Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00562

 

03.Ц.Оын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/02614 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Оын нэхэмжлэлтэй, хариуцагч П И эндИ ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Ц.О 2017 онд П И эндИ ХХК-д туслах ажилтнаар ажилд орж 2019 оноос няраваар ажиллаж байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 06-ний өдөр ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халсан тухай гүйцэтгэх захирлын тушаал гарсан. 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах талаар саналыг ажил олгогч тавиагүй. Ц.О ажлаа гүйцэтгэж байсан тул хөдөлмөрийн гэрээг сунгасанд тооцно. Ажил олгогч байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Ажил олгогч байгууллагын үйл ажиллагаа нь тогтмол явагдаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байхад ажил олгогч 21 хоногийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан мэт нөхөж хийсэн. Хөдөлмөрийн гэрээний 3.2-т заасны дагуу байгууллагаас шалтгаалж, үйл ажиллагааны цар хүрээ хумигдаж, орон тоо багасгах тохиолдолд ажилтнуудын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд ажлын орон тоо хасагдаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар тухайн байгууллагын зохион байгуулалтын бүтцээс шалтгаалж, няравын орон тоо хасагдсан шийдвэр гараагүй. Няравын ажлын байранд одоогоор жолооч н.Ууганбаатар ажиллаж байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлах ёстой боловч Ц.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тодорхой заагаагүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажил олгогчийн тушаал нь хуулийн шаардлага хангаагүй. Мөн Ц.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж буруу тусгасан, талуудын эрх, тэгш байх зарчим алдагдсан, зөвхөн ажил олгогч байгууллагын хүсэл сонирхлын дагуу хийгдсэн, гэрээг хугацаатай байгуулах тохиолдолд харилцсан тохиролцох байтал байгууллагын санаачилгаар богино хугацаагаар сунгагдсан, ажилтны эрх, ашгийг хөндсөн. Иймд Ц.Оыг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ. 2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

П И эндИ ХХК нь 2017 онд Өмнөговь аймаг, Ханбогд суманд байрлах Оюу толгой ХХК-ийн төслийн сонгон шалгаруулалтад шалгарч Оюу-Толгой төслийн CW2099527 дугаартай гэрээг байгуулан төслийн талбайд ажиллах болсон. Улмаар Ц.О 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ажил үүрэг гүйцэтгэх гэрээ байгуулан туслах ажилтнаар 2 cap гаруй хугацаанд ажилласан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ц.Оыг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн няравын албан тушаалд дэвшүүлэн ажиллуулсан. Талуудын хооронд ХГ-19/224 дугаартай хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Оюу-Толгойн төслийн гэрээ үргэлжилж байсан тул Ц.Отай байгуулсан гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан. 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ХГ-19/224 дугаартай хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлт оруулан хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Оюу толгой ХХК-ийн төслийн CW2099527 дугаартай гэрээг сунгагдсан тухай бүрт Ц.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгаж байсан. Гэвч Оюу толгой ХХК-ийн төслийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж П И эндИ ХХК-ийн ажиллаж байсан төсөлд тендер зарлагдаж хариу нь гараагүй байна. Манай компани төслийн гэрээг сунгах хүлээлттэй байсан боловч сунгаагүй. Оюу толгой ХХК-ийн төслийн гэрээнээс шалтгаалан богино хугацаатай гэрээ байгуулсан. Ажилчид тус нөхцөл байдлыг ойлгож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. П И эндИ ХХК нь тендер зарлагдсантай холбоотой гадны байгууллагад үзүүлдэг байсан нэмэлт үйлчилгээнүүд өөрчлөгдөж, тухайн ажил үүргийг гүйцэтгэж байсан ажилтнуудын ажил, үүрэг багассан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй болсон. Ц.О болон П И эндИ ХХК-ийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан тул гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэхгүй. Ц.Оын хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг гэх тайлбар үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээнд хэвийн ажлын байрны нөхцөлд ажиллах талаар талууд тусгасан ба барааны няравыг ажлын байр нь хэвийн нөхцөлд хамаардаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т хөдөлмөрийн гэрээг талууд талууд харилцан тохиролцож хугацаатай байгуулна гэж гэрээг хугацаатай байгуулах эрхийг талуудад олгосон. Талууд хөдөлмөрийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон шалтгаан нь Оюу толгой ХХК-тай байгуулсан гэрээ нь хугацаатай байсантай холбоотой. Оюу толгой ХХК-ийн төслийн гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд өөрийн ажилтантай гэрээний хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ. CW2099527 дугаартай гэрээний хугацаа сунгагдаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүйг Ц.О мэдэж байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно гэж заасан тул гэрээ дуусгавар болсон өдрөөс хойших хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэггүй. Хариуцагч байгууллагын зүгээс байгууллагын бүтцэд ажил, албан тушаалын өөрчлөлт ороогүй бөгөөд цөөрүүлсэн, багасгах шийдвэр гараагүй. Оюу толгой ХХК-тай байгуулсан төслийн CW2099527 дугаартай гэрээний хүрээнд Ц.О няравын ажил гүйцэтгэж байсан бөгөөд тус гэрээний хугацаа дуусгавар болоход няравтай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дүгээр зүйлийн 37.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан П И эндИ ХХК-д холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай Ц.Оын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй олгож, нэхэмжлэгч Ц.О улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй. П И эндИ ХХК Ц.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Оюу толгой ХХК-ийн төслийн СW2099527 дугаартай гэрээг дуусталх хугацаагаар байгуулсанд тооцно гэж заасан ба санхүүгийн албанд няраваар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд Оюу толгой ХХК-ийн төслийн СW2099527 дугаартай гэрээний дагуу ажиллаж, улмаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, түүний сунгалтууд, мөн ажлын байрны тодорхойлолт, ажил санал болгох захидал зэрэг баримтаас үзэхэд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатайгаар байгуулсан боловч гэрээний хугацааг сунгахдаа Оюу толгой ХХК-ийн төслийн СW2099527 дугаартай гэрээний хугацаанд төслийн талбайд ажил үүрэг гүйцэтгэх талаар тохиролцсон үйл баримт тогтоогддог. Мөн хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчид няравын ажил санал болгохдоо төслийн талбайд өдөр тутамдаа үйл ажиллагаа явуулах бөгөөд Оюу толгой ХХК-ийн төслийн СW2099527 дугаартай гэрээний хугацаанд ажил үүрэг гүйцэтгэнэ, гэрээний хугацаанд баталгаатай ажлын байраар хангагдана гэж бичсэн. Төслийн хугацаанд ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргаагүй бол ажилтан баталгаат ажлын байраар хангагдах ёстой. Гэтэл Оюу толгой ХХК-ийн төслийн СW2099527 дугаартай гэрээний дагуу хариуцагч одоог хүртэл ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаа тул CW2099527 дугаартай гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй.

Хариуцагч СW2099527 дугаартай гэрээ болон түүний сунгалтуудыг хэрэгт нотлох баримтаар гарган өгч, Оюу толгой төслийн талбайд үйл ажиллагаа явуулахгүй байгаа, тендер зарласан, төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байгаа талаар тайлбарласан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч СW2099527 дугаартай гэрээний хугацаа дууссан эсэх лавлагааг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч компани нь үүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Бямбасүрэнгээс төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байгаа эсэх талаар асуухад ... СW2099527 дугаартай гэрээний хугацаа дууссан, бид өөр гэрээний дагуу төслийн талбайд ажил үүрэг гүйцэтгэж байгаа... гэж хариулсан. Мөн нэхэмжлэгч ямар гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа, тус гэрээ нь хэрэгт баримтаар авагдсан эсэхийг асуухад ...гэрээ байхгүй... гэж хариулсан. Гэтэл шүүх СW2099527 дугаартай гэрээний хугацаа дууссан талаарх баримт болон цаашид сунгагдахгүй болсон талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдаагүй байна, тийм учраас ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, хариуцагч үнэн зөв тайлбар гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Учир нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас дээрх гэрээтэй холбоотойгоор тодорхой зүйлүүдийг асууж тодруулахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... би оффисын ажилтан учраас төслийн талбайд юу болж байгааг нарийн сайн мэдэхгүй, гэрээ дууссан эсэх талаар би мэдэхгүй, тодорхой хэлж мэдэхгүй байна... гэх зэргээр өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараас зөрүүтэй зүйлийг тайлбарласан.

Ажил олгогчоос нэхэмжлэгчийн ажиллаж байсан төсөл дуусгавар болж, уг төсөлд нярав шаардлагагүй болсон, хэд хэдэн төслүүд хэрэгжиж байгаа, төслүүд нэгтгэгдсэн тул гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон гэж тайлбарласан ч шүүхэд хариуцагчийн өөрийнх нь гаргаж өгсөн СW2099527 дугаартай гэрээтэй холбоотой баримтууд болон нэхэмжлэгчийн ажиллаж байсан санхүүгийн албаны бусад ажилчид ажил үүргээ гүйцэтгэсэн хэвээр байгаагаас хариуцагч нь дээрх гэрээний дагуу үргэлжлүүлэн төслийн талбайд одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой харагдана. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Оюу толгой ХХК-ийн төслийн дагуу П И эндИ ХХК нь Ц.Отай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйпийн 23.2.2-т зааснаар Ц.Отай хугацаатай байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь шүүхээр шийдвэрлэх маргаан юм. Нэхэмжлэгч нь тухайн үед удаа дараагийн үндэслэлд шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Оюу толгой ХХК-ийн төсөл нь 1, 2, 3, 4, 5 буюу 5 босоо хана дээр бүхэлд нь төсөл зарладаг. Босоо хана 2 төсөлд үйл ажиллагаа явуулсан. Монгол Улсын Засгийн газар босоо хана 2 төслийг хүлээж авсан. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж шүүгчийн захирамж гарсан. Гэтэл уг хүсэлтээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан. Өөрөөр хэлбэл, Оюу толгой ХХК-ийн төсөл хэрэгжиж байгаа эсэх талаар хүсэлтээсээ өөрөө татгалзсан. Иймээс Оюу толгой ХХК-ийн төсөлд тендер зарлагдсан асуудал байхгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч П И эндИ ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 21/Б-063 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас халсан тухай тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

3. Хариуцагч нь Оюу толгой ХХК-тай байгуулсан СW2099527 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болж цаашид сунгагдаагүй тул ажилтан Ц.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

4. Хариуцагч байгууллагын захирлын дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталсан байх тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхаас гадна цаашид сунгагдахгүй болсон үйл баримт тус тус тогтоогдсон байх шаардлагатай.

Анхан шатны шүүх талуудын хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан Оюу толгой төслийн СW2099527 дугаартай гэрээний хугацаа дууссан эсэх, хариуцагч байгууллага тус төслийн ажилд оролцохгүй болсон эсэх нь тодорхой бус байхад хэргийн хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

5. Хэдийгээр дээрх нөхцөл байдлыг хариуцагч тал нотлох үүрэгтэй боловч шүүх нэхэмжлэгч талаас гаргасан Оюу толгой ХХК-аас нотлох баримт гаргуулах тухай удаа дараагийн хүсэлтийг хангахдаа буруу хэрэгжүүлсэн, удаан хугацаанд шийдвэрлэхгүй орхисон байна.

5.а. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ... хариуцагчийн Оюу толгой ХХК-тай байгуулсан СW2099527 дугаартай гэрээний хугацаа дууссан эсэх, цаашид сунгагдсан эсэх, Оюу толгой төслийн талбайд хариуцагч одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаарх лавлагаа, баримтыг Оюу-Толгой ХХК-аас гаргуулах... хүсэлт гаргажээ. (хх-ийн 123)

Гэтэл шүүгч 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2021/08286 дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч хэргийн нөгөө тал болох хариуцагч П И эндИ ХХК-аас энэ талаарх нотлох баримтыг гаргуулахаар шийдвэрлэснээр захирамжийн уг заалт биелэгдээгүй, улмаар хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт хангагдаагүй байна. (хх-ийн 125) Шүүгчийн захирамжид Оюу толгой ХХК-аас гаргуулахгүй, хариуцагчаас гаргуулах болсон үндэслэл тусгагдаагүй байна.

5.б. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ...Оюу толгой төслийн талбайд хариуцагч одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэх талаарх лавлагаа, баримтыг Оюу толгой ХХК-аас гаргуулах.. хүсэлтийг дахин гаргасан боловч уг хүсэлтийг шүүгч 4 сар, 6 хоногийн дараа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2021/14181 дугаартай захирамжаар хангаж хүсэлтэд дурдсан баримтыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ирүүлэхийг Оюу толгой ХХК-д даалгаж шийдвэрлэсэн боловч 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан болох өдөр хүртэл Оюу толгой ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч тал Оюу толгой ХХК-аас нотлох баримт ирүүлээгүй тул нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргаснаар шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ. (хх-ийн 184, 212, 223)

5.в. Шүүхийн шийдвэр гарсны дараа Оюу толгой ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөр огноолсон хариу хүргүүлэх тухай албан бичгийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр авсан байдлаар хэрэгт авагдсан байна. (2хх-ийн 10)

6. Анхан шатны шүүх дээрх байдлаар өөрөө хэргийн оролцогчийн шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлэх эрхийг зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан нотлох баримт ирүүлэх хугацаа дууссан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь дууссан байгаа зэрэг нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч тал Оюу-Толгой ХХК-аас нотлох баримт гаргуулах хүсэлтээс татгалзсан үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй.

Дээр дурдсан байдлаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлэх ажиллагааг буруу хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хэрэгт цугларсан хийгээд шүүхийн шийдвэр гарсны дараа авагдсан нотлох баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2021/02614 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Н.БАТЗОРИГ