Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2016/0809

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Б*******

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс  

Гуравдагч этгээд: “Э******* “ ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүйд тооцуулах,

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага:

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүйд тооцуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Га*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Очхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Монгол Улсын иргэн С.Б******* иргэн Ч.Өтай 2006 оноос эхэлж  “Э*******“ ХХК-ийн хувьцаа эзэмшиж хамтран ажиллахаар болсон билээ. Ингээд бид 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хамтран ажиллахаа больж өөрт ноогдох хөрөнгөө хувиарлан үүний дагуу 01 тоот гэрээг байгуулсан.

Дээрх гэрээний дагуу 2009 оноос хойш өөрт ноогдох хөрөнгө болсон Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болох 8 тоот лицензийг хавсралтын хамт эх хувиар нь өөрийн бие дээр хадгалж өнөөдрийг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж хайгуулын ажил хийж зардал гаргаж хадгалсаар ирсэн. Үүнийг Ч.Ө ч мэдэж байгаа.

Гэтэл өөрийн хүү болох Б.Бэр энэ жилийнхээ тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлүүлэхээр Ашигт малтмалын газар луу явуулахад “энэ жилийн төлбөр төлөгдсөн төдийгүй тусгай зөвшөөрлийн эх хувь болон хавсралтын хамт хаяж гээгдүүлсэн” гэж худал үндэслэлээр өмнөх гэрчилгээг хүчингүй болгуулж дахин шинээр гэрчилгээ хавсралтын хамт гаргаж авсан байна.

...Тухайн үед бид хоёр бүх эд хөрөнгө бүх зүйлээ хуваасан. Н.Өын бичсэн гар бичмэл байгаа. Авлигатай тэмцэх газарт бид  хоёулаа дуудагдсан тэр үед нэг удаа уулзсан. 2009 оноос хойш өнөөдрийг болтол би тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж байгаа. Гэхдээ захиран зарцуулах эрх нь С.Б*******д байгаа гэдгийг Ч.Ө сайн мэдэж байгаа. 2009 онд тусгай зөвшөөрлийг төлбөр мөнгөний асуудлаас болоод шилжүүлж аваагүй нь миний буруутай үйл ажиллагаа байсан. 

Хамтарч ажиллаж байхдаа бид хоёр сайн сайхан байсан. Ганц нягтлан А.О*******д ч байр авч өгөөгүй, Уурхайн дарга гэх зэрэг 4 хүнд байр авч өгч байсан. 2006 онд яагаад надад компани 30 хувийн хувьцааг шилжүүлсэн бэ гэхээр 2007 онд манай компанид татварын шалгалт орсон. “Э*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал танаа гэсэн миний нэр дээр  3 тэрбум 900 сая төгрөгийн татварын акт тавигдсаны улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж миний бие хоригдож байсан. Ашигт малтмал, Газрын тосны газарт хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай хариу ирүүлсэн тул тус шүүхэд хандаж байна. 

Дээрх  үйлдэл нь миний өөрт ноогдол болсон 8 болон ******* тоот тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, Газрын тосны газарт худал үндэслэлгүй хүсэлт гаргаж шийдвэр гаргуулан шинээр авсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Га******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэлийн агуулга маань үндсэндээ хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Хууль бус гэдэг нь “Э*******” ХХК-аас Ашигт малтмал, Газрын тосны газарт өгсөн хүсэлт нь хууль ёсны дагуу биш хууль бус хүсэлт байсан байна гэдгийг тогтоолгох гэж хавтаст хэрэгт нотлох баримтаар эх хувийн баримтуудыг оруулсан байгаа. 

Мөн 01 тоот гэрээгээр тухайн асуудлуудыг Ч.Ө нь мэдэж байсан атлаа худлаа хүсэлт өгсөн. Шүүхийн хэлэлцүүлэгт захирал, С.Б******* хоёрын асуудлууд байсан юм гэж гэрч хэлсэн бөгөөд С.Б*******аас тусгай зөвшөөрлийг авч чадахгүй байсан учраас ийм арга хэрэглэхээс өөр боломж байгаагүй гэж хариулсан. Ашигт малтмалын газар өгсөн хүсэлтийн агуулга нь гээгдүүлсэн гэдэг нь хууль бус гэдэг зүйлийг тогтоолгох. Энэ байдлыг тогтоолгохын тулд төлбөр төлсөн баримт байгаа. Улсын бүртгэлээс гарсан хуулийн этгээдийн лавлагаа мөн байгаа. 

Иймд эдгээр нөхцөл байдлууд гуравдагч этгээд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч хамт ажилласан тухайгаа, лицензүүдийг худалдаж авах гэсэн талаараа ярьсан. Гэрчийн хувьд яагаад тэгж мэдүүлснийг сайн ойлгохгүй байна. 

Эдгээрээс үзэхэд “Э*******” ХХК нь С.Б*******д тусгай зөвшөөрлүүд байгаа гэдгийг мэдсээр байж хаясан гээсэн үрэгдүүлсэн гэж худал нотлох баримтыг Ашигт малтмалын газарт өгснөөс болж Ашигт малтмалын газар нь эдгээрийг шалгах боломжгүй учраас шийдвэр гаргасан юм. Эдгээр хүсэлтүүд хууль бус байсан учраас тухайн Ашигт малтмалын газрын 2015 оны 12 дугаар сарын 18-ны 1150, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 919 тоот шийдвэрүүдийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Иргэн С.Б******* нь Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг Ар тамсаг 1-2 нэртэй 812 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын 8  тоот тусгай зөвшөөрлийг 2004 оны 12 сарын 08-ны өдөр анх бүртгүүлсэн байна.

“Э*******” ХХК-иас тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн талаар гаргасан өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15 дахь хэсэгт ‘’...ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн  болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх ...’’ гэж заасны дагуу өргөдөл материалыг хуулийн шаардлага хангасан эсэхийг хянаж үзэх ажиллагааг хийсэн.

Өргөдөл материалыг хянах явцад “Э*******” ХХК нь ашигт малтмалын газраас олгосон Булган, Сэлэнгэ аймгийн  Бүрэгхангай , Орхонтуул сумдын Ар тамсаг 1-2 нэртэй 329,98 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын 8 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн талаар “МN-Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн зар, тус компанийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/184 тоот албан хүсэлтээр ирүүлсэн тусгай зөвшөөрлийн нөхөн авах тухай хүсэлтийг хүлээн авч 8 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ******* тоот гэрчилгээ, хавсралтыг кадастрын даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919 дүгээр шийдвэрээр нөхөн олгосон байна.

Нөгөө талаараа иргэн С.Б*******, Ч.Ө нарын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалагдах шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан болно.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн зураг зүй, тусгай зөвшөөрлийн бүртгэлд “Э*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр бүртгэлтэй байна.

Иймд, иргэн С.Бямбсайхнаас Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү’’ гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан 2009 оны 01 тоот гэрээ болон холбогдох зүйлүүдийг хуулийн хүчин төгөлдөр гэдгийг сайн мэдэхгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд хүсэлт гаргаад Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагыг хангаад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж хүсэлт гаргасны үндсэн дээр Ашигт малтмал, Газрын тосны Кадастрын хэлтэс өргөдлийг хянаад шийдвэрүүдийг гаргасан. Захиргааны акт нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

“Манай зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэн Ч.Өын хувьд холбогдох хууль журмын дагуу өргөдлөө гаргаад сонинд зараа нийтлүүлээд холбогдох газарт нь өргөдлөө гаргасан. Үүний дагуу хариуцагч байгууллага Ашигт малтмал, Газрын тосны газраас уг асуудлыг судалж үзээд холбогдох шийдвэрийг гаргаад лицензийг нөхөн олгосон. Иргэн Ч.Ө хүсэлт гаргахдаа өөрийнхөө эзэмшлийн зүйлийг авах үндэслэлээр хүсэлт гаргасан. Бусдаар С.Б*******ы нэр дээр байгаа лицензийг худал хэлээд өөрийнхөө компани нэр авсан зүйл байхгүй. 

Нэхэмжлэгч С.Б******* нь “Э*******” ХХК-д сэлбэгийн менежер, гүйцэтгэх захирлаар Ч.Өтай хамтран ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа уг лицензүүдийг өөрт шилжүүлсэн гэх 01 тоот гэрээг үндэслэж нэхэмжлэлийг гаргасан. Уг гэрээг байгуулсан үндэслэл нь “Э*******” ХХК нь тухайн үед хүнд нөхцөл байдалд орсон. Нэг лиценз бүрт жилд 10 сая гаруй төгрөг төлдөг. Тухайн үед төлбөрийг төлөх боломжгүй болоод лицензүүдийг холбогдох хүмүүст үзүүлж сонирхуулаад холбогдох гэрээ хэлцлийг байгуулаад батлуулаад үүний дагуу шилжүүлээд зарсан мөнгөөрөө хохирлоо барагдуулж С.Б******* гэдэг хүнтэй гэрээ хийсэн. Тэр ч утгаараа 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр итгэмжлэл 3 жилийн хугацаагаар олгосон байдаг. Энэхүү лицензийг бүр мөсөн худалдаад эзэмшүүлээд явсан бол итгэмжлэл олгох ямарч шаардлага байхгүй. 

Тухайн лицензүүдийг өгөөд 3 жил өнгөрсний дараа нөгөө лицензүүдийг авах гэсэн боловч С.Б******* олдохгүй байсан учраас “Э*******” ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн лицензүүдээ өргөдөл гаргасны үндсэн дээр ашигт малтмалын газраас зохих журмын дагуу гаргуулж авсан юм 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр иргэн С.Б*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс анх “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919 тоот шийдвэрийг ... хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2016 оны 02 дугаар сарын 18-нд нэхэмжлэлийн шаардлагаа “... 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрийг ... хууль бус болохыг тогтоолгож хүчингүйд тооцуулах”  гэж нэмэгдүүлжээ. 

Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-аас ашигт малтмал ашиглалтын 8 тоот тусгай зөвшөөрлийг анх 2004 онд “Хос хас” ХХК-д олгож , 2005 онд “Монтаж интернэшнл” ХХК-д хэсэгчлэн, улмаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай кадастрын албаны даргын 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1268 тоот шийдвэрээр “Э*******” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд ашиглалтын ******* тоот тусгай зөвшөөрлийг мөн газрын даргын 2006 оны 1299 тоот шийдвэрээр “Э*******” ХХК-д анх олгожээ.

Булган, Сэлэнгэ аймгийн Бүрэгхангай, Орхонтуул сумдын нутагт орших Ар тамсаг 1-2 талбайг хамрах ашиглалтын 8, Төв аймгийн Заамар сумын нутагт орших ашигт малтмал ашиглалтын Ар тамсаг 1-3-2 талбайг хамрах ******* тоот тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээний  эх хувь нь нэхэмжлэгч С.Б*******д эх хувиараа хадгалагдаж байсан болон тусгай зөвшөөрлүүдийн төлбөрийг 2015 он хүртэл С.Б******* төлж байсан, маргаан бүхий тусгай зөвшөөрлүүд нь гуравдагч этгээд “Э*******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс “2009 оны 01 тоот гэрээний дагуу “Э*******” ХХК-ийн нэр дээрх ашигт малтмал ашиглалтын 8, ******* тоот тусгай зөвшөөрлүүд нь иргэн С.Б*******ы эзэмшилд байхаар тохиролцсон байхад “Э*******” ХХК-ийн захирал Ч.Ө нь дээрх тусгай зөвшөөрлүүдийг үрэгдүүлсэн гэсэн худал хүсэлтийг Ашигт малтмалын газарт гаргасныг үндэслэж хариуцагчаас дээрх тусгай зөвшөөрлүүдийн гэрчилгээг нөхөн олгосон нь хууль бус” гэж маргажээ.

Гуравдагч этгээд “Э*******” ХХК-аас Ашигт малтмалын газарт 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/184 тоот албан бичгээр 8 тоот тусгай зөвшөөрлийг гэрчилгээг, тус компанийн үүсгэн байгуулагчийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаартай хурлын шийдвэрээр ******* тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин авах хүсэлт гаргаж, улмаар хариуцагч Ашигт малтмалын газар /хуучин нэрээр/-ын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919  дүгээр шийдвэрээр 8 тоот, мөн даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150  тоот шийдвэрээр ******* тоот тусгай зөвшөөрөл, хавсралтуудыг тус тус хүчингүйд тооцож шинээр MV-0*******  болон  MV-*******  дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хавсралтуудын хамт дахин олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ”, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл ..., дахин олгох,...” гэж заасны дагуу 8, ******* тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч “Э*******” ХХК-ийн эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу гэрчилгээг дахин олгосон хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Э*******” ХХК-ийн захирал Ч.Ө, иргэн С.Б******* нарын хооронд 2009 оны 04 дүгээр сарын 10-ны 01 тоот гэрээ  байгуулагдсан бөгөөд “Э*******” ХХК-ийн захирал Ч.Өын Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлт нь хууль бус байсныг тогтоолгох хүсэлтэй” хэмээн тайлбарлаж байх хэдий ч дээрх 01 тоот гэрээг талуудын аль аль нь хариуцагч байгууллагад мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийг өөрийн эзэмшлийн хуулийн этгээдэд шилжүүлэн аваагүй шалтгаанаа “харилцан итгэлцэл байсан, мөн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хориглосон байсан, тусгай зөвшөөрлийг шилжүүлэхтэй холбоотой зардал нь долоон сая төгрөг байдаг” хэмээн тайлбарлаж байна.

Дээрхээс үзвэл, хариуцагч байгууллага нь маргаан бүхий зөвшөөрлүүдийн гэрчилгээг уг тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчээр бүртгэлтэй хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу дахин олгосонд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд хүсэлт гаргаад Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагыг хангаад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж хүсэлт гаргасны үндсэн дээр дээрх шийдвэрүүдийг гаргасан” гэсэн тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

““Э*******” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Өаас Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлт нь “худал хүсэлт” эсэхийг тогтоох” нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул нэхэмжлэгчээс маргаж буй дээрх үндэслэлд тус шүүхээс дүгнэлт хийх боломжгүй бөгөөд Ч.Ө, иргэн С.Б******* нарын хооронд 2009 оны 04 дүгээр сарын 10-ны 01 тоот гэрээ болон 2006 оны 08 дугаар сарын 15-ны “Хамтран ажиллах гэрээ”  –тэй холбоотой маргаанаа ерөнхий харьяаллын шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхийг энэхүү шийдвэр нь хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б*******ы “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ц.МӨНХЗУЛ