Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03919

 

 

 

 

 

 

                                2022       09          28

                   101/ШШ2022/03919

           

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Я /рд:/-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Б. Б /рд:/-д холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:  Н.А //

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Н.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Г, З.Ц, гэрч Р.Д, Б.Л, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Я нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Бгийн Н.Ат 2018.10.04-ний өдрийн 55 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгуулах.

Ш.Я миний бие нь Баянзүрх дүүргийн 9-р хороо, Шар хадны  тоотод төрсөн хүү Б.Б-тэй хоёулхнаа амьдарч байгаад 2017.09.12-ны өдөр миний хүү Б.Б нь зүрх нь хаагдаж нас барсан. Миний хүүгийн эзэмшилд Баянзүрх дүүргийн 9-р хороо, шар хадны  тоот хаягт байрлалтай 400 м.кв талбай бүхий газар байсан бөгөөд төрсөн ээж нь буюу миний бие байсаар байхад холбогдох бичиг баримтыг хууль, журмын дагуу бүрдүүлж, хяналгүйгээр хууль зөрчиж хамт амьдарч байгаагүй Н.Ат тухайн газрыг өвлөх эрхийн гэрчилгээ олгожээ

Иймд хууль, журам зөрчиж Н.Ат 2018.10 04-ний өдрийн 55 дугаарт бүртгэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна.

Миний хүү 2017 оны 9 сард нас барсан тул жил болоод баримтаа бүрдүүлж ирсэн. Б дээр бичиг баримтаа орхисон юм. Тэтгэврийн дэвтрээ банкнаас аваад очиж байсан юм. Гэтэл бичиг баримт бүрдсэн Алтанцэцэгийг дагуулаад ир гэсэн. Аолдохгүй байснаас бусад нь бүрдсэн байсан. Ань дандаа худлаа ярьж байна. Нас барсных нь дараа хамаг юмыг нь ачаад явсан. Тэр газар дээр нөхөр бид 2 ногоо тарьдаг байсан юм. Энэ 2-т өгсөн юм биш. Алтанцэцэгийн газар биш. Эцэг нь хятад, эх нь монгол хүн байдаг. Ах дүүтэй. Анх цайз дээр наймаа хийдэг байсан юм. 500,000 төгрөг авах гэж л гэрлэлтээ батлуулсан. Би гүтгүүлээд байх хэцүү байдаг. Өөрийнхөө аав, ээжтэй зүйрлүүлэх хэрэгтэй. Нотариат нь миний юмыг бүрдүүлчихээд дараа нь энэнд гэрчилгээ олгосон тул буруу гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулна. Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар эх болон эхнэр нь өвлөх ижил эрхтэй байсан. Гэтэл эхийг нь байгааг мэдсээр байж ганц эхнэрт нь өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Хариуцагч нь өмнөх хуралд нэхэмжлэгч Ятай уулзсан гэдэг. Харин нэхэмжлэгч нь хэд хэдэн удаа уулзсан гэдэг. Гуравдагч нь хүсэлт гаргасныг харахад Я гуайгаас дараа нь очиж уулзсан байдаг. Нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 3-д заасан зарчимыг зөрчсөн. Нотариатын үйлдэл хийх зааврын 8, нотариатын тухай хуулийн 43-д өвлөх эрхийн гэрчилгээ олгох журмыг заасан. Гэтэл бүрдүүлэх баримтыг бүрэн бүрдүүлээгүй гэрчилгээ олгосон. Хамт амьдарч байсан нь тогтоогдсон гэж байна. Гэтэл энэ нь 9 хорооны тодорхойлолт байдаг. Хэргийн 34-т байгаа бас өөр баримт байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь гуравдагчийг сүүлийн 2 жил хамт амьдраагүй гэсэн байдаг. Нас барсныг нь хүртэл мэдээгүй ба нэхэмжлэгчийн хэлснээр л мэдсэн байдаг. Ажил явдалд оролцоод газрын талаар хөөцөлдөж эхэлсэн байдаг. Хэргийн 34-37 байгаа баримтуудаар гуравдагч нь нэхэмжлэгчээс хойш нотариат дээр очсон байдаг. Эдгээр баримтаар нотариаттай уулзсан бөгөөд нотариат нь эх нь байгаа гэдгийг мэдэж байсан гэдгийг нотолно. Иргэний хуулийн 520.1.1-д заасан хууль ёсны өмчлөгчөөр тодорхойлсон. Гэрчүүд нь нас барах үед хэн цуг амьдарч байсныг хэлэх байх. Нэхэмжлэгч нь хариуцагчид хүсэлтээ өгөхөд баримтыг нь хараад эхнэртэй юм байна гээд хоорондоо тохиролцоод ир гэж явуулсан байдаг. Улмаар гуравдагчийг хайж байсан. Гэтэл 2 сарын дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгочихсон байсан. Хариуцагч нь өөрөө цааш нь бүртгээгүй тул өөр өвлөгчийн талаарх лавлагаа гаргахгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчид итгэсэн байдаг. Гэтэл итгэлийг нь эвдээд өөр хүнд гэрчилгээ гаргаад өгчихсөн байсан юм. Ань намайг цагдаа, шүүхэд өгсөн гэдэг. Нэхэмжлэгч нь АТГ-д өгсөн байдаг. Гэтэл гуравдагч нь нас барсан хүний өмнөөс хүсэлт гаргаад газрын албатай гэрээ байгуулсан байдаг. Хэргийн 216-д энэ хэргийг шалгаад хууль бус үйлдэл байхгүй гээгүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг хаах тогтоол гаргасан. Захиргааны шүүхийн шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөлөөр сэргэх боломжтой байгаа юм. АТГ нь уг асуудлыг шүүхээр шийдүүлэх маргаан гэсэн байдаг гэв.

 

Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие тус шүүхэд гаргасан иргэн Ш.Ягийн нэхэмжлэл, түүний шаардлагатай танилцаад, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Би 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг иргэн Н.Ат олгохдоо Иргэний хууль, Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх заавар зэрэг эрх зүйн актыг чанд баримтлан олгосон. Тухайн үед Баянзүрх дүүргийн 9-р хорооны Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Оршин суугаа гзарын тодорхойлолт”-оос үзэхэд Б.Б нь нас барах хүртлээ эхнэр Н.Атэй хамт амьдарч байсан нь нотлогдож байсан. Мөн Улсын Бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн лавлагаагаар Н.Ань өвлүүлэгч Б.Б-н хууль ёсны эхнэр мөн гэдэг нь нотлогдсон. Түүнчлэн Монголын Нотариатчдын танхимаас өвлүүлэгчийг нас барснаас хойш 1 жилийн хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргасан өвлөгч байгаа эсэхийг тодруулахад хүсэлт гаргасан өвлөгч олдоогүй гэсэн хариуг өгсөн болно. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар аливаа өвлөгч нэг жилийн дотор өв хүлээн авах хүсэлтийг нотариатад гаргаагүй тохиолдолд түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үздэг. Иймд Нотариатч миний бие үйлчлүүлэгчийн хувийн байдал, шалгавал зохих баримт бичгийг хуульд зааснаар шалгаж, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт тус тус заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгч Н.Ат олгосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ань шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болох хадам ээж Ш.Я гуайн нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээд миний бие дараах тайлбарыг гаргаж байна.

Ш.Я гуай нэхэмжлэлдээ миний бие нь Баянзүрх дүүргийн 9-р хороо Шар хадны тоотод төрсөн хүү Б.Б-тэй 2-лахнаа амьдарч байгаад 2017-09- 12-ны өдөр миний хүү Б.Б нь зүрх нь хаагдаж нас барсан гэж бичжээ.

Нэгдүгээрт: уг хаяган дээрх хашаа одоо ч хоосон хэн ч амьдардаггүйг хэлэх нь зүйтэй боловч уу. Ш.Я гуай Баянзүрх дүүргийн 9-р хороо Шархад 50-р гудамж  тоотод байрлах хашаа байшинд амьдардаг бөгөөд энэ хашаанд амьдарч нь байгаагүйг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралд хангалттай асууж нотолсон.

Хоёрдугаарт: талийгаачийг нас барахад Н.А намайг дэргэд нь байгаагүй гэж байна. Нас барах өдөр нь эхнэр нөхөр үр хүүхдүүд нь байгаагүй тохиолдол амьдралд гарна шүү дээ.

Гуравдугаарт: төрсөн ээж миний бие байсаар байхад, хамт амьдарч байгаагүй Н.Ат тухайн газрыг өвлөх, эрхийн гэрчилгээ олгож хөрөнгө өгсөнд нотариатчийг буруутгаж шүүхэд хандсан байна.

Миний бие Н.Ань талийгаач нөхөртэйгээ 2006 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид 2 гэрлэлтээ бүртгүүлэхдээ СБ дүүргийн 12-р хороо, Хангайн 2-98 тоотод миний аав ээж дүү нартай цуг амьдарч байсан. Хадам ээжийнд нөхөртэйгээ ирэн очин байдаг байсан бөгөөд хадам ээжтэй нэг гэрт амьдардаггүй байсан. Хадам ээж Ш.Я гуай бид 2 одоо ч нэг хаягтай Баянзүрх дүүргийн 9-р хороо Шархад 50-731 тоот. Талийгаачийн найз бид 2-т тухайн үед нэг гэр өгсөн бөгөөд уг гэрээ авсан газар дээрээ барьж босгосон боловч тог татаж чадахгүй төвхнөж амжихгүй олон жил болсон. Гэтэл 2017 оны 9 сарын 12 ны өдөр нөхөр маань нас барсан. Бидэнд байсан гэр доторхи эд хогшлоо амбаартаа хураагаад би аав ээж дээрээ очсон. Талийгаач Б.Б бид 2 ах дүү нартай нь нийлж 4 айлын 1600 мкв газар хөөцөлдөж авснаас бид 2 нэг газрыг нь /400мкв/ авахдаа бүгдийг нийтэд нь хашаа барьж босгосон. Нэхэмжлэгч Ш.Я гуай өөрөө дээрх 4 газраас нэгийг нь аваад 2-ийг нь хүүхдүүддээ өгсөн. Бид 2-ийн авсан нэг газар дээр хожим ингэж их маргаан үүснэ гэж бодсонгүй. Хадам ээж өөрөө 90 дөхөж яваа ингэж явах хүн биш, холын хамаатан бөө залуу уг газрыг эзэмшихийг хүсэж байгааг нь мэдсэн.

Бид 2 хоёулаа группд байдаг бөгөөд Баянзүрх дүүргийн 9-р хорооны эрүүл мэндийн төвийн хяналтанд үзүүлж ирсэн. Талийгаач нөхөр маань 2017 оны 9 сарын 12 нд зуурдаар нас барж хууль ёсны гэр бүл өвлөгч Н.А миний бие 2018 оны 10 сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн нотариатчид өвлөх эрхийг гэрчилгээ авах гаргаснаар гаргаснаар 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 3292 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон ба энэ захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаагүй, харин захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж талийгаач Б.Бгийн газар бол миний газар хууль бусаар Н.Ат шилжүүлсэн гэж маргаан үүсгэсэн боловч хууль ёсны эхнэр мөн тул эзэмших эрхтэй гэж шүүх дүгнээд Ш.Я гуайн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэсэн. Талийгаач нөхөртэйгээ 2002 онд танилцаж албан ёсоор гэрлэлтээ бтлуулахдаа бага насны нэг хүүхэдтэй ам бүл 3 лаа гэж бүртгүүлж байсан.

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Би талийгаачтай 2000 онд танилцаж байсан. Улмаар аав, ээжийн хашаанд гэр барьж амьдарсан. Талийгаач нь 2004 онд осолд орж группэд орсон. Талийгаач бид хоёр 2006 онд гэрлэлтээ батлуулаад 2017 онд нас барсан. Энэ хугацаанд хадмын хашаанд ирж очин байж байгаад 2015 онд өөрийн газартай болсон. Газрын алба 4 айлын газар болгож хуваасан. 817-г хадам ээж авсан. 816 дээр миний нэр дээр гэрчилгээ гаргах гэтэл өөрийн аавын газар дээр цуг бүртгэлтэй байсан тул талийгаачийн нэр дээр гарсан. Бид группынхээ мөнгийг зээлээр авч хашаа барьсан. Ингээд гэр барьж амьдарч байсан. Цахилгаангүй байсан тул ирж очин байсан. Гэрийг маань хадам талынхан авсан. Одоо ганц газар л байгаа юм. Одоо энэ 816 дээр хүн байхгүй, би ах дүүгийнхээ гэрээр амьдарч байна. Хадам ээж өөрийн гэсэн гэр оронтой. Надтай булаацалдах хүн биш. 817 тоотыг өөрийн нэр дээр авчихаад охиндоо өгчихсөн. Энэ 816 тоотыг талийгаачийн төрсөн дүү Лхамжав авах гээд байгаа юм. Хадам ээж намайг 2020 оноос эхлээд олон газар шалгуулсан. Гэрлэлтийг хүртэл хуурамч гэж шалгуулсан. Намайг авилгал өгч газар авсан гэж АТГ-д шалгуулсан. Хэргүүд хэрэгсэхгүй болсон. Захиргааны хэрэг дээр хүртэл маргаан үүсгээд хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч худлаа ярьж байна. Талийгаач өнгөрөхөөс өмнө ээж уруугаа ярьсан байдаг. Би талийгаачтайгаа амьдарч байсан. 4 айлын газрыг авахад эд нар оролцоогүй. Бид хоёрыг босгосны дараа эд нар авсан. Энэ газрыг талийгаач бид ногоо тарьж хэрэглэж байсан. Газраа өөрийн болгоод авсны дараа талийгаач ахдаа 2 газрыг өгөөд 1-г нь хадам ээж авсан. Бид 2 гэр бариад амьдарч байсан. Бид салж байгаагүй. Өрхийн эмч хүртэл мэднэ. Бид 17 жил хамт амьдарсан. Энэ бүхнийг ярихад надад хэцүү байдаг. Би одоо яаж амьдрахаа мэдэхгүй, орох орон байхгүй. Хадам ээж хүүхдүүддээ л булааж авч өгөх гээд байгаа юм. Талийгаачийн дүү нар нь замын үүдэд байсан. 2 газрыг авсан ах нь ч гэсэн мөнгийг нь өгөөгүй. Би 4 газрыг булаацалдаагүй, гэрээ ч буцааж аваагүй. 816 тоот дээр байсан гэрийг маань 817 тоот дээр барьсан байсан. Талийгаач бид 2 групптэй байсан. Хадам ээж худлаа ярьж байна. Би нотариат дээр 2018 оны сард 10 сард очсон. Тэгэхэд яагаад хугацаа хоцорсон талаар яриад бүрдүүлэх баримтуудыг хэлж өгсөн. Тэгээд сар гаран бүрдүүлээд өгсөн. Гэрчилгээ маань жилийн дараа гарсан. Эд нар 2019-2020 онуудад газрын гэрчилгээ миний нэр дээр гарсныг мэдсэн. Тэгээд талийгаачийн нэг дүү нь хэрүүл үүсгэсэн. Нотариат дээр очиход аав, ээж байдаг уу гэхэд нь ээж нь байгаа гэсэн. 2018 оны 10 сард анх нотариат дээр очсон. Нэг л нотариатаар үйлчлүүлсэн. 16 дугаар хорооллын шар хад уруу явдаг буудлын ард 2 давхарт байсан. Нотариат дээр бичиг баримтаа бүрдүүлж өгөөд тэр өдөртөө өвлөх эрхийн гэрчилгээг авсан гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Аийн өмгөөлөгч А.Г, З.Ц нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч Н.Ань ярихдаа 2018 онд нөхрийн нэр дээр байсан газрын өвлөх эрхийн гэрчилгээ гарч газраа авсан гэдэг. Энэ нь Иргэний хуулийн 126.1, 520.1.1-д заасантай нийцнэ. Хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээг зөв олгосон. 1 жилийн дотор хүсэлт гаргаагүй бол татгалзсан гэж тооцно. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр явсан байдаг.

Иргэний хуулийн 520.1.1-д хууль ёсны өвлөгчийг заасан. Хуулийн дагуу өвлөгчөөр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь өвлөх хүсэлтээ гаргаагүй тул өвлөхөөс татгалзсан гэж гэнэ. Хүсэлт гаргасан баримт хэрэгт байхгүй. Өв хүлээн авах хүсэлт хэрэгт байхгүй. Нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Өвлөх эрхийн гэрчилгээ гарсныг хэзээ мэдсэн нь тодорхойгүй. Мөн нотариат дээр хэзээ очсон нь тодорхойгүй. Мөн 2020 онд буюу өвлөх эрхийн гэрчилгээ гарснаас хойш 2 жилийн дараа нотариат дээр очсон байдаг. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй. Захиргааны хэргийн шүүх дээр асуудал дууссан. Дахиад асуудал байгаа бол бидэнд мэдэгдэх ёстой. Биднийг лав дуудаагүй. Бичгийн нотлох баримтаар ярих тул өөр өвлөгч хүсэлт гаргаагүй байдаг. Нотариат нь хүнийг хэнтэй ирсэнийг асуухгүй. Түрүүгийн хурал дээр он, сар тодорхойгүй нэг хүсэлт гаргасан байдаг. Өмнө нь энэ хүсэлт байгаагүй бөгөөд гэнэт л шинээр гарч ирсэн. Газрын албанаас гэрчилгээний асуудлыг 3 шатны захиргааны шүүхэд хангалттай ярьсан. Энэ асуудлыг 2020 онд мэдсэн байдаг. Гэрчилгээ гарснаар маргаж эхэлсэн байдаг юм. 17 жил хамт амьдарсан гэдэг нь нотлогдсон байдаг. Хуурамч гэрлэлт гэж нэхэмжлэгч маргаан үүсгэсэн боловч гэрлэлтийг хууль ёсны гэсэн гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Б.Б нь Ш.Ягийн хүү мөн болохыг тодорхойлсон 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн төрөл садангийн тухай лавлагаа /хх4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 09713 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх9-10/, Баянзүрх дүүргийн 9-р хорооны 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтын хуулбар /хх34/, Б.Бгийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх35/, Б.Балдандоржийн нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар /хх36/, Б.Б, Н.Анарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх37/, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх сахилгын зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоотын хуулбар /хх38/,  Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг архивын газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1270 дугаартай тодорхойлолт /хх52/, 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтын хуулбар /хх127/, Ш.Ягийн нотариатад гаргасан гэх гараар бичсэн хүсэлт /хх215/, Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 4/2047 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбар /хх216/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4/852 дугаар хариу мэдэгдэх хуудсын хуулбар /хх217/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх118-119/, Монголын нотариатчдын танхимын 2021-12 дугаар сарын 20-ны өдрийн 956 дугаартай албан бичгийн хуулбар /хх118/, Н.Аийг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлтийн хуулбар /хх120/, Б.Бгийн нас барсны гэрчилгээний хуулбар /хх120/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар /хх121/, Баянзүрх дүүргийн 9-р хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолтын хуулбар /хх122/, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Б.Б танаа гэж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2367 дугаартай архивын ажилтаны лавлагааны хуулбар /хх122/, Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх123/, Б.Б, Н.Анарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх124/, 9-р хорооны засаг даргаар уламжлуулан Баянзүрх дүүргийн газрын албанд Н.Аийн гаргасан өргөдлийн хуулбар /хх125/, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 192 дугаар тогтоолын хуулбар /хх183-184/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Бие даасан шаарлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ань шүүхэд: Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/241 дугаар тодорхойлолт /хх56/, Баянзүрх дүүргийн 9-р хорооны 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1666 дугаар тодорхойлолт /хх57/, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9-р хороо “Энх Энэрэл” ББН өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх58/, Б.Бгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх59/, Б.Б, Н.Анарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх60/, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх63/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/03292 дугаартай захирамжийн хуулбар /хх64-67/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 71 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар /хх82-84/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2021/0756 дугаартай шийдвэрийн хуулбар /хх85-97/, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 71 дугаар тогтоолын хуулбар /хх129-131/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 4/137 дугаар албан тоот /хх223/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 737 дугаар тодорхойлолт /хх224/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 55 дугаартай Н.Ат өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 255 дугаартай нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

 овогт Б-йн Б нь 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан болох нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн  дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх59/

Талийгаач Б.Б нь Баянзүрх дүүрэгт оршин сууж байсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолтоор тогтоогдсон. /хх34/

Улмаар маргаж буй өвлөх эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүрэгт олгосон байх тул Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Я нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай холбогдох баримтуудыг бүрдүүлж байсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх36-37/

Улмаар гэрч Р.Д, Б.Л, Б.Ц нар нь 2018 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч Ш.Яы хамт нотариатич буюу хариууцагч Б.Б дээр бичиг баримт бүрдүүлэн очиж уулзаж байсан талаар мэдүүлсэн.

 

Харин гуравдагч этгээд Н.Ань 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан болох нь түүний нотариатчид болон Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан гараар бичсэн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна. /хх120, 125/

 

Улмаар 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр буюу хүсэлт гаргасан өдөр гуравдагч этгээд Н.Ат 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хх118/

 

Гуравдагч этгээд Н.Аболон талийгаач Б.Б нар нь гэр бүл байсан болох нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн  дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбараар тогтоогдсон. /хх124/

Мөн нэхэмжлэгч Ш.Я нь талийгаач Б.Бгийн эх болох нь 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн  дугаар төрөл садангийн тухай лавлагаагаар тогтоогдож байна. /хх4/

 

Улмаар гуравдагч этгээд Н.Ань 1 удаа буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр нотариар дээр очиж өвлөх эрхийн гэрчилгээ авсан талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан. Ийнхүү очихдоо нотариатчид талийгаачийн эх байдаг талаар тайлбарласан байна.

 

Дээрх үйл баримтыг харьцуулан үзвэл хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үедээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан ижил эрхтэй 2 өвлөгч байгаа талаар мэдэж байсан байна.

 

Цаашлаад гуравдагч этгээд нь 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авахаар хүсэлт гаргасан байхад өмнөх буюу 03-ны өдөр Монголын нотариатчдын танхимаас өөр өвлөгч байгаа эсэх лавлагаа гаргуулсан байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.13-т нийцэхгүй байна.

 

Улмаар гуравдагч этгээд Н.Ань Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацааг хэтрүүлж нотариатад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн байхад хариуцагч нь ижил эрхтэй өөр өвлөгч байгааг мэдсээр байж гэрчилгээ олгосон байгаа нь нэхэмжлэгчийн өвлөх эрхийг зөрчжээ.

Иймд 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Түүнчлэн гуравдагч этгээд Н.Аболон талийгаач Б.Б нар нь гэр бүл байсан нь дээрх баримтаар тогтоогдсон боловч энэ хэргийн маргааны зүйл нь нотариатын үйлдэл хууль, журамд нийцэж хийгдсэн эсэх юм.

Иймд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн маргаж буй газар нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэх тайлбар шийдвэрийн үндэслэл болохгүй.

Харин энэ талаар маргаан гарвал жич нэхэмжлэл гаргах эрх нээлттэй юм.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд нэхэмжлэгчээр урьдчилан төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7, Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ат 2018 оны 10 дугаар сарын 04-ны өдөр 55 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 255 дугаартай нотариатчийн үйлдлийг хүчингүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Яы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Г