Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2022/00008

 

 

 

 

 

 

Н.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2021/00872 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Дийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Б.Бт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Д шүүх гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Хархорин худалдааны төвд төмсний худалдаа эрхэлдэг. Б.Бээс төмс худалдан авахаар мөнгө шилжүүлж байсан. Төмсөө удахгүй өгнө та тэдэн төгрөг шилжүүлчхээч гэж ярьдаг байсан. Би Б.Бийг мэддэг болохоор итгээд бага багаар мөнгө зээлж байсан. Гэвч удаан хугацаа өнгөрчхөөд байхад төмсөө одоо болтол өгөөгүй тул төмс худалдан авахаар шилжүүлсэн 8.000.000 төгрөгийг Б.Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнд ногоо ачиж өгч тооцоогоо дор бүр нь хийж байсан. Ногоо өгөх тооцоо байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 10-ны үед 7тн төмсийг кг-г нь 700 төгрөгөөр, лууван 3тн кг-н нь 1000 төгрөгөөр тус тус тооцож өгч байсан. Өөр тооцоо байхгүй, үнийг нь шилжүүлгээр төлсөн баримт нь байгаа. Харин Т.Доос 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 7.500.000 төгрөгөөр “Тоёота specio corolla” загварын 22-63 УНА улсын дугаарта авто машиныг худалдан авч урьдчилгаанд 2 дугаар сард 600.000 төгрөг, 06 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг тус тус ХААН банкны өөрийн данснаас шилжүүлж, үлдэх 3.400.000 төгрөгт 2019 оны 09 дүгээр сард тухайн үеийн ханшаар өгөхөөр тохирсон. Төмсөө өгч чадаагүйгээс машиныг буцааж өгөөд зөрүү 800.000 төгрөг 2021 оны 02 дугаар сарын 07-нд надад шилжүүлсэн. Машин ашигласны хөлсөнд үлдэгдлийг авахааргүй тохирсон. Ингээд тооцоо дууссан гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Н.Дийн Б.Бт холбогдуулан гаргасан 7.578.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа гаргасан давж заалдах гомдолдоо: 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 872 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Хэргийг хянан шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлага 7.578.000 төгрөгийг ханган шийдвэрлэж өгнө үү. Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулсан, зээлийн харилцаа үүссэн байтал илтэд үндэслэлгүй шийдвэр гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч Б.Бт холбогдуулан 8.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 7.578.000 төгрөг болгон багасгаж, 422.000 төгрөгөөс татгалзан, нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг хариуцагчаас төмс, хүнсний ногоо худалдан авдаг, таньдаг байсан учир 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 он хүртэл нийт 8 удаагийн банкны гүйлгээгээр итгээд мөнгө зээлсэн хэмээн тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 тонн хүнсний ногоог нэхэмжлэгчийн зооринд буулгасан, бусад нэхэмжилж буй мөнгө нь миний газар дээр ногоо тарьсан, хүн хөлсөлж ажиллуулсан ажлын хөлс, ногоог нь бусдын зооринд хадгалсан түрээсийн төлбөр болон авто машин худалдах, худалдан авах хэлцлээс буцсан төлбөрийн үлдэгдлийг миний данс руу нэхэмжлэгч буцаан шилжүүлсэн үйл баримтаас үүдэлтэй хэмээн эс зөвшөөрч тус тус мэтгэлцсэн байна.

 

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй бол зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдгээрээ иргэний эрх зүйн үндсэн зарчим оршдог.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн ХААН банкны 5029915680 тоот данснаас хариуцагч Б.Бийн ХААН банкны 5675429219 тоот данс руу 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд 24 удаагийн гүйлгээгээр нийт 11.778.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга[1] болон гүйлгээний “төмсний үнэ, төмс, 99795924” гэх утга, Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч А.Отгонхишигийн өгсөн мэдүүлэг[2], нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээс дүгнэн үзвэл зохигчдын хооронд “Зээлийн гэрээ” байгуулагдаагүй байна хэмээн дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасантай нийцжээ.  

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлдүүлсэн гэх нэхэмжлэлийнхээ үндэслэл шаардлагыг нотолсон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаатай маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх хууль зүйн боломжгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага

ТОГТООХ нь:

 

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2021/00872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Дийн өмгөөлөгч Б.Золзаяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.223.23 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧИД                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                                М.МӨНХДАВАА

 

[1] ХХ-ийн 5-22-р тал

[2] ХХ-ийн 83-р тал