Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00550

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00550

 

 

                

“А.Б.Т.С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/02728 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “А.Б.Т.С ББСБ” ХХК-ийн хариуцагч Л.Г, О.Ц нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 289,638,160 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А.Б.Т.С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч нар 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 83,000,000 төгрөгийг, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийг, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 27,600,000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 26,600,000 төгрөгийг тус тус зээлж авсан. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15,000,000 төгрөгийн, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 27,600,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан. 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн болон 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн төлбөрийн үүрэг 157,000,000 төгрөгөөр зээлийн гэрээг шинээр байгуулсан. Мөн дахин барьцааны гэрээ байгуулж гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч нар нь зээл, хүүгээ төлөлгүй гэрээний үүргээ зөрчсөн. 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлийн хүү 110,531,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,106,360 төгрөг, нийт 289,638,160 төгрөг байна. Хариуцагч нь шинэ гэрээ байгуулснаас хойш 34,695,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн гэжээ.

2.    Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: 2012 онд анх 80,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Хэсэг хугацаанд ажиллаагүй, байрандаа гадна дотно тохижилт хийж эргэлтийн хөрөнгөө засварт оруулж 2 сар үйл ажиллагаа зогссон. Энэ үеэс эхлэн зээлээ төлж чадахгүй хуримтлал үүсч 157,000,000 төгрөг болсон. 2017 онд зээлийн гэрээ шинэчлэн хийж үйл ажиллагаагаа эрчимтэй явуулсан боловч орлого хангалттай олж чадалгүй хуримтлал үүсч 289,038,160 төгрөг болж шүүхэд дуудагдсан. Дунд нь үндсэн зээлийг бага зэрэг нэмэгдүүлж авч, түүнийгээ дор нь төлж байсан. 2017 оны гэрээнээс хойш олсон орлогоо бүгдийг нь өгч байсан. 2019 оноос зээлээ төлж дуусгах сүүлийн боломж болох ажлын байраа худалдахаар зар өгсөн ч Ковид-19 цар тахлын цаг үеийн байдалтай холбоотойгоор удааширсаар байна. Урьд зээлийн үлдэгдлийг зөвшөөрч байгаа бөгөөд 157,000,000 төгрөгийг төлнө гэж үзэж байна. Нэхэмжлэгч энэ мөнгөөр зээлийн гэрээг дахин хийж хүүгээс хүү тооцож байна. Иймд 289,638,160 төгрөг төлөх боломжгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Г, О.Ц нараас 196,225,034 төгрөгийг гаргуулж “А.Б.Т.С ББСБ” ХХК-д олгож, 93,413,126 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Л.Г, О.Ц нар нь зээлийн өрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан барьцааны хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2201020070 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Барилгачдын гудамж 20-б тоот хаягт байршилтай 76 м.кв талбайтай үйлчилгээний байр, улсын бүртгэлийн Ү-2202000841 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, 33 тоот хаягт байрлах 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, мөн нэгж талбарын 18637310415471 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, худалдаа үйлчилгээ байрлах 105 м.кв талбай бүхий газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжид төлсөн 1,676,341 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 1,139,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А.Б.Т.С ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв дүгнэж чадаагүй тухайд: Өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож, 157,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээг шинээр байгуулсан. Хариуцагчийн зүгээс татгалзаагүй, эрх зүйн үр дагаврыг бүрэн дүүрэн ойлгон ухамсарлаж гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу хариуцагч 34,695,000 төгрөгийн зээлийн хүү төлсөн нь зээлийн гэрээний харилцааг бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн болохыг давхар нотолж байна. Энэ зээлийн гэрээ нь Иргэний хуульд заасан хэлцэл хийх үндсэн зарчимд нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл тул энэхүү гэрээгээр өмнөх хоёр гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүүг үргэлжлүүлэн төлж явах талаар тохиролцсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна. 

4.б. Нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү 22,106,360 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба алданги нэхэмжлээгүй. Шүүх нэмэгдүүлсэн хүүг алданги нэхэмжилсэн мэтээр дүгнэж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

2. Нэхэмжлэгч “А.Б.Т.С ББСБ” ХХК хариуцагч Л.Г, О.Ц нарт холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандаж, үндсэн зээлд 157,000,000 төгрөг, зээлийн хүү 110,531,800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,106,360 төгрөг, нийт 289,638,160 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг гаргажээ.

3. Зохигчдын хооронд 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 83,000,000 төгрөгийн, 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөгийн, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 27,600,000 төгрөгийн, 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 26,600,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан ба эдгээрээс 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 15,000,000 төгрөгийн, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 27,600,000 төгрөгийн зээлийг бүрэн төлж барагдуулсан, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн болон 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 157,000,000 төгрөг дээр дахин шинээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар зохигчид маргаагүй. Харин зээлийн гэрээний үүргийн биелэлтийг аль гэрээгээр шаардах нь маргааны зүйл болж, зохигчид энэ хүрээнд мэтгэлцэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 196,225,034 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

5. Анхан шатны шүүх банкны зээлийн харилцаанд алданги хэрэглэгдэхгүй гэж үзэж, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний хавсралтад заасан графикт хугацаанд зээл, хүүгээ төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх талаар заажээ.

Зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохирсон эсэх талаар зохигчдын хооронд маргаан үүсээгүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүү 22,106,360 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс бус алданги нэхэмжлээгүй байна. Иймд шүүх алдангийн талаар дүгнэлт хийж, уг үндэслэлийг нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна. 

6. “А.Б.Т.С ББСБ” ХХК болон Н.Лхамсүрэн, Л.Г нарын хооронд байгуулагдсан 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр тус ББСБ хариуцагчид 83,000,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 8 нэрийн хүнсний дэлгүүр худалдан авах зориулалтаар зээлийг олгож, зээл эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тогтоож, хугацаандаа буюу сар бүр төлөлт хийх үүргээ зээлдэгч зөрчвөл үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү авахаар тохиролцжээ.

Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг Н.Лхамсүрэнгийн дансанд шилжүүлсэн ба 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмж 26,600,000 төгрөгийг сарын 2.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгож, зээлийн эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар тогтоосон байна.

Нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг Н.Лхамсүрэнгийн дансанд шилжүүлсэн ба хариуцагч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь төлөөгүй өрийн хуримтлал үүсгэж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул талууд дээрх хоёр гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 157,000,000 төгрөг дээр 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин шинээр зээлийн гэрээ байгуулсан байх ба нэхэмжлэгч зээлийн үүргийг шинээр байгуулсан гэрээний дагуу шаардсан нь үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд үндсэн зээл 91,574,120 төгрөг, зээлийн хүү 104,650,913 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,930,183 төгрөг, нийт 217,155,216 төгрөг төлүүлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцнэ.

“А.Б.Т.С ББСБ” ХХК өмнөх хоёр гэрээг Н.Лхамсүрэн, Л.Г нартай байгуулсан ба шинэ гэрээг Л.Г, О.Ц нартай байгуулж Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Л.Г, О.Ц нараас зээлийн гэрээний үүргийг шаардсныг буруутгах үндэслэлгүй.

7. “А.Б.Т.С ББСБ” ХХК болон Н.Лхамсүрэн нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 106 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Лхамсүрэн, Л.Г, Б.Алтанчимэг, Б.Гантулга нарын өмчлөлийн 29 м.кв талбайтай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 4 дүгээр байр, 33 тоот орон сууц, “А.Б.Т.С ББСБ” ХХК болон Н.Лхамсүрэн, Л.Г нарын хооронд 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 106/Б тоот барьцааны гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Л.Г, Н.Лхамсүрэн нарын өмчлөлийн 76 м.кв талбайтай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол /18031/, Барилгачны гудамж-20б тоот үйлчилгээний байр, Л.Гын эзэмшлийн 105 м.кв талбайтай, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны баруун хойно байршилтай газрыг тус тус барьцаалсан, дараа нь “А.Б.Т.С ББСБ” ХХК болон Л.Г, О.Ц, Н.Лхамсүрэн, Б.Гантулга, Б.Алтанчимэг нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан 33 тоот барьцааны гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг мөн барьцаалжээ.

Анхан шатны шүүх Н.Лхамсүрэн, Б.Алтанчимэг, Б.Гантулга нарын эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн шүүхэд дуудсан боловч эдгээр хүмүүс шүүхэд хүрэлцэн ирээгүй байна.

Иймд зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 106 тоот болон 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 106/Б тоот барьцааны гэрээгээр хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ. 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2021/02728 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “196,225,034” гэснийг “217,155,216” гэж, “93,413,126” гэснийг “72,482,944” гэж, 3 дахь заалтын “1,139,075” гэснийг “1,243,726” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А.Б.Т.С ББСБ” ХХК нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 625,020 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ДАВААДОРЖ

 

                              ШҮҮГЧИД                             А.МӨНХЗУЛ

  

                                                                           Д.БЯМБАСҮРЭН