Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 762

 

Д.С, Б.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Н.Ундрах,

            шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, 

            шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч Л.Цэндоо, П.Учралгэрэл,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.У-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.С, Б.У нарт холбогдох 1708013390155 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Гүер овгийн Б.У, Сэлэнгэ аймагт 1972 оны 2 дугаар сарын 9-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 34б байрны 28 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЧТ............../;

 

2. Боржгон овгийн Д.С, Улаанбаатар хотод 1980 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ривер” клубт багш ажилтай гэх, ам бүл 5; нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хорооллын 30-84 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХБ............../;

Д.С нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байрны 28 тоот Б.У-ын гэрт, зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, улмаар зурагт, хаалга, номын сангийн хажуугийн ширээ, хувцасны шүүгээ зэргийг гэмтээж, “Канон” брендийн 3 үйлдэлт хэвлэгч, “Корниа” брендийн 17 инчийн дэлгэц, ус цэвэршүүлэгч, бие засах өрөөний автомат суултуур, толь, модон жааз, разетикны тагийг эвдсэний улмаас 1.143.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Б.У нь Д.С-ыг “гэрт орж ирж эд зүйл эвдлээ” гэж алгадаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.С-ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн, Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Д.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялын хэмжээг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.050.000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүгдэгч Д.С-т 4 сарын, Б.У-т 2 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар тус тус солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.У давж заалдах гомдолдоо: “... Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Д.С нь тухайн үед гэртээ хоёулахнаа байсан бага насны хүүхдүүдийг маань хүч түрэн орон байранд минь хууль бусаар нэвтрэн орж, тэднийг зодож айлган сүрдүүлж, хүч хэрэглэн эд хөрөнгийг маань эвдлэн цаашид ашиглах боломжгүй болгосон байхад анхан шатны шүүхээс хууль бусаар нэвтрэн орохдоо бус нэвтэрсний дараа дураараа авирлах явцдаа хийсэн гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Хэрэв гэрт том хүн байсан бол Д.С ийнхүү хүч түрэн орж, дураараа авирлаж чадахгүй байсан төдийгүй, одоо хүүхдүүд маань байнгын айдастай болсон учир түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм.

2. Д.С нь зүй бус үйлдлээ үргэлжлүүлэн дахин үүдний толийг татаж хагалаад, шкаф унагаах гээд дайраад байсан ба улмаар цааш толины хэлтэрхий, хагархайгаар ямар ч үйлдэл хийж болзошгүй байсан. Түүний энэ үйлдлийг л зогсоох үйлдэл хийснээс шүүхийн дүгнэснээр төсөөлж, үйлдсэн үйлдэл биш юм. Аргагүй байдалд л түүнд хөнгөн гэмтэл учруулсан.

3. Түүнчлэн энэ зүй бус үйлдлийн улмаас хэвийн эдэлж, хэрэглэж байсан эд хогшил маань ашиглахын аргагүй байдалд хүрсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатнаас хохирлын үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, дахин үнэлгээ тогтоосон ба үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан. Өнөөдөр Д.С-ын хууль бус үйлдлийн улмаас эд хөрөнгөөрөө хохирч, хүүхдүүд маань байнгын айдастай буюу сэтгэл санааны маш их хохирол амссан төдийгүй, би ял сонсож, торгуулийн арга хэмжээ авагдсандаа маш их гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэжээ.

 

            Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч Л.Цэндоо тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Б.У-ын үйлдэлд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл түүний үйлдэл аргагүй хамгаалалт байсан. Б.У-ын хувьд Д.С руу дайрах гэсэн ямар нэгэн довтолгоо, халдлага хийх санаа зорилго байгаагүй. Ийм учраас Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэв.

           

Шүүгдэгч Б.Уын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.Сыг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс бусдын орон байранд нэвтрэх үйлдлийг хүч хэрэглэж үйлдээгүй, зөвшөөрөлгүй орсон гэж үзээд байгаа. Бид хүч хэрэглэж нэвтэрсэн гэж үзсэн. Тухайн орон байранд орсны дараа хүч хэрэглэж, дураараа авирласан байгаа. Шүүгдэгч Д.С довтолгоогоо үргэлжлүүлээд дахин толь хагалах гэсэн үйлдэл хавтас хэргээс харагддаг. Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч Д.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хүч хэрэглэж, дайрч орсон гэх асуудал байдаггүй. Миний үйлчлүүлэгч Д.С-т хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар аргагүй хамгаалалт байгаагүй. Толь хагалах гэсэн үйлдлийг таслан зогсоож байгаа үйлдэл нь аргагүй хамгаалалт биш. Толь хагалах гэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмт хэргийн шинжтэй байсан. Энэ үйлдлийн улмаас Б.У-ын хувьд хүч хэрэглэж гэмтэл учруулсан болох нь тогтоогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.С, Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Д.С нь 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байрны 28 тоот Б.Уын гэрт зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, улмаар гэрийн зурагт, хаалга, номын сангийн хажуугийн ширээ, хувцасны шүүгээ зэргийг гэмтээж, “Канон” брендийн 3 үйлдэлт хэвлэгч, “Корниа” брендийн 17 инчийн дэлгэц, ус цэвэршүүлэгч, бие засах өрөөний автомат суултуур, толь, модон жааз, разетикны тагийг эвдэж 1.143.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.У /хх-11-17/, гэрч С.Батчимэг /хх-21-23/, насанд хүрээгүй гэрч У.Хүсэлжин /хх-29/ нарын мэдүүлгүүд, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээ /хх-194-198/, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34Б байрны 28 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/ болон Д.С-ын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.  

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой байна.

 

Анхан шатны шүүхээс Д.С-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзлээ.

 

Харин Б.У-ын үйлдлийг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Д.С нь хардалтын улмаас согтуугаар Б.У-ын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч, эд хогшлыг эвдэлж, гэмтээн, 6 настай У.Амирланг үсдэж, 9 настай У.Хүсэлжингийн зүүн хацарт цохиж зодон айлган сүрдүүлсэн. Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх гэснийг эсэргүүцэж Б.У-ын нүүр лүү нулимж, ханын толь хагалж, дахин эд хөрөнгийг нь эвдэх үйлдэл хийснийг шүүгдэгч Б.У хориглож зүүн хацар луу нь алгадсан. Хохирогч Д.С алгадуулахдаа хана мөргөж, биедээ хөнгөн гэмтэл авсан нөхцөл байдал тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл хэдийгээр гэмт хэргийн шинжтэй боловч түүний хувийн байдал болон үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Д.С-ын үйлдэлтэй харьцуулахад энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч Д.С-ын “хүний халдашгүй, чөлөөтэй байх Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж, бага насны хүүхдүүдийг зодож, нүдэн дээр нь гэрийнх нь эд хогшлыг эвдэж, хэмхлэн айдас түгшүүрт автуулж, зүй бус авирласан” үйлдлийн улмаас шүүгдэгч Б.У түүнд гэмтэл учруулсан байх ба нийгмийн аюулын хэр хэмжээг харьцуулахад Б.У-ын үйлдэл ялимгүй байх тул гэмт хэрэгт тооцохгүй гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч Б.У-ын үйлдлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-т холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Б.У-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Б.У-т холбогдох заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Б.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                          Л.ДАРЬСҮРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН