Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00521

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00521

 

 

 

 “С.М.Г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02832 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С.М.Г ” ХХК-ийн хариуцагч “Г.Э ” ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 186,008,618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “С.М.Г ” ХХК-ий нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Сохо тавилгын их дэлгүүрийн 2 давхарт 250 м.кв талбайг “Г.Э ” ХХК-д 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн №R/01 тоот түрээсийн гэрээгээр түрээслүүлсэн.  “Г.Э ” ХХК нь түрээсийн гэрээтэй 250 м.кв талбайгаас гадна илүү 150 м.кв талбайг мөн өдрөөс өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа бөгөөд гэрээ хийнэ гэж тохиролцсон тул эхний 4 сарын хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ хийлгүй, түрээсийн төлбөр төлөлгүй ашиглаж байна. Одоо бүх төлбөрийг тооцоход 250 м.кв талбайн түрээсийн төлбөр 125,578,667 төгрөг, илүү ашигласан талбайн түрээсийн төлбөр 75,347,200 төгрөг болсноос хариуцагч тал 77,706,582 төгрөгийг төлсөн бөгөөд 250 м.кв талбайн түрээсийн гэрээний алданги 125,571,767 төгрөгийн 50 хувийг хасахад 62,789,333 төгрөг болж байна. Тиймээс Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүрэгтэй тул түрээсийн гэрээний үүрэгт 123,219,285 төгрөг, алданги 62,789,333 төгрөг, нийт 186,008,618 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ. Манай компани гэрээгээр хүлээсэн түрээсийн төлбөр төлөх үүргээ цаг тухайд нь бүрэн биелүүлж ирсэн бөгөөд түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүйгээр гэрээний хугацааг дуусгавар болгосон. Түрээсийн гэрээг дахин сунгахгүй дуусгах хүсэлтэй байгаагаа хэд хэдэн удаа нэхэмжлэгчид бичгээр мэдэгдэж, түрээсийн талбайг дахин ашиглаагүй. Гэтэл нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээг сунгагдсанд тооцон  2021 оны 3, 4, 5 дугаар саруудын төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээний дагуу манай төлөх нийт төлбөр 90,000,000 төгрөг бөгөөд үүнээс 77,000,000 орчим төгрөгийг төлсөн. Үлдэх 13,000,000 төгрөгийн зөрүү бол нэг сар хагасын түрээсийн төлбөр, мөн 11 дүгээр сараас түрээсийг 30 хувиар хөнгөлнө гэсэн албан бичиг өгсний дагуу 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг 30 хувь болгож хөнгөлсөн үнийн дүн юм. Мөн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манайхаас “С.М.Г ” ХХК-д “манайх нэмэлт талбай түрээслэх хүсэлтэй байна, энэ талаараа тохиролцъё” гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс ковидтой холбоотойгоор хөл хорио тогтоосон учраас манайх талбайгаа ашиглаж чадаагүй. Иймд бид нэмэлт талбай ашиглаагүй тул нэмэлт талбайн түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. Гэрээгээр гэрээ цуцлах хугацаа 60 хоног гэж тохирсныг зөвшөөрч байгаа ч нэхэмжлэгч тал өөрсдөө тухайн үл хөдлөх эд хөрөнгийг манайд ашиглуулахаар өгсөн атал түрээсийн талбайд нэвтрүүлээгүй учир үлдсэн 1 сар хагасын түрээсийн төлбөрийг төлөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8-д заасныг баримтлан хариуцагчаас түрээсийн төлбөрт 12,293,418 төгрөг, алданги 255,000 төгрөг, нийт 12,548,418 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 173,460,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,561,843 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 215,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: “Хариуцагч талаас 2020 оны 12 дугаар сарын 22, 2021 оны 01 дүгээр сарын 05, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гэрээ цуцлах агуулга бүхий хүсэлтийг нэхэмжлэгчид хүргүүлснийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тухайгаа мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч “С.М.Г ” ХХК нь мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах хугацааг тогтоож өгөөгүй байх тул гэрээг цуцлагдсан гэж дүгнэх боломжгүй” гэж үзсэн атлаа түрээсийн гэрээний хугацааг 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн “Уг төлбөрөөс алданги тооцох эрх нэхэмжлэгчид байх боловч шүүх цар тахлын нөхцөл байдал болон 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хариуцагчийг түрээсийн байранд нэвтрүүлээгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тус төлбөрт ногдох алдангийн хэмжээг бууруулах нь зүйтэй “ гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний заалтуудад цар тахлын болон давагдашгүй хүчин зүйлд ашиглахаар заасан ямар нэгэн хуулийн заалт байхгүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр алдангийн хэмжээг бууруулж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын хооронд гэрээгээр тохирсон 250 м.кв талбайн түрээсийн асуудал, нэмэлтээр ашигласан гэх 150 м.кв талбайн түрээсийн асуудал яригдаж байна. Бүх нийтийн хорио цээрийн үед үйл ажиллагаа зогссоноос түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй асуудал гарсан. Үүнийг шалтаглаж түрээсийн төлбөрөө төлөөгүйтэй холбоотой тог таслах, түрээсийн талбайд оруулахгүй байх арга хэмжээнүүд авсан. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс түрээсийн талбайг ашиглаагүй талаар хариуцагчийн зүгээс тайлбарладаг. Гэрээ талуудад харилцан ашигтай байх ёстой. Талбайгаа ашиглуулаагүй, түрээсийн гэрээний дагуу өгөх ёстой зүйлээ өгөөгүй байж мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч талаас 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичгээр гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. “С.М.Г ” ХХК-ийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 тоот албан бичгээр мэдэгдэл хүлээн авсан, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 тоот албан бичгээр гэрээ дуусгавар болох хугацааг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөр тогтоосон гэдгээ мэдэгдсэн байдаг. Нэмэлт талбайн ашиглалтын талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Талууд нотлох баримтыг өөрсдөө бүрдүүлж шүүхэд гаргаж өгөх ёстой. 150 м.кв талбайн түрээсийн гэрээ байхгүй, энэ талбайг ашигласан эсэх нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

 

2. “С.М.Г ” ХХК “Г.Э ” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр, алдангид 186,008,618 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хариуцагч эс зөвшөөрч  маргасан байна.

 

3. Нэхэмжлэгч “С.М.Г ” ХХК-тай бичгийн хэлбэрээр байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр хариуцагч “Г.Э ” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 205 м.кв талбай бүхий хэсгийг түрээсэлж, сард нийт 7,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй байна.

 

3.а. Анхан шатны шүүх дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулсан боловч зохигчид гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүйгээс зохигчдын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн маргааны эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэг гэж тодорхойлсон байна.

 

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт учир дутагдалтай буюу хууль хэрэглээний хувьд зөв биш байна. Учир нь түрээсийн гэрээний зүйл болсон талбай нь нэхэмжлэгч “С.М.Г ” ХХК-ийн дэлгүүрийн нэг хэсэг буюу үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь түрээслүүлээгүй тул улсын бүртгэл хийлгэх боломжгүй. Иймд гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

3.б. Нэхэмжлэгч “С.М.Г ” ХХК нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түрээсийн төлөгдөөгүй төлбөр, алдангид 186,008,618 төгрөг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн төлбөл зохих үүргийн хэмжээг нийт 12,548,418 төгрөг гэж тооцоолсон нь хэргийн баримтад үндэслэгджээ.

 

3.в. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний үүргээ биелүүлж түрээсийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсгийг баримталсан нь буруу боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байх тул өөрчлөх шаардлагагүй байна.

 

4. Зохигчид түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээнд талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хугацааг сунгаж болохоор заажээ. Гэвч хариуцагч “Г.Э ” ХХК-ий зүгээс түрээсийн гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж, улмаар гэрээний хугацааг талууд сунгаагүй болох нь хэрэгт авагдсан “С.М.Г ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21/02 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, “Г.Э ” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх 11, 62/ 

 

Хариуцагч “Г.Э ” ХХК нь гэрээний хугацаа дууссан, хугацааг сунгаагүй учир 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших хугацааны түрээсийн төлбөр төлөхийг зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны шүүх хариуцагч гэрээний хугацаанд төлбөл зохих түрээсийн төлбөр 90,000,000 төгрөгөөс түүний төлсөн 77,706,582 төгрөгийг хасч тооцон үлдэгдэл төлбөрийг гаргуулсан нь зөв байна.

 

Талууд гэрээний хугацааг сунгаагүй тул нэхэмжлэгч гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардах үндэслэлгүй.

 

5.   Шүүх цар тахлын нөхцөл байдал болон нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн түрээсийн зүйлийг хариуцагчид ашиглуулаагүй зэргийг харгалзан үзэж алдангийн хэмжээг бууруулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт нийцжээ.   

 

6. Илүү ашигласан 150 м.кв талбайтай холбоотой 75,347,200 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлд хамаарах нотлох баримт хэрэгт байхгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээж нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.          

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02832 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “С.М.Г ” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1,025,251 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                           Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН