Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 223/МА2022/00009

 

                                                          

 

 

“Ж д ф” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00938 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Ж д ф” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Н У И Э” ХХК-д холбогдох,

Сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, Д.Үнэнбат, хариуцагчийн өмгөөлөгч С.Санчир, Н.Мэнд-Амар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунзул, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Анхбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч Ж д ф ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н У И Э” XXK нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өнөөдөр сониноор дамжуулан түрээслэгч сонгон шалгаруулах талаар нээлттэй сонгон шалгаруулалтын урилгыг зарласан бөгөөд сонгон шалгаруулагчаас зарласан түрээсийн санал хүлээн авах тухай урилгыг “Ж д ф” XK нь худалдан авсан. Уг санал хүлээн авах урилгад заасан шаардлагад нийцүүлэн холбогдох компанийн баримт бичиг, сонгон шалгаруулалтын баримт бичгийг “Н У И Э” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр урилгад заасан хугацаанд хүлээлгэн өгсөн. “Н У И Э” XXK-аас сонгон шалгаруулалтын дүнг оролцсон аж ахуй нэгжүүдэд 2020 оны 05 дугаар сард мэдээлэхээр сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хойшлуулсан тухай и-мэйлийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр [email protected] и-мэйл хаягаас ирүүлсэн байдаг. Сонгон шалгаруулалт зарласан баримт бичигт заасан хугацааг удаа дараа баримталдаггүй... C/C 313-2 талбайд зарласан сонгон шалгаруулалтад манай компанийг тэнцээгүй буюу шалгараагүй талаар “Н У И Э” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр [email protected] и-мэйл хаягаас бидэнд мэдээлсэн. Уг дүнг мэдээлэхдээ манай компани ямар шалтгааны улмаас тэнцээгүй, сонгон шалгаруулагчаас ямар шаардлагыг хангаагүй талаарх тодорхой хариуг бидэнд ирүүлээгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ, гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно гэж хуульчлан тогтоосон.

Гэтэл “Н У И Э” ХХК нь нээлттэй сонгон шалгаруулалт гэж зарладаг боловч сонгон шалгаруулалтын явц, сонгон шалгаруулах комисс, шалгаруулалтад оролцож байгаа аж ахуй нэгжүүдийг ямар шалгуураар үнэлж дүгнэх, түүнд холбогдох дүрэм журам болон хэзээ хэрхэн шалгаруулж дүгнэх нь тодорхойгүй хаалттай байдлаар хийгддэг, оролцож байгаа аж ахуй нэгжүүдийг гомдол гаргах эрхийг хааж Үндсэн хуулиар олгогдсон шүүхэд хандах эрхийг хязгаарласан баталгааг гаргуулж авсан зэрэг нь сонгон шалгаруулалтыг нээлттэй, шударга явуулаагүй бөгөөд оролцогч аж ахуй нэгжүүдийг шударгаар өрсөлдөх боломжийг хаасан, Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулийг ноцтой зөрчиж сонгон шалгаруулалт явуулж “Ж д ф” ХК-ийн эрхийг зөрчсөн болно.

Нэгд, Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5-д Хэрэв болзол өөрчлөгдөх шалтгаан нөхцөл байвал түүнийгээ анх зарласан журмаар мэдэгдэнэ гэж хуульчилсан. Болзол гэдэгт хугацаа орно. Тэгэхээр хариуцагч тал болзлоо өөрчилснийг мэдэгдэхдээ хууль зөрчсөн. Хоёрт, журам нь гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам гэсэн байдаг. Энэ журмаа хариуцагч тал урилга нь журам юм гэж тайлбарладаг. Журам гэдэг нь тухайн сонгон шалгаруулалт явуулах аргачлал, үр дүн, үндэслэл болон шалгаруулалт явуулах талаар тодорхой байх ёстой. Тэгэхэд урилгад сонгон шалгаруулалтын аргачлал, үр дүн, үндэслэлийг олон нийтэд танилцуулахгүй ба аливаа асуултад хариулт өгөхгүй гэсэн байдаг. Олон нийт гэж оролцсон талуудыг хэлж байгаа юм. Урилга гэдэг нь тухайн сонгон шалгаруулалтад оролцох аж ахуйн нэгжүүдэд оролцохыг хүссэн баримт юм. Мөн урилга дээрээ журам байхгүй буюу аргачлал бүх зүйлийг хаалттай гэж заасан нь урилгыг худалдаж авснаараа бид түүнийг хүлээн зөвшөөрсөн гэсэн зүйл биш.

Гуравдагч этгээдийн зүгээс дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж их хэмжээний хөрөнгө оруулсан гэж тайлбарлаж байна. Энэ асуудал нь хэрэгт хамааралгүй.

Иймд “Н У И Э” ХХК талбай түрээслэгчийг сонгон шалгаруулалтыг үнэлж дүгнэхдээ хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байх тул Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжид талбай түрээслэгчээс санал авах тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С/С 313-2 талбайд зарласан сонгон шалгаруулалтын урилгын дагуу хийгдсэн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Н У И Э” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг хэрэгжүүлэхээр 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж байна. “Н У И Э” ХХК болон Үндэсний хөгжлийн газрын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын менежмент төсөл-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг байгуулсан. Тус концессын гэрээгээр олгосон эрхийн хүрээнд “Н У И Э” ХХК нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламж болох терминал дахь зарим түрээсийн талбайд түрээслэгч сонгон шалгаруулахаар Түрээсийн санал хүлээн авах урилга-ын дагуу саналыг хүлээн авч, шалгаруулалт хийсэн.

Тус сонгон шалгаруулалт нь шударга байдлыг хангах үүднээс зохион байгуулагдсан бөгөөд концессын гэрээний дагуу “Н У И Э” ХХК нь заавал сонгон шалгаруулалт зарлан явуулах үүрэг хүлээгээгүй. Ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр үйл ажиллагаа эрхлэх этгээдийг шууд сонгож гэрээг шууд байгуулах бүрэн эрх олгогдсон байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлдээ “Н У И Э” ХХК нь Монгол улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т заасныг зөрчсөн гэж үзсэн байна. “Н У И Э” ХХК-ийн бэлтгэсэн түрээсийн санал хүлээн авах урилга нь Монгол улсын Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т заасныг зөрчөөгүй буюу дүрэм, журам хугацаа нь дүрэмд маш тодорхой тусгагдсан байгаа.

Сонгон шалгаруулалтад оролцсон компаниудын ирүүлсэн баримт бичиг, мэдээлэл нь борлуулалтын орлого, барааны татан авалт, зардал гэх зэрэг бизнесийн нарийн мэдээллүүдийг агуулсан байх бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь харьцуулсны үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулсан.

“Н У И Э” ХХК нь аж ахуйн нэгжүүдийн гомдол гаргах эрхийг хаасан гэж нэхэмжлэлдээ дурдсан байсан. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг бусад компаниудад задруулах, ямар компанитай харьцуулахад нэхэмжлэгч “Ж д ф” ХХК нь шаардлага хангахгүй байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэх ямар ч боломжгүй. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсний үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцсон байдаг.

Сонгон шалгаруулалтын явцад оролцогч компаниудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, шаардлагатай бол тодруулга авах зэрэг үйл ажиллагаанууд хийгдэж байсан. Нэхэмжлэгч компани нь тухайн үед ямар нэгэн гомдол, санал гаргаж байгаагүй. Сонгон шалгаруулалт явагдаж өнгөрснөөс хойш бусад аж ахуйн нэгжүүдээс ямар ч гомдол гаргаж байгаагүй. Мөн өрсөлдөгч нарынхаа мэдээллийг цуглуулах ямар ч оролдлого хийж байгаагүй. Зөвхөн “Ж д ф” ХК-аас удаа дараа нэхэмжлэл гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ашиглаж бусад компаниудын мэдээ мэдээллийг цуглуулах зэрэг үйлдэж гаргаж байгаа нь илт байна.

Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтын болзлоо өөрөө зөрчиж бусад оролцогч компаниудын мэдээллийг олохын тулд Монгол улсын Шүүхийн нэр хүндийг ашиглаж байна. “Н У И Э” ХХК-ийн зүгээс хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлах нь хууль зүйн болох ёс зүйн хувьд үндэслэлгүй.

Түүнээс гадна сонгон шалгаруулалт явуулснаас хойг нэг жил орчим хугацаа өнгөрсөн. Тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан компани нь тухайн талбайд багагүй хэмжээний хөрөнгө оруулж, татваргүй барааны дэлгүүр нээх бэлтгэл ажлыг хангасан. 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр шинэ нисэх онгоцны үйл ажиллагаа явж эхэлсэн тул тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан компани нь үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эдгээр байдлыг үл харгалзан дахин сонгон шалгаруулалт явуулах нь илүү үнэлгээ авч шалгарсан компанид багагүй хохирол учруулах нь ойлгомжтой байна. “Ж д ф” ХХК нь дахин сонгон шалгаруулалт зарлахад шалгарна гэсэн баталгаа байхгүй.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасан зохих журмыг тогтоож, сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан. Уг баримтын 7.2-т сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийг үндэслэн түрээслэгчийг сонгон шалгаруулах журамд нийцсэн байдал болон бизнесийн туршлагын нэгдсэн үнэлгээгээр хийнэ гэсэн тодорхой заалт байдаг. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийг харьцуулсан үнэлгээнүүдийг тодорхой харж болно. “Н У И Э” ХХК анх сонгон шалгаруулалт зарлахдаа хэд хэдэн талбайд сонгон шалгаруулалт зарласан. Материал хүлээж авах үед бидний төлөвлөж байснаас илүү их хэмжээний оролцогчид материал ирүүлсэн. Жишээ нь, маргаан бүхий талбайд нийт 8 компани материал ирүүлсэн. Нэг компанийн ирүүлсэн материалын дундаж хуудас нь 700-800 байсан. Тиймээс сонгон шалгаруулалт хийж, үнэлгээ гаргахад хугацаа хангалтгүй, амжихааргүй учир албан ёсоор нэхэмжлэгч компанид и-мэйлээр үр дүн мэдэгдэх хугацааг хойшлуулсан тухай мэдэгдсэн. Мөн анх сонгон шалгаруулалт явуулах, үр дүнг мэдэгдэх хэсэгт сонгон шалгаруулалтын үр дүнг бүх оролцогчдод и-мэйлээр эсхүл утсаар мэдэгдэнэ гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч тал түүнийг үгүйсгэдэггүй.

“Н У И Э” ХХК 2020 оны 5 дугаар сард сонгон шалгаруулалтын үр дүн мэдэгдэх хугацааг хойшлуулсан тухай албан ёсоор цахимаар буюу и-мэйлээр мэдэгдсэн. Энэ нь анх нэхэмжлэгч талын худалдаж авсан сонгон шалгаруулалтын баримт бичигт дурдагдсан байдаг. Тийм учир сонгон шалгаруулалт заасан журмын дагуу явагдсан гэж үзнэ. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хуулийн этгээдүүдтэй хийсэн уулзалт гэж тайлбарладаг. Түүнийг нэхэмжлэгч тал буруугаар тайлбарлаж байна. Сонгон шалгаруулалтад материалаа ирүүлсэн ерөнхий шаардлагыг хангасан компаниудтай тодруулга хийж ганцаарчилсан уулзалт хийсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд компанийг хооронд нь харьцуулсан үнэлгээнээс харахад хэд хэдэн анхаарах зүйл байдаг.

Нэхэмжлэгч “Ж д ф” ХХК-ийн хувьд татваргүй барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах үйлчилгээний С/С-313-2 дугаартай талбайд сонгон шалгаруулалтын материал ирүүлсэн боловч үйл ажиллагааны туршлага, борлуулалт, бүтээгдэхүүний төрөл, ажиллах хүч зэрэг нь бусад оролцогч компаниудын хувьд хангалтгүй байсан учир шалгараагүй. Тийм учир нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Алтанжолоо трейд” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байр суурьтай оролцож байна. Өнөөдөр сонинд зарласан сонгон шалгаруулалтыг хараад үүнд оролцох боломжтой гэж үзэж нийт 518 хуудас бүхий хоёр боть баримтыг тухайн сонгон шалгаруулалт зарласан компанид хүргүүлсэн байдаг. Өнөөдөр сонинд зарлагдсан урилга дээр монгол болон англи хэл дээр ямар шат дараалалтайгаар сонгон шалгаруулалт явуулах талаар тодорхой дурдсан байдаг. 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч компани нь манай компанийг сонгон шалгаруулалтад шалгарсан учир гэрээ байгуулах боломжтой болсон талаар хариуг хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхэлж одоогоор шинэ нисэх онгоцны буудалд дэлгүүрээ нээж, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сонгон шалгаруулалт зохих журмын дагуу явуулаагүй, хэрхэн “Алтанжолоо трейд” ХХК-ийг шалгаруулсан нь тодорхойгүй байна гэдэг. Өнөөдөр сонинд сонгон шалгаруулалтыг зарлахдаа маш тодорхой дурдсан байдаг. Үүнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагыг оролцох боломжийг олгосон. Мөн 9 төрлийн шаардлагыг маш тодорхой дурдсан байсан. Тэгэхээр нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаас харахад “Алтанжолоо трейд” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцсон бусад компаниудаас илүү өндөр үнэлгээ авсан нь тодорхой харагддаг. Мөн хугацааны тухайд уралдаант шалгаруулалтын болзолд заасан хугацаа бусад хүчин зүйлсийг өөрчлөхийг хуулиар хориглоогүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд зааснаар уралдаант шалгаруулалт зохион байгуулж байгаа этгээд тэдгээрийг өөрчлөх эрхтэй. Түүний дагуу тодорхой нөхцөл байдлын улмаас сонгон шалгаруулалтын дүнг зарлах хугацааг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Түүнийг и-мэйлээр албан ёсны хуудаснаас компаниудад мэдэгдсэн байдаг. Түүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч талын эрх ашиг хэрхэн сэргэх, нөгөөтээгүүр уралдаант сонгон шалгаруулалт явуулж үр дүн гарсан нь нэхэмжлэгчийн эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа нь огт тодорхойгүй байна. Маргаан бүхий талбайд нийт 8 компани өрсөлдсөн. Тэдгээрээс нэг сонгогдох нь тодорхой. Түүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч материалаа явуулсан. Хариуцагч компани өөрийн эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалтад цугларсан материалыг дүгнэж хамгийн их оноо авсан компанийг шалгаруулсан. Ингэснээр бусад 7 компанийн хууль ёсны ашиг сонирхол нь огт зөрчигдөөгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгч ямар үр дүнд хүрэх нь тодорхойгүй байна. Манай компанийн хувьд маргаан бүхий талбайн сонгон шалгаруулалтад шалгарсан цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулахдаа маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн...

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд зааснаас яг аль хэсгийг нь зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Сонгон шалгаруулалтын урилгыг харахад хуульд заасан бүх зүйл тодорхой заагдсан байдаг. Хугацааны тухайд хойшилсон нь сонгон шалгаруулалт хүчингүй болох үндэслэл болох эсэх нь ойлгомжгүй байна. Мөн сонгон шалгаруулалтын үнэлгээний хувьд нэхэмжлэгч компани нь манай компаниас маш доогуур үнэлгээ авсан байна. Дутуу үнэлгээ авсан талаар тухайн үед нь маргаагүйгээрээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

Мөн сонгон шалгаруулалтын урилгын 5.7-д заасан үр дүн мэдэгдэх гэсэн зохицуулалтад сонгон шалгаруулалтын явцад ямар ч асуултад хариулт өгөхгүй, сонгон шалгаруулалтын үр дүнг бүх оролцогч нарт и-мэйлээр эсхүл утсаар мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтын аргачлал, үр дүн, үндэслэл олон нийтэд танилцуулагдахгүй гэж заасан. Урилгыг анх авахдаа баталгаа гаргаж гарын үсэг зурсан гэрээ гэж ойлгож болно. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т заасныг баримтлан хариуцагч “Н У И Э” ХХК-д холбогдох Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С-313-2 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч “Ж д ф” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Ж д ф” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл, Б.Сонинбайгаль нар давж заалдах гомдолдоо: ...Уг шийдвэрийн тогтоох хэсгийн 01-т "Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2-т заасныг баримтлан хариуцагч "Н У И Э" ХХК-д холбогдох Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С313-2 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулсан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгах тухай нэхэмжлэгч "Ж д ф" ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч "Н У И Э" ХХК-иас Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр баг, Тахилт толгой гэх газар байрлах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч, үйлчилгээний байгууламжид бэлэг дурсгал, нийтийн хоол, үйлчилгээ зориулалтаар байр талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж, энэ тухай өдөр тутмын "Өнөөдөр" сонинд 2020 оны 04 сарын 20-ны өдрийн №078 (6880) дугаарт нийтэлсэн байдаг.

Тухайн сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарласан тул Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1-д зааснаар Уралдаант шалгаруулалт явуулсан.

Иргэний хуулийн 421.1."Ямар нэгэн ажлыг гүйцэтгэх тодорхой болзлыг хангаж шалгарсан этгээдэд шагнал буюу эрх олгохоор нийтэд зарласан иргэн, хуулийн этгээд нь зарласан болзол ёсоор шалгарсан этгээдэд тухайн шагнал буюу эрхийг олгох үүргийг хүлээнэ." гэж заасан.

Уралдаант шалгаруулалт гэдэг нь хамгийн сайн үнэлэгдсэн ажлыг болзолд заасан журмын дагуу шалгаруулж шагнал, эрх олгох ажиллагаа юм.

Шалгарсан этгээдэд зарим тохиолдолд шагнал амладаг бол зарим тохиолдолд эрх олгодог бөгөөд "Н У И Э” ХХК нь түрээслэгч сонгон шалгаруулах, тухайн талбайд түрээслэгчээр сонгон шалгарах эрх олгохоор шалгаруулалт зарласан.

Шалгаруулалт явуулах болзолд заавал дурдах шаардлагатай нөхцөл гэж байдаг бөгөөд эдгээр нөхцлийг болзолд дурдаагүй тохиолдолд шалгаруулалтыг явуулах, дүгнэх боломжгүй болдог.

            Тухайлбал гүйцэтгэх ажил, түүнийг биелүүлэх нөхцөл, шагналын тоо, хэмжээ, шалгаруулах журам, хугацаа нь уралдаант шалгаруулалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх хэмжээний нөхцөлд хамаарна.

Хариуцагч талаас сонгон шалгаруулалтын хүчин төгөлдөр байдалд нөлөөлөх гол зүйл болох сонгон шалгаруулах журам байхгүй. Үүнээс шалтгаалж хариуцагч тал өөрийн үзэмжээр тухайн сонгон шалгаруулалтын хугацааг дуртай үедээ өөрчилсөн, оролцогч нарыг хэрхэн үнэлж шалгаруулсан нь тодорхойгүй, түрээслэгч сонгон шалгаруулах талаар комисс томилсон байх боловч уг комисс нь сонгон шалгаруулах ажиллагааг явуулаагүй, сонгон шалгаруулалтын үр дүнгийн талаар шийдвэр гаргаагүй зэрэг тодорхой бус нөхцөл байдлууд нь уг сонгон шалгаруулалтад тэгш боломжоор өрсөлдөх, шударгаар үнэлүүлэх нэхэмжлэгч талын эрхийг зөрчих нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

Урилгын 11 дүгээр хуудасны 7-д "Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт бичигт үндэслэн "түрээслэгчийн сонгон шалгаруулах журамд нийцсэн байдал" болон "бизнесийн туршлага"-ын нэгдсэн үнэлгээгээр сонгон шалгаруулна" гэж зааж, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, хугацаа, сонгон шалгаруулалтын үр дүнг танилцуулах эрх, үүргийг зөвшөөрч, даалгаснаар Түрээсийн үйлчилгээний хэлтэс сонгон шалгаруулалтыг явуулах үүрэг хүлээсэн байна" гэжээ.

Хэрэгт авагдсан А/03а тоот Талбайн түрээслэгч сонгон шалгаруулах тухай “Н У И Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Като Такэо-гийн тушаалаар гүйцэтгэх үүрэгтэй байсан боловч 2 дугаар хх-ийн 1-5 талд авагдсан “Нотлох баримт хүргүүлэх тухай” хариуцагчийн албан бичиг түүнд хавсаргасан баримт болох “Удирдлагын багийн хурлын тэмдэглэл”-ийн үр дүн хэсэгт "Хавсралт 1.1-д хавсаргасан бүх сонгогдсон хүсэлт гаргагч нарыг хүлээн зөвшөөрсөн" гэх ба хавсралт 1.1 нь түүнд зураг хэлбэрээр илэрхийлж хавсаргасан баримт юм гэж тайлбарлаж байгаа боловч “Алтанжолоо трейд ХХК-г шалгаруулсан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

1. Сонгон шалгаруулалтын хугацааны талаар:

"Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга"-ын 12 дугаар хуудас "Үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлын хуваарь"-ийн 8.3-т Сонгон шалгаруулалтын хариуг мэдээлэх хугацааг 2020.05 сард багтааж шалгаруулах,

“Н У И Э” ХХК-иас 2020 оны 5 сарын 29-ний өдөр ирүүлсэн мэйлээр "Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтын хариуг 2020 оны 5 дугаар сард мэдэгдэх байсан боловч тодорхой шалтгаануудын улмаас хойшлогдож 6 дугаар сард хариу гарах болсныг мэдэгдэж байна" гээд 2020 оны 6 сарын 30-ны өдөр тэнцээгүй талаарх хариуг мэдэгдсэн.

Сонгон шалгаруулах хугацаа нь уралдаант шалгаруулалтын гол нөхцөл, болзолд хамаарна.

Нэгэнт зарласан уралдаант шалгаруулалтын болзлыг өөрчилж болохгүй бөгөөд болзол өөрчлөх урьдчилсан нөхцөл байх ёстой.

 

Үүнд: Уралдаант шалгаруулалтыг зарласан байх, өөрчлөх болсон шалтгаан нь уралдаант шалгаруулалт зарласан этгээдийн хүсэл зоригоос үл хамаарсан, зайлшгүй өөрчлөх шаардлагатай зэрэг тохиолдолд болзлыг өөрчилж болдог.

“Н У И Э” ХХК-ийн зүгээс сонгон шалгаруулалт явуулах хугацааг хэтрүүлсэн үндэслэлийг тайлбарлаагүй, хугацаа буюу болзлыг өөрчлөх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй.

Мөн Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.5-д "уралдаант шалгаруулалтын болзолд орсон өөрчлөлтийг уралдаант шалгаруулалт зарласан журмаар зарлах бөгөөд ийнхүү зарлаагүй бол уралдаант шалгаруулалтын болзол өөрчлөгдсөн гэж үзэхгүй" гэж зааснаар анх сонгон шалгаруулалтын урилга явуулсан Өдөр тутмын сониноор дамжуулан хугацааг мэдэгдэх үүрэгтэй байсан.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Н У И Э” ХХК-ийн зохион байгуулсан 2020 оны 6 сарын 04-ний өдрийн уулзалтад "Ж д ф" ХК-ийн төлөөлөл оролцохдоо сонгон шалгаруулалтын хариуг мэдэгдэх хугацаа хойшлогдсон талаар гомдол гаргаагүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд сонгон шалгаруулалтын үр дүн буюу хариуг "Түрээсийн санал хүлээн авах урилга (хоёрдугаар шат)-д "Үйл ажиллагаа эхлүүлэх бэлтгэл ажлын хуваарь /Төлөвлөгөө/" гээд ...8.3-т Сонгон шалгаруулалтын хариуг мэдээлнэ-2020 оны 5 сард" гэж төлөвлөсөн байжээ" гэж дүгнэсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгч компанийн зүгээс гомдлыг шүүхэд гаргасан, тухайн үед гомдлоо гаргаагүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдол гаргах эрхийг хаах боломжгүй.

Болзол өөрчлөгдсөн нь аль нэг оролцогчид давуу байдал бий болгосон, бусад оролцогч нарын шударгаар, тэгш өрсөлдөх боломжийг хаасан нөхцөл байдал үүсэхээс хамгаалж "анх зарласан хэлбэрээр нийтэд мэдээлэхийг үүрэг болгосон" хуулийн зохицуулалт байтал сонгон шалгаруулалт явуулах хугацаа буюу болзлыг зөрчиж, хугацаандаа явуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

 

2. Уралдаант сонгон шалгаруулалтын журам байхгүй талаар:

Уралдаант шалгаруулалт явуулах болзолд заавал дурдах шаардлагатай гол нөхцөл гэж байдаг бөгөөд шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар журам заавал байх ёстой.

Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад журам байхгүй талаар тайлбарласан, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч "Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч терминалын барилгад түрээсийн санал хүлээн авах урилга"-ын 11 дүгээр талын 7-д "Сонгон шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх" гэсэн хэсгийг журам гэж тайлбарладаг.

Тухайн 11 дүгээр талын 7-д "сонгон шалгаруулалтыг ирүүлсэн баримт бичигт үндэслэн "Түрээслэгчийг сонгон шалгаруулах журамд нийцсэн байдал" болон "бизнесийн туршлага"-ын нэгдсэн үнэлгээгээр хийнэ" гэж заасан боловч журам нь байхгүй.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан "Түрээслэгчийг сонгон шалгаруулах журамд нийцсэн байдал" гэсэн нь журам гэсэн баримт бичиг байх ёстой болохыг илэрхийлж байна. Гэтэл ийм Түрээслэгч сонгон шалгаруулах журам огтоос байхгүй юм. Түрээслэгчээс санал авах тухай урилгыг бүхэлд нь журам юм гэж ойлгож мөн тайлбарлах боломжгүй юм.

Шүүхээс "Сонгон шалгаруулалтын урилга түүний доторх сонгон шалгаруулалтыг мэдэгдэх"-ийг журамтай адилтгаж үзэж шийдвэрийн 8 дугаар талд дүгнэлт хийсэн байгаа атлаа уг урилга, зааварт тусгаагүй зүйлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: сонгон шалгаруулалт нь 2 үе шаттай явагдсан байх ба 2 компани шалгарч, тэдний төлөөлөгч нартай уулзалт хийж, “Алтанжолоо трейд” ХХК-ийг тэмдэглэлээр шалгаруулсан байна гэх мэтээр анхнаасаа журамлаагүй, тодорхойгүй байсан үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд зааснаар болзлын гол нөхцөл болох журамгүй байгаа нь тухайн уралдаант шалгаруулалт анхнаасаа хууль зөрчсөн, тухайн уралдаант шалгаруулалтыг явуулах, дүгнэх боломжгүй болгосон.

Гэтэл шүүх нэхэмжлэгч талын уралдаант сонгон шалгаруулалтын журам байхгүй гэх үндэслэлд тайлбар, дүгнэлт гаргаагүй, хариуцагч тал журмыг нотлох баримтаар гаргуулах шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байгаа нь "Н У И Э" ХХК уралдаант сонгон шалгаруулалт явуулахдаа журамгүй явуулж хууль зөрчсөн болох нь харагдаж байх бөгөөд үүнээс үүдэн нэхэмжлэгч талын сонгон шалгаруулалтад шалгарч үйл ажиллагаа явуулах эрх олж авах, улмаар үйл ажиллагаа явуулж орлого ашиг олох эрх зөрчигдөж, талуудын хооронд маргаан гарах нөхцөл бүрдсэн юм.

 

3. Уралдаант сонгон шалгаруулалтыг тэмдэглэлээр сонгон шалгаруулсан, сонгон шалгаруулалтын комиссын талаар:

"Н У И Э" ХХК-ийн 2020 оны 6 сарын 30-ны өдрийн удирдлагын хурлын тэмдэглэлийн үр дүн хэсэгт хавсралт 1.1-д хавсаргасан бүх сонгогдсон хүсэлт гаргагч нарыг хүлээн зөвшөөрсөн гэж (С/С313-2 дугаар талбайд шалгарсан гэх зураг хэлбэрээр илэрхийлэн) түрээслэгчээр "Алтанжолоо трейд" ХХК-ийг сонгосон талаар тайлбарлах боловч “Алтанжолоо трейд” ХХК-г сонголоо гэсэн үг, өгүүлбэр хэрэгт авагдсан баримтаар байхгүй, түүнчлэн С/С313-2 дугаартай талбайд “Алтанжолоо трейд” ХХК-г шалгарсан гэх баримт нь "Хавсралт 1.1" юм гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй байна.

Хэргийн 1 дүгээр хавтаст "Н У И Э" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 4 сарын 13-ны өдрийн А/03а дугаар тушаалаар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч терминалын барилга дахь зарим түрээсийн талбайд түрээслэгч сонгон шалгаруулахыг Түрээсийн үйлчилгээний хэлтэст зөвшөөрч, даалгасан.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтын дагуу гүйцэтгэх захирал "Като Такэо" өөрийн эрхийг түрээсийн хэлтэст шилжүүлж, сонгон шалгаруулахыг даалгасан байна.

Үүний дагуу түрээслэгч сонгон шалгаруулах хэлтэс сонгон шалгаруулалтыг явуулсан.

Гэвч Сонгон шалгаруулсан тэмдэглэл (2-хх-3)-д "Н У И Э" ХХК-ийн удирдлагын хурын тэмдэглэлд "...”А ж” ХХК нь татваргүй барааны дэлгүүр явуулах зөвшөөрөлтэй" гэснээс “Алтанжолоо трейд” ХХК сонгон шалгаруулалтад шалгарсан гэсэн тэмдэглэл байдаггүй.

Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д эрх олгоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзэхээр заасан боловч Като Такэо-гоос удирдлагын багт өгсөн зөвшөөрөл хэрэгт авагдаагүй юм.

 

4. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, аж ахуйн нэгжүүдийг тэгш өрсөлдөх боломжоор хангаагүй талаар:

Хавтас хэрэгт авагдсан Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК-ийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 01/56 тоот "...манай компанийн зүгээс түрээслэгч сонгон шалгаруулах, худалдан авалтын ажиллагааг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй явуулах, аж ахуй эрхлэгчийн шударгаар өрсөлдөх нөхцлийг бүрдүүлэх үндэсний компани, иргэдийг өрсөлдөх тэгш боломжоор ханган, шударга өрсөлдөөний зарчмыг баримталж ажиллах зөвлөмжийг “Н У И Э” ХХК-д удаа дараа өгч байсан" албан бичгээр,

мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 07-717 тоот "тус газарт танай компаниас зарласан шинэ нисэх буудлын талбайн түрээслэгч сонгох уралдаант сонгон шалгаруулалттай холбогдох гомдлуудыг сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуй эрхлэгчдээс ирүүлсэн. “Н У И Э” ХХК-ийн Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төслийг хэрэгжүүлэх концессын гэрээний 11.1.2-т Концесс эзэмшигч концессын хугацааны туршид нисэх буудлын бизнесийн үйл ажиллагааг явуулах эрхтэй байна гэж заасны дагуу өөрийн бүрэн эрхийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зарласан боловч сонгон шалгаруулалтад оролцогчдод сонгон шалгаруулалтын мэдээллийг өгөөгүй байна.

Иймд танай компани уралдаант сонгон шалгаруулалт зарлахдаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, хариуцлагатай байх худалдан авах ажиллагааны зарчмыг баримталж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна" гэсэн албан бичгээр хариуцагч байгууллага шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжийн С/С313-2 дугаартай талбайд түрээслэгч сонгон шалгаруулахдаа уг сонгон шалгаруулалтыг оролцогчдод ил тод нээлттэй, хариуцлагатай явуулаагүй байна гэдгийг нотолно.

Түүнчлэн Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т "өрсөлдөөний хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргах", мөн зүйлийн 15.1.12-т "эрхлэх асуудлын хүрээнд хамаарах өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх", 22 дугаар зүйлийн 22.1-д "Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг ...аж ахуй эрхлэгч, байгууллага, иргэнээс ирүүлсэн өргөдөл, гомдол ...оор явуулна" гэж заасан. Эдгээр хуулийн зохицуулалтыг зөрчсөн бөгөөд сонгон шалгаруулалтыг оролцогчдод ил тод нээлттэй явуулаагүй тул шүүгчийн дээрх сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулсан байна гэх дүгнэлт үндэслэлгүй юм.

 

5. Оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр, ямар баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй талаар:

Сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуй нэгжүүдийг 2 дугаар хавтаст хэргийн 16-17 талд авагдсан баримтад дурдсан шалгуураар үнэлж үнэлгээг гаргасан гэж тайлбарладаг.

Тухайн баримтад "Алтанжолоо трейд" ХХК, "Ж д ф” ХК-ийн мэдээллийг тусгаарлан авчээ.

Сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуй нэгж, хуулийн этгээдүүдийн буюу "Алтанжолоо трейд" ХХК-ийн сонгон шалгаруулалтын үнэлгээ /2 дугаар хавтас, 16 тал/-нд дурдсан зүйлстэй холбогдох баримтыг хавсаргаагүй, дээрх үзүүлэлт нь үнэн зөв гэж үзэх боломжгүй байна.

 

6. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хууль зүйн үндэслэлийн талаар:

Шийдвэрийн 10 дугаар талд "хариуцагч “Н У И Э” ХХК-иас өөрийн компанийн үйл ажиллагааны зорилго болон концессын гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд С/С313-2 дугаартай талбайд зарласан сонгон шалгаруулалтын дуудлагад оролцогчдод хүргэгдсэн "Н У И Э" ХХК-ийн зорчигч үйлчилгээний барилгад Түрээсийн санал авах тухай урилга (хоёрдугаар шат) баримт бичигт тусгагдсан нөхцөл, шаардлага, журамд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу гүйцэтгэх захирлаас эрх олгогдсон Түрээсийн үйлчилгээний хэлтсээс үнэлгээ өгч, харьцуулсан дүгнэлт гаргаж, компанийн Менежментийн багийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлсэн нь хууль зөрчөөгүй байх ба нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, хохирол учруулсан болох нь нотлогдохгүй байна." гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт хүсч шүүхэд хандсан.

Нэхэмжлэгчийн үйл ажиллагаа явуулах эрхийг няцаасан шийдвэр хариуцагч талаас гаргасныг хүчингүй болгосноор дахин сонгон шалгаруулалт явуулах нөхцөл бүрдэнэ.

Концессын гэрээний 14.1.5-д "Зорчигч терминалын барилгын Концессын бус зүйл болох VIP лоунжийн хэсгээс бусад хэсэгт жижиглэнгийн худалдаа, хоол хүнс болон уух зүйлс (үүнд татваргүй бараа хамаарна) борлуулах эрхийн түрээсийн талаар гэрээ байгуулах" гэж заасан бөгөөд сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгаснаар маргаж буй үйл баримт засагдаж хариуцагч тал журам гаргаж, үнэлэх аргачлал сонгон шалгаруулах журам нь нээлттэй тодорхой болж улмаар оролцогч талуудаас бүх шалгуурын хувьд илт давуу манай компани шалгарах нөхцөл бүрдэнэ, бид үйл ажиллагаа явуулах эрх олж авах боломжтой болно гэж үзэж шүүхэд шаардлага гаргаж байгаа юм.

Тус компани хэнтэй гэрээ байгуулах, хэнтэй хамтран ажиллахаа шийдвэрлэхээ өөрөө шийдэх эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалт явуулах аргыг сонгосон бол энэ сонгон шалгаруулалт нь хуульд заасан шаардлагыг хангасан хэлбэрээр, Монгол улсын хуулийн дагуу л явагдах ёстой.

Хариуцагч "Н У И Э" ХХК нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлд заасан "Уралдаант сонгон шалгаруулалт" зарласан бол тухайн хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулах ёстой.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-т "Уралдаант сонгон шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, ...гүйцэтгэсэн ажил буюу төслийг шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцлийг оруулж болно" гэж заасан.

Үүнээс болзлын гол нөхцөл болох хугацаандаа явуулаагүй, журам боловсруулаагүй учраас уралдаант шалгаруулалтыг явуулах, дүгнэх боломжгүй болсон.

Мөн сонгон шалгаруулалтыг нээлттэй, аж ахуйн нэгжүүдийг тэгш өрсөлдөх боломжоор хангаагүй, хариуцагч тал татгалзлаа нотлоогүй, оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр, ямар баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй нь тухайн уралдаант сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох гол үндэслэл юм.

 

Иймд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэж заасныг зөрчсөн байх тул Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00938 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзсэний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу үнэлж,  хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “ Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна “гэсэн  шаардлагыг хангаж байна.

Нэхэмжлэгч “Ж д ф” ХК Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч үйлчилгээний байгууламжид талбай түрээслэгчээс санал авах тухай 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С/С313-2 талбайд зарласан сонгон шалгаруулалтын урилгын дагуу хийгдсэн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр сонгон шалгаруулсныг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулахыг “Н У И Э" ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч "Н У И Э" ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Н У И Э “ ХХК /UBIA/ нь Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-уул 4 дүгээр баг, “Тахилт толгой” гэх газар байрлах Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зорчигч, үйлчилгээний байгууламжид худалдаа, үйлчилгээ зориулалтаар ашиглагдах байр С/С313-2 талбайд түрээслэгчийг сонгон шалгаруулалтын журмаар сонгон “түрээсийн гэрээ байгуулах эрх” олгох зорилгоор талбай түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг 2 үе шаттай явуулжээ.

Хариуцагч “Н У И Э“ ХХК нь Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт сонин болох “Өнөөдөр” сонины Даваа гаригийн  2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №078 (6880) дугаарт “Сонгон шалгаруулалтын урилга №2” гэсэн гарчигтай талбай түрээслэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцохыг урьж,  “Сонгон шалгаруулалтын баримт бичиг” худалдан авах үнэ, зарах хугацаа, ажиллах цагийн хуваарь, сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээн авах хугацаа зэргийг нийтэд нээлттэй зарлан мэдээлжээ.

Үүний дагуу нэхэмжлэгч “Ж д ф” ХК сонгон шалгаруулалтын урилгыг хүлээн авч сонгон шалгаруулалтын баримт бичиг худалдан авснаар сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болсон байх ба улмаар баримт бичигт тусгагдсан нөхцөл, шаардлага, тодорхойлолтын дагуу материалаа бүрдүүлэн битүүмжлэн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Н У И Э“ ХХК-д хүлээлгэн өгснөөр сонгон шалгаруулалтад эхний үе шатанд тэнцсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч “Ж д ф” ХК эхний шатны шалгаруулалтад тэнцэж цаашид дараагийн шатны шалгаруулалтад өрсөлдөх  боломжтой болсон байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” мөн зүйлийн  9.4.2-д “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх“ гэсэн иргэний эрх зүйн хамгаалалт зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байна.

 “Н У И Э“ ХХК зорчигч, үйлчилгээний байгууламжид худалдаа ,үйлчилгээний зориулалтаар байр талбай  түрээслэгчийг  шалгаруулалтын журмаар сонгон гэрээ байгуулах эрх олгох саналаа нийтэд зарлан мэдээлж, хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл нь  Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж мөн хуулийн 195.4-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болгохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэсэн зохицуулалтын дагуу  явагдсан байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч “Н У И Э“ ХХК-ийн боловсруулж сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцогч аж ахуйн нэгж байгууллагад худалдсан “Сонгон шалгаруулалтын баримт бичиг” болох “Н У И Э“ ХХК-ийн зорчигч үйлчилгээний барилга, Түрээсийн санал хүлээн авах урилга” нь бүхэлдээ сонгон шалгаруулалтын ажиллагааг журамласан зохицуулалт агуулсан байгаа нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2-д “Уралдаант шалгаруулалтын болзолд гүйцэтгэх ажил, түүний хугацаа, тодорхой эрх олгох нөхцөл, шагналын тоо, хэмжээ,гүйцэтгэсэн ажил буюу төслийн шалгаруулах журам, хугацааг тодорхой заах бөгөөд эдгээрээс бусад нөхцөлийг оруулж болно” гэж заасан шаардлагад нийцжээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын “Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулах талаар журам байхгүй“ гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 С/С313-2 талбай дахь Сонгон шалгаруулалтын үнэлгээ /2-р хх-16 тал/   хийсэн харьцуулалтын баримтаас үзвэл 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгон шалгаруулалтын үнэлгээний шатыг явуулсан байх бөгөөд “Алтан-жолоо трейд”  ХХК-ний чадавх, үйл ажиллагаа нь Сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан шаардлагуудад нийцсэн, “Ж д ф” ХК-иас илүү шаардлага хангасан үзүүлэлттэйгээр үнэлэгдсэн болох нь илүү үнэлэгдсэн гэх компанийн саналыг цэнхэр өнгөөр будаж тэмдэглэсэн, хангасан “0”, “А” болон “В” гэсэн үнэлгээтэй, эцсийн шийдвэр гэсэн хүснэгтэд улаан өнгөөр будаж “О” гэж тэмдэглэгдсэн байдлаар тогтоогдож байх тул “Н У И Э” ХХК нь сонгон шалгаруулалтыг явуулахдаа талуудын эрх тэгш байдлыг хангаагүй, шударга бус явагдсан гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагчаас сонгон шалгаруулалтад оролцогч болох “Алтан-жолоо трейд” ХХК-тай 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр, “Ж д ф” ХК-тай 2020 оны  6 дугаар сарын 08-ны өдөр багийн гишүүдтэй уулзаж, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Түрээслэгчийн хоёрдугаар сонгон шалгаруулалтын үр дүнг хэлэлцэхдээ сонгон шалгаруулалтын үнэлгээ, дээрх компаниудын бүрэлдэхүүн оролцогч нартай хийсэн уулзалт ярилцлага зэрэгт үндэслэн “Алтан-жолоо трейд” ХХК-ийг сонгон шалгаруулж, “түрээсийн гэрээ байгуулах эрх” олгосон нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж  хууль зүйн үндэслэлтэй  дүгнэлт хийсэн байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч өөрсдийн боловсруулсан “Н У И Э“ ХХК-ын зорчигч үйлчилгээний барилга, “Түрээсийн санал хүлээн авах урилга”-ын баримтад бичигт тусгагдсан нөхцөл,  шаардлага, журмын дагуу Түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг явуулсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагын талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.  

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хангасан, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “...сонгон шалгаруулалтыг нээлттэй, аж ахуйн нэгжүүдийг тэгш өрсөлдөх боломжоор хангаагүй, хариуцагч тал татгалзлаа нотлоогүй, оролцогч аж ахуйн нэгжүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр, ямар баримтыг үндэслэж дүгнэсэн нь тодорхойгүй нь тухайн уралдаант сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох гол үндэслэл юм” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 151/ШШ2021/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль, Л.Мөнхдөл нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхдөл давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                  М.МӨНХДАВАА

                                                                                      Т.ЭНХМАА