Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2016/01462

 

Т.Дагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 361 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1770 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Т.Дагвадоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Эрдэнэбатад холбогдох,

Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 2 751 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Эрдэнэбат нь 2015 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Раун маркийн 22-72 БРА улсын дугаартай авто машинтай согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, миний УНЯ 99-44 улсын дугаартай, Марк-2 маркын автомашиныг мөргөж, 4 548 000 төгрөгийн хохирол учруулснаас 2 040 000 төгрөгийг төлсөн.Иймд үлдэгдэл 2 508 000 төгрөг, үнэлгээний хөлс 143 000, шатахууны зардал 100 000, нийт 2 751 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би согтуугаар машин барьж, сөрөг урсгалд орж, зам тээврийн осол гарган Дагвадоржийн машиныг урдаас нь мөргөж, эвдрэл гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, 2 040 000 төгрөгийг хохиролд төлсөн. Мөн миний буруугаас ар талд явж байсан машин ирж, мөргөөд урд талынх нь крыло хагарсны хохиролд 200 000 төгрөг төлсөн. Машины ар талын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, хуучин гэмтэлтэй байсан. Тухайн үед согтуу байсан учраас намайг цагдаа шууд аваад явсан. Осол болоход шаланз машиныг мөргөсөн зүйл огт байхгүй.Иймээс ар талын эд ангийн эвдрэлийг төлөхгүй гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Боржигон овогт Ганбатын Эрдэнэбатаас гэм хорын хохирол 2 355 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 396 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52 630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1770 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар дугаар 17-ны өдрийн 361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Магадлалын хянавал хэсэгт “2 дугаар эгнээгээр явсан Хово маркийн тээврийн хэрэгслэлийг мөргөсөн байх үндэслэлтэй юм. Жолооч Эрдэнэбат осол болох шалтгаан нөхцөлийг бүрдүүлснээрээ хариуцлага хүлээнэ гэж мэдүүлжээ гэжээ”. Гэтэл бодит нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс үүдэлтэй “Машин урдаасаа мөргүүлээд хажуугаар явсан машины ачаанд цохиж арын гэмтэл үүсэх боломжтой юу” гэсэн хөтөлсөн асуултад гэрч Мөрөн “Би дүгнэлт гаргадаг шинжээч биш тухайн үед би тэгж мөргөлдсөн байх гэсэн бодолтой байна” гэжээ. Энэ нь хэргийн газар ослын акт хийсэн байцаагчийн “Бодолтой байна” гэсэн үгэнд дөрөөлж шүүхээс шийдвэрээ гаргасан нь учир дутагдалтай гэж үзэж байна.Мөн байцаагч Заяасайханы 2 дугаар эгнээгээр ХОВО маркын машин явж байсан гэдэг мэдүүлгээс үзвэл мөргөлдөх боломжгүй нь тодорхой болно.Мөн магадлалын хянавал хэсэгт “Харин урдаас мөргөсний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл шарваж бөгсөн хэсэг нь өөр урсгалд шидэгдэх үед зэрэгцээ явж байсан шаланз машинд арын хэсэг нь мөргөлдсөн байдал тогтоогджээ гэжээ”. Гэтэл ийм байдал огт тогтоогдоогүй. Тогтоогдох нь битгий хэл шүргэсэн гэх ХОВО маркын машин хэргийн газрын зурагт огт дурдагдаагүй, яг ямар баримтаар ХОВО маркын машиныг гаргаж ирсэн нь тодорхойгүй байхад үүнээс үүдэн байхгүй машиныг байлгаж шүргэсэн гэж үзэж шийдвэрээ гаргах нь баримтын хувьд учир дутагдалтай, алдаатай болж байна. Энэ нь нотлох баримтыг бүрэн дүүрэн тал бүрээс нь шинжлэн судлаагүй нотлох баримт болох Хово машин байсан эсэх нь ч тодорхойгүй байхад, нотолгооны зүйлийн эх сурвалжийг заах боломжгүй байхад, мөн шинжээчийн дүгнэлт ч гараагүй байхад хойд талын хохиролд Эрдэнэбат нь буруутай эсэхийг тогтоох ямар ч боломжгүй юм.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг орхигдуулан хуулийг буруу хэрэглэж, байхгүй дүгнэлтийг байлгаж, тогтоогдоогүй зүйлийг тогтоогдсон болгож магадлал гаргаж байгаа нь хэргийн нотлох баримтын хэмжээнд, нотолгоонд тулгуурлаж үнэлэлгүй буруу дүгнэлт гаргасан болно.Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт болон давж заалдах шүүхийн магадлалыг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх гэм хор учруулсанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй байна.

Хариуцагч Г.Эрдэнэбат нь 2015 оны 5 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоум плаза дэлгүүрийн урд зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, замын хөдөлгөөнд оролцож, нэхэмжлэгч Т.Дагвадоржийн өмчлөлийн автомашиныг мөргөж, гэм хор учруулжээ. Маргааны энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин гэм хор арилгуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагаас зарим хэсгийг нь хариуцагч өөрийн үйлдлээс болоогүй гэж үзэн татгалзжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон, мөн хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг байна.

Хариуцагч Г.Эрдэнэбат нь нэхэмжлэгч Т.Дагвадоржийн автомашинд учирсан гэм хорын зарим хэсэг буюу “автомашины ар талын эд ангийн эвдрэл” түүний хууль бус үйлдлийн улмаас бий болоогүй болохыг нотолсон тохиолдолд хариуцлагын энэ хэсгээс чөлөөлөгдөх боломжтой боловч хариуцагч өөрийн татгалзлыг баримтаар нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч өөрийн татгалзлыг шүүхэд нотолж чадаагүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасны дагуу хангасныг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 361 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1770 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН