Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00573

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/00205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах, үнэлгээ гаргуулах хүсэлт хүлээн авч дахин шинжээч томилохыг НШШГГ-т даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Идэрмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

Сонгинохайрхан шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02639 дугаар захирамжаар Т ХХК-аас 495,277,364 төгрөг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 1 хороо, 17090, Олимпын гудамж 6 дугаар байрны 3 давхарт байрлах, 246.6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээч 1,416,162,160 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилуулж үнэлгээг дахин хийлгэх хүсэлт гаргасныг хүлээж аваагүйгээс гадна Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны 4/663 дугаар хариу мэдэгдэх хуудсаар талуудаас хүсэлт ирүүлээгүй гэж хариу өгсөн. Гэтэл НШШГГ-т гаргасан гомдолдоо дээрх хуулийн заалтыг дурдаж хүсэлт гаргасан байхад шийдвэрлээгүй тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид уг асуудлаар гомдол гаргахад дахин шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр явуулах анхны албадан дуудлага худалдааг нийтэд зарласан зард үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнийн 70 хувь болох 991,313,540 төгрөгөөр дуудахаар зарласан атал Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4-129/17957-тоот дугаар мэдэгдэлд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнийн 70 хувь болох 991,313,512 төгрөгөөр худалдан борлуулна гэж үнийн зөрүүтэй байгааг засаж анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах гомдол гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны 4/663 дугаар хариу мэдэгдэх хуудсаар алдаатай байгаа нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохгүй гэх хариу өгсөн.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зарласан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ гаргуулах хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилохыг даалгаж өгнө үү гэжээ.

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сонгинохайрхан шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184/ШШ2019/02639 дугаар захирамжаар Т ХХК-аас 492,586,282 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Тунбаярт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 7 хоногийн хугацаатай мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гардуулсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрийг гаргуулахаар үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хураасан. Талууд хоорондоо харилцан тохиролцоогүй учир үл хөдлөх хөрөнгийг хөрөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Т ХХК үнэлгээний тайлантай танилцаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс багагүй үнээр өөрсдөө худалдан борлуулах нэг сарын хугацаа авсан боловч худалдан борлуулах ажиллагаа хийгээгүй. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гарсан байхад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 184/Ш32020/14338 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх хөрөнгийн үнийг хөрөнгийн шинжээчийн үнэлсэн үнийн дүнгийн 50 хувиар буюу 708,081,100 төгрөгөөр оруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг албадан дуудлага худалдаа эхлэхээс өмнө дахин дахин тогтоолгох тухай хүсэлт талууд гаргаагүй.

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны зар болон мэдэгдэлд 38 төгрөгийн зөрүүтэй бичсэн алдаа гарсан нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан үндэслэл болохгүй бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар 711,811,100 төгрөгөөр худалдан борлогдсон нь төлбөр төлөгчийн хөрөнгийг 38 төгрөгөөр бууруулж бичсэн алдаанаас илүүтэй үнээр буюу 3,730,000 төгрөгөөр худалдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.5, 55.7 дахь хэсэгт зааснаар Т ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орологод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг 1,416,162,000 төгрөгөөр үнэлсэн байтал Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах явуулах тухай 10/05 дугаар тогтоолд 1,416,162,160 төгрөг, түүний 70 хувь нь 991,313,540 төгрөг гэж тус тус дурдсан баримтууд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны акт болохын хувьд бичилт болон тооцооны алдаагүй байх, алдаатай бол засах эрх нь ахлах болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид байхаар заасныг зөрчсөн гэж шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, мэдэгдлийг захиргааны акт гэж хууль хэрэглээний алдаа гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан тогтоол, мэдэгдэл хамаарахгүй. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь энэ хуулийн харилцаанд үйлчлэхгүй гэж заасан байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан тогтоол мэдэгдлийг захиргааны акт гэж үзсэн нь буруу.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар Т ХХК нь дахин үнэлгээ хийх хүсэлт гаргах эрхтэй. Үл хөдөлөх эд хөрөнгийн үнэ хөрөнгө үнэлсэн 2019 оны 09 дүгээр сартай харьцуулахад үнэ нэмэгдсэн өөрчлөлт орсон нь үндэслэлийг нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт гэж үзсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлгээ тогтоосон ажиллагаанд эс зөвшөөрч төлбөр төлөгч Т ХХК эс зөвшөөрч Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон тул дахин үнэлгээ тогтоох боломжгүй юм.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан нь заавал дахин үнэлгээ тогтоох шаардлагатай гэсэн заалт биш юм. Т ХХК-ийн хөрөнгөнд 2020 оны 09 дүгээр сард тогтоосон үнэлгээнд төлбөр төлөгч хуулийн этгээдийн зүгээс шүүхэд үндэслэлгүй гомдлыг гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Үнэлгээ тогтоосноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй 6 сарын хугацаа өнгөрсөн, үнэлгээнд 472,000,000 сая төгрөгийн өөрчлөлт орсон буюу шинжээчийн үнэлсэн 1,416,162,200 төгрөгийн үнэлгээнд 1,8 тэрбум төгрөгийн ханшийн өөрчлөлт орсон тохиолдолд дахин үнэлгээ тогтоолгох боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Төлбөр хураагдсан үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах зар болон мэдэгдэлд үнийг зөрүүтэй байдлаар бичсэн нь алдаатай байсан тул эрх бүхий дээд байгууллагад гомдол гаргасан боловч хариуцлага тооцоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Шинжээчээр үнэлгээ гаргуулснаас хойших хугацаанд үнэ өссөн гэдгийг мэдэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай шинжээч томилохыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсөн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

1.б. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны 184/ГГ2019/02639 дугаар захирамжаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 492,586,282.02 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т ХХК зөвшөөрч, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөх, дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол (14120), Олимпийн гудамж 6 дугаар байрны 3 давхарт байрлах, 246,6 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 40-43)

1.в. Төлбөр төлөгч Т ХХК дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 00138 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШЗ2020/01140 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн НШШГГ- 2019 оны 10 дугаар сарын 16-ны 184/ГГ2019/02639 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. (хх-ийн 37-39)

НШШГГ- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, (1420) Олимпийн гудамж, 6 дугаар байр, 3 давхарт байрлах 246,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 20390247/04 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20390247/05 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. (хх-ийн 45-50)

1.г. Хариуцагч байгууллага төлбөр хураагдсан үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Т ХХК нь 2,589,300,000 төгрөгийн санал гаргасан өгснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК зөвшөөрөөгүй, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хариуцагч байгууллага шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж шинжээч уг үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1,416,162,200 төгрөгөөр үнэлсэн байна. (хх-ийн 59-84)

Хариуцагч байгууллага дээрх үнэлгээний, төлбөр төлөгч нь дээрх үнэлгээг хүчингүй болгуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2021/00376 дугаар шийдвэр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 546 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2021/00255 дугаар тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ. (хх-ийн 128-139)

1.д. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/5 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ 1,416,162,160 төгрөгийн 70 хувь буюу 991,313,540 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна. Харин төлбөр төлөгчид хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4-129/7957 тоот мэдэгдэлд 991,313,512 төгрөг гэж тогтоолд зааснаас зөрүүтэй тусгасан бичвэрийн алдаа нь төлбөр төлөгч Т ХХК-ийн эрх ашгийг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүхээс анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох нэг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, мэдэгдлийн ялимгүй техникийн шинжтэй, дараагийн ажиллагаагаар засагдах боломжтой алдаагаар тогтоолыг давхар хүчингүй болгох алдаа болсон мэтээр шүүх хэт өргөжүүлэн дүгнэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван дөрөвдүгээр бүлэгт заасан гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаардаг болно.

1.е. Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгийн үнэ шинжээчийн тогтоосон 2020 оны 09 дүгээр сартай харьцуулахад огцом нэмэгдсэн, өөрчлөлт орсон үндэслэлийг нотлох шаардлагагүй, нийтэд илэрхий үйл баримт гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болжээ. Учир нь төлбөр хураагдсан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, (1420) Олимпийн гудамж, 6 дугаар байр, 3 давхарт байрлах 246,6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ шинжээчийн үнэлгээнээс хойш үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх гэх үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нотлох үүрэгтэй байна.

1.е. Хариуцагч байгууллага шинжээч Мөнх-Оргил трейд ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгчид 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүргүүлснээс хойш анхны албадан дуудлага худалдааны товыг тогтоох хүртэл 1 жил гаруй хугацаа өнгөрсөнд хариуцагч байгууллага буруугүй, харин нэхэмжлэгч үнэлгээний талаар нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгох үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч НШШГГ- холбогдох 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үнэлгээ гаргуулах хүсэлт хүлээн авч, хүлээн авч дахин шинжээч томилохыг НШШГГ-т даалгах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 184/ШШ2022/00205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГ- холбогдох 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, үнэлгээ гаргуулах хүсэлт хүлээн авч дахин шинжээч томилохыг НШШГГ-т даалгах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Н.БАТЗОРИГ