Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 382

 

“Б д с” ХК-ийн

гомдлын шаардлагатай, Татварын ерөнхий

газрын Улсын төсвийн орлого, хяналтын

газрын татварын улсын байцаагч Ц.Э,

Ц.Э нарт холбогдох зөрчлийн

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Б.Мөнхтуяа

                                                    Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                           Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа,

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0443 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.А, М.Б,

Хариуцагч Ц.Э, Ц.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т,

Гомдол гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.6.17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 он/ 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нарын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий “Б д с” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0443 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б д с” ХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Гомдол гаргагч “Б д с” ХК-ийн захирал Н.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх тухай уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д тодорхой заасан байдаг. Мөн шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 4 дэх заалтад “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 5 дахь заалтад “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан.

4. Гэтэл давж заалдах шатны шүүх нь тухайн зөрчил үйлдэгдэх үед хэрэгжиж эхлээгүй байгаад хүчингүй болсон Зөрчлийн тухай хууль, шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацаа болохоос өмнө буюу 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн хэрэгт уг шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг/ Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 21 баримталж гаргасан татварын улсын байцаагчдын шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй болсон эсэхэд дүгнэлт хийж чадаагүй байна. Учир нь шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь заалтад “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Мөн шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад “Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байдаг. Гэтэл татварын улсын байцаагчид 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн зөрчилд шийтгэл 'ногдуулж 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 тоот шийтгэлийн хуудас гаргасан байна. Энэ нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон.

5. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд 2008 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” гэж зохицуулсан байсан, энэхүү зохицуулалт нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалттай адил байх тул хариуцагч нарыг энэ үндэслэлээр буруутгаж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох боломжгүй юм” гэсэн байна.

6. Гэтэл 2008 оны 05-р сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуульд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орж, 74-р зүйлийг хүчингүй болгож өөрчлөн найруулсан бөгөөд энэхүү хуулийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа болно. Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэл болсон энэхүү 74 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойшхи эрх зүйн харилцаанд баримтлах нь өөрөө хууль тогтоомжийг ноцтой зөрчиж буй үйлдэл тул энэхүү хүчингүй хуулийн заалтыг баримталж гаргасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадахгүй байна.

7. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалт нь огтоос торгуулийн асуудлыг зохицуулаагүй байх бөгөөд энэхүү заалтад “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь заалтад “Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж алдангийн талаарх эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.

8. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалд 2015 оны 12-р сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон заалтыг хууль зүйн хувьд хүчинтэй гэж үзсэн нь хууль бус тул шүүх хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж шийдвэр гаргасны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

10. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Э, Ц.Э нар “Б д с” ХК-ийн 2013-2017 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2015 онд 125,320,465.50 төгрөг, 2016 онд 298,838,367.10 төгрөг, 2017 онд 446,207,034.70 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг; 2015 онд 117,044.90 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тус тус хуулийн хугацаанд төлөөгүйг тогтоон, уг зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчилд 57,367,022.10 төгрөгийн торгууль, 30,848,008.30 төгрөгийн алданги, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зөрчилд 21,770.40 төгрөгийн торгууль, 11,690.70 төгрөгийн алданги тус тус ногдуулж, нийт 88,248,491.50 төгрөг төлүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 0297796 дугаар шийтгэлийн хуудсыг үйлджээ.

11. Татвар төлөгч нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлбөл зохих хугацааг 2015, 2016, 2017 онуудад тус тус 19-30, 9-30, 1-30 хоногоор, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлбөл зохих хугацааг 2017 онд 186 хоногоор хэтрүүлсэн талаар болон хугацаа хэтрүүлсэн татварын дүнг маргаагүй байна.

12. Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн зөрчлийн /эрх зүйн/ харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

13. Хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан 210297796 дугаар акт, Шийтгэлийн хуудасны хавсралтууд, тооцооллын хүснэгт зэргээс үзвэл, нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил нь татварын хяналт шалгалтад хамрагдсан буюу 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчил нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тус тус үргэлжилсэн, энэ тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасны дагуу уг маргаанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т заасныг хэрэглэсэн нь зөв байна.

14. Нөгөө талаар, “татварыг хугацаанд нь төлөөгүй” гэх зөрчил үйлдэгдсэн 2015, 2016 онууд, мөн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаагаар хязгаарлан тус зөрчлийг “салгаж” авч үзсэн ч тухайн үед үйлчилж байсан Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “...,74.2-т заасны дагуу ... хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж зааж, “татварыг хугацаанд нь төлөөгүй” үйлдэл, эс үйлдэхүйг татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил гэж хуульчилж, хариуцлагыг дээрх байдлаар Татварын ерөнхий хуульд тогтоосон байжээ.

15. Иймээс, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, мөн зүйлийн “Тайлбар”-т: “энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан нь уг хуулиар “татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй” үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд “шинээр” тооцоогүй, хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг “хүндрүүлэн” тогтоогоогүй байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5-д “шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, ...хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн зохицуулалт нь энэ маргаанд хамааралгүй юм.

16. Түүнчлэн, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар уг 74 дүгээр зүйл нь “Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага” гэсэн гарчигтай байсныг “Төлөөгүй татварт ногдуулах алданги” гэж өөрчилж, уг зүйлийн зохицуулалтыг бүхэлд нь өөрчлөн найруулж, 74.1 “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, 74.2 “энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэсэн заалтуудтай болсон, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан /эхний/ Зөрчлийн тухай хуультай холбогдуулан өөрчлөлт оруулсан уг хуулийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар тогтоосон байна.

17. Иймд, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд оруулсан уг өөрчлөлт нь Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацаанаас буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүссэн татварын эрх зүйн харилцаанд үйлчлэх учир гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан “... шийдвэр, магадлалд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсон заалтыг хүчинтэй гэж үзсэн нь хууль бус, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

18. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Б д с” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0378 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0443 дугаар магадлалыг хэвээр үлдээж, “Б д с” ХК-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                            Ч.ТУНГАЛАГ