Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00574

 

А.Б, Г.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00079 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Б, Г.Г нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.О,, П.Э нарт холбогдох орон сууц хөлслөх болон зээлийн гэрээний үүрэгт 9,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

А.Б, Г.Г нар Б.О, П.Э нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол Намъянжугийн гудамж, 8а байр 23 тоот, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар 10-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай хөлсөлж, төлбөрт 20,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн. Б.Оийн хvсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг бусдаас 10 хувийн хүүтэй зээлж өгсөн. Зээлийн хүү 5,000,000 төгрөгийг Б.О зөвшөөрсөн. Хариуцагч нарт нийт 35,000,000 төгрөг өгсөн. Гэрээний хугацаа дуусч 2020 оны 06 дугаар сард орон сууцыг чөлөөлж өгсөн. Орон сууцнаас гарахад хариуцагч нар бусдаас зээлсэн 10,000,000 төгрөг, зээлийн хүү 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг, бидний шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 12,000,000 төгрөг, нийт 27,000 000 төгрөг өгч, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон боловч төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн П.Э, Б.О нараас үндсэн зээл 8,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

А.Б, Г.Г нартай 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж тэднээс 20,000,000 төгрөгийг зээлж 2 жилийн хугацаанд орон сууцандаа үнэ хөлсгүй суулгах тохирсон. Гэрээний хугацаа дуусах дөхөхөд орон сууцыг суллаж өгөх талаар А.Б, Г.Г нарт хэлэхэд тэд ... нялх хүүхэдтэй болохоор энэ жилдээ нүүхэд хэцүү байна, гэрээгээ дахиад нэг жил сунгаач... гэж хүсэлт тавьсан. Энэ нөхцөл байдлыг харгалзан 10,000,000 төгрөг нэмж зээлсэн тохиолдолд сунгах боломжтой талаар хэлж гэрээг сунгасан. А.Б, Г.Г нараас 10,000,000 төгрөгийг хүүтэй зээлээгүй. 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон сууцыг хүлээж авахад элэгдэж, муудсан байсан. Анх гурван хүн амьдарна гэсэн боловч 10-аад хүн амьдарч байсан. Тэдэнд өгөх 30,000,000 төгрөгөөс орон сууцны засварт 3,000,000 төгрөгийг суутгаж авсан. А.Б, Г.Г нар орон сууцад амьдрах хугацаандаа СӨХ-ны болон ашиглалтын төлбөрийг төлөөгүй байсан. Иймд 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Э, Б.О нараас 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б, Г.Г нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166,695 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч П.Э, Б.О нараас 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б, Г.Г нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нар 2018 оны 06 дугаар 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч нарын өмчлөлийн орон сууцанд суухаар харилцан тохирч 20,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн. 2 жилийн хугацаа дуусахаас өмнө 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Оийн хүсэлтээр 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй бусдаас авч зээлсэн. Гэтэл Б.О орон сууц хөлслөх гэрээг сунгах хүсэлтийг үндэслэн 10,000,000 төгрөгийг нэмж зээлсэн гэж үндэслэлгүй тайлбарласан. Энэ нь facebook чатад хийсэн үзлэгийн баримтаар үгүйсгэгдэж байхад шүүх үүнийг үнэлээгүй.

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлсэн 10,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх хугацаандаа төлөөгүйгээс арга буюу Г.Г өөрөө 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн. Б.О дээрх мөнгийг төлөхгүй байсан тул гэрээг 2020 оны 06 дугаар сар хүртэл гэрээг сунгасан. Гэтэл анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.Гийн дансанд 8,506,049.99 төгрөгийн үлдэгдэл байсан түүн дээр 1,500,000 төгрөг өөр данснаас орж ирснээр Б.От шилжүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь Г.Г н.Шүрэнцэцэгээс 10,000,000 төгрөгийг зээлж Б.От зээлж зээлийн гэрээний харилцаа үүссэн.

2021 оны 06 дугаар сард Г.Г, А.Б орон сууцыг чөлөөл гэсэн боловч 35,000,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл 8,000,000 төгрөгийг өгөөгүй. Б.О ...нотариат орж гэрээ хийж баталгаажуулъя, тэгээд байраа зараад үлдэгдэл 8 сая төгрөгийг өгъе... гэж тохиролцон зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээ нь 35,000,000 төгрөгийн 8,000,000 төгрөг болохыг зөвшөөрсөн баримт юм. Өөрөөр хэлбэл, Б.О орон сууцад суулгахад зээлсэн 20,000,000 төгрөг, түүнээс гадна 10,000,0000 төгрөгийг 5 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлж 15,000,000 төгрөг, нийт 35,000,000 төгрөг болохыг хожим хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Тус баримтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл хариуцагч нар гаргаагүй байхад шүүх үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нараас нэмж 6,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нар хариуцагч зээлсэн мөнгийнхөө хүүд орон сууцанд нь 36 сар амьдарсан. Хэрэв сүүлийн 10,000,000 төгрөгт хүү тооцож байгаа бол орон сууцны түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй. 10,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлсөн талаар талуудын хэн аль нь маргаагүй. 3,000,000 төгрөгийг орон сууцны засварын төлбөрт авсан боловч шүүх хариуцагч нараас 3,000,000 гаргуулж шийдвэрлэсэнд хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй.

Талууд 10,000,000 төгрөг зээлсэн талаар бичгээр гэрээ байгуулаагүй болон хүү, алданги тохирсон баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нар хариуцагчийн өмнөөс зээлийн хүү төлсөн гэх баримт хэрэгт гаргасан боловч энэ баримт нь хариуцагч нартай хамааралтай гэдэг нь тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1.    Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

1.а. Нэхэмжлэгч А.Б, Г.Г нар хариуцагч Б.О, П.Э нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс буцаан төлөөгүй 8,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Б.Оийн хүсэлтээр бусдаас 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж өгсөн бөгөөд хариуцагч нарт орон сууцыг хүлээлгэн өгөхдөө буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 8,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна.

 

1.а. А.Б болон Б.О, П.Э нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хөлслүүлэгч Б.О, П.Э нар нь өөрсдийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, (13370), Намъяанжугийн гудамж 8а байр, 23 тоот хаягт байрлах, 48 м.кв 2 өрөө орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар хөслөх, хөлслөгч А.Б нь орон сууц хөлсөлсний төлбөрт 20,000,000 төгрөгийг хүүгүйгээр зээлэхээр тохиролцсон, мөн дээрх хугацааг 1 жилээр сунгаж нэмж 10,000,000 төгрөг зээлж нийт 30,000,000 төгрөг зээлсэн болох нь талуудын тайлбар, ХААН банк ХХК-ийн дансны хуулгуудаар тогтоогджээ. (хх-ийн 48-49, 56-58)

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээнээс гадна мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа тус тус үүссэн эдгээр нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасан холимог гэрээний харилцаа гэж дүгнэх үндэслэлтэй. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж заасан.

 

1.б. Нэхэмжлэгч нар хариуцагч нарын өмчлөлийн орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд хөлсөлсөн болон хөлслүүлэгч нар хөлслөгчөөс зээлсэн 30,000,000 төгрөгөөс 27,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь ХААН банк ХХК дахь Б.Оийн депозит дансны хуулгаар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй байна. (хх-ийн 56-58)

 

1.в. Хариуцагч нар нэхэмжлэгч нараас орон сууцыг хүлээн авахдаа тэдний шилжүүлсэн 30,000,000 төгрөгөөс орон сууцны засварын төлбөрт 3,000,000 төгрөгийг суутгасан, хариуцагч нар нэхэмжлэгч нар орон сууцыг ашиглах хугацаандаа муутгасан гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл, талууд орон сууцыг анх хүлээлцэх үедээ болон буцаан хүлээн авах үедээ орон сууцны ашиглалт ямар байсан, элэгдэл хорогдлыг тооцсон ердийн элэгдлээс илүү муутгасан гэх баримт үйлдээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.О, П.Э нараас 3,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б, Г.Г нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

2.    Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

 

2.а. Талууд 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөхдөө үлдэгдэл 8,000,000 төгрөгт зээлийн гэрээ байгуулсан, түүнчлэн, Г.Гээс Б.От 8,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай бичмэл баримт хэрэгт авагдсан байна. (хх-ийн 74, 75)

 

Гэвч хариуцагч бодитой шилжүүлэн өгөөгүй гэж маргаж байгаа тоиолдолд нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.От дээрх зээлийн гэрээнд заасан 8,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн өгсөн гэх байдлаа өөр байдлаар нотлоогүй тул түүнээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,000,000 төгрөгийг болон алдангийн хамт шаардах эрхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

 

Нөгөө талаар уг гэрээнд заасан 8,000,000 төгрөг нь зээлийн хүүд төлсөн 5,000,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 3,000,000 төгрөгөөс тус тус бүрдсэн гэж үзэхээр байгаа бөгөөд талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлдүүлсэн 10,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр бичгээр гэрээ байгуулаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

2.б. Дээрх зээлийн гэрээний зүйл нь 8,000,000 төгрөг бус 3,000,000 төгрөгийн өмнөх зээлийн үлдэгдэл гэж үзэх бөгөөд гэрээний хугацааг 5 сарын гэж тохиролцсон, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги тооцогдох үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч нар хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2022/00079 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Гийн төлсөн 118,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Н.БАТЗОРИГ