Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 521

 

 

 

 

 

-

 

 

2018            06           18                                      521

 

                            

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү,

улсын яллагч Н.Ундрах,

хохирогч, шүүгдэгч Д.С-г, өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогч, шүүгдэгч Б.У-, өмгөөлөгч Ц.Даваажаргал, П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.С-ыг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.У-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708013390155 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн С/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Б-ийн У.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Д.С-г нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо..............тоотод оршин суух иргэн Б.У-ын зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн 2017 оны 9 дүгээр сарын сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ............ оршин суух иргэн Б.У-ын эд хөрөнгө болох “Лед” зурагтын радиогийн дуу өсгөгчийг, хаалга, номын сангийн хажуугийн ширээний тавцаны хүрээ, хувцасны шүүгээний зүүн хаалга зэргийг гэмтээж, “Канон” брендийн 3 үйлдэлт хэвлэгч, “Корниа” брендийн 17 инчийн дэлгэц, ус цэвэршүүлэгч, бие засах өрөөний автомат суултуур, толь, зурагтай модон жааз 2 ширхэг, разетикны тагийг устгасны улмаас 1.143.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б.У- нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, ............. тоотод “...гэрт орж ирж эд зүйл эвдлээ” гэх шалтгааны улмаас Д.С-гыг алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Хохирогч, шүүгдэгч Д.С-г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохирлоо барагдуулсан. Ууганбаяр намайг алгадсан нь үнэн. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Хохирогч, шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн учир одоо мэдүүлэг өгөхгүй. Энэ хүний үйлдлийг таслан зогсоох гэж түлхсэн. Хохиролд нийт 1.143.000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.  

Эрүүгийн  1708013390155 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.У-ын: “...Уг эмэгтэй манайд согтуу дайрч орж ирээд зочны өрөөний хананд өлгөөтэй байсан 42 инчийн 2007 онд Солонгос улсаас 2.160.000 төгрөгөөр худалдан авсан хар өнгийн “Quebie” брендийн ЛЕД зурагтыг татаж унагааснаас болж тогтоогч нь хугарч, яригч нь царгиж сонсогдохоо больсон. “Canon” брендийн 3 үйлдэлтэй, 2008 онд 500.000 төгрөгөөр Солонгос улсаас худалдан авсан хэвлэгчийг унагааж эвдэлсэн, одоо ажиллахгүй байгаа. “CORNEA” брендийн суурин компьютерийн 17 инчийн дэлгэцийг хагалсан. “Bikon Bater” брендийн худалдан аваад 3 сар болж байсан 200.000 төгрөгийн үнэтэй ус цэвэршүүлэгчийг хагалж эвдэлсэн. 50*150 см хэмжээтэй 60.000 төгрөгийн үнэтэй толийг хагалсан, 80х60 см хэмжээтэй 1 ширхэг 30.000 төгрөгийн үнэтэй, А2-ын хэмжээтэй 1 ширхэг 20.000 төгрөгийн үнэтэй модон жаазыг тус тус эвдэлсэн. Magic брэндийн цагаан өнгийн автомат суултуурыг эвдэлсэн. Угаалгын өрөөний хаалгыг нугас хэсгээр татаж цуулж эвдэлсэн. Хананд байсан 3 разеткийг татаж эвдэлсэн. Сурагчийн номын тавиур, ширээ хүрээ хэсгээрээ хугарч эвдэрсэн. 9 настай охиныг зүүн шанаанд нь цохисон, 6 настай охиныг үснээс нь зулгаасан байсан. Уг эмэгтэйг гэр лүүгээ дагуулаад ороход үүдний коридорт байсан толийг татаж доош унаган хагалаад гарч явах гэхээр нь цагдаа дуудсан байсан учир гаргахгүй гээд 2 гарнаас нь бариад авсан чинь миний нүүр лүү нулимсан. Тэгэхээр нь би гараараа нүүрийг нь цааш түлхсэн. Тэгэхэд толгойгоороо юм мөргөөгүй..” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Хохирогч Д.С-гын: “Шинжээчийн дүгнэлтэнд заагдсан гэмтлүүдийг 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр намайг С-гийн гэрт очоод эд зүйлийг нь эвдэлсний дараа ...аав нь болох Ууганбаяр гэх хүн гэрийн эд зүйлс эвдсэн гэх шалтгаанаар баруун гараараа миний хацар уруу алгадахаар нь би толгойн баруун хойд хэсгээр тэдний коридорын ханыг мөргөсөн. Тэгэхэд тархинд доргилт гэмтэл авсан байх. Тэгээд миний 2 гарын шуу, тохойн хэсгээс нөгөө Ууганбаяр гуай 2 гараараа барьчихаад чанга базаад байхаар нь би тавиулах гэж оролдож байсан. Дараа нь харахад 2 гарын тохой, шуу хэсгээр хөхөрсөн байсан. Би бусад зүйлийг сайн санахгүй байгаа юм. Тухайн үед нэг их согтуу байгаагүй, сэтгэл санаа их хямарсан, бухимдалтай байснаас түр зуур ухаан балартсан байсан учир хэсэг зуур юу болсныг санахгүй байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-20/,

Гэрч С.Б-гийн: “2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн орчим би гэр лүүгээ залгахад дунд охин Хүсэлжин утсаа аваад “манай гэрт нэг эгч орж ирээд хамаг юм сүйтгээд бид 2-г зодоод байна” гэхээр нь би ойролцоогоор 5 минутын дараа орц уруу ороход лифтэн дотор бага зэрэг халамцуу эмэгтэй таараад “С-гийн ээж үү” гэхээр нь “тийм байна, чи яагаад манай гэрийн юмыг эвдэж байгаа юм” гэхэд гэр лүү араас дагаж орж ирээд үүдний толийг татаад газар унагахаар нь би болиулах гэхэд намайг үсдэж аваад, газар унагаж чирсэн. Надтай цуг орж ирсэн таксины жолооч салгаад тэр эмэгтэйг авч гараад намайг хаалгаа хаа гэсэн. Тэр хүүхэн явахгүй гэрийн хаалгыг гаднаас маш олон удаа өшиглөсөн. Хэсэг чимээгүй байж байснаа нөгөө таксины жолооч залуу хаалганы цаанаас “нөгөө хүн чинь явчихлаа би явлаа” гээд яваад өгсөн. Удаагүй нөхөр Ууганбаяр нөгөө эмэгтэйтэй гаднаас орж ирсэн. Тэгээд манай нөхрийг үгээр дайраад нулимаад байсан. Нөхөр урдаас нь юм хэлээгүй, хөдлөөгүй цагдаа ирээд учрыг нь олно гээд байж байхад цагдаа нар ирээд дээрх эмэгтэйг аваад явсан. Уг эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи үнэртэж байсан. Би өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-22-23/,

Насанд хүрээгүй гэрч У.Х-гийн: “2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ дүү 6 настай А-гийн хамт байхад 18-19 цагийн үед хаалга чанга нүдээд байхаар нь ээжийн ээж Сэд эмээг юм болов уу гэж бодоод шууд хэн гэдгийг нь асуулгүй онгойлгосон. Тэгсэн нэг эгч шууд гэрт маань орж ирээд “аниа чинь хаана байна” гэхээр нь “лагерь дээр байгаа” гэж хэлсэн. Би өөрийнхөө утсаар аниа руугаа залгах гэтэл нөгөө эгч том өрөө рүү орж ирээд зурагт аваад шидсэн. Гэтэл ээж над уруу залгахаар нь “нэг эмэгтэй орж ирээд зурагт шидчихлээ” гэж хэлсэн. Тэр үед би сандарсан байсан. Дүү А- айгаад өмдөндөө шээсэн. Нөгөө эмэгтэй гэрийн хамаг юмыг эвдлээд эхэлсэн. Би дүүгийн хамт том өрөөнд байсан. Зурагт шидчихээд С- эгчийн жижиг өрөөнд ороод компьютерыг ширээтэй нь татаж унагасан. Тэндээс гарч бие засах өрөө рүү ороод суултуурын дээд талд байх суултуурыг холбоосоор нь салгаад унагаасан. Жижиг өрөөнд ороод нүүрний будаг байсан ширээг унагасан. Гал тогооны өрөөнд ороод ширээн дээр байсан зүйлсийг унагааж, ус цэвэршүүлэгчийг эвдэлсэн. Дүү А-г үсдээд, миний зүүн шанаа, хацар уруу 1 удаа гараараа цохисон. Тэр эмэгтэй гэрийн эд зүйлсийг эвдэлчихээд гараад явсны дараа ээж орж ирсэн. Удалгүй нөгөө эмэгтэйн хамт аав орж ирсэн. Тэр эмэгтэй гэрийн гадна хаалгыг өшиглөж байгаад больчихсон. Тэр эмэгтэй бие засах өрөөний хаалгыг нээгээд хойш нь дарсан, хугарчихсан. Тэр явдлаас хойш А- бид хоёр айгаад хоёулахнаа байж чадахаа больсон...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

Гэрч У.С-гийн: “...С-ын нөхөр А- гэх залуутай намайг хардаад утсаар сүрдүүлээд, хараагаад байдаг байсан. Би 2013 оны үед өөрийн найз Төгсөө, Золоогоор дамжуулан А- гэх залуутай танилцаж байсан. Тэр үед А- надад эхнэрээсээ салчихсан гэж хэлж байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад өдөр болгон эргэж ирдэг байсан. Тэрнээс хойш хэдэн сар уулздаг байж байгаад А- намайг сууя, гэрлэе гэдэг болсон. 2013 оны 4 дүгээр сарын 25-нд миний төрсөн өдрөөр надад бөгж бэлэглээд гэрлэх санал тавьж байсан. Би эхнэр хүүхэдтэй хүнтэй суухгүй гээд бөгжийг нь аваагүй. Тэгээд тэрнээс хойш би А-тай аль болох уулзахгүй байхыг боддог болсон ба хааяа А- залгаж уулзая гэхээр нь уулздаггүй байсан. ...С-тай манай найз Мийгаа гэж охин холбогдоод танай нөхөр манай найз С-гийн араас гүйдэг, бөгж бэлэглэж, гэрлэх санал тавьсан тухай хэлсэн байна гэж А- хэлсэн. Тэр үеэс С- өдөр болгон над руу мессеж бичиж, харааж, сүрдүүлдэг болсон. Одоо А- бид хоёрын дунд ямар нэгэн харьцаа байхгүй. С- манай гэрийг мэднэ. Ална, тална гэж мессеж бичдэг байсан. Гэхдээ яг өнөөдрийх шиг гэрт ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-25-26/,

Гэрч А-гийн: “...С-гийн найз эмэгтэй манай эхнэрт худал зүйл ярьснаас болж намайг харддаг болсон. Тэр гар утас нь миний утас байсан ба би С-д бэлэглэсэн. ...Ер нь манай эхнэр С- хурц ааштай, байнга хардаж, уурлаж машины толь хугална, цонх шилийг нь хагална, миний хувцсыг хогийн саванд хийчихдэг, гарт баригдсан эд зүйлээ устгаж гэмтээдэг байсан. Уур бухимдал нь зөвхөн намайг хардсанаас болж үүсдэг. Хурц, огцом зантай, хардалт ихтэй, уурлаагүй үедээ төлөв, нөхөрсөг ааштай. Уурлахаараа гэрийн эд зүйлийг эвдэж, хаана юу ярьж байгаагаа мэдэхгүй, ичиж зовохгүй болчихдог юм...” гэх мэдүүлэг /хх-27/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.08-ны өдрийн 11344 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Д.С-гын биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, баруун тохой, шууны цус хуралт, баруун ташаан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-32/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.09.04-ний өдрийн 11304 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.У.Х-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-34/,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015.05.22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Шинжилгээнд 12 төрлийн цахилгаан хэрэгсэл, эд зүйлс болон ажлын ширээ, хувцас шүүгээ зэрэг байна. 8 төрлийн эд зүйлс бүрэн эвдэрсэн солих, 4 нэр төрлийн эд хөрөнгийг хэсэгчлэн сольж засварлах шаардлагатай. Эд зүйлсийг солих, засах бүгд 1.143.000 төгрөг болохыг тодорхойлов” гэжээ /хх-194-206/,

Шүүгдэгч Д.С-гын яллагдагчаар өгсөн: “...2012 онд манай нөхөр Амарзаяа гэр орондоо ирэхгүй, олон хоногоор алга болоод эргэж ирэхдээ хувцас хунар нь цэвэрхэн, хөдөө явсан шинжгүй байдаг байсан. Би бэлгийн замын заг хүйтэн гэх өвчин тусаад эмнэлэгт үзүүлсэн. Нөхрийнхөө утсыг шалгаж үзэхэд утсан дээр нь нэг эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг байсан. ...Мийгаа гэх эмэгтэй надтай уулзаад ...танай нөхөр У.С- гэх эмэгтэйтэй уулзаж, дотно харьцаатай болоод 5 жил болж байна. Чи мэддэгүй юм уу гэж хэлэхээр нь анх мэдсэн. ...2017 онд ажил дээрээ сууж байгаад гар утасныхаа зургийг үзэж байхад нөгөө Б.С- гэх эмэгтэйн 2 зураг нь миний утасны зураг гэсэн цэсэн дотор байж байхаар нь гайхсан. Гэтэл “IPhone” маркийн 2 гар утас нь нэг ижил “ID” кодтой байхаар зураг, дуудлага, мессежээ хуваалцдаг гэдгийг мэдсэн. Тухайн үед надад байсан “IPhone 5” маркийн гар утсыг нөгөө хүүхэндээ өгсөн байна гэж бодсон. Нөхөр гар утсан дээр байсан нөгөө хүүхний зургийг устгачихсан. Хэрэг болсон гэх өдөр найз Ургамалтай 2 лааз пиво уугаад сэтгэлээ онгойлгож ярилцаад, уйлаад... Тэгээд нөгөө хүүхнээс нөхрийн өгсөн өөрийн цагаан өнгийн “Iphone 5” гар утсыг авахаар явсан. Хаалгыг нь тогшиход 2 бага насны охид онгойлгохоор нь би “Сүнжээ байна уу” гэхэд “Сүнжээ аниа байхгүй байна, сая гараад явчихсан, удахгүй ирнэ, та найз нь юм уу” гээд хаалгаа онгойлгож өгөхөөр нь орсон. Ороод манай нөхөр байгаа эсэхийг шалгаж өрөөнүүдээр ороод хаашаа явсан талаар асуусан. Миний уур хүрээд гарт тааралдсан зүйлсээ авч шидсэн. Лифт рүү явж байхад надтай зөрөөд нэг эмэгтэй явсан. Би лифт хүлээн зогсож байхад дотроос нь настайдуу эрэгтэй хүн гарч ирээд миний баруун гарын тохой, бугалга зэргээс барьж хүчтэй угзарч татаад С-гийн гэр лүү оруулсан. ...Тэгээд тэр ах намайг баруун гарын алгаараа савж миний зүүн хацарт нэг удаа алгадсан. Алгадахаар нь би гэрийн коридорийн ханыг толгойн баруун хойд хэсгээр мөргөсөн. Миний 2 гарын бугалганаас бариад сэгсрээд байхаар нь “та намайг алгадсан чинь намайг хохироож байна” гэхэд надад гар хүрэхээ больсон. Удалгүй цагдаа ирж намайг хэлтэс дээр авч ирсэн. Бухимдалтай очсон учраас тэр эмэгтэйн надад учруулсан хохирлыг бодоод гэнэт өөрийн мэдэлгүй ийм үйлдэл хийсэн. Би бие засах өрөөний суултуур, хаалга эвдээгүй...” гэх мэдүүлэг /хх 53-54/,

Шүүгдэгч Б.У-ын яллагдагчаар өгсөн: “...Би Д.С-г гэх хүнд гэмтэл учруулаагүй. ...Байрныхаа орцоор ороод лифтэнд суух гэтэл өөдөөс согтуу эмэгтэй гарч ирээд “өө Ууганбаяр гуай та хүрээд ирсэн үү” гэхээр нь би “юу болоод байгаа юм” гэхэд “гэрт чинь ороод учраа олъё” гэсэн. Ороход гэрийн эд зүйлс эвдэрч хагарсан байсан. “Энэ чинь юу болж байгаа юм” гэхэд “танай охин С- чинь манай нөхөртэй явж миний амьдралыг сүйрүүлсэн, би танайхыг ийм болгочихлоо, харин танай хоёр охиныг алаагүйд баярла, эвдсэн эд зүйлсийн чинь төлбөрийг манай нөхөр төлчихнө” гэж томроод байсан. Тэгээд коридорт байсан босоо толийг татаад хагалчихаар нь нөгөө эмэгтэйн хоёр шуунаас бариад авсан чинь гараа тавиулах гэж оролдож ноцолдсон. Гарыг нь тавьсан чинь өөдөөс нүүр рүү нулимаад байхаар нүүр рүү нь баруун гараараа түлхсэн. Тэр эмэгтэй нэлээд согтуу байсан. Намайг барихгүй бол нэмж эд зүйлс эвдэж, өөр ямар үйлдэл хийх нь тодорхойгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-60/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-55-56/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64, 75/, шүүгдэгч Д.С-гын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-80/, Д.С-гын хувийн байдалтай холбоотой баримт /хх-128-129/, хохирол төлсөн баримт /хх-130/, шүүх хуралдааны тэмдэглэл /хх-134-145/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч Д.С-гын өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “710.000 төгрөг төлсөн” баримтыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.С-г нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, тоот орон сууцанд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан,

мөн 2017 оны 9 дүгээр сарын сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байр, 28 тоотод оршин суух иргэн Б.У-ын эд хөрөнгө болох “Лед” зурагтын дуу өсгөгч, хаалга, номын сангийн ширээний тавцангийн хүрээ, хувцасны шүүгээний зүүн хаалга зэргийг гэмтээж, “Канон” брендийн 3 үйлдэлт хэвлэгч, “Корниа” брендийн 17 инчийн дэлгэц, ус цэвэршүүлэгч, бие засах өрөөний автомат суултуур, толь, зурагтай модон жааз 2 ширхэг, разетикны тагийг устгасан,

яллагдагч Б.У- нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байр, 28 тоот гэртээ “...гэрт орж ирж эд зүйл эвдлээ” гэх шалтгааны улмаас Д.С-гыг алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар буюу хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.С-гын өмгөөлөгч “Шүүгдэгчийн хувьд оршин суугчийн зөвшөөрлийг аваад гэрт нь орсон. Хүн байгаа тохиолдолд орж байгаа үйлдлийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж үзэхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Ц.Даваажаргал “Б.Угганбаярын талсан зогсоох зорилгоор Д.С-гын гарыг барьж, нүүр рүү түлхсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа тул гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч П.Учралгэрэл “Д.С-гын бусдын орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэж хүндрүүлж зүйлчлэх ёстой. Гэрт байсан хоёр хүүхэд түүнийг “гэрт нь дайраад орж ирсэн” гэж мэдүүлдэг, түүнчлэн хаалга хонхойсон байдаг тул үндэслэлтэй гэж үзэж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “...иргэний хувийн ба гэр бүл, ...орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж баталгаажуулж, иргэний эрхийн энэхүү баталгааг Эрүүгийн хуулийн заалтаар хангаж, иргэний халдашгүй эрхийг эдлүүлдэг. Шүүгдэгч Д.С-гын өмгөөлөгчийн “...хаалга тогшоод онгойлгохоор нь орсныг зөвшөөрөлгүй гэж үзэхгүй” гэх дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.С-г тухайн орон байранд амьдрах эрхийн бичиг, зөвшөөрөлгүй, түүнчлэн орох, оруулах талаар хаалга нээж өгсөн 9 настай хүүхэдтэй зөвшилцөөгүй өөрийн дур зоргоор орсон үйлдэл нь насанд хүрээгүй гэрч У.Х-гийн “...Эмээ юм болов уу гэж бодоод асуулгүйгээр хаалгаа онгойлгосон. Тэгсэн нэг эгч шууд гэрт маань орж ирээд “Аниа чинь хаана байна” гээд том өрөөнд орж ирээд зурагт шидсэн...” гэх мэдүүлэг /хх-29/-ээр тогтоогдож байх тул “...зөвшөөрөлтэй орсон” гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэлийн “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн тул хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж зүйлчлэх ёстой” гэж дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ. Тухайлбал шүүгдэгч Д.С-г нь хэрэг үйлдэгдсэн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхдээ насанд хүрээгүй хүүхдүүдэд хүч хэрэглэсэн /хаалга хонхойлгосон/, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Харин түүний хаалга хонхойлгосон, насанд хүрээгүй хүүхдүүдийг үсдсэн, цохисон үйлдэл нь хууль бусаар нэвтрэн орохдоо бус нэвтэрсний дараа дураараа авирлах явцдаа хийсэн болох нь насанд хүрээгүй гэрч У.Х-гийн “...Эд зүйлийг эвдэлчхээд дүү А-г үсдээд, миний зүүн шанаа, хацар уруу 1 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-29/, шүүх эмнэлгийн 11304 дүгээр “...Зовуурь: Зүүн хацраар хөндүүрлэнэ, толгой өвдөнө гэх. 1. У.Хүсэлжин-н биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-34/, шүүх эмнэлгийн 11305 дугаар “...Зовиур: толгойн оройн хэсгээр өвдөнө гэх. 1. У.А-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-36/, гэрч С.Б-гийн “...Таксины жолооч салгаад тэр эмэгтэйг аваад гарсан, би хаалгаа хаасан. Тэгэхэд тэр эмэгтэй гэрийн хаалгыг гаднаас маш олон удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-22/ зэргээр тогтоогдож байна.

 Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “Б.У-ын үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан тул хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй төдийгүй шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдалтай тохироогүй, хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл аюул нь хамгаалалт хийж байгаа хүний төсөөлөлд биш, харин бодитой оршиж байх ёстой. Хохирогч Д.С-гын “...Ууганбаяр намайг гэрийн эд зүйл эвдсэн гэх шалтгаанаар баруун гараараа зүүн хацар уруу алгадахаар нь би толгойн баруун хэсгээр тэдний коридорын ханыг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч Б.У-ын “...Коридорт байсан толийг татаад хагалчихаар нь нөгөө эмэгтэйн хоёр гарын шуунаас бариад авсан. Гарыг нь тависан чинь өөдөөс нүүр рүү нулимаад байхаар нь цааш нүүр рүү нь баруун гараараа түлхсэн...” гэх мэдүүлэг /хх-60/ зэргээс дүгнэхэд хожимдсон хамгаалалт, өөрөөр хэлбэл довтолгоо дууссан нь тодорхой байхад /Д.С-г толийг татаж унагаад хагалчихсан, өөрөөр довтолгоо, довтлох аюул занал бодитой байгаагүй/ түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.      

Иймд шүүгдэгч Д.С-гыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У-ын эд хөрөнгө устаж, гэмтсэн бөгөөд эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлын төлбөр 1.143.000 төгрөгийг шүүгдэгч Д.С-г төлж барагдуулсан /хх-130, шинээр гаргаж өгсөн орлогын мэдүүлэг/ нь тогтоогдож байх тул Д.С-гыг бусдад төлөх төлбөргүй,

шүүгдэгч Б.У-ын үйлдлийн улмаас хохирогч Д.С-гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний “...Нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-137, шүүх хуралдааны тэмдэглэл/-ийг үндэслэн Б.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тус тус үзэв.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.С-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ял, нэмж нэгтгэн 902 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 902.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 451 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 451.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай...гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Боломжит хугацаагаар төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Даваажаргал “Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Учралгэрэл “Хохирогч Д.С-гын зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзнэ үү. Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Д.С-гын хувьд гэм буруугийн талаар маргасан гэж үзэж байна. Ял хөнгөдөж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хоёр хүүхдийн айдас, хор уршиг арилаагүй байгаа” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Д.С-г учруулсан хохирлыг төлснийг, Б.У- хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Улсын яллагчийн шүүгдэгч Д.С-гын үйлдсэн хэргийн талаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт нь Д.С-гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, 9 настай, 6 настай хоёр хүүхдийн эрх чөлөөнд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдын 8 нэр төрлийн эд зүйлийг устгасан, 4 нэр төрлийн эд зүйлийг гэмтээсэн/-т тохироогүй байна гэж шүүх дүгнэн Д.С-гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, нэмж нэгтгэн нийт 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Харин шүүгдэгч Б.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нарын цалин хөлс /тодорхой эрхэлсэн ажилтай/, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан түүнчлэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн торгох ялыг шүүгдэгч Д.С-гыг 4 /дөрөв/ сарын, шүүгдэгч Б.У-ыг 2 /хоёр/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.    

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б. овогт Д.гийн С-ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, эд хөрөнгө устгах, гэмтээх хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Г. овогт Б.гийн У.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Д.С-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 /Нэг сая тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч Д.С-г 4 /дөрөв/ сарын, шүүгдэгч Б.У- 2 /хоёр/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С-г, Б.У- нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг мэдэгдсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У-, Д.С-г нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-, Д.С-г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.                

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                 Л.БААТАР