 оны/ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.8-д “хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах “ гэж зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтнаас шаардаж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах зорилгоор мэргэжлийн хяналтын улсын байцаагч “албан шаардлага” үйлддэг.

 

Гэтэл нэхэмжлэгчээс Т аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 33-06-14 дугаартай албан шаардлагад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд уг албан шаардлага хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад шүүх “...албан шаардлага нь хавтас хэрэгт авагдаагүй боловч талууд энэхүү албан шаардлагаар 2 121 000 төлбөр гаргуулахаар заасан талаар маргаагүй.” гэсэн дүгнэлт хийж хариуцагчийг буруутгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, нэхэмжлэлийнхээ шаардлага үндэслэлийг өөрөө нотлох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүрэг хүлээсэн байдаг.

 

 Нэхэмжлэгчээс дээрх хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж өөрийн шаардлагын үндэс болж  байгаа байдлыг нотлох “албан шаардлага”-ыг шүүхэд гаргаж өгөөгүй байх бөгөөд хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох ямар байгууллага, аж ахуйн нэгжээс  хэнд хамаатуулж шаардаж, хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулахаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч ямар агуулгатай “албан шаардлага” үйлдсэн эсэх нь тодорхойгүй, маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан  хэргийн оролцогч болох Т аймгийн Т хэлтсээс  шүүгч  2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2076 дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шаардаж, “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулж шүүхэд ирүүлэхийг даалгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчид хамаарахгүй зохицуулалт болно. 

 

            4. /2015 оны/ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д “нягтлан бодох бүртгэл хөтлөх, удирдан зохион байгуулах, хариуцлага хүлээхээр аж ахуйн нэгж байгууллагын удирдлагаас томилогдсон мэргэжлийн нягтлан бодогчийг хэлнэ”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна” гэж тус тус заажээ. 

 

Дээрх хуулийн заалтаас үзвэл Т хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Л.Б байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргах тайлагнах үүрэг хүлээсэн этгээд буюу мэргэжлийн нягтлан бодогч байх бөгөөд  шүүхээс ямар учраас  Хөдөлмөрийн хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.1.3-т заасан зохицуулалтыг баримтлан шийдвэрлэх болсон үндэслэлээ тодорхойлон хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчийг буруутгасан үйл баримт, эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ хуулийг тайлбарлан хэрэглэх замаар хэргийн нотлох баримтад үндэслэн эрх зүйн хувьд дүгнэлт хийх ёстой.

 

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагатай холбогдуулан  хариуцагч Л.Бгаас  “Т төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зардлын төсвийн зөвхөн өөрт  хамаарах  сагсан бөмбөгийн тэмцээний шагналын мөнгөн дүнг хариуцах талаар тайлбар өгсөн байх бөгөөд тушаал, удирдамж, төлөвлөгөө, төсвийн дагуу маргаж буй мөнгөн хөрөнгө гүйцэд зарцуулагдсан эсэх, ямар учраас тайлагнаагүй, хэн буруутай болох нь тодорхой бус байна.

 

Маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөхөд болон хууль хэрэглэхэд хангалттай байдлаар хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авч, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Т  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 151/ШШ2021/00798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн  давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн хариуцагчийн  115 400  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                        М.МӨНХДАВАА 

                                                                                            Т.ЭНХМАА