Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1770

 

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2016/01770

 

 

Т.Дагвадоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар дугаар 17-ны өдрийн 361 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Дагвадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Эрдэнэбатад холбогдох

 

Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 2 751 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Г.Эрдэнэбатын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Дагвадорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Хариуцагч Г.Эрдэнэбат нь 2015 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Раун маркийн 22-72 БРА улсын дугаартай авто машинтай согтуугаар замын хөдөлгөөнд оролцож, миний УНЯ 99-44 улсын дугаартай, Марк-2 маркын автомашиныг мөргөж, 4 548 000 төгрөгийн хохирол учруулснаас 2 040 000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 2 508 000 төгрөг, үнэлгээний хөлс 143 000, шатахууны зардал 100 000, нийт 2 751 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би согтуугаар машин барьж, сөрөг урсгалд орж, зам тээврийн осол гарган Дагвадоржийн машиныг урдаас нь мөргөж, эвдрэл гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, 2 040 000 төгрөгийг хохиролд төлсөн. Мөн миний буруугаас ар талд явж байсан машин ирж, мөргөөд урд талынх нь крыло хагарсны хохиролд 200 000 төгрөг төлсөн. Машины ар талын гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй, хуучин гэмтэлтэй байсан. Тухайн үед согтуу байсан учраас намайг цагдаа шууд аваад явсан. Осол болоход шаланз машиныг мөргөсөн зүйл огт байхгүй. Иймээс ар талын эд ангийн эвдрэлийг төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Боржигон овогт Ганбатын Эрдэнэбатаас гэм хорын хохирол 2.355.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 396 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 52630 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Эрдэнэбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Осол болдог өдөр Т.Дагвадоржийн машиныг жолоодож явсан Г.Гантулга нь гэрчийн мэдүүлэгтээ Г.Эрдэнэбатын машинтай мөргөлдчихөөд зогсож байхад 1 дүгээр эгнээгээр явж байсан Хово маркын ачааны машин арын хэсгийг хамж явсан гэж мэдүүлсэн. Мөн гэрч Энхбаяр осол болох үед Улаанбаатар хотод явж байсан гэх өдөр сар нь зөрүүтэй байхад замын цагдаагийн байцаагч Т.Заяасайхан нь ямар нотлох баримтыг үндэслэж Г.Эрдэнэбат нь Т.Дагвадоржийн машиныг мөргөсний улмаас хово маркын машинд мөргүүлж арын хэсэгтээ эвдрэл авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Т.Дагвадорж нь хариуцагч Г.Эрдэнэбатаас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 2 751 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Г.Эрдэнэбатын  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас миний автомашинд 4 578 000 төгрөгийн хохирол учирсан гэжээ.

 

           Хариуцагч нь машины урд талын эд ангийн хохирлыг төлөхийг хүлээн зөвшөөрч барагдуулсан, машиныг урдаас мөргөсөн,  ар талын эд ангийн гэмтэл нь түүний үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хуучин гэмтэл, мөн осол гараад зогсож байхад 1 дүгээр эгнээгээр явж байсан өөр тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн машинд гэмтэл учруулсан гэж  маргажээ.

 

           Хариуцагч Г.Эрдэнэбат нь 2015 оны 5 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Home плазагийн урд зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Т.Дагвадоржийн өмчлөлийн УНЯ 99-44 улсын дугаартай, Марк-2 суудлын автомашиныг мөргөж, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан үйл баримтад талууд маргаагүй. 

 

Г.Эрдэнэбат нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч 2 040 000 төгрөгийн  хохирлыг нэхэмжлэгчид төлж барагдуулсан. Харин нэхэмжлэгч Т.Дагвадоржийн машины арын гэмтэл нь хуучин гэмтэл тул хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “...үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Гэрч Энхбаяраас мэдүүлэг авахыг хүссэн хүсэлтдээ нэхэмжлэгч тал “., 2015 оны 09 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө Улаанбаатар хотод 00 цагийн орчим хаана, ямар машинтай явсан вэ” гэж осол гарсан огноо цагийн талаар зөрүүтэй асуулт тавьснаас гэрч “.., би 9 дүгээр сард Улаанбаатарт байгаагүй” гэж хариулжээ. Мөн осол гарчихаад зогсож байхад нэгдүгээр эгнээгээр явж байсан өөр тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн машины арын бөгсийг хамж явсан тул арын гэмтэлд буруугүй” гэж маргасан ч уг ослын зөрчлийг шалгасан Т.Заяасайхан “...2015 оны 5 дугаар сарын 09-ний шөнө зам тээврийн осол гарсан талаар ахлах дэслэгч Мөрөнгөөс ослын газрын схем зураг болон хэрэг учралын газрын тэмдэглэл, авто машин жолоодож авсан бичиг баримтуудтай материалыг 2015 оны 5 дугаар сарын 09-ний өглөө хүлээж авсан. 99-44 УНЯ улсын дугаартай тоёота марк-2 машиныг тухайн үед Г.Гантулга жолоодон явсан. Хүлээн авч ажиллагаа хийн танилцахад Г.Эрдэнэбат нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам тээврийн осол гаргасан холбогдогч, хохирогч, гэрч нарын тайлбар ослын актын схем зураг, хэргийн газрын үзлэг зэргээр Г.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байсан ба А цэгийг хохирогч, холбогдогч нар схем зураг болон тайлбараар хүлээн зөвшөөрсөн тул зам тээврийн ослын улмаас 99-44 УНЯ улсын дугаартай тоёота марк-2 автомашинд эвдрэл учирсан байна”, “...Г.Эрдэнэбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эсрэг урсгалд явсан 99-44 УНЯ улсын дугаартай тоёота марк-2 автомашины зүүн урд талыг мөргөснөөс баруун хойд тал нь шидэгдэн 2 дугаар эгнээд явсан Хово маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн байх үндэслэлтэй юм. Жолооч Г.Эрдэнэбат нь осол болох шалтгаан нөхцлийг бүрдүүлснээрээ хариуцлага хүлээнэ” гэж гэрчээр мэдүүлжээ.

 

Гэрч Г.Гантулга “.., урдаас машин ирж мөргөснөөс болж шарваад явж байсан шаланз машины доогуур орсон. Урдаас согтуу жолооч ирж мөргөөд , машин хөндлөн болж ороод хамж явсан.., шудраад гарсан“ гэж мэдүүлжээ. Дээрх мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгчийн осолд ороод нэгэнт зогсчихсон байсан машины араас, өөр урсгалаас тээврийн хэрэгсэл орж ирж нэмж мөргөсөн байдал тогтоогдоогүй. Харин урдаас мөргөсний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл шарваж бөгсөн хэсэг нь өөр урсгалд шидэгдэх үед зэрэгцээд явж байсан шаланз машинд арын хэсэг нь мөргөгдсөн байдал тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Хариуцагч нь  өөрөө осол гарах нөхцөл шалтгааныг бүрдүүлээгүй, зогсож байхад араас өөр тээврийн хэрэгсэл ирж нэхэмжлэгчийн машиныг мөргөсөн, арын гэмтэлд буруугүй, өөр машин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх байдлаа нотлоогүй, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. 

 

Иймд Иргэний хуулийн 479 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Дагвадорж нь хариуцагч Г.Эрдэнэбатаас гэм хорын хохирол шаардах эрхтэй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар дугаар 17-ны өдрийн 361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Эрдэнэбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эрдэнэбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                      ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                                        Ш.ОЮУНХАНД