Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00522

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00226 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ш.Ягийн хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амарнасаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Гантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Ягийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ш.Ягийн хүү Б.Баатархүү нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нас барснаар түүний эзэмшилд байсан Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 49 дүгээр гудамжны 816 тоот, 400 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг баримтууд нэхэмжлэгч Ш.Яд байсан. Талийгаач Б.Баатархүү нь эх Ш.Ятай хамт амьдарч байсан бөгөөд түүнийг нас барснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Бтай очиж уулзахад “холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж ир, талийгаач Б.Баатархүү нь гэр бүлийн баталгаатай байх тул эхнэртэй нь уулзаж тохиролц” гэснээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн аваагүй буцаасан. Талийгаач Б.Баатархүүгийн эхнэр Н.Атэй уулзахаар Сүхбаатар дүүргийн Хангайн 02-98 тоотод очиход Н.А байгаагүй, нүүсэн гэж хэлсэн. Нэхэмжлэгч Ш.Я нь Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Бд талийгаач Б.Баатархүүгийн эзэмшлийн газрыг өвлөн авах хүсэл зоригоо илэрхийлсэн байхад бичиг баримтуудын бүрдлийг шалгахгүйгээр талийгаач Б.Баатархүүтэй хамт амьдарч байгаагүй Н.Ат өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул Н.Ат өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Иргэн Н.Ат 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх заавар зэрэг эрх зүйн актыг чанд баримтлан олгосон. Тухайн үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтоос үзэхэд Б.Баатархүү нь нас барах хүртлээ эхнэр Н.Атэй хамт амьдарч байсан нь нотлогдож байсан. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн лавлагаагаар Н.А нь өвлүүлэгч Б.Баатархүүгийн хууль ёсны эхнэр мөн гэдэг нь нотлогдсон. Түүнчлэн Монголын Нотариатчдын танхимаас өвлүүлэгчийг нас барснаас хойш нэг жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан өвлөгч байгаа эсэхийг тодруулахад хүсэлт гаргасан өвлөгч олдоогүй гэсэн хариуг өгсөн болно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар аливаа өвлөгч нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаагүй тохиолдолд түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг. Иймд нотариатч миний бие үйлчлүүлэгчийн хувийн байдал, шалгавал зохих баримт бичгийг хуульд зааснаар шалгаж, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт тус тус заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгч Н.Ат олгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Н.А би Б.Баатархүүтэй 2000 онд танилцаж, 2002 оноос хамт амьдарсан. 2004 онд талийгаач Б.Баатархүү автын осолд орж, суга таягтай явдаг болсноор группт орсон. Бид 2006 онд гэрлэлтээ батлуулсан. 2015 онд 4 айлын газрын бичиг баримтыг иргэдэд олгохоор болоход Ш.Я болон түүний хүүхдүүдээс хэн нь ч авахгүй, хашаа барьж хатгаж чадахгүй гэснээр бид өөрсдөө авч группийнхээ мөнгөөр 4 айлын газрын банз авч хашаа хатгасан. Тухайн газар нь 814, 815, 816, 817 гэсэн дугаартай бөгөөд нөхөр бид хоёр 816 тоотод байсан. Тухайн газрыг би өөрийнхөө нэр дээр авах гэж байтал аав, ээжийнхээ хаяг дээр бүртгэлтэй байдаг болохоор миний нэр дээр хөрөнгө бүртгэлтэй байна гэснээр талийгаачийн нэр дээр уг газрын гэрчилгээ гарсан. Ингээд биднийг газартай болоход нөхөр Баатархүүгийн найз Ганбаатар бид хоёрт гэр өгснөөр дээрх газар дээрээ 2016 оноос гэрээ бариад амьдарч байгаад нөхөр маань 2017 онд нас барсан. Би нөхөртэйгөө 17 жил хамт амьдарсан. Нөхөр өнгөрснөөс хойш ээж нь над руу яриад “чи яахаараа газрыг нь авдаг юм” гэж загнаж байсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нотариатч Б.Бгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг Н.Ат олгосон нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ш.Ягийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсэгт “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, мөн зүйлийн 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч Ш.Я нь талийгаач Б.Баатархүүгийн төрсөн эх, мөн Н.А нь талийгаачийн эхнэр болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний лавлагаа болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар харагддаг. Дээрх хуульд зааснаар Ш.Я, Н.А нар нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамжны 816 тоот хаягт байрлах 400 м.кв талбай бүхий газрын эрхийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна. Гэтэл шүүх “... нотариатч Б.Бгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон үйлдэл нь нэхэмжлэгч Ш.Ягийн Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг гэрээний үндсэн дээр эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдал, үүссэн харилцаа, талуудын маргааны зүйлтэй зөрүүтэй дүгнэлт хийсэн.

5.а. Нэхэмжлэгч нь талийгаачийг нас барснаас хойш нэг жилийн дараа холбогдох баримтаа бүрдүүлэн хариуцагч Б.Б нотариатчтай очиж уулзсан байдаг бөгөөд хэрэгт бүрдүүлсэн материал  нь авагдсан байгаа. Уулзсанаа нотлохын тулд хамт явж байсан хүнийг гэрчээр асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүх хүлээж аваагүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн. Мөн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 49 дүгээр гудамж, 816 тоот хаягт байрлах 400 м.кв талбай бүхий газарт Н.А нь амьдардаггүй, нэхэмжлэгч Ш.Я болон зээгийнх нь эзэмшил, ашиглалтад байдаг бөгөөд тухайн нөхцөл байдлыг тодруулахаар хүсэлт гаргахад шүүх мөн адил хүлээж аваагүй.

5.б. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хоёулаа нэг нотариатч дээр очсон байдаг ба Ш.Я нь Н.Аээс түрүүлж очсон болох нь Н.Аийн нотариатчид хүсэлт гаргасан огнооноос харагддаг. Нотариатч өөр хууль ёсны өвлөгч байгааг мэдсэн тохиолдолд холбогдох баримтыг шалгах ёстой байсан гэж үзэж байгаа.

5.в. Маргаантай зүйл нь нэхэмжлэгч, хариуцагч нарын уулзсан цаг хугацаа өөр өөр байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Ш.Ятай уулзсан цаг хугацааг 2020 оны хавьцаа уулзсан гэж, нэхэмжлэгч нас барснаас хойш яг нэг жилийн дараа очиж уулзсан гэж маргадаг. Үүнээс харахад нэхэмжлэгчийн гэрчээр асуулгах хүмүүсийн мэдэж байгаа зүйл нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт нөлөөлөхөөр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нэг жилийн дараа очсон гэдэг боловч Н.А Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заасны дагуу хамт амьдарч байсан өвлөгч байгаа. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт хамгийн сүүлд хамт амьдарч байсан өвлөгч маань 3 сарын дотор одоо татгалзсан тухайгаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, нотариатад мэдэгдээгүй бол хүлээн авсан гэж үздэг. Нотариатын тухай хуульд заасны дагуу баримт бичгийн бүрдлийг хангасны дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгодог. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэжээ.

7. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Маргаан бүхий газарт нэхэмжлэгч нь амьдардаг гэх боловч энэ нь нотлогдоогүй бөгөөд Эрдэнэбазар уг газарт ямар ч хамааралгүй, бид хоёрыг гэр бүл болоход дотуур байранд амьдардаг байсан. Нэхэмжлэгч Ш.Я нь нотариатч дээр эхэлж очсон гэж амаараа ярьдаг боловч энэ тухай хэрэгт авагдаж баримтжуулсан баримт байхгүй, өв нээлгэх хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон. Гуравдагч этгээд Н.А нь өөрт оногдох энэ газраа авч үлдэхийн тулд бүтэн жил шүүх, цагдаагаар явж байгаа бөгөөд өөрийн гэсэн гэр оронгүй учраас төрсөн дүүгийндээ амьдардаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч Ш.Я хариуцагч Б.Бд холбогдуулж нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Н.Ат өвлүүлэгч Б.Баатархүүгийн өмчлөлд байсан газрыг өвлүүлэхээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр олгосон 55 тоот өвлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл болгожээ.  

4. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно”, Нотариатын үйлдэл хийх зааврын 8.9-д “Өв хүлээн авах, өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт болон өвлөх эрхийн гэрчилгээ олгосныг нотариатч орон нутагт аймгийн салбарын, нийслэлд Нотариатчдын танхимын нэгдсэн бүртгэлд оруулна” гэж тус тус заасан байна.

5. Нэхэмжлэгч Ш.Я өвлүүлэгчийг нас барснаас хойш нэг жилийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Б.Бтай очиж уулзахад “холбогдох бичиг баримтуудаа бүрдүүлж ир, талийгаач Б.Баатархүү нь гэр бүлийн баталгаатай байх тул эхнэртэй нь уулзаж тохиролц” гэснээр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг хүлээн аваагүй буцаасан гэх тайлбар гаргасан. Энэ нөхцөл байдлыг нотлохоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбазар гэрч Б.Лхамжав, Р.Дэжид нарыг асуулгах хүсэлтийг шүүхэд гаргасныг /хх-27/ шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх 45-48/ Нэхэмжлэгчийн зүгээс өв хүлээн авах хүсэлт гаргахаар нотариатад хандсан эсэх нь гэрч Б.Лхамжав, Р.Дэжид нарыг асуулгах хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

6. Иймд дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/00226 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Я нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

             ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

  

                                                                         Д.БЯМБАСҮРЭН